| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00160/и |
| Дугаар | 270 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 270
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 1-12 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ85031168, Зуутраг овогт Цогбадрахын Одонтунгалагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 15-23 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ84081175, Зуутраг овогт Ядамсүрэнгийн Төгсөөд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Одонтунгалаг, хариуцагч Я.Төгсөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Одонтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь Я.Төгсөөтэй 2010 онд гэр бүл болж амьдарсан. Энэ хугацаанд 2011 онд хүү Т.Чинхүсэл, 2013 онд охин Т.Маралмаа нар төрсөн. Бидний хамтын амьдралын хугацаанд нөхөр Я.Төгсөө байнга архи уудаг байснаас болж гэр бүлийн янз бүрийн маргаантай байдаг байсан. Энэ байдал нь улам даамжирсаар намайг орон гэрээсээ хөөж туудаг болсон. Янз бүрийн дарамт шахалт үзүүлдэг болсон. Энэ байдлыг би удаан тэвчсэн, сүүлийн 2-3 жилийн хугацаанд нөхөр Я.Төгсөө гэр орондоо ирж хонодоггүй болсон. Бид хоёр 2018 оны 11 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд Я.Төгсөө нь мөн л архи ууж янз бүрээр дарамталсан хэвээрээ. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охин Т.Маралмааг өөрийн асрамждаа авч, хүү Т.Чинхүсэлийг Я.Төгсөөгийн асрамжид өгөх хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Хариуцагч Я.Төгсөө шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн асуудлаар бид хоёр тохиролцсон. Хүүгээ өөрийн асрамжид авна. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Одонтунгалаг нь хариуцагч Я.Төгсөөд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэн Я.Төгсөө, Ц.Одонтунгалаг нар 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү Т.Чинхүсэл, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр охин Т.Маралмаа нар төрсөн ба эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Т.Чинхүсэл, Т.Маралмаа нарын төрсний гэрчилгээний хуулбар, Элбэг өгөөж ӨЭМТөвийн тодорхойлолтууд зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2018 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон тул хүү Т.Чинхүсэлийг эцэг Я.Төгсөөгийн, охин Т.Маралмааг эх Ц.Одонтунгалагийн асрамжид тус тус үлдээлээ.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ц.Одонтунгалаг, хариуцагч Я.Төгсөө нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Одонтунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Төгсөөгөөс 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Одонтунгалагт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зуутраг овогт Ядамсүрэнгийн Төгсөө, Зуутраг овогт Цогбадрахын Одонтунгалаг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.Чинхүсэлийг эцэг Я.Төгсөөгийн, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Т.Маралмааг эх Ц.Одонтунгалагийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчЦ.Одонтунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Төгсөөгөөс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Одонтунгалагт олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР