Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

  2023         02         16                                   2023/ШЦТ/250  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Эрдэнэбаяр,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

шүүгдэгч Ч.С  нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.С ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 0145 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.С ийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэртээ буюу ........  тоотод хохирогч А.С тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 00000 0145 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Ч.С  нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ........  тоотод хохирогч А.С ий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

Хохирогч А.С ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Ц  эгчийн гэрт очоод хоол идчихээд Б ыг түүний найз С ийн гэрт байгаа байх гэж бодоод С ийн гэр болох ....  тоотод Ц  эгчийн хамт очсон. Тэгтэл С  хаалга тайлаад намайг “чи юу хийж явж байгаа юм, яах гэж ирсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуугараагүй. Гэрт нь ороод гутлаа тайлаад буйдан дээр нь суугаад байж байтал С  нь элдэв үг хэллэг хэлж над руу орилсон. Мөн тэр үед Б  нь С ийн нөгөө өрөөнд нь унтаж байсан. Тэгэхээр нь би Б  дээр очоод “миний найз архи уусан юм уу” гэхэд “уугаагүй” гэж хэлсэн. Тэгээд би С т хандан “чи яагаад энэ хүнийг архи уулгачихав” гэж ууртай хэлэхэд С  нь миний толгойтой үснээс гараараа зулгаагаад байж байхад түүний охин нь мөн гарч ирээд С ийн хамт миний толгой руу цохисон, баруун нүдний дээд хөмсөг хэсэгт гараараа цохисон, хамар руу мөн цохисон, баруун талын чих рүү, толгойн зүүн талын оройн хэсэг рүү цохисон. Би тухайн үед ямар ч хөдөлгөөнгүй байсан. Тэгээд С ийн нөхөр ирээд салгасан... Миний биеийн баруун нүдний дээд талын дух хэсэг хавдсан. Баруун чих, толгойн зүүн дээд орой өвдөж байна. Тухайн гэмтлүүдийг С  нь миний биед учруулсан. Миний биед халдахдаа ямар нэг гадны биет бариагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

Гэрч Х.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Манай гэрт Б  гээд ээжийн найз ирсэн байсан. Харин энэ өдөр Б  эгч шинэ жилдээ явж ирээд манай гэрт согтуу байсан бөгөөд ээж Б  эгчийг “хүргээд өгье” гэхэд “би унтаж байгаад гэртээ харина” гэж хэлсэн. Тэгтэл Б  эгчийг хайгаад С  гэх эмэгтэй манай гэрт 20 цаг өнгөрөөгөөд ирсэн юм аа. Манай гэрт орж ирээд Б  эгчийг хайгаад байсан. Б  эгчтэй уулзаад авч явах гэж байгаад гэнэт С  эгч манай ээж рүү уурлаад орилоод хашгираад байхаар нь өрөөнөөс гараад очиход манай ээж С тэй С  гэх эмэгтэй барьцалдаад үсдэлцсэн байсан. Тэгхээр нь би аавын хамт очоод маргааныг зогсоохоор салгахад “цагдаа дуудна” гээд цагдаа дуудаад тухайн хүнийг аваад явсан юм аа. С тэй манай ээж барицалдаад ноцолдоод газар унасан байсан. Тэгээд би болиулах гээд очоод тухайн маргааныг дуусгаад салгасан. Өөрөөр халдсан зүйл байхгүй. Мөн би тухайн маргааныг дуусгах гээд очиход С  миний гарнаас дарсан юм. Тэгээд би гараа салгаж чадахгүй байсан. С  ээжийн үснээс дараад байсан болохоор би очоод гарнаас нь татаад болиулсан. Өөрөөр ямар нэгэн байдлаар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Гэрч Р.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Манай гэрт Б  гэх эмэгтэй амьдардаг. Б тай 12 дугаар сарын сүүлээр нэг шинэ жилд ороод буцаад хамт гэрийнхээ гадаа ирээд маргалдсан. Тэгсэн чинь Б  гэрт орохгүй шууд яваад өгсөн. Би араас нь хөөж байгаад цүнх, түлхүүрээ авсан. Тэгээд Б  яваад өгсөн. Тэгээд гэртээ ирэхгүй байсан болохоор С тэй уулзаад Б ыг хайхаар явсан. С ий хамт С ийн гэрт очоод би үүдэн хэсэгт нь сууж байсан бөгөөд С  том өрөө рүү орсон. Удалгүй орилолдоод байхаар нь том өрөө рүү нь орсон чинь С  гэх эмэгтэй С ий үснээс зулгаагаад газар шалан дээр дух, хөмсөг хэсгээр нь газарт унагаагаад шалан дээр саваад байсан юм аа. Энэ үед С ийн жирэмсэн охин ирээд С  рүү дайраад зулгаагаад байсан. Тэгээд цагдаа ирж бид нарын маргаан дуусаад гэрээс нь гараад явцгаасан. С  С г үснээс нь зулгаагаад газарт унагаагаад үснээс нь зулгаагаад газарт ирсэн бөгөөд үсдэж байгаад газарт дух хэсгээр нь савуулаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 555 дугаар:

“А.С ий биед дух, баруун хөмсөг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

 

Шинжээч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Тухайн гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл газар мөргүүлэх үед үүсэх боломжтой бөгөөд нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,  

 

Шүүгдэгч Ч.С ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Ч.С ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Ч.С  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ч.С  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ч.С ийн хохирогч А.С ий биед дух, баруун хөмсөг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч А.С  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Ч.С  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Ч.С ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан дундаж хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ч.С  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.С  нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ