| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2023/0050/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/61 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/61
2023 01 09 2023/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
улсын яллагч М.Отгонжаргал,
шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг,
гэрч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эд холбогдох эрүүгийн 2206 00000 3289 дүгээр хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь .. тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үед үүссэн нэг удаагийн үл ойлголцох хэрүүл маргааны улмаас дүү Н.М-ийн эрх чөлөөнд халдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цагийн үед би ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан. Тэгээд гараад харсан чинь манай дүү М кадастрын зураг гаргуулах гээд байж байсан. Энэ кадастрын зураг гаргуулах гэж байгаа газар нь манай ээжийн нэр дээр байдаг. Тухайн газрыг хоёр хуваасан. Нэг тал нь М-ийнх юм. Угаалгын газраар зааглагддаг. Нөгөө тал нь миний газар юм. Тэгээд тухайн газар нь ээжийн нэр дээр байдаг учир би хөөцөлдөж явдаггүй. Би тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан. М-ийн хувьд намайг байхгүй үед өөрийнхөө авсан газарт сэтгэл ханахгүйгээр дахин илүү газар авахын тулд сунгалт хийж, нэмэлт кадастрын зураг гаргуулж дахин миний мэдлийн газраас авах гэсэн үйлдэл эхлээд хийсэн юм. Тэгээд кадастрын зураг гаргуулах гээд хүн дуудсан байсан. Тэгээд би гарч ирээд М-д хандан “чи ямар учиртай зураг авахуулаад байгаа юм бэ” гэсэн чинь “би мэдэж байна, танд хамаагүй” гэсэн. Тэгэхээр нь би М-д хандан “чи өөрийнхөө авах ёстой газраа ав, яагаад миний газарт шунаад авах гээд байгаа юм бэ, ямар учраас миний ар хударгаар ийм зүйл хийдэг юм бэ” гэсэн чинь М надад “үгүй, би мэдэж байна” гээд миний авах ёстой газрын дийлэнх хэсгээр нь кадастрын зураг авахуулаад байхаар нь би М-д хандан “ингэж хүний газарт шунана гэж байхгүй, ээж бид хоёрт яг ижилхэн хуваагаад өгсөн юмыг хувааж л авна, чиний сэтгэл яагаад ханадаггүй юм бэ” гээд кадастрын зураг авч байсан хүмүүст нь хандаж одоо кадастрын зураг авахуулахгүй, та нар одоо яв гэсэн чинь тэр хүмүүс яваад өгсөн. Тэгээд М бид хоёр үүнээс болж муудалцсан. Намайг үг, хэлээр доромжилсон, миний нөхөр гэр бүлийг их муухайгаар доромжлоод байсан учраас би М-д хандан “чи миний дүү байж ямар муухайгаар бид нарыг доромжилж байгаа юм бэ” гээд бид хоёр зууралцаад авсан. М миний дагз хэсгээс үсдэж зулгаагаад доошоо тонгойлгоод дарсан. Би дээшээ харах ямар ч боломжгүй байсан. Тэгээд би гарыг нь тавиулах гээд гарыг нь зулгааж маажсан, М миний гар, эрүү, цээжийг маажсан. Тухайн үед харилцан маажилцаж зодолдсон. Тухайн үед миний өмсөж явж байсан нимгэн цамц, куртик зэргийг урсан. Би зодоон болохоос өмнө ээж рүү гар утсаар залгаж, М энд кадастрын зураг гаргуулаад байж байна, энэ хүн яагаад ийм зүйл санаж, сэдээд явдаг юм бэ, энэ шуналтай хүнийхээ учрыг нь ол гэж хэлсэн. Тэгсэн ээж надад “би 13 дугаар хорооны энд алхаад явж байна аа, арай үгүй байлгүй дээ, одоо очиж байна” гэсэн. Тэгэхээр нь би ажил руугаа орсон. Тэгээд ээжийг ирэхээр нь ажил руугаа орсон. Ээж М-тай уулзаад үлдсэн. Тэгээд би ажлаа хийгээд байж байсан чинь гадаа аав, ээж хоёр орилоод байхаар нь гараад харсан чинь М ээж рүү галзуу юм шиг орилж дайрч, ээжийг унагаах гээд байхаар нь би аргагүй эрхэнд ээжийгээ өмгөөлөх гээд очсон. Тэгээд би М-д хандан “чи настай хүмүүсийг тайван байлгаач, чамд энэ газар, шороо хэрэгтэй юм уу, хөгшин настай хүний буяныг эдлээд үнэгүй хувааж өгсөн газрыг нь зүгээр авч болохгүй байна уу, чиний шунал чинь ямар ханаж, цаддаггүй юм бэ” гэж хэлэхэд миний үгэнд орохгүй, надад хандан “битгий солиороод бай, би энэ газрыг зараад Солонгос руу явна” гээд орилж чарлаад байсан. Тэгээд бид хоёрын зодоон үүнээс болж үүссэн. Тэгээд миний үсийг зулгаасан, хумс хурууг хугалсан. Яаж бодсон хүний хуруунд зүүлттэй байсан бөгжинд миний хуруу орно гэж байж боломгүй шүү дээ. Тэр бөгж нь хэдэн сантиметрийн хэмжээтэй байсан юм бэ, жоохон бодитой, логиктой юм яримаар байна шүү дээ. М-ийн хуруу луу миний хуруу ороод бөгжийг нь авсан гэсэн байсан. Дараа нь бөгжөө алга болгочихсон байж байгаад олчихсон гээд ээжид хэлсэн байсан. Тухайн үед миний үснээс зулгаагаад доош дарж тонгойлгоод намайг босгохгүй байхаар нь ээж М-д хандан “чи болиоч, эгч чинь ямар өндөр харааны бэрхшээлтэй билээ, линз зүүдэг шүү дээ, чи эгчийгээ арай дэндүүлж байна, одоо тавь, боль” гэж хэлсэн. Тэгээд намайг тавихаар нь би буцаж байшин руу орсон. М тэнд сууж үлдээд юм хайгаад байсан. Бөгжөө хайгаад байсан юм байх гэж би ойлгосон. Тэгээд манай охины хичээл тарах цаг нь болоод би хүүхдээ авах гээд явах гэтэл “ээж та намайг авах цагаас хоцорчихсон учраас би өөрөө алхаад ирлээ” гээд манай охин өөдөөс хүрээд ирсэн. Тухайн үед намайг хараад миний охин гайхаж байсан. Ээж ээ, та газар хэвтэж байгаад ирсэн юм уу, яагаад хувцас чинь урагдчихсан юм бэ, таны нүүр чинь битүү яр шарх байна, юу болсон юм бэ гэсэн. Миний охин бол 11 настай. Намайг хараад шууд тэгж хэлж байсан. Би тухайн үед Мг төрсөн дүүгээ гэж бодож байсан. Гэтэл М шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаад, өөрөө уначихаад намайг санаатай унагаасан гээд мэдүүлэг өгөөд цагдаад мэдэгдсэн байсан. М-г ингэнэ гэж миний зүүдэнд ч ороогүй. Бид хоёр харилцан үсдэлцэж, маажилцаж, зодолдсон. Би М-гийн биеийг маажиж, урсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үүнд би уучлалт хүсэж байна. Харин санаатайгаар би очиж зодон түлхэж унагааж тархийг нь хагалсан зүйл надад огт байхгүй. Энэ хэргийг шалгаж, мөрдөж байсан мөрдөгчид хүртэл энэ тухайгаа хэлж байсан. Мөрдөгч надтай ёс бусаар харьцаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Намайг шөнө 23 цагийн үед хүртэл дуудаж байсан. Ажлын цаг дууссан байхад ямар учраас намайг хүрч ир гээд байгааг нь би ойлгоогүй. Би энэ талаар прокурорт хүртэл гомдол гаргаж байсан. Мөрдөгч надтай ямар учраас ёс бус харьцаж байгаа юм бэ, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн байдлаар би саад учруулаагүй, ир гэхэд нь би очиж байсан. Тэгэхэд цагийн өмнө залгаад яг одоо ир, ирэхгүй бол чамд хилийн хориг тавиулна гээд анх энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш аягүй онцгүй, ёс бус мөрдөн шалгах ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа. Ер нь ээж бүгдийг нь харсан учраас гэрчийн хувьд зөв мэдүүлэг өгсөн. Би ээжийн мэдүүлгийг уншихад яг болсон зүйлийг бүгдийг нь зөв мэдүүлсэн байсан. Нэг үг хасаж, нэмээгүй яг үнэнээр нь хэлсэн байсан.” гэв.
Гэрч Ц.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “09 дүгээр сарын 23-ны өдөр үдийн цайны дараа дэлгүүр лүү хүнсний зүйл авах гээд явж байсан миний гар утас дуугараад авсан чинь Н.Э надад хандан “ээж ээ, та хаана явж байна” гэхээр нь би хажуугийн дэлгүүрт явж байна гэсэн чинь “М ирчхээд кадастрын зураг авахуулна гээд байна, тэгш хуваахгүйгээр өөртөө илүү хэмжээг авч кадастрын зураг авахуулаад байна, та хурдан хүрээд ир” гээд Н.Э хэлсэн. Тэгэхээр нь би Н.Эд хандан за, одоо очлоо гээд утсаа салгасан. Тэгээд намайг очиход Н.Э миний өөдөөс гүйгээд ирсэн. М манай гэрийн хажууд зогсож байна. Тэгээд би та нар чинь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Н.Э надад хандан М илүү хэмжээтэй газар авна гээд кадастрын зураг авахуулах гээд хүн авчирчихсан байж байна гэсэн. Тэгээд би юу болоод байгаа юм бэ гээд хэлэх хооронд М, Н.Э хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Би тухайн үед гэр лүүгээ орох гээд явж байхад М, Н.Э миний араас явж байхдаа хоорондоо хэрэлдээд байсан. Манай гэрийн хажууд нарийн ногоо тарьдаг, төмөр хашлагатай жижиг хэмжээний талбай байдаг юм. Тэгээд би тортой хүнсээ тавьчхаад эргээд гараад ирэхэд М, Н.Э хоёр гар гараас бариад зууралцсан байсан. Тэгэхээр нь би гарч ирээд юу болоод байгаа юм бэ, та нар чинь яасан даруулгагүй юм бэ, алга дарам газраас болж хоорондоо хэрүүл хийж байдаг улсууд вэ гэж орилоод Н.Э-ыг М-гаас салгаад Н.Э-д хандан “зайл чи, яв чи, яагаад дандаа хэрүүл, шуугиан хийж байдаг юм бэ” гээд явуулсан. Тэгээд Н.Э явсан хойгуур М уйлаад ногоо тарьдаг талбай дээр суугаад юм хайгаад байсан юм. Би тэгэхээр нь М-д хандан “яачихсан юм бэ, юу болоод уйлаад байгаа юм бэ” гэсэн чинь “миний бөгж алга болчихсон байна” гэсэн. Тэгэхээр нь хамт хайлцаж байгаад М-д хандан самардаж л хайхгүй бол энэ ногоон дотроос олдохгүй дээ гэсэн. Тэр ногооны талбай чинь манай гэрийн хаалганаас 1 метрийн зайтай юм. Угаасаа энэ хоёр зодолдохдоо нэг нь дээр нь гарч, нөгөө нь доор нь гарч зодолдоно. Тэрнээс биш тэр хоёр өөрөөр зодолдох хэмжээний том талбайтай ногооны талбай байхгүй. Тэгээд М газар суугаад уйлаад байхаар нь би М-д хандан “босооч чи, наад өмд чинь ногоон өнгөтэй болчихлоо” гэсэн. Тухайн үед М жинсэн өмдтэй байсан. Тэгээд би гэр лүүгээ орчхоод гараад ирсэн чинь гадаа цагдаа ирчихсэн байсан. Тэгээд би энэ цагдаад хэн дуудсан юм бэ гэсэн чинь М би дуудсан юм гэсэн. Тэр цагдаа юу болсон юм бэ гээд надаас асуухаар нь би мэдэхгүй, М-гаас өөрөөс нь асуу, эгч дүү хоёр хоорондоо зодолдоод, наад чинь уйлаад цагдаа дуудчихсан юм байна л даа гэсэн. Цагдаад М-гийн юу ярьсныг нь би мэдэхгүй. Тэгээд байж байсан чинь Түргэн тусламж хүрээд ирсэн. Тэгсэн чинь М орилж, чарлаад миний толгой хагарсан байна гэсэн. Тэгэхээр нь би яагаад чиний толгой чинь хагарчихсан юм бэ гэсэн чинь миний толгой хагарчихсан байна гэсэн. Тэгээд түргэний эмч Мг дагуулаад манай гэрт ороод үзсэн чинь М-гийн толгойн дагз хэсэгт хагарсан байсан. Тэгсэн түргэний эмч нэг оёдол тавих юм байна гэсэн. Тэгэхээр нь би түргэний эмчид хандан эмнэлэгт очиж оёдол тавихгүй юм уу, энд шууд оёдол тавих юм уу гэж хэлсэн. Тэгээд түргэний эмч М-гийн толгойд оёдол тавьж байхад нь М-д хандан наад толгойг чинь Н.Э хагалаагүй шүү, чи цагдаад Н.Э хагалсан гээд битгий худал яриарай гээд хэлсэн. Ийм л зүйл болсон. М-гийн ажил нь манай хашаан дотор залгаа байдаг. М автомашин угаалгын газар ажиллуулдаг юм. Н.Э тухайн үед цагдаа болон түргэн ирснийг мэдээгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 2-3 дахь тал/
Хохирогч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 23-ны би өөрийн одоо оршин суудаг тоотод авто угаалгын үйл ажиллагаа явуулдаг, би өнөөдөр угаалгын газартаа кадастрын зураг авхуулахаар хүн дагуулаад очоод зураг авхуулах гэж байтал манай эгч Н.Э нь өөрийн ажиллуулж байгаа хуушуурын газраас гарч ирээд миний дагуулж яваа хүнээс “чи юу хийх гэж байгаан” гэж асуусан, тэгэхээр нь би “энэ хүнийг дагуулж яваа юм аа” гэж хэлээд би “өөрийн эзэмшлийн кадастрын зургийг авахуулнаа” гэж хэлтэл манай эгч “үгүй, чи миний хэлснээр зургаа ав” гэж хэлхээр нь би “үгүй, энэ кадастрын хүний барьж яваа зургаар зургийн авахуулнаа” гэж хэлэхэд манай эгч “үгүй, миний хэлснээр зургийн ав” гэж хэлээд манай эгч орилоод байсан. Тэгтэл зураг авах гэж ирж байсан хүн маань “би 20 минутын дараа ирье” гэж хэлээд явсан. Тэгтэл манай ээж гарч ирээд юу болоод байгаа, манай эгчийг яагаад орилоод байгаа талаар асуугаад “чи эгчийнхээ хэлснээр кадастрын зургаа авхуулах ёстой байсан юм” гэж хэлхээр нь би “үгүй ээ, би угаалгын газраа бариулж байхдаа авхуулж байсан кадастрын зургаараа одоо зургийн авахуулнаа” гэж хэлтэл манай ээж тэгтэл “чамд газар өгөхгүй” гэж надад хэлсэн, тэгтэл манай эгч намайг шууд баруун талын гуя руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний үснээс зулгаах гээд над руу дайраад байхаар нь би хойшоо ухраад явж байтал намайг түлхээд газарт унагаасан, тэгтэл болихгүй намайг улам бүр зодох гээд байсан. Тэгээд би унатал миний толгойноос цус гарахаар нь би “миний толгой хагарчихлаа шүү дээ” гэж хэлтэл миний дээрээс улам бүр цохиод, зодоод байсан. Тэгээд би босох санаатай эгчийнхээ үснээс зулгаагаад цааш нь түлхсэн. Тэгээд миний бөгж рүү манай эгчийн хуруу ороод миний бөгжийг сугалж аваад цаашаа болохоор нь би бас боссон. Намайг эгчийнхээ хүслээр кадастрын зураг авхуулсангүй гэж л намайг зодсон. Манай эгч болохоор өөрөөр зураг авхуулах гээд байсан. ... Тухайн үед Н.Э бид хоёр газрын асуудлаас болж маргалдсан. Тэгээд хэрэлдээд байж байтал манай эгч Н.Э над руу тоосго бариад шидэх гэсэн. Баруун гуя руу нэг удаа эхлээд өшиглөсөн. Тэгээд би хойшоо ухрахад хоёр гараараа миний цээж хэсэг рүү түлхэхээр нь би толгойны дагз хэсгээр газар хүчтэй мөргөж унасан. Тэгээд миний үснээс зулгаахаар нь би Н.Э-тай зууралдаад босож ирсэн. Н.Э хумсаараа миний хүзүү, цээж, доод эрүү, баруун гарын хуруу, баруун шуу зэргийг урсан. Тэгээд би үснээсээ зууралдаж байгаад салцгаасан. Энэ үед миний хажууд манай ээж Ц.Н байсан. Би тухайн үед Н.Э-ын толгойны үснээс зулгаагаад босож ирсэн зүйл байгаа. Үүнээс бол эгч Н.Э-ыг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 7, 11-12 дахь тал/
Гэрч Ц.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай охин Н.Э над руу залгаад “та хүрээд ирээч, Н.М газрын кадастрын хүн авч ирээд хэмжилт хийлгээд байна” гэсэн. Тэгэхээр нь би ... тоот гэртээ ирсэн. Тэгтэл манай охин Н.М, Н.Э хоёр газрын хэмжилтийн асуудлаас болоод хэрэлдэж маргалдаж байсан. Тухайн газар нь миний газар ба би хоёр охиноо хуваагаад ав гээд урд нь хэлсэн байсан. Тэгтэл Н.М газрын хүн авч ирээд хэмжилт хийлгэсэн байсан. Намайг ирэхэд газрын хэмжилт хийж байсан хүн яваад өгсөн. Н.М, Н.Э хоёр нэг нэгнээ заамдчихсан хэрэлдэж байгаад Н.М хойшоо ухрахдаа хөл алдаад толгойгоороо савж унасан. Тэгтэл М цагдаа дуудлаа гээд уйлаад байсан. Харин Н.Э хашаанаас гараад явсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Н.М-тай уулзаад явсан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 15 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13140 дүгээр:
“1. Н.М-гийн биед тархи доргилт, дагзанд шарх, хүзүү, цээж, доод эрүү, баруун сарвуу, зүүн шуунд зулгаралт, дагз, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 23 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Н.Э нь нь ... тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үед үүссэн нэг удаагийн үл ойлголцох хэрүүл маргааны улмаас дүү Н.М-гийн эрх чөлөөнд халдан цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч Н.М-гаас анх цагдаагийн байгууллагад “эгч Н.Э-д зодуулж, толгой хагарлаа” гэж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөн цагдаагийн байгууллагын 102 дугаартай утсаар дуудлага, мэдээлэл өгсөн талаарх Шуурхай, удирдлагын хэлтсийн лавлагааны хуудас, хохирогч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед 3 удаагийн тогтвортой өгсөн мэдүүлэг, тухайн өгсөн мэдүүлгүүддээ кадастрын зураг авхуулснаас болж бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж харилцан маажилцаж, түлхэлцэж, ноцолдох үед газар унахдаа дээрх гэмтлүүдийг авсан. Энэ гэмтлүүд нь дан ганц тархиндаа оёдол тавиулснаас гадна сая шинжээчийн дүгнэлтээр олон тооны гэмтлүүд буюу зулгаралт, хөхрөлт, няцралт гэсэн гэмтлүүд учирсан гэдгийг мэдүүлсэн. Хохирогчийн өгч байгаа энэхүү мэдүүлгүүд нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Н.М-гийн биед тархи доргилт, дагзанд шарх, хүзүү, цээж, доод эрүү, баруун сарвуу, зүүн шуунд зулгаралт, дагз, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гаргасан дүгнэлтээр давхар нотлогдож байна. Мөн хэргийн газар хамт байсан хохирогч, шүүгдэгч нарын хэрүүлийг салгасан гэх төрсөн эх Ц.Н-н гэрчээр өгсөн мэдүүлэг буюу тухайн үед очиход хоёр охин нь хоорондоо муудалцаж, хэрэлдэж, зодолдож байсан гэж мэдүүлсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө гэртээ ороод дэлгүүрээс авсан тортой эд зүйлээ тавиад гарч ирэх хооронд хоорондоо зодолдож, зууралдаад М нь газар хэвтчихсэн, гутал нь сугарчихсан байдалтай байсан, миний толгой хагарчихсан, бөгж алга болчихлоо гээд юм хайгаад, самардаад газар хэвтээд уйлж, орилоод байсан гэх мэдүүлэг. Мөн энэ үед гарч ирээд Н.Э-ыг холдуулсан гэж өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж байна. Энэ хэрэг гарсан шалтгаан нь эгч, дүүгийн газрын асуудалтай холбоотой, хоорондын таарамжгүй харилцаа болон газар булаацалдсан асуудлаас үүдэн гарсан. Улмаар хоорондоо хэрэлдэж, зодолдсон гэдгээ шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэгтээ дурдсан. Дүүтэйгээ зууралдсан, зодолдсон. Яагаад гэвэл миний уурыг хүргээд байсан, миний газраас илүү газар авахыг санаархсан, энэ асуудалд уур хүрч хоорондоо зодолдож, зууралдаж газар унасан. Хэн хэнийх нь хувцас тоос, шороо болсон байсан. Хэн хэнийх нь биед тодорхой тооны гэмтлүүд учирсан байсан гэж өгч байгаа мэдүүлгээр давхар нотлогдож байгаа гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч өөрт холбогдох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан тайлбар хэлэхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхээр нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан. Үүнд шүүгдэгчийг дарамталсан, түүнийг ямар нэгэн байдлаар хууль бусаар мэдүүлэг өгөхийг шаардсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн гэрчид ч гэсэн хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг сануулж мэдүүлэг авсан нь хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэлд тусгагдсан байна. Хэрэг прокурорын шатанд хянагдаж байх хугацаанд хохирогч, шүүгдэгч нарын төрсөн эх Ц.Н-н хувьд өөрөө Прокурорын газар ирж надтай уулзсан. Тэгэхэд би Ц.Н-д хандан та бол энэ хэргийн оролцогч биш юм гэдэг байр суурийг илэрхийлээд гэхдээ таны хоёр охины чинь хооронд болсон асуудал яригдаж байгаа учраас хувь хүний хувьд таны асуудлыг чинь ойлгож сонслоо. Тухайн үед энэ хоёр хүүхдийг ингэж мэдүүлэг өгсөн нь эгч, дүүс учраас хэргийг хааж болохгүй юм уу, ямар нэгэн арга байхгүй юм уу гэдэг зүйлийг ярьж байсан.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Энэ гэмт хэргийг гүтгэсэн гэж үзэж байна. Хохирогч нь өөрөө хойш савж унасны улмаас тархинд учирсан гэмтэл үүссэн. Тийм учраас шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөөч хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Э нь ... тоот хашаан дотор 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн дураар кадастрын зураг хийлгэх гэлээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, дүү Н.М-г алгадах, түлхэж унагах, цохих зэргээр эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзанд шарх, хүзүү, цээж, доод эрүү, баруун сарвуу, зүүн шуунд зулгаралт, дагз, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэмт хэргийн талаарх “эгч миний толгойг хагалсан” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3/, шүүгдэгч Н.Э-ын шүүх хуралдаанд өгсөн “Тухайн газрыг хоёр хуваасан. Нэг тал нь М-гийнх юм. М-гийн хувьд намайг байхгүй үед өөрийнхөө авсан газарт сэтгэл ханахгүйгээр дахин илүү газар авахын тулд сунгалт хийж, нэмэлт кадастрын зураг гаргуулж дахин миний мэдлийн газраас авах гэсэн үйлдэл эхлээд хийсэн юм. М бид хоёр үүнээс болж муудалцсан. Тухайн үед харилцан маажилцаж зодолдсон.” гэх, гэрч Ц.Н-н шүүх хуралдаанд өгсөн “Н.Э надад хандан М илүү хэмжээтэй газар авна гээд кадастрын зураг авахуулах гээд хүн авчирчихсан байж байна гэсэн. Тэгээд би юу болоод байгаа юм бэ гээд хэлэх хооронд М, Н.Э хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгээд би тортой хүнсээ тавьчхаад эргээд гараад ирэхэд М, Н.Э хоёр гар гараас бариад зууралцсан байсан.” гэх, хохирогч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эгч “үгүй, чи миний хэлснээр зургаа ав” гэж хэлхээр нь би “үгүй, энэ кадастрын хүний барьж яваа зургаар зургийн авахуулнаа” гэж хэлэхэд манай эгч “үгүй, миний хэлснээр зургийн ав” гэж хэлээд манай эгч орилоод байсан. ...манай эгч намайг шууд баруун талын гуя руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний үснээс зулгаах гээд над руу дайраад байхаар нь би хойшоо ухраад явж байтал намайг түлхээд газарт унагаасан, тэгтэл болихгүй намайг улам бүр зодох гээд байсан. Тэгээд би унатал миний толгойноос цус гарахаар нь би “миний толгой хагарчихлаа шүү дээ” гэж хэлтэл миний дээрээс улам бүр цохиод, зодоод байсан. Тэгээд би хойшоо ухрахад хоёр гараараа миний цээж хэсэг рүү түлхэхээр нь би толгойны дагз хэсгээр газар хүчтэй мөргөж унасан. Тэгээд миний үснээс зулгаахаар нь би Н.Э-тай зууралдаад босож ирсэн. Н.Э хумсаараа миний хүзүү, цээж, доод эрүү, баруун гарын хуруу, баруун шуу зэргийг урсан.” гэх /хх 7, 11-12/ мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13140 дүгээр “Н.М-гийн биед тархи доргилт, дагзанд шарх, хүзүү, цээж, доод эрүү, баруун сарвуу, зүүн шуунд зулгаралт, дагз, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 18-19/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь хохирогч Н.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Н.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М гэм хорын хохирлоо нэхэмжилж, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газарт “Өөрийн төрсөн эгч болох Н.Э-д нэхэмжлэх гомдол, санал байхгүй. Иймд Н.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж /хх 56/ өгнө үү” гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “энэ гэмт хэрэгт Н.Э-ыг гүтгэсэн, ноцолдож байхдаа хохирогч өөрөө хойш савж унасны улмаас гэмтэл авсан, Н.Э-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж дүгнэлт гарган мэтгэлцэж байх боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэх, хохирогч өөрөө унаж хөнгөн гэмтэл авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин хууль сануулж удаа дараа авсан хохирогчийн мэдүүлэг, гэрч, шүүгдэгчийн мөрдөн шалган ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр газрын асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар харилцан бие биенээсээ зуурч, ноцолдон, шүүгдэгч дүүгээ алгадсан, цохисон, түлхсэнээс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа
хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол, саналгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Н.Э-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Хохирогч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ