Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00022

 

                                          Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

                                                   Б.Ч-д холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/01304 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Б.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Ч-д холбогдох,

“Үйлдвэрийн осолд орсон өвчтөний түүх, бичиг баримт, жолооны үнэмлэх гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Чгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.Ч, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г иргэн Чтэй 1998 онд албан ёсны гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Амьдрах хугацаандаа таарч тохирохгүй болсноос 2014 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан. Ч-гээс салснаас хойш 2016 он хүртэл ирэн очин хамтран амьдарсан нэр зүүж байсан. Энэ хугацаанд миний өвчтөний картыг надад хэлэлгүйгээр ломбарданд тавьсан. Авах гэхээр одоо хүртэл өгөхгүй байна. Ч миний өвчтөний картыг хувьдаа ашиглаж эрүүл мэндээр хохироож байна. Үүнээс болж эмч нар 70 хувиар ордог группыг 50 хувь хүртэл бууруулсанд би гомдолтой байна. Ерөнхийдөө хөдөлмөрийн чадвар алдсан мөнгөөрөө эмчилгээ хийлгэдэг байсан. Одоо миний мөнгө хүрэлцэхгүй эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Миний өвчтөний картыг надад хэлэлгүй ломбарданд тавьсанд би гомдолтой байна. Үйлдвэрийн осолд 1993 онд орсон. 1995 онд нээлгэсэн өвчтөний карт юм. Би 2014 онд салахдаа хоёулаа тохирч хашаа байшин эд зүйлээ 2 хүүхдийн тэтгэвэрт өгье гэж тохирсон. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд очиж тэтгэвэрийг хаалгасан. Одоо би орох оронгүй айлаар явж байна. Иймд иргэн Ч-гээс үйлдвэрийн осолд орсон өвчтөний түүх, бичиг баримт, жолооны үнэмлэхийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 04 дүгээр сард Б.Г нь тахир дутуугийн группт орсон боловч, групп нь заавал эмчилгээ хийлгэж байж хугацааг нь сунгах боломжтой гэж надад хэлсэн. Тиймээс мөнгөний хэрэг гараад байна мөнгө зээлэх хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхэд би найз Ч-аас мөнгө зээлэх гэсэн боловч барьцаагүй бол зээлэхгүй гэж надад хэлсэн. Тэр үед нэхэмжлэгч нь өөрөө өөрийнхөө үйлдвэрлэлийн ослын өвчний картыг барьцаалж гарын үсэг зурж мөнгө авсан. Би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас надаас жолооны үнэмлэх нэхсэн байна. Б.Г-ын нэхэмжилсэн жолооны үнэмлэхийг би огт аваагүй. Нэхэмжлэгч өөрөө жолооны үнэмлэхээ солиулах гэж Үүрцайх авто курст өгсөн. Тиймээс надад Б.Г-ын жолооны үнэмлэх байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа үйлдвэрлэлийн ослын өвчний карт, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримт надад огт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/01304 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Б.Чгээс, Б.Г-ын эрүүл мэндийн дэвтэрийг гаргуулан Б.Г-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ч давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийлгүй нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжилсэн эрүүл мэндийн дэвтэрийг надаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь 2016 оны 04 дүгээр сард Б.Г нь тахир дутуугийн группт орсон боловч, групп нь заавал эмчилгээ хийлгэж байж хугацааг нь сунгах боломжтой надад хэлсэн. Тиймээс мөнгөний хэрэг гараад байна зээлэх хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхэд би найз Ч-аас мөнгө зээлэх гэсэн боловч барьцаагүй бол зээлэхгүй гэж хэлсэн. Тэр үед нэхэмжлэгч нь өөрөө өөрийнхөө үйлдвэрлэлийн ослын өвчний картыг барьцаалж гарын үсэг мөнгө авсан. Би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Харин найз Ч надаас Б.Г-ын зээлсэн мөнгийг нэхээд байхаар нь Л.Сэнгээ гэдэг хүнээс зээл аваад өгсөн. Одоо эрүүл мэндийн дэвтэр нь Л.Сэнгээд байгаа. Надад тэр эрүүл мэндийн дэвтэр нь байхгүй. Л.Сэнгээ анхан шатны шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгч Б.Г-ын эрүүл мэндийн дэвтэр надад байгаа гэж хэлсээр байхад надаас гаргуулах шийдвэр гаргасан хууль бус гэж үзэж байна. Миний бие энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш нэхэмжлэгч Б.Г нь өвчний картаа Л.Сэнгээ гэдэг хүнээс нэхэмжлэх ёстой. Тиймээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1304 дугаарт анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Чгээс эрүүл мэндийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Б.Чгээс, Б.Г-ын эрүүл мэндийн дэвтэрийг гаргуулан Б.Г-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Г болон хариуцагч Б.Ч нарын тайлбар болон гэрч Л.Сэнгээ нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Г-ын эрүүл мэндийн дэвтэрийг Л.Сэнгээд хариуцагч Б. Ч мөнгөний барьцаанд тавьсан болох нь тогтоогдож  байна.

Б.Г-ын өөрийнхөө эрүүл мэндийн дэвтэрийг Б.Ч-гээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Ч давж заалдсан гомдолдоо Миний бие энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш нэхэмжлэгч Б.Г нь өвчний картаа Л.Сэнгээ гэдэг хүнээс нэхэмжлэх ёстой гэдэг боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Хариуцагч Б.Ч-гийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.Ч-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/01304 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.Ч-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                             Б.БАТТӨР