| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00222/и |
| Дугаар | 272 |
| Огноо | 2019-07-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 272
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Ж-ийн О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр х газарт няраваар орж ажилласан юм. Ажиллаж байх хугацаандаа зөрчил, хууль бус үйлдэл ямар нэгэн алдаа дутагдал гаргаж эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээж байгаагүй, ажлын байранд заагдсан ажлаа хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу хийж гүйцэтгэж байсан юм. Миний бие энэ 2017 оны 4 дүгээр сарын эхээр өвдөж улмаар онош тогтоолгох, шинжилгээ, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болж, албан ёсоор 14 хоногийн цалинтай чөлөө хүсэлт гаргаж авч, үргэжлүүлэн ээлжийн амралт бодуулж 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ажилд орохоор зохицуулж Улаанбаатар хот явсан юм. Тухайн үед би эмчилгээнд яваад эргэж ирээд ажилдаа орох гэхэд манай дарга намайг шарласан эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гээд ажилд авахгүй, ажлаас эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй гэж чөлөөлсөн тушаалаа өгөхгүй жоохон явж байгаад ир гэх мэтийн шалтаг тоочиж миний тушаал өгөхгүй намайг ажилд оруулахгүй өдий хүртэл хохироосон. Би ажилдаа орохоор даргатай хэд хэдэн удаа уулзсан, хүлээж бай л гэдэг. Эмчийн дүгнэлтээр намайг ажлаа хийж болно гэсэн. Гэтэл намайг эрүүл мэндийн хувьд няравын ажилд тэнцэхгүй гэсэн албан ёсны дүгнэлт гараагүй байхад ажилд авахгүй, ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн талаар тушаалаа гаргаж өгөхгүй байсан тул би хууль цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж нэхэж байж 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа авсан юм. Намайг өвчтэй эмчилгээнд явж байгаад ирэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж ажил олгогч өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот х газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг тус газрын няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч х газрын дарга Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч х газрын дарга Ц миний бие О-г 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/91 тушаалаар тус газрын няравын ажилд томилсон. Нярав ажилтай О нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус газарт 30 хоногийн чөлөө олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.12.1 дэх заалтын дагуу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 хоногийн цалинтай чөлөө, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 2017 оны ээлжийн амралтыг ажлын 20 хоногоор тооцож олгосон. Гэтэл нярав ажилтай байсан О нь үргэлжпүүлэн чөлөө авах албан хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8 дахь /Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан/ заалт, х газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.15 дахь /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 1 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалбал ажлаас халагдсанд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг цуцална/ заалтыг тус тус зөрчсөн тул х газрын даргын тушаалаар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн болно” гэжээ.
Хариуцагч х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие О-той хамтарч ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг өгөхөөр утасдахад О-ын утас холбогдохгүй байсан. 2 жилийн дараа ажилдаа орно гэж нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна...Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О нь хариуцагч х газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О нь Увс аймгийн х газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/91 тоот тушаалаар няраваар томилогдсон ба мөн газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот тушаалаар няравын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №01 тоот ээлжийн амралт олгох тухай мэдэгдлээр тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь ажлаас халагдсан тушаалыг гаргаж өгөхгүй байсаар 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тушаал хүлээн авсан хэмээн маргаж байгаа боловч, ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үзнэ.
Хариуцагчийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажлаас халсан талаарх шийдвэрийг бичгээр гаргаж өгөхгүй, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр буюу 10 сарын дараа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан ба нэхэмжлэгч О нь түүнийг ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгааг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн болох нь зохигчдын тайлбар мөн ээлжийн амралт олгох тухай мэдэгдлээр тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу шүүхэд гаргах эрхтэй байсан тул ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн х газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О-ын хариуцагч Увс аймгийн х газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР