Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар  2023/ШЦТ/253

 

 

 

 

 

 

 

  2023        02         16                                  2023/ШЦТ/253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Я.Болортуяа,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

шүүгдэгч Д.Х  нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Х ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 04208 0163 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 03-ны өглөө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрхийн товчооны ойролцоох Туул голын эрэг дээр байхдаа хохирогч Н.М ын хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж түүнтэй барилдахаар барьж аван газарт 2 удаа өргөж шидсэний улмаас түүний зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 04208 0163 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Д.Х  нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өглөө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрхийн товчооны ойролцоох Туул голын эрэг дээр хохирогч Н.М ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найзууд болох Ц , Б  нарын хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” бааранд сууж хүн тус бүрийн 2 шил 0.5 литрийн хэмжээтэй пиво уусан ба шөнө дунд 08 дугаар сарын 03-ны 04 цагийн орчим Д.Х  нь над руу утсаар залгаад “Баянзүрхийн товчооны ойролцоо гол дээр байна, боломж байвал хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 3 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрх товчооны орчим байх Туул голын эрэг дээр очсон. Д.Х  байрлаж байсан газраасаа 100 орчим метрийн зайтай газарт биднийг дагуулан очсон. Тэндээ дахиж бага зэргийн пиво уугаад байж байтал Д.Х , Б  нар хоорондоо барилдацгааж эхэлсэн бөгөөд би тэр хоёрыг маргалдаж магад гэж бодоод дундуур нь ороод салгахад Д.Х  “хоёулаа барилдъя” гэж хэлээд намайг барьж аваад өргөөд газарт шидсэн. Энэ үед миний зүүн хөл маш их өвдөөд байсан ба босч гишгэж чадахгүй байсан. Намайг ёолоод орилоод байх чимээнээр Д.Х ын эхнэр бид нар дээр ирээд эмнэлгийн түргэн тусламж руу утсаар залгаж дуудлага өгөн надтай хамт эмнэлэг дээр очсон. Энэ хугацаанаас хойш Д.Х ын хувьд миний эмчилгээний зардал болон ажилгүй гэртээ байсны төлж барагдуулна гэсэн боловч надтай ахиж утсаар яриагүй учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна...”,

“Тэр 2 гурван удаа барилдаад салахгүй байсан бөгөөд бид явах гэж байсан. Би тэр хоёрыг согтуу хүмүүс маргалдаж магадгүй гэж бодоод “боль” гэж хэлэхээр очсон. Энэ үед Б  болиод миний хажуугаар өнгөрөөд явах үед Д.Х  “хоёулаа барилдъя” гэж хэлээд барьж аваад өргөж газарт зүүн талаар унагасан. Намайг хоёр удаа газарт унагасан. Би хөлөө гэмтээснийг мэдээд орилж эхэлсэн. Бид түргэн дуудаж эмнэлэгт хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

 

Гэрч М.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найзууд болох М , Б  нартай Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” шөнийн цэнгээний газарт орж пиво уугаад байж байхад шөнийн 02 цагийн орчим М  руу бид нарын найз Х  гэх залуу утсаар залгаад “Туул голын эрэг дээр байна, хамт ууж суух уу” гэж асуусан. Бид нар тухайн үед архи уучихсан байсан болохоор Х  дээр очихоор болж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн товчооны ойролцоо голын эрэг дээр такси барьж шөнийн 4 цагийн орчим очсон. Биднийг очиход Х  биднийг тосож авсан бөгөөд бид нар голын эрэг дээр пиво ууцгааж хэсэг хугацаанд юм ярьж сууцгаасан бөгөөд удалгүй гэгээ орсны дараа Х , Б  нар хоорондоо барилдаад байсан. Энэ үед М  бид 1 гэр рүүгээ явмаар санагдаад байсан тул тэр хоёрыг явъя гэж дуудсан. Х  М ыг “хоёулаа барилдъя” гэж хэлэн барьж аваад 2 удаа газарт унагаасан. Тэгэхэд М  газарт хэвтчихээд “хөл өвдөөд байна” гээд орилоод байсан ба бидний байрлаж байсан газраас 100 метрийн зайтай майхнаас Х ын эхнэр гэх эмэгтэй хүн гарч ирэн эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Тэгээд эмнэлэг ирээд М ыг авч явсан бөгөөд Х ын эхнэр М ыг өргөлцөөд эмнэлэг рүү хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Л.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хамаатны хүмүүс болон гэр бүлийн хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны гүүний ойролцоо голын эрэг дээр очиж байж байгаад орой нь унтаж амарцгаасан. Гэтэл маргааш өглөө нь үүр цайгаад гадаа гэгээ орох үеэр эмэгтэй хүн орилох шиг болохоор нь сэрээд харахад майхан дотор манай нөхөр Х  байхгүй байсан тул гадаа гарч нөхрөө хайхад манай майхнаас 100 метрийн зайтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан бөгөөд дунд нь манай нөхөр зогсож байсан. Тэгэхээр би нөхөр дээрээ очиход хамт байсан хүмүүс нь манай нөхрийн найз гэж өөрсдийгөө хэлж байсан бөгөөд дунд нь нэг эмэгтэй газар суучихаад “хөл өвдөөд байна” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би болсон асуудлын талаар тодруулахад уг эмэгтэйг Х  болон өөр нэг залуутай барилдаж, ноцолдож байгаад уначихсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би түргэн тусламж дуудаад надаас өөр эрүүл хүн байгаагүй тул уг эмэгтэй болон нэг залуугийн хамт гэмтлийн эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт очоод хөлнийх нь зургийг авахуулахад хугарсан байна гэж хэлж байх шиг байсан ба би яараад байсан тул хөлний сойлт, татлага зэргийг авч өгчихөөд уг залууд нь хөл нь хугарсан эмэгтэйг үлдээчихээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11056 дугаар:

“Н.М ын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

 

Шүүгдэгч Д.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн найз Н.М ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Би найз Н.М тай тоглож өргөж газарт унагасны улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан. Би цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хүнтэй барилдаж байгаад Н.М ыг “явъя” гээд хүрээд ирэхээр нь барилдахаар өргөж газарт унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Д.Х ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

 

Шүүгдэгч Д.Х  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Шүүгдэгч Д.Х  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Х ын хохирогч Н.М ын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Н.М  нь мөрдөн шалгах ажиллагааны үед баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирол нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн мөн түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Шүүгдэгч Д.Х  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх нөхцөл байдал шүүгдэгч Д.Х ын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Х од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлөөгүй байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг багавтар хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Х  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Х ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ