Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/201

 

 

 

 

 

 

2023         02          16                                      2023/ШЦТ/201

 

             

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч: Ц.Төгөлдөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ц,

Шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2309 00000 0085 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г танхимд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны .. дугаар сарын ..-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамтаар оршин суух, урьд өмнө Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Х

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 507 дугаар байрны, 113 тоотод Б.Д-тай маргалдаж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, нүүр рүү нь цохиж, зүүн гарын бугалга хэсэг рүү нь хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь зүүн бугалганы зүсэгдсэн шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын өнгөц шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Х-г хохирогч Б.Д-ын биед зүүн бугалганы зүсэгдсэн шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын өнгөц шарх бүхий хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс:

-Хохирогч Б.Д-ын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, .................. тоотод өөрийн найз болох Э-ы гэрт очсон юм. Тухайн айлд У, С, Г гэх эмэгтэй хүмүүс мөн Х гэх нэртэй залуу байсан. Бид тухайн айлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд 12 дугаар сарын 18-ны 00 цагийн үед Х гэх залуу нь агсам согтуу тавиад орилж чарлаад маргаан уүсгээд эхэлсэн Тухайн үед би унтаж байгаад сэрээд юу болсон талаар тодруулахад тухайн Х  гэх залуу чамаас болоод ийм зүйл болж байна гээд гараараа зүүн нүд орчимд шууд цохиод авсан. Хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан юм. Тэгээд бид хоер хоорондоо хэрүүл хийж хэсэг маргалдаж байгаад бие засах өрөөнд орчихоод гараад иртэл Х гэх залуу шар ногоон өнгийн иштэй хайч гартаа бариад зогсож байгаад миний зүүн гарын булчин хэсэгт шууд хатгаад авсан. Тэнд байсан хүмүүс Х гэх залууг надаас салгаад авсан юм. Тэгээд би тухайн болсон асуудлын талаар өөрийн 80960188 утсаар дуудлага өгсөн. Зуүн нүд хавдаад хөхөрсөн. Зүүн гарын булчин хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн ба 103-ын эмч ирж үзээд 5 оёдол тавьсан. Нүдний уг хэсгээр хатгуулж өвдөөд хамраас цус гараад мөн дээд уруулын дотор талд хавдаад сэтэрсэн байна. Тухайн гэрийн эзэн Э болон Г, У, С гэх эмэгтэй хүмүүс байсан юм ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

-Гэрч С.Э “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай хүүхдийн 117 дугаар сургуулийн шинэ жил болоод эцэг эхчүүд нь хүүхдүүдээ гэр гэрт нь хүргэж өгөөд манай гэр эзэнгүй байсан болохоор миний амьдардаг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ....................тоотод Х, Д, У, С гээд эгч бид хэд ууж эхэлсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлээд ууж байгаад Х, Д хоёр нь хоорондоо маргалдаад байсан. Би нэлээн согтсон тул юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд Х, Д-ыг миний санаж байгаагаар толгой хэсэг рүү нь 4-5 удаа гараараа цохиод байсан. Тэгсэн чинь Д, Х-ийн цээж хэсэг рүү 4-5 удаа гараараа цохиод байсан. Тэгээд зууралдаад салахгүй байсан чинь Хулан гэнэт шургуулганаас хайч гаргаж ирээд Д руу дайрах гээд ална гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод хайчийг нь гараас нь салгаж аваад буцааж эргэсэн чинь Д газар уначихсан. Тэгээд би юу болсон юм гээд харсан чинь зүүн гарын булчин хэсгээс нь цус гараад байж байсан. Тэгээд би сандраад хайчаа газар хаячихсан. Тэгээд би гараас нь гарч байгаа цусыг нь тогтоох гээд боолт хийсэн. Тэгсэн чинь Д гараад явсан. Тэгээд буцаж орж ирэхдээ цагдаатай ороод ирсэн. Тэгээд тэр цагдаа Х-г аваад эрүүлжүүлэх рүү аваад явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дүгээр хуудас/,

-Гэрч Ж.Г-ийн “...Х, Д хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Яг юунаас болсон талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан Д-ын зүүн гарын тохойны дээд хэсгээс нь цус гараад байж байсан. Тэгээд Д гараад явсан...Нэг нь унтах гэхээр нөгөө нь унтуулахгүй байснаас болж маргалдсан гэсэн. Харин яаж зодолдоод ямар гэмтэл учруулсан талаар би мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

-Яллагдагч Б.Х-ийн “...2022 оны 12 сарын 18-ны өдөр 00 цаг өнгөрч байхад хүмүүс эхнээсээ унтаад байсан. Тэгээд өмнө нь ууж сууж байхдаа хоорондоо маргалдаж байсан. Яг юунаас гэдгийг нь би санахгүй байна. Би Д-ыг сэрээгээд дахин нөгөө асуудлаасаа болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд нэгнийгээ барьж аваад би тэр залуугийн нүд рүү баруун гараараа 1-2 удаа цохисон. Тэгсэн чинь Д миний цээж рүү 1-2 удаа цохиод байх шиг байсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд Д нойл ороод нүүр гараа угаагаад гараад ирэх үед нь би шүүгээнээс хайч аваад гартаа барьчихсан байсан. Тэгээд Э голоор гүйж ирээд надаас хайч салгаж аваад хойшоо харах үедээ Д-ын гарыг зүсчихсэн юм шиг байсан. Тэгээд Д-ын гараас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 372 дугаар Г.Х-ийн “...Б.Д-ын биед зүүн бугалганы зүсэгдсэн шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

-Шинжээч эмч Г.Х-ийн “...Тухайн Д гэх хүний зуун бугалганы зүсэгдсэн шархнаас бусад гэмтэл, шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ........... тоотод Б.Д нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Д-ын биед зүүн бугалганы зүсэгдсэн шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын өнгөц шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Д-ын “...Тухайн үед би унтаж байгаад сэрээд юу болсон талаар тодруулахад тухайн Х гэх залуу чамаас болоод ийм зүйл болж байна гээд гараараа зүүн нүд орчимд шууд цохиод авсан. ...Тэгээд бид хоёр хоорондоо хэрүүл хийж хэсэг маргалдаж байгаад бие засах өрөөнд орчихоод гараад иртэл Хулан гэх залуу шар ногоон өнгийн иштэй хайч гартаа бариад зогсож байгаад миний зүүн гарын булчин хэсэгт шууд хатгаад авсан..” гэх мэдүүлэг

Гэрч С.Э-ы “...Тэгээд Х, Д-ыг миний санаж байгаагаар толгой хэсэг рүү нь 4-5 удаа гараараа цохиод байсан. Тэгсэн чинь Д, Х-ийн цээж хэсэг рүү 4-5 удаа гараараа цохиод байсан. Тэгээд зууралдаад салахгүй байсан чинь Х гэнэт шургуулганаас хайч гаргаж ирээд Д руу дайрах гээд ална гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод хайчийг нь гараас нь салгаж аваад буцааж эргэсэн чинь Д газар уначихсан. Тэгээд би юу болсон юм гээд харсан чинь зүүн гарын булчин хэсгээс нь цус гараад байж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Г-ийн “...Х, Д хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Яг юунаас болсон талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан Д-ын зүүн гарын тохойны дээд хэсгээс нь цус гараад байж байсан. Тэгээд Д гараад явсан...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Х-н “...Тэгээд нэгнийгээ барьж аваад би тэр залуугийн нүд рүү баруун гараараа 1-2 удаа цохисон. Тэгсэн чинь Д миний цээж рүү 1-2 удаа цохиод байх шиг байсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд Д нойл ороод нүүр гараа угаагаад гараад ирэх үед нь би шүүгээнээс хайч аваад гартаа барьчихсан байсан. Тэгээд Э голоор гүйж ирээд надаас хайч салгаж аваад хойшоо харах үедээ Д-ын гарыг зүсчихсэн юм шиг байсан” гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Х-ийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт,

 Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 372 дугаартай шинжээчийн  дүгнэлт болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Б.Д-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч Б.Х-ийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Д-ыг нүүр рүү нь цохиж, зүүн гарын бугалга хэсэг рүү нь хайчаар хатгах үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Х-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч Ц.Т- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч Б.Х- нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн ................... тоотод Б.Д-тай маргалдаж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, нүүр рүү нь цохиж, зүүн гарын бугалга хэсэг рүү нь хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь зүүн бугалганы зүсэгдсэн шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын өнгөц шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хохирогч Б.Д-аас “...Ямар нэг гомдол саналгүй...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг /хавтаст хэргийн 89 дүгээр тал/ Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Д нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Х-д 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Х дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160

дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б.Х нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, Хохирогч Б.Д цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР