Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/185

 

 

 

 

 

 

2023           02         14                                   2023/ШЦТ/185

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Х,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 2209 01090 1408 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г танхимд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, “Х-Б” ХХК-д жижүүр ажилтай, ам бүл 1, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,  

            Төв аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, П.Б.

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн ................. тоотод байх насанд хүрээгүй Р.М-н Самсунг А12 загварын гар утсыг хэд хоног барьчихаад өгье гэж хууран авч, ломбарданд барьцаанд тавьж бодит байдлыг нуун, төөрөгдөлд оруулан залилж, 359.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Б-г насанд хүрээгүй Р.М-н Самсунг А12 загварын гар утсыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, 359.600 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хавтаст хэргээс:

-Насанд хүрээгүй хохирогч М.М-н “...Манай аав болох П.М нь надад Самсунг А12 маркийн гар утсыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Мобикомоос 499.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байж байхад манай аавын төрсөн дүү болох П.Б “...хүнтэй уулзчихаад иръе. Миний гар утасны цэнэг дуусчихсан байна. Ах нь гар утсыг нь түр хэрэглэчихээд буцаагаад өгъе гэж: авчихаад тэр чигээрээ аваад явчихсан. Миний гар утсыг авчирч өгөөгүй. Миний гар утас гадуураа гэргүй байсан, цэнхэр өнгийн ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй шинээрээ байсан юм.Түүнээс хойш П.Б ах манай гэрт ирээгүй, миний гар утсыг авчирч өгөөгүй....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

-Гэрч О.Г-н “...Мөнхжинг гэртээ ганцаараа байхад нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хойд эцгийн төрсөн дүү болох П.Б ирж, дүүгийн Самсунг А12 загварын гар утсыг 2 өдөр ажилдаа барьж байгаад өгнө гэж худал хэлээд аваад явсан байсан. Гар утсыг нь ломбарданд тавьчихсан байна гэж төрсөн эгч болох Энхээ гэх хүнтэй утсаар ярьж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

-Д ХХК-ийн “...Самсунг А12 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 359.600 төгрөг” гэх СБ2-22-514 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

-Яллагдагч П.Б-ийн “...М.Мөнхжингийн Самсунг А12 загварын гар утсыг 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд 120.000 төгрөгөөс 30.000 төгрөгөөр вокзалд байдаг буудалд өрөө авч хоносон. 90.000 төгрөгөөр өөртөө гутал, өмд, цамц худалдан авч Хэнтий аймгийн Баян-Адарга сумын жоншны уурхайд очиж ажил хийхээр явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Хохирогч М.М-н Самсунг А12 загварын гар утсыг хэд хоног барьчихаад өгье гэж түүнийг хуурч аван, утсыг нь ломбарданд тавьж бодит байдлыг нууж түүнд 359.600 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч П.Б нь насанд хүрээгүй хохирогч М.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан, 359.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч М.М-н “...Манай аав болох П.М нь надад Самсунг А12 маркийн гар утсыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Мобикомоос 499.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байж байхад манай аавын төрсөн дүү болох П.Б “...хүнтэй уулзчихаад иръе. Миний гар утасны цэнэг дуусчихсан байна. Ах нь гар утсыг нь түр хэрэглэчихээд буцаагаад өгъе гэж: авчихаад тэр чигээрээ аваад явчихсан. Миний гар утсыг авчирч өгөөгүй. Миний гар утас гадуураа гэргүй байсан, цэнхэр өнгийн ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй шинээрээ байсан юм.Түүнээс хойш П.Б ах манай гэрт ирээгүй, миний гар утсыг авчирч өгөөгүй....” гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Г-н “...Мөнхжинг гэртээ ганцаараа байхад нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хойд эцгийн төрсөн дүү болох П.Б ирж, дүүгийн Самсунг А12 загварын гар утсыг 2 өдөр ажилдаа барьж байгаад өгнө гэж худал хэлээд аваад явсан байсан. Гар утсыг нь ломбарданд тавьчихсан байна гэж төрсөн эгч болох Энхээ гэх хүнтэй утсаар ярьж мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

Д ХХК-ийн “...Самсунг А12 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 359.600 төгрөг” гэх СБ2-22-514 дугаартай хөрөнгийн үнэлгээ,

Яллагдагч П.Б-ийн “...М.М-ийн Самсунг А12 загварын гар утсыг 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд 120.000 төгрөгөөс 30.000 төгрөгөөр вокзалд байдаг буудалд өрөө авч хоносон. 90.000 төгрөгөөр өөртөө гутал, өмд, цамц худалдан авч Хэнтий аймгийн Баян-Адарга сумын жоншны уурхайд очиж ажил хийхээр явсан...” гэсэн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч П.Б нь Самсунг А12 загварын гар утсыг хэд хоног барьчихаад өгье гэж насанд хүрээгүй хохирогч М.Мхуурч аван, түүний эд хөрөнгийг барьцаалдан зээлдүүлэх газар барьцаалж дур мэдэн захиран зарцуулж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч П.Б гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч П.Б-г Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч Б.Амармөрөн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч П.Б нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 22-219 тоотоос насанд хүрээгүй Р.М-ийн Самсунг А12 загварын гар утсыг хэд хоног барьчихаад өгье гэж хууран авч, ломбарданд барьцаанд тавьж бодит байдлыг нуун, төөрөгдөлд оруулан залилж, 359.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч П.Б нь ажил эрхэлж байгаа боловч цалин орлогоороо дүү нараа тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д 7 сарын хугацаагаар зорчих эрх хасах ял оногдуулж, уг ялыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч П.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

Шүүгдэгч П.Б нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулсан болох нь насанд хүрээгүй хохирогч П.М, түүний хууль ёсны төлөөлөгч П.М нарын шүүхэд гаргасан хүсэлт болон шүүгдэгчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М-т 380.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч П.Б-д 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

Шүүгдэгч П.Б-д дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв

                                                                                                                                                                                                                                                                                                                                               Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байд

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Боногдуулсан 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР