Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Л.Б

Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Ш.Бд анх газар эзэмшүүлэхдээ 750 м.кв газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамж, иргэн Ш.Б нь Д.Жд 380 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралтын 4-т байгаа Д.Жаас Б.Бд 380 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг, иргэн Д.Боос Л.Эт 432 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралтын 37 дугаарт байгаа хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан эрх үүргээ, хэрэгжүүлээгүй, газарт хяналт тавих үүргээ биелүүлээгүй Мөрөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харьяа аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэн газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн доод шатны Засаг даргын болон өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгон, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 126/ШШ2024/0164 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, гуравдагч этгээд Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цогтбаяр

Хэргийн индекс: 126/2024/0033/З

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Ш.Бд анх газар эзэмшүүлэхдээ 750 м.кв газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамж, иргэн Ш.Б нь Д.Жд 380 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралтын 4-т байгаа Д.Жаас Б.Бд 380 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг, иргэн Д.Боос Л.Эт 432 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралтын 37 дугаарт байгаа хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан эрх үүргээ, хэрэгжүүлээгүй, газарт хяналт тавих үүргээ биелүүлээгүй Мөрөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харьяа аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэн газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн доод шатны Засаг даргын болон өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгон, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 126/ШШ2024/0164 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бгийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байгаа 2.1.4 бол нийтийн орон сууц. Ийм 4 орон сууц байдаг. 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5 гээд нийт 16 айлын орон сууц байдаг. 2016 онд би энэ айлын дунд талын 2 байрыг өмнөх эзнээс нь худалдаж авсан. Ингээд 2021 он хүртэл амьдарч байсан. Би шатрын ургалт явуулдаг хүн. Тийм учраас 1 сарын хугацаанд хөдөө шатрын сургалт явуулж байгаад иртэл манай газрыг хашаалаад, ямар ч газаргүй болгочихсон. Энэ талаар нь тодруулахад, бид газрынхаа дагуу л хашаагаа барьж байна гэх тайлбарыг хэлдэг. Ингээд хашаан дотор хашаа барьчихсан. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд захиргааны актыг хүчингүй болгох талаар, 48.1-д “сөрөг нөлөөлөл бүхий хууль захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг үл харгалзан захиргааны байгууллага тухайн захиргааны акт актыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасны дагуу аймгийн болон Мөрөн сумын Засаг дарга, тухайн үеийн мэргэжлийн хяналтын алба, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нийтийн орон сууцны газрыг 2 айлд хуваагаад өгчихсөн байна, үүний улмаас би газаргүй болчихлоо гээд өргөдөл гаргасан. Гэтэл хэн ч шийдвэрлэж өгөөгүй бөгөөд шүүхээр шийдвэрлүүл гэх хариуг өгсөн. Иймээс би тус ондоо Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл нэхэмжлэлийг минь хүлээж аваагүй. Гэхдээ энэ нь миний буруу байсан. Яагаад гэвэл, би өмнөх эзнээс нь газраа шилжүүлж аваагүй, мөн хуучин хаяг  2.1.2 дугаар байр буюу хүүгийнхээ хаяг дээр бүртгэлтэй байсан учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн байрныхаа эзэмшигчээр тогтоолгосны дараа дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан. Ингээд би газраа шилжүүлж авах гэж 2, 3 жил болсон. Учир нь өмнөх байрны эзэн надад байраа зарахдаа хүүхдийн маань бие өвчтэй, мөнгөний хэрэг байгаа тул манай байрыг аваач гээд надад зарж байсан. Тэгээд тэрээр хүүхдээ эмчлүүлж Улаанбаатар хотод ажиллаж амьдрах болсон. Гэхдээ зуны улиралд хэд хэдэн удаа ирсэн гэсэн ч тэр үеэр нь би байхгүй байж таарсан. Ийм учраас эрхээ шилжүүлж авч чадахгүй хэдэн жил болчихсон. Ингэж явсаар 2023 онд шүүх ийм хариуг өгсөн гэж хэлээд газраа шилжүүлж авч, 2.1.4 дүгээр байранд албан ёсны бүртгэлтэй буюу тухайн байрны эзэмшигч болсон. Иймээс дахин Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023, 2024 онуудад 2 удаа нэхэмжлэл гаргасан. Гэтэл мөн л нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Ингээд 2 ч удаа давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний гомдлыг хүлээн авснаар анхан шатын шүүхийн захирамжийг хүчингүй болгож байсан. Энэ удаагийн миний нэхэмжлэлийн шаардлага бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох зорилготой. Яагаад гэвэл, энэ бол 4 айлын орон сууц. Иргэний хуульд нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрхийг хуульчилсан ба үүн дотроо дангаар өмчлөх буюу дундын өмчлөлийн талаар зааж өгсөн. Уг хуулийн 142 дугаар зүйлийн 142.4 дэх хэсэгт “дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцын байр өрөө орно” гэж 143.3-т “орон сууцын байшингийн орчны газрыг Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйл болон барилгын норм стандарт зааснаар тогтооно” гэж тус тус заасан. Ингээд уг хуулийн дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2003 оны 44 дүгээр захирамжаар нийтийн орон сууцын газруудыг тухайн оршин сууж байгаа иргэд нь адил тэнцүү хуваах ажил явагдаж, хоёрдугаар багийн Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч, газар зохион байгуулагч нар ирж бүх байранд хэмжилт хийгээд, нэг айлд ногдох газрын хэмжээг тодорхойлж, газар олголт хийсэн. Би тэр үед 2.1.4 дүгээр байранд хүүтэйгээ амьдарч байсан ба нэг айлд 190 м.кв ноогдоно гэж хэлээд, бүгд гэрчилгээ гаргуулж авсан. Гэтэл 2016 онд уг газар нь 432, 750 м.кв болоод өөрчлөгдсөн байхаар нь, энэ чинь нийтийн орон сууц байхад яаж ийм болсон бэ гэхэд, 2003-2007 онуудын хооронд 2.1.4 дүгээр байранд оршин сууж байсан н.Ч, н.Ө, Н.Б, н.Б нар дээр 100 м.кв газрын гэрчилгээ олгож байсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ингээд 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаар тогтоолоор иргэн Н.Бийн 100.кв газрыг н.Э гэдэг хүн худалдаж авсан ч, шууд 432 м.кв болгож ихэсгээд газар олгосон байсан. Хэрвээ ийм хэмжээний газар байсан бол, шилжүүлэхээс өмнө Н.Б гэдэг хүн дээр 432 м.кв газар байх ёстой байсан” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.7 заасан үндэслэл илэрсэн тул мөн хуулийн 121.1.4-т зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Ш.Бд анх газар эзэмшүүлэхдээ 750 м.кв газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамж, иргэн Ш.Б нь Д.Жд 380 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамж,

2.1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралтын 4-т байгаа Д.Жаас Б.Бд 380 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг,

2.2. иргэн Д.Боос Л.Эт 432 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралтын 37 дугаарт байгаа хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

2.3. Газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан эрх үүргээ, хэрэгжүүлээгүй, газарт хяналт тавих үүргээ биелүүлээгүй Мөрөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харьяа аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,

2.4. Газрын тухай хуулийг хэрэгжүүлэн газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн доод шатны Засаг даргын болон өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгон, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, бусад оршин суугчдын эрх ашигт халдаагүй байна гэсэн заалтыг зөрчиж миний амьдарч байгаа орчин нь оршин сууж байгаа миний хувьд гэрийнхээ гадаа машинаа тавих, түлээ буулгах, хүүхдээ тоглуулах газаргүйгээс гадна 00-гүй эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдөж, шат шатны засаг даргын захирамжууд илт хууль бус болох үндэс, суурь тавигдсан ...” гэж тайлбарлан маргасан байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус заасан.

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож байсан хэдий ч нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус зөрүүтэй байхад тодруулах ажиллагааг дахин хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

3.2. Нэхэмжлэгч Л.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа, хэрхэн сэргээлгэхийг, мөн маргаан бүхий актуудыг ямар үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцуулах, ямар байдлаар газрын асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа нь ойлгомжгүй, өөрөө 108 м.кв газар эзэмшиж байгаа гэх боловч амьдарч буй гэх нийтийн байрны орчны газрууд нь бүгд нийтийн эзэмшилд байж, дундаа эзэмшиж ашиглах ёстой гэх агуулгаар маргаж буй эсэхийг дахин тодруулахаар байна.

3.3. Тодруулбал, нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг тэнцүү хувааж эзэмшүүлэх ёстой, эсхүл нийтийн эзэмшлийн газрыг оршин суучдад эзэмшүүлэх ёсгүй, эсхүл хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой хэмээн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагуудаа өөр өөр байдлаар буюу илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчаар тодорхойлсон этгээдүүдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тэдгээрийн гаргасан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг даалгах гэж тодорхойлон маргасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар тодруулж, дүгнэлт хийхгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

3.4. Өөрөөр хэлбэл, нэг актыг дээр дурдсанчлан олон янз байдлаар тодорхойлох бус, харин маргаж буй захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан ямар, ямар шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гарган маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Л.Бгаас илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны актуудын улмаас түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар баримт цуглуулаагүй байна.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ”, 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж тус тус заасан.

4.2. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгээгүй байна.

4.3. Тодруулбал, нэхэмжлэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 3, 4 тоотод байршилтай байр /хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын байр/-ны 2 сууцыг өмнөх өмчлөгч Д.Жаас худалдаж авсан гэрээ, мөн сууцны орчны газрыг шилжүүлж авсан Засаг даргын захирамж, газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээ зэрэг нь хэрэгт авагдаагүй байна.

4.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “... 2020 оны 08 дугаар сараас нийтийн эзэмшлийн газарт маргаан гарч, оршин суугчдад орчны газрыг харилцан адилгүй хэмжээгээр буюу гуравдагч этгээдүүдийн хүссэн хэмжээгээр эзэмшүүлж, гэрчилгээ олгосон” гэж маргаж байгаа энэ тохиолдолд Л.Б маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон эсэх, мөн түүний доорх газрыг эзэмших эрхтэй эсэх талаарх баримтгүйгээр түүнийг дээрх шаардлагуудыг гаргах эрхтэй эсэхийг тогтоох боломжгүй.

 5. Газрын тухай хуулийн /2002 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.9-д "нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” ойлгохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид өмчлөгчид зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг ... орчны газрыг Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болох”-оор, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "орчны газар" гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг” заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Бгийн маргаж буй газар буюу Мөрөн сумын 2 дугаар багт байрлах нийтийн 4 айлын орон сууцны орчны газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлж болохоор тусгагдсан эсэх, нийтийн эдэлбэр газарт хамаарах эсэх талаар мөн холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй.

5.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаж буй Мөрөн сумын 2 дугаар багт байрлах нийтийн 4 айлын орон сууцны орчны газраас анх Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 дүгээр захирамжаар Ш.Бд 750 м.кв газар эзэмшүүлсэн, Ш.Б нь Д.Жд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар газрын хэмжээг багасгаж 380 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн, улмаар мөн аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар Д.Жаас Б.Бд 380 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн, харин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжаар Д.Боос Л.Эт 432 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн, дараа нь Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дугаар захирамжаар Л.Эаас Т.А уг газрын хэмжээг ихэсгэж 482 м.кв болгож шилжүүлсэн, улмаар мөн сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар захирамжаар Т.А Н.О уг газрыг тус тус шилжүүлсэн байх бөгөөд гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлж, шилжүүлсэн газрын хэмжээнүүд ихсэж багассан байдлаар өөрчлөгдөн шилжсэн болох нь тогтоогдож байна.

5.2. Гэтэл хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дугаартай иргэн Л.Эаас Т.А шилжүүлсэн захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай Т.А Н.О шилжүүлсэн захирамжийг тус тус илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр “...захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 126/ШШ2024/0164 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ