| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 185/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/188 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/188
2023 02 14 2023/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал,
Шүүгдэгч: О.О нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-д холбогдох эрүүгийн 2309 00000 0130 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г” танхимд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Т.О” ХХК-д ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.О
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-148 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-той үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, түүний эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.О-ыг хохирогч Б.М-ийн биед зүүн бугалгад зулгаралт, цус хуралт, баруун хөмсөг, хамар, зүүн хацар, цээж, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хавтаст хэргээс:
-Хохирогч Б.М-ийн “...О.О хамаатан Б-н хамт орж ирээд намайг гэрийнхээ хойморт сууж байхад О.О намайг учир зүггүй зодоод эхэлсэн...дээд шүд унаад, уруул завьж язарсан, зүүн нүд, зүүн хацар янгинаж өвдөж байна. Энэ гэмтлийг О.О миний нүүр лүү өшиглөж байхдаа учруулсан. Өмнө нь миний биед энэ гэмтлүүд байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
-Гэрч О.А-ийн “...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-148а тоот гэртээ нөхөр Б.М-ийн хамт Л гэх найзындаа оччихоод ирсэн чинь дүү О.О гэртээ ганцаараа архи ууж байсан. Тэгээд гэрт нь орооп манай нөхөр нэг хундага архи уучихаад байж байсан чинь манай нөхөр болон дүү хоёр хоорондоо маргалдаж нэг нэгийгээ заамдаж авсан. Тэгээд О.О-ын эхнэр З бд хоёр салгаж, би нөхрөө аваад гэртээ орсон. Тэгсэн чинь О.О араас манай гэрт орж ирээд дахин барьцалдаж авсан. Тэгээд тэр хоёр газар унасан. О.О босож ирээд манай нөхрийн нүүр рүү нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Яг хэдэн удаа уохисныг мэдэхгүй байна. Гэрийн зүүн болон баруун талд барьцалдаад, ноцолдоод байхаар нь би салгах гээд дийлээгүй болохоор цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
-Гэрч Г.З-ийн “...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-148а тоот гэртээ байж байхад манай нөхөр хадам ах М болон эхнэр А нар нь М ахын гэрт орно гээд гарсан. Тэгээд М ахын гэрт хүмүүс орилолдоод байсан. Хадам эгч Ууганцэцэг манай гэрт орж ирээд “Нөхөр чинь зодоон хийгээд байна. Нөхрөө ав” гэхээр гарч очиход Б.М ахын ам болон хамраас, харин манай нөхрийн амнаас цус гарсан байсан. Тэд хоорондоо хэрэлдэж байхад цагдаа ирж манай нөхрийг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1136 дугаартай шинжээчийн “...Б.М-ийн биед зүүн бугалгад зулгаралт, цус хуралт, баруун хөмсөг, хамар, зүүн хацар, цээж, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
-Яллагдагч О.О-ын “...Бид хоёр хүүхдүүдийн талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан, дургүй хүргээд байхаар нь би зүүн гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод, хавирч унагаагаад ноцолдож байгаад ахыг дахин хавирч унагаагаад зүүн хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн ................ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч О.О нь хохирогч Б.М-ийн биед зүүн бугалгад зулгаралт, цус хуралт, баруун хөмсөг, хамар, зүүн хацар, цээж, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.М-ийн “...О.О хамаатан Б-н хамт орж ирээд намайг гэрийнхээ хойморт сууж байхад О.О намайг учир зүггүй зодоод эхэлсэн...дээд шүд унаад, уруул завьж язарсан, зүүн нүд, зүүн хацар янгинаж өвдөж байна. Энэ гэмтлийг О.О миний нүүр лүү өшиглөж байхдаа учруулсан. Өмнө нь миний биед энэ гэмтлүүд байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.А-ийн “...Сүхбаатар дүүргийн .................. тоот гэртээ нөхөр Б.М-ийн хамт Л гэх найзындаа оччихоод ирсэн чинь дүү О.О гэртээ ганцаараа архи ууж байсан. Тэгээд гэрт нь орооп манай нөхөр нэг хундага архи уучихаад байж байсан чинь манай нөхөр болон дүү хоёр хоорондоо маргалдаж нэг нэгийгээ заамдаж авсан. Тэгээд О.О-ын эхнэр Золзаяа бд хоёр салгаж, би нөхрөө аваад гэртээ орсон. Тэгсэн чинь О.О араас манай гэрт орж ирээд дахин барьцалдаж авсан. Тэгээд тэр хоёр газар унасан. О.О босож ирээд манай нөхрийн нүүр рүү нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Гэрийн зүүн болон баруун талд барьцалдаад, ноцолдоод байхаар нь би салгах гээд дийлээгүй болохоор цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг/,
Гэрч Г.З-ийн “...Сүхбаатар дүүргийн ................ гэртээ байж байхад манай нөхөр хадам ах М болон эхнэр А нар нь Мөрдорж ахын гэрт орно гээд гарсан. Тэгээд М ахын гэрт хүмүүс орилолдоод байсан. Хадам эгч У манай гэрт орж ирээд “Нөхөр чинь зодоон хийгээд байна. Нөхрөө ав” гэхээр гарч очиход Б.М ахын ам болон хамраас, харин манай нөхрийн амнаас цус гарсан байсан. Тэд хоорондоо хэрэлдэж байхад цагдаа ирж манай нөхрийг авч явсан...” гэсэн мэдүүлэг,
Яллагдагч О.О-ын “...Бид хоёр хүүхдүүдийн талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан, дургүй хүргээд байхаар нь би зүүн гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод, хавирч унагаагаад ноцолдож байгаад ахыг дахин хавирч унагаагаад зүүн хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1136 дугаартай шинжээчийн дүгнэлт болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Б.М-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч О.О-ын хохирогчийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.О нь хохирогч Б.М-ийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан болно.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Б.Амармөрөн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч О.О нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн ...............тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-той үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “...зүүн бугалгад зулгаралт, цус хуралт, баруун хөмсөг, хамар, зүүн хацар, цээж, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т 600 нэгжээр торгох ял оногдуулж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна” гэв.
Шүүгдэгч О.О нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.
Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал болон бусад хохирол төлбөр нэхэмжлээгүй, баримт гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.
Хохирогч Б.М нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.О-т 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.О-т дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160
дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.О-г нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй,
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР