Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/181

 

 

 

 

 

 

 

 

2023           02          13                                  2023/ШЦТ/181

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

улсын яллагч Д.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Э-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Өөлд ургийн овогт О.М-д холбогдох эрүүгийн 2303000180054 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө ургийн овогт О.М

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.М нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг, Моннессийн уулзварын баруун талын явган хүний гарцан дээр “Тоёота Приус-20” маркийн ..-.. УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт Зургаа. Бусад эд анги, нэмэлт хэрэгсэл 6.2-д “Дуут дохио ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.М-г авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан” гэв.

 

Хавтаст хэргээс:

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дугаар тал, хавтаст хэргийн 8-9 дугаар тал),

-Жолоочийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар тал, 8-9), 

-Хохирогч Ц.Ц-н “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг өнгөрч байхад эхнэр Ц-н ажил дээр хамт хоночихоод гэрлүүгээ харих гээд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Моннесийн уулзварын баруун талын явган хүний гэрлэн дохионы гэрэл нь ногоон асахаар нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд ганцаараа явж байтал Тоёота приус маркийн автомашин нь хойноосоо баруун гар тийш эргэх үйлдэл хийхдээ 1-р эгнээнд явж байсан намайг зүүн талаас мөргөөд би зам дээр унасан. Би мөргөчихөөр нь зүгээр гэж хэлээд явах гэтэл жолооч залуу нь эмнэлэг явж үзүүлье гэсэн. Манай эхнэр Ц нь өөр ажилтай явж байгаад намайг машинд мөргүүлсэнг хараад ослын газарт хүрээд ирсэн. Жолооч, би, эхнэр Ц бид 3 шууд гэмтлийн эмнэлэгт очоод толгойны томограф, зүүн хөлийн рентген зураг авахуулахад савхан яс хугаралтай гэсэн онош гараад хөлөө гипстүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

-Гэрч Д.Ц-н “...2022 оны 12 сарын 08-ны өдөр би нөхөр Ц-н хамт Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Хос жүрж” хотхонд жижүүрээр хамт хоночихоод, 2022 оны 12 сарын 09-ний өдөр манай нөхөр Ц гэрлүүгээ харих гээд түрүүлээд явсан. Би ойролцоогоор 5 минутын дараа ажлаасаа гараад нөхөр таяг тулж явдаг тул араас нь очих гээд явж байтал Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Монниссын уулзварын баруун талын явган хүний гарцан дээр манай нөхөр Ц-г хар өнгийн Тоёота приус 20 маркийн автомашин нь хойноосоо баруун гар тийшээ эргэх үедээ мөргөчихсөн, 1 дүгээр эгнээн дээр зогсож байсан. Манай нөхөр Ц зам дээр хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад жолооч залуу хэлэхдээ би энэ хүнийг мөргөчихсөн гээд зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “1.Ц.Ц-н биед зүүн тахилзуур ясны зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 16662 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “....урд зүүн болон баруун оврын чийдэн, бүртгэлийн дугаарын баруун талын гэрэл, чийдэнгүүд асахгүй, дуут дохио ажиллахгүй. ... автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна” гэх 39044097 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

-Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “1.Toyota Prius 20 маркийн ..-.. УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” мөн дүрмийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт 6. Бусад эд анги, нэмэлт хэрэгсэл 6.2 “Дуут дохио ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Ц.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Жолооч О.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэх 73 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 49-50 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг, Моннессийн уулзварын баруун талын явган хүний гарцан дээр “Тоёота Приус-20” маркийн ..-.. УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт Зургаа. Бусад эд анги, нэмэлт хэрэгсэл 6.2-д “Дуут дохио ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.М үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Ц-н мэдүүлэг,  гэрч Д.Ц-н мэдүүлэг,  хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 16662 дугаартай дүгнэлт, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39044097 дугаартай дүгнэлт, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай магадлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Улсын яллагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “шүүгдэгч О.М-г авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, түүнд урьд авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай” гэв.

 

Шүүгдэгч О.М-н өмгөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “О.М-н гэм буруугийн тал дээр маргахгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч Ц.Ц-т хүндэвтэр хохирол учруулсан, хохирогчид 650000 төгрөгний хохирол төлсөн, хохирогчтой миний бие уулзаж байсан, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдэг. Ял шийтгэлийн хувьд 600.000 төгрөгний торгох ял төлөхөөр тохиролцсон, прокурорын саналыг дэмжиж байна” гэсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч О.М нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар /жолооны үнэмлэхний дугаар-978303/ (хавтаст хэргийн 69 дүгээр тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.М нь зам тээврийн осол гаргаж, хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

О.М-н буруутай үйлдэл хохирогч Ц.Ц-ын биед учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой болно.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч О.М-н үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

 

 Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Ц.Ц-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16662 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар тал)-ээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Тээврийн прокуророос шүүгдэгч О.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

 

Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус зааснаар шүүгдэгч О.М учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.

 

Хохирогч Ц.Ц нь Тээврийн прокурорын газарт “миний бие О.М-ээс эмчилгээний зардал болох 650,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авлаа. Одоо гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна. Тиймээс шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна гэж дүгнэн шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогчийг энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М -ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч О.М нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ц цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР

 

 

 

 

 

 

 

 

 

2