Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/252

 

 

 

 

 

 

 

  2023        02         16                                  2023/ШЦТ/252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Г.Билгүүн,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

хохирогч Б.С ,

шүүгдэгч С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Орлой С.Б ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 0135 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б ийг 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.С тэй “баарны үйлчлүүлэгчдийг булаасан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг өргөж, газарт унагааж түүний биед баруун сарвууны гуравдугаар хурууны алганы ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 00000 0135 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч С.Б  нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.С гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

 

Хохирогч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...... ” нэртэй бааранд зөөгч хийдэг. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг бааранд ажлаа хийж байгаад өлсөөд байхаар нь гарч түцнээс юм авч идэх санаатай үйлчилгээний тө...йн хойд талд байрлах бор ТҮЦ-нд ороод байж байтал хамт ажилладаг Х  ТҮЦ рүү орж ирсэн. Бид 2 цай уугаад гарах гэж байтал үл таних 25 орчим насны 2 залуу орж ирснээ надад ханда “яагаад үйлчлүүлэгч булаагаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би зүгээр ажлаа хийж байгаа хүн, асуудал байвал манай захиралтай ярь” гэж хэлсэн чинь “чамтай ярьж байна шүү дээ ах нь гомо шүү” гэснээ намайг тэвэрч илээд байсан. Тэгэхээр нь уур хүрээд цаашаа түлхтэл зодоон болчих ...йдээ гэж бодоод “чи яах гээд байгаа юм, надтай зодолдох гээд байгаа юм бол эр хүн шиг учраа олъё” гэж хэлсэн. Тухайн ах “би чамтай зодолдохгүй” гэхээр нь “тэгвэл болиоч” гээд түлхчихээд баар руугаа алхаж байтал араас гүйж ирснээ намайг хойноос тэвэрч дээшээ өргөж байгаад газарт савж унагаасан. Тэгээд би “...... ” баарны захирал Б  эгч рүү ороод намайг ийм болгочихлоо гэж хэлсэн чинь “захирал О  ах чинь таньж магадгүй очоод уулзчих” гэж хэлсэн. О  ах дээр очоод болсон зүйлээ ярьтал “...” баарны бармен байна гээд хамт уулзъя гээд очсон. Тухайн “...” бааранд ортол бармен хийж байсан залуу нь намайг унагаасан залуу мөн байсан ба уулзаад “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь тоосон шинжгүй, “би чамайг зодоогүй, зүгээр унагаасан байх шүү” гэх утгатай зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/,

 

Гэрч М.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хамт ажилладаг Б.С гийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Алтанжолоо төвийн урд талын ТҮЦ-нд ороод оройн цайгаа уугаад байж байхад араас “...” баарны бармен болох Б  орж ирээд “манай баарны гадна талаас хүн битгий дуудаад баар руугаа оруулаад бай” гээд уурласан. Тэгтэл С  “тийм зүйл байхгүй хөгшөөн” гээд байсан. Тэгээд С , Б  2 хоорондоо маргалдаад байсан ба тухайн түцний гадаа Б  С  рүү дайраад байхаар нь би Б эс уучлалт гуйгаад С гийн хамт явах гэж байсан. Тэгтэл С гийн араас Б  өргөөд газарт нуруу хэсгээр нь унагаасан. Тэгээд С гийн гар нь хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Баяртогтохын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 414 дүгээр:

“Б.С гийн биед баруун сарвууны гуравдугаар хурууны алганы ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,

 

Иргэний нэхэмжлэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Манай байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан санхүүжүүлдэг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Хохирогч Б.С  нь Гэмтэл Согог судлалын үндэсний тө...йн эмийн эмчилгээний зардалд 161.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд 161.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Б.С  нь Гэмтэл Согог судлалын үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг 161.000 төгрөгөөр авсан гэх баримт /хх-ийн 25/,

 

Б.С гийн зүгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 30-31/,

 

Шүүгдэгч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би өөрийгөө Б.С гийн биед халдсан гэж бодохгүй байна. Би зүгээр л харилцан түлхэлцээд араас нь татаад газарт унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: С.Б ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

 

Шүүгдэгч С.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Шүүгдэгч С.Б  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохиролыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Б ийн хохирогч Б.С гийн биед баруун сарвууны гуравдугаар хурууны алганы ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч су...лах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, су...ллын газар су...луулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Б.С д уг гэмт хэргийн улмаас 196.950 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаанд нотлох баримтыг гаргаж өгөн нэхэмжилсэн байх тул хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв, хохирол тооцох боломж бүхий байх тул нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэлээ.

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байх тул шүүгдэгч С.Б эс 161.000 төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний ху...йн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Шүүгдэгч С.Б  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал шүүгдэгч С.Б ийн хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний ху...йн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлөөгүй байдал, түүний ху...йн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг их хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгч С.Б  нь хохирогч Б.С г “өөр хүнтэй зодолдсон гэж манай зөөгч нар хэлсэн. Тэд нар энэ асуудлыг гэрчилнэ. Энэ талаарх баримт байгаа” гэх бөгөөд үүнийг нотлох баримт байхгүй, хэрэгт ийм баримт гаргаж өгөөгүй, мөн мөрдөгч, прокурор нарт ийм баримт байгаа, үүнийгээ шалгуулах талаар хүсэлт гаргаагүй, мөн шүүгчийн туслах дээрх баримтаа гаргаж өгөөрэй гэхэд гаргаж өгөөгүй. Түүний мэдүүлгийн эх сурвалжыг шалгах нөхцөл байдалгүй байх бөгөөд түүний мэдүүлэг нь дээрх нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч С.Б  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Орлой С.Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ийг долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б д оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505., Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б эс 357.950 төгрөг гаргуулан 196.950 /нэг зуун ерөн зургаан мянга зургаан зуун та...н/ төгрөгийг хохирогч Б.С-д, 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ......... тоот дансанд төвлөрүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д ху...йн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ