Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/186

 

 

 

 

2023         02          14                                        2023/ШЦТ/186

 

             

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал,

Шүүгдэгч: Д.Ж нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Ж-д холбогдох эрүүгийн  2209 00461 0155 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г танхимд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Ховд аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Ж

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Д.Жнь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ..................тоот хашаанд байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ж-г хохирогч Э.Б-ий биед баруун нүдний дээд, доод зовхи, доод уруул, дагзны хуйх, баруун өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод үүдэн баруун 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хавтаст хэргээс:

-Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20 дугаар гудамж, 778б тоотод хэргийн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-21 дүгээр тал/,

-Хохирогч Э.Б-ий “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 23:00 цагийн орчим Д.Ж-, н.А- нартай таараад бид 3 архи уусан...нийтийн байр руу ороод баруун гар талын 2 дахь хаалганы айл руу орсон...Д.Ж миний хажууд суугаад архи хундагалж байсан. А миний урдаас хараад орон дээр сууж байсан. Миний эд зүйлийг дээрэмдсэн зүйл байхгүй. Харин намайг зодсон тул би гарч зугтаж байхдаа эд зүйлээ унагасан байхыг үгүйсгэхгүй. Д.Ж намайг эхэлж цохиод араас хөөж гарч ирж зодсон. А хажууд нь байсан боловч араас гарч ирээгүй гэртээ үлдсэн. Миний нүд рүү гэрт байхад нэг цохисон. Хэн цохисон гэдгийг би хараагүй. Харин араас Д.Ж гарч ирээд намайг газар унагаж дэвсэж зодсон. Миний биед учирсан гэмтлийг Д.Ж учруулсан. Ж нь манай хадам ахын хүүхэд Д-ийн таньдаг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 34-35 дугаар тал /

-Гэрч Л.А-гийн “...Д.Ж-ийн гэр нь манай түрээсийн нийтийн байрны 1 тоотод байдаг. Ж бид хоёр манай гэрт уулзаад 2 шил архи хувааж уусан...орой 23 цагийн орчим дэлгүүр гарч явахдаа Ж нэг залуутай тааралдаад тэр хоёр 1 шил архи авсан. Гадаа ууж байхаар гээд манай гэрт очсон...байрны эзэн орж ирээд уурласан...тэгээд би тасарсан  байсан...цааш нь юу болсныг санахгүй байна...намайг унтсан байхад Ж болон надад архи авч өгдөг залуу хоёр гараад явсан байсан..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 37 дугаар тал /

 

-Гэрч Б.Э-ий: “...манай нөхөр 03 цагийн орчим зодуулсан нүд нь хөхөрсөн, толгой хавдсан, бөруун хөл нь доголсон байдалтай орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал /

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2265 дугаартай шинжээчийн  “...Э.Б-ий биед баруун нүдний дээд, доод зовхи, доод уруул, дагзны хуйх, баруун өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод үүдэн баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө 03:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ...............тоот хашаанд байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Билгүүн нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.Ж нь хохирогч Э.Б-ий биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, хамрын ясны хугарал. таславчийн муруйлт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Э.Б-ий “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 23:00 цагийн орчим Д.Ж, н.А нартай таараад бид 3 архи уусан...нийтийн байр руу ороод баруун гар талын 2 дахь хаалганы айл руу орсон...Д.Ж миний хажууд суугаад архи хундагалж байсан. А миний урдаас хараад орон дээр сууж байсан. Миний эд зүйлийг дээрэмдсэн зүйл байхгүй. Харин намайг зодсон тул би гарч зугтаж байхдаа эд зүйлээ унагасан байхыг үгүйсгэхгүй. Д.Ж намайг эхэлж цохиод араас хөөж гарч ирж зодсон. А хажууд нь байсан боловч араас гарч ирээгүй гэртээ үлдсэн. Миний нүд рүү гэрт байхад нэг цохисон. Хэн цохисон гэдгийг би хараагүй. Харин араас Д.Ж гарч ирээд намайг газар унагаж дэвсэж зодсон. Миний биед учирсан гэмтлийг Д.Ж учруулсан. Ж нь манай хадам ахын хүүхэд Д-ийн таньдаг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг, 

Яллагдагч Д.Ж-ийн “...дээрх гэмтлүүдийг би учруулсан байх. Манай нийтийн байрны коридорит зогсчихоод гарахгүй орилоод байсан тул би гаргах гэж хоорондоо үууралдаад түүнээс болж маргалдсан...гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

Яллагдагч Д.Ж-ийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт,

 хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2265 дугаартай шинжээчийн  дүгнэлт болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Э.Б-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч Д.Ж-ийн хохирогчийг цохиж, газар унагаж дэвссэн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Ж нь хохирогч Э.Б-ийг цохих, газар унагаж дэвсэх үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Ж-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч Г.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байх тул санаатай үйлдсэн байна, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хоорондын урьдын таагүй харилцаа, харилцан хүндэтгэлгүй байдал, эрх зүйн мэдлэг дутмаг байдал хувь хүний төлөвшил зэрэг нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь болсон байна. Иймд шүүгдэгч Д.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцуулах нь зүйтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ж-д 500 нэгжээр торгох ял оногдуулж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдаагүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна” гэв.

Шүүгдэгч Д.Ж нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хохирогч Э.Б-ээс “...Ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх эд зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх (хавтаст хэргийн 91 дүгээр тал) хүсэлтийг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Хохирогч Э.Б нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Ж-д 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Ж дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

            шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160

дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.Ж нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, Хохирогч Э.Б цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР