| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2019/0212/Э |
| Дугаар | 2019/ДШМ/1130 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ДШМ/1130
Прокурорын дүгнэлтийг хянан
шийдвэрлэх тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чимгээ,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурор Б.Байгалмаагийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4 дугаартай дүгнэлтээр Б.Тд холбогдох 1911000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Бын Т, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Жаргалантын 20-696б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч Б.Жын эзэмшлийн “Samsung Galaxy S7” загварын гар утсыг хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Тд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Б.Т нь 44 хоног цагдан хоригдсон, Б.Тд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Байгалмаа бичсэн дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нар гомдол гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, улмаар 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Б.Тг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус дүүргийн прокурорын газарт Б.Тд холбогдох “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг”-ийг хянуулахаар хүргүүлснийг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан ахлах прокурор Б.Байгалмаа хүлээн авч танилцахад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон этгээд нь Балжинням овогтой Т биш Болортуяа овогтой Б болох нь шийдвэр гүйцэтгэгч Б.Үүрийнтуяа, Б.Т, Б.Б нараас асуусан тайлбар, тэмдэглэл, Б.Тгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Б.Бын бичгээр гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон тул 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт 1/2866 дугаартай “хэрэг ирүүлэх тухай” албан бичиг хүргүүлж, Б.Тд холбогдох 1911000000118 дугаартай эрүүгийн хэргийг татаж авсан. 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хэргийг хүргүүлж, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэн, хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гаргаж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр прокурорт ирүүлсэн байна. Хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 3/18333 дугаартай албан бичиг, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Б.Тгээс албан бичгээр гаргасан хүсэлт, Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 7 дугаар сарын 26, 27-ны өдөр Б.Т, Б.Бүрэндэлгэр нараас авсан тайлбар тэмдэглэл, Б.Тгийн бичгээр гаргасан хүсэлт, иргэн Ц.Болортуяагийн бичгээр гаргасан тайлбар, Б.Бын бичгээр гаргасан тайлбар, Б.Тгийн иргэний үнэмлэх авсан эсэх талаар Нийслэлийн бүртгэлийн газрын 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тодорхойлолт, гэрч П.Цэдэнбал, Я.Балжинням, насанд хүрээгүй гэрч Б.Т нарын мэдүүлэг, Б.Т, Б.Бүрэндэлгэр нарын ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар Б.Б нь Б.Тгийн нэрээр эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” гэх үндэслэл тогтоогдож байх тул 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. ...” гэжээ.
Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед өөр нэрээр шийтгүүлсэн, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” гэх үндэслэл тогтоогдсон. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон этгээд нь Балжинням овогтой Т биш Болортуяа овогтой Б болох нь:
Б.Тгийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан “...Намайг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудсан ба би 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр очсон. Тэгээд надад 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Шөлөндөө” хоолны газарт гар утас хулгайлсан хэргээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байсныг мэдсэн. Би хулгайн хэргээр шалгагдаж байгаагүй боловч овог, нэр, регистрийн дугаар нь минийх мөн байсан. Миний овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан ял шийтгэл авсан гэж үзэж байна. Иймд энэ асуудлыг шийдвэрлэж, намайг цагаатгаж өгнө үү. ...” /хх 76/ гэх хүсэлт,
Б.Бын эх Ц.Болортуяагийн “...Миний хүү болох Болортуяа овогтой Б нь “Шөлөндөө” цайны газарт утас хулгайлж байгаад цагдаад баригдаж, улмаар айж сандрахдаа ангийн найз Б.Тгийн нэрийг хэлж, хэрэгт холбогдон, Б.Тгийн нэрээр 44 хоног цагдан хоригдож байгаад гарч ирсэн байна. ...” /хх 80/,
Б.Бын “...Болортуяа овогтой Б /РД:УЦ03240338/ би 2019 оны 1 дүгээр сарын 27-ны шөнө Чингэлтэй дүүргийн цайны газраас хүний утас хулгайлж байгаад цагдаад баригдаад айж сандарсандаа ангийн найз Б.Тгийн нэрийг хэлсэн нь үнэн бөгөөд энэ хэрэгт Б.Т ямар ч холбогдолгүй. Б.Тгийн нэрээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. ...” /хх 81/ гэх тайлбарууд,
гэрч П.Цэдэнбалын “...Хайлаастад ганц найзалдаг Балжиннямын Т гэх хүүхэд байгаа. Гэтэл өнгөрсөн зун манай хүүхэд найз Б.Тэмжүүжингийн нэрээр шүүхээр орж шийтгүүлсэн гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай эхнэр мэдсэн. Манай эхнэр хүүхдээ дагуулаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон байсан. ...” /хх 97-98/,
Я.Балжиннямын “...2019 оны 7 дугаар сарын дундуур манай хүүхдийг гэмт хэрэг хийгээд оргосон мэтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрэн сурвалжлаад байна гэж сонсоод хүүхдээ эгчийнх нь хамт явуулсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуульд хамт сурч байсан найз Б.Б нь миний хүүхдийн овог, нэр, регистрийн дугаарыг ашиглаад, шүүхээр орж, хулгайн хэргээр шийтгүүлсэн байсан. ...Бидний зүгээс хүүхдийнхээ нэрийг цэвэрлүүлж авмаар байна. ...” /хх 99/,
насанд хүрээгүй гэрч Б.Тгийн “...Би 2019 оны 1 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө гэртээ л байсан гэж бодож байна. Би ер нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож, цагдаад шалгагдаж байгаагүй байтал 2019 оны 7 дугаар сарын дундуур намайг Нарны гүүрний тэнд байдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр гэмт хэрэгт үйлдсэн мэтээр дуудсан. ...Нагац эгчийн хамт очиж уулзсан чинь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг эгч надад “чи Т мөн үү” гэхээр нь би “Т байна” гэсэн чинь тэр эгч “чи “Шөлөндөө” зоогийн газраас гар утас хулгайлсан юм уу” гэж асуухаар нь би “үгүй” гэдгээ хэлсэн. ...Миний мэдэхгүй зүйлүүдийг асуугаад байсан. Би мэдэхгүй гэдгээ бүгдийг нь хэлсэн. ...Б.Бын зургийг үзүүлээд “чи энэ хүүхдийг таних уу” гэхээр нь би “танина, манай найз Болортуяагийн Б байна” гэж хэлсэн чинь миний зургийг дарж авсан. Сургуульд байхдаа Болортуяагийн Б гэж ээжээрээ овоглосон хүүхэдтэй найзалж байсан ба аав нь Цэдэнбал гэж хүн байдаг. Би аавыг нь танина. Би найз Б.Б нь миний овог, нэрээр шүүхээр ороод шийтгүүлсэн болохыг мэдээд эгчтэй ярилцаж байгаад өргөдлөө гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлгүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 77-78/, Б.Т, Б.Б нарын хуулбарлаж авсан зураг /хх 83-84/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 102/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 107/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Тг гэм буруутайд тооцож, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үед дээрх нөхцөл байдлын талаар шүүх мэдэх боломжгүй байжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ... үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, “...урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно.” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.
Иймд Б.Б нь Б.Тгийн нэрээр эрүүгийн хариуцлага хүлээсэн хэмээн бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Тд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ