Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар  2023/ШЦТ/169

 

 

 

 

 

 

 

 

  2023        02          02                                  2023/ШЦТ/169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч К.Чимгээ,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Г  нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г д холбогдох эрүүгийн 2006 04267 0141 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г г 2020 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...  ” гэх нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан У.Ц ийн эзэмшлийн хаан банкны ...   дугаартай дансны виза карт, Б.М г унтаж байхад түүний өмдний халааснаас бэлэн 100.000 төгрөгийг бэлнээр авч, хаан банкны бэлэн мөнгөний төхөөрөмж ашиглан 4 удаагийн гүйлгээгээр 1.900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:

шүүгдэгч Ц.Г  нь 2020 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Ц ийн эзэмшлийн хаан банкны ...   дугаартай дансны виза карт, Б.М г унтаж байхад түүний өмдний халааснаас бэлэн 100.000 төгрөгийг бэлнээр авч, хаан банкны бэлэн мөнгөний төхөөрөмж ашиглан 4 удаагийн гүйлгээгээр 1.900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 32/,

 

Хохирогч У.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...  ” гэх нэртэй буудалд үйлчлүүлж байсан юм. Би Төв аймгийн Батсүмбэр суманд амьдардаг. Өвлийн бэлтгэлээ хангах гээд Улаанбаатар хотод ирсэн юм. Тухайн буудалд хоёр хонож байна. Би буудалд орох үедээ архи уучихсан байсан. Намайг буудалд тасарсан байхад манай найз Г  миний хаан банкны картыг авсан байсан. Буудалд Г , Д  бид гурав орсон. Намайг унтаж байхад манай найз Д  2 эрэгтэй найзыгаа дуудсан юм байна лээ. Ингээд манай найз Г  сүүлд ирсэн хоёр залуугийн нэгийг дагуулж гараад хаан банкны АТМ орж 250.000 төгрөг бэлнээр авсан. Г  бид хоёр мөнгөө миний картанд цуг хийсэн. Г  тухайн үедээ өөрийнхөө мөнгөнөөс авсан юм. Г  тэр залуутай хамт буцаж орж ирээд буудалд ууж байгаад Г  тасарсан байсан. Д  өөрөө гэр рүүгээ яваад дуудаж ирсэн 2 найзыгаа үлдээгээд явсан байсан. Ингээд тэр 2 миний карт болон бэлэн мөнгийг аваад явсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байна...”,

“...Миний данснаас 2.150.000 төгрөгийн зарлага гарсан ба өмнөх мэдүүлэгт тусгагдсан 1.000.000 төгрөгийг би өөрөө өөр хүний данс руу шилжүүлсэн байсан. Нийтдээ надад 2.150.000 төгрөгийн хохирол учирсан... зөвхөн миний өөрийн мөнгө л миний дансанд байсан. Би өөр хүн амьтны мөнгө төгрөг өөрийнхөө дансанд хийлгүүлээгүй ээ. Надад гомдол санал байхгүй...”,

“...2.150.000 төгрөгнөөс М  найз маань 250.000 төгрөгийг Г  гэгч хүнээр авахуулсан. Тэгээд 250.000 төгрөгөөнөөс 150.000 төгрөгөөр нь архи дарс идэх уух юм аваад үлдэгдэл 100.000 төгрөгийг миний карттай хамт өмднийхөө хажуугийн халаасанд хийсэн. Архи уугаад тасраад маргааш нь сэрэхэд халаасанд байсан бэлэн мөнгө болон карт алга болсон байсан гэсэн. Би тэрийг М гийн амнаас сонссон. Маргааш өглөө нь гар утсаа шалгахад банкны гүйлгээний мессеж ирсэн байсан. М  сумын төвөөс хот руу ирэхдээ миний дансанд 1.000.000 төгрөг байршуулсан байсан. М  өөрийн гэсэн дансгүй, картгүй хүн. Тухайн үед бид 2 самранд яваад мөнгөтэй болсон байсан. Хэрэг болохын өмнө бид 2 Нарантуул орж ойр зуурын хэрэглээний зүйл авсан байсан учраас М гийн 1.000.000 төгрөг дууссан байх. Би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 38, 39-40/,  

 

Хохирогч Б.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:

“2020 оны 10 дугаар сард самарт яваад мөнгөтэй болсон байсан ба надад карт, данс байхгүй болохоор найз Ц ийн дансанд өөрийн 1.000.000 төгрөгөө хийлгүүлсэн. Хэрэг болохын өмнө Нарантуул зах орж өөрийн 1.000.000 төгрөгөөрөө ажлын өмд, цамц, гутал гэх мэт ойр зуурын хэрэглээний юм авсан. Бараг миний мөнгө дууссан байх. 100.000-200.000 төгрөг үлдсэн байж магадгүй. 2-3 жилийн өмнөх үйл явдал учраас сайн санахгүй байна. АТМ-нээс бэлэн мөнгө авч чаддаггүй болохоор Ц ийн данснаас 250.000 төгрөгийг Г  гэгчээр авхуулж архи дарс, идэж уух юм авсан. 100.000 төгрөг үлдсэн байсныг Ц ийн карттай хамт өөрийн өмдний баруун талын халаасанд хийсэн. Улмаар архи ууж тасраад өглөө сэрэхэд миний халаасанд байсан Ц ийн карт, бэлэн 100.000 төгрөг алга болчихсон байсан. Г  нь найз Ц ийн картны нууц дугаарыг мэдэж байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

Гэрч Р.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:

“Би Б  гэх залуутай 2020 онд Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд танилцаж байсан. Б  тэнд тогооч хийдэг байсан. Тэгээд би амралтаараа Төв аймгийн Батсүмбэрт гэртээ байхад Б  манай хөдөө гэрт ирэхдээ хэсэг хүмүүстэй ирсэн. Тэр дундаас Т , Г  гэх 2 залуутай танилцсан. Тухайн үед манай гэрт 2 хоног амарч байгаад явсан. Дараа нь 2020 оны 10 дугаар сард Улаанбаатар хот руу ажлаар Г  буюу Г  гэх манай найз болон Ц э нартай хотод ирсэн. Тэр үеэрээ танилцсан найзууд болох Б , Т , Г  нар руу ярихад Б  хөдөө ажилтай уулзаж чадахгүй гэсэн. Тэгээд Т , Г  хоёртой уулзсан. Ингээд Г г бид 2 гадуур ажил хөөцөлдөж ажлаа амжуулаад хотод ирээд Бөхийн өргөөний ойролцоо буудалд байрласан газраа очсон юм. Энэ үед Ц э ганцаараа өөр өрөөнд тасарсан унтаж байсан. Ингээд Г , Т , Г  бид нар Ц ээс тусдаа өрөөнд архи, пиво уугаад юм ярьж сууцгаасан. Энэ үед манай эхнэр дуудаад байхаар нь Г , Г , Т  гурвыг үлдээгээд буудлаас явсан. Ингээд намайг явсны маргааш Ц э картнаасаа мөнгөө алдсан гэж над руу ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

 

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн:

“... хаан банкны ...   тоот дугаартай дансанд 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 20 минутад TRF=000456156036-949618xxxxxx2117->ATM588>ULAAN гэсэн хуулгаар агуулгаар бэлэн мөнгөний АТМ-нээс 250.500 төгрөг бэлнээр, 2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 03 цаг 01 минутаас 03 цаг 02 минутын хооронд TRF=000456156036-949618xxxxxx2117->ATM588>АТМ5 гэсэн хуулгын агуулгаар бэлэн мөнгөний АТМ-нээс 250.500, 250.500, 800.000, 600.000 төгрөгийг тус бүр бэлнээр нийт 2.151.200 төгрөг зарлагадсан байна гэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 65-67/,

 

Шүүгдэгч Ц.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ яллагдагчаар татгдсан хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 87/,

 

Хохирогч У.Ц эд хохирол болох 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-ийн 98/,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан шүүгдэгч Ц.Г гийн гаргасан “Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид хохирол болох 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 97/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Г гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 77/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 99-100/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ц.Г  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Ц.Г  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Г г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Ц.Г гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Ц.Г д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Г г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Ц.Г  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Б.М , У.Ц э нарын хохирол болох 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 98/ бөгөөд тэдэнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ц.Г гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Г  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Г г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Г г 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг шүүгдэгч Ц.Г д хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Г д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ