| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00259/и |
| Дугаар | 282 |
| Огноо | 2019-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 282
Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 4 дүгээр баг, 4-10 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОА92071524, Сартуул овогтой Уламбаярын Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 4 дүгээр баг, 9-12 тоотод оршин суух, 1994 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОН94011519, Окьд овогтой Цогтсайханы Цэнд-Аюушид холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие нь нөхөр Ц.Цэнд-Аюуштай 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлснээс хойш ямар ч харилцаа холбоо байхгүй 5 жил болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй юм. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Эвлэрүүлэн зуучлалаар орсон, шүүхэд дуудсан боловч огт ирээгүй. Би 2019 онд 5 сард өөр хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжид авч, охин Ц.Туулд хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Мөнхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би гэрлэлт цуцлуулж охин Ц.Туулыг У.Мөнхцэцэгийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Би шүүх хурлын товыг мэдсэн, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Мөнхцэцэг нь хариуцагч Ц.Цэнд-Аюушд холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ц.Цэнд-Аюуш, У.Мөнхцэцэг нар 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр охин Ц.Туул төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2014 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон тул охин Ц.Туулыг эх У.Мөнхцэцэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Ц.Туулыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Цэнд-Аюушаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч У.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэнд-Аюушаас 172.412 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Мөнхцэцэгт олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ц.Цэнд-Аюушд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбар гаргасан. Мөн нэхэмжлэгч У.Мөнхцэцэг нь хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Окьд овогт Цогтсайханы Цэнд-Аюуш, Сартуул овогт Уламбаярын Мөнхцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ц.Туулыг эх У.Мөнхцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Ц.Туулыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Цэнд-Аюушаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч У.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэнд-Аюушаас 172.412 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Мөнхцэцэгт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР