Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/159

 

 

 

 

 

 

    2023       01          31                                  2023/ШЦТ/159

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч А.Өсөхбаяр, 

шүүгдэгч Ш.Д  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Д ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 0026 дугаартай хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Д  нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “хаан банк”-ны салбараас иргэн Г.С ийг гарч явах үед түүнийг боож унаган, халааснаас нь 1.000.000 төгрөгийг авч зугтаан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 00000 0026 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ш.Д  нь хохирогч Г.С ийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн хаан банкны салбар гэх бөгөөд Баялаг Ундраа худалдааны төвийн хаан банк нь ертөнцийн зүгээр урд хэсэгт дотогш орох хаалгатай бөгөөд хохирогч Г.С  нь хаан банкнаас 2.100.000 төгрөгийг авч гараад явж байх замдаа машины зогсоолын хажууд байхдаа мөнгөө алдсан гэх тул хохирогч Г.С оор заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/,

 

Хохирогч Г.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг Ундраа худалдааны төвийн хаан банкнаас 2.100.000 төгрөг авсан. Би тухайн авсан мөнгөө банкинд байхдаа тоолоод 1.000.000 төгрөгийг хүнд өгнө гэж тусдаа халаасандаа хийгээд үлдсэн 1.100.000 төгрөгийг түрийвчиндээ хийсэн. Тэгээд хаан банкнаас гараад төв зам руу гарах гээд явж байхад гэнэт миний хойноос хар өнгийн куртиктай 165-170 см орчим өндөртэй, бор өнгийн годон гуталтай залуу боогоод халаасанд байсан 1.000.000 төгрөгийг шууд аваад гүйгээд явчихаар нь би хойноос нь гүйсэн боловч тэр залуу зам гараад такси бариад яваад өгсөн. Миний хойноос боосон гээд байгаа залуу намайг мөнгөө хаана салгаж хийсэн гэдгийг сайн мэдэж байсан юм шиг халааснаас мөнгийг шууд авсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон... Миний биед гэмтэл учраагүй учир би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед гэнэт араас боохоор нь балмагдаад газар унасан тэрнээс цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, 

 

Гэрч М.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би Д  дүүг 2022 оны 10 дугаар сард бааранд хамгаалагч хийж байхад нь танилцсан бөгөөд надаас үе үе мөнгө зээлдэг байсан. Сүүлд түүний өр 120.000 төгрөг болсон. Над руу өөрийн зээлсэн мөнгөний хэмжээг асууж 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 35 минутын  үед фейсбүүкээр холбогдсон. Тэгэхдээ “та дансандаа мөнгө аваад үлдсэн мөнгийг нь над руу шилжүүлээд өгөөч” гээд бид 2 оройн 18 цаг 50 минутын үед уулзаад миний 5076032664 дугаарын хаан банкны данс руу 930.000 төгрөг хийх гэсэн боловч 60.000 төгрөг уншихгүй байсан тул үлдсэн 870.000 төгрөгийг данс руу нь хийгээд өөрийн өр болох 120.000 төгрөгөө аваад үлдсэн 810.000 төгрөгийг Д ийн хаан банкны .........  дугаарын данс руу 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, шөнийн захын АТМ дээрээс шилжүүлж өгөөд салцгаасан. Надад “миний цалин буусан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Ш.Д ийн хаан банкны .........  дугаар данснаас хохирогч Г.С ийн 5957001760 дугаарын данс руу 837.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 25/,

 

Б.Золзаяагийн хаан банкны 5753031366 /Ш.Д ийн ээжийн данс/ дугаар данснаас хохирогч Г.С ийн 5957001760 дугаарын данс руу 163.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 25/,

                                       

Шүүгдэгч Ш.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:       

“2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд явж байгаад дулаан газарт орж шууд дамжуулалтаар сагсан бөмбөгийн тоглолт үзэх гээд Баялаг ундраа худалдааны төвийн хаан банк руу орсон. Би “Баялаг Ундраа” худалдааны төвийн хаан банкинд орж сагсан бөмбөгийн тоглолтоо үзэж дуусаад банкнаас гараад явахад үл таних нэг залуу мөнгөө газарт унагаагаад халаасандаа хийгээд дахин гаргаж ирээд газарт унагаагаад дахин авч халаасандаа хийхэд мөнгө нь дахин газарт унахаар нь би хажуугаар зөрж байхдаа газарт унасан мөнгийг нь аваад гүйсэн чинь тэр хүн миний араас намайг дагаж гүйхээр нь би шууд зам хөндлөн гарч гүйгээд Нарантуулын урд замд баруунаас зүүн чиглэлтэй такси бариад шууд хөдлөөд явж байгаад буцаж эргээд гэр рүүгээ буюу .........  тоот гэртээ харьсан. Би тухайн үед такси бариад явахдаа таксины мөнгийг өөрийнхөө хаан банкны .........  тоот данснаас шилжүүлсэн. Би тэр хүнээс авсан мөнгөө өөртөө байлгаж байгаад орой 21-22 цагийн орчим өөрийн зүс таних Даваажаргалтай уулзаад Даваажаргалын дансанд тэр хүнээс авсан мөнгөө хийлгэж байгаад Даваажаргалд өртэй байсан 120.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг өөрийнхөө дансанд авсан. Тэгээд эргээд гэртээ ирсэн чинь гэрийн гадаа цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

 

Хохирогч Г.С ийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан:

“Ганбат овогтой Сорогдондорж би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр алдсан мөнгөө эргүүлэн авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэх хүсэлт /хх-ийн 62/,

 

Шүүгдэгч Ш.Д ийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан:

“Ш.Д  миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол болох 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..”гэх хүсэлт /хх-ийн 72/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ш.Д ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1397 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 36-52/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 60/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 61/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 73/, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал /хх-ийн 74/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Д ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө, эд зүйлтэй болох санаа зорилгын улмаас хохирогчийн эд зүйлийг нь авах боломжтой гэж тооцож уг зорилгоо бүрэн хэрэгжүүлж эд зүйлийг нь булаан авснаар дээрэмдэх гэмт хэрэг бүрэн төгссөн байна.

 

Шүүгдэгч нь өөрийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй учир гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоон эхэлж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой.

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Ш.Д  нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Ш.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч” дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Шүүгдэгч Ш.Д  нь хохирогчийн хохирол төлбөр болох 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болсон гэх нөхцөл байдал шүүгдэгч Ш.Д ийн хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ш.Д ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын зүгээс шүүгдэгч Ш.Д ид 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, түүнийг арилгасан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нийцэмж дутмаг байх учир хариуцлагыг гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж багасгах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхийн ийнхүү хариуцлагын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчихгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.

 

Шүүгдэгч Ш.Д  нь өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг биелүүлсэн болох нь хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Д ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Ш.Д ийг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д ид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг нэг жилийн хугацаагаар хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ