| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2024/0890/З |
| Дугаар | 221/МА2025/0126 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0126
С.Мгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Д.Г
Нэхэмжлэгч: С.М
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан болохыг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болохыг, тэтгэврийг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс нөхөн тооцож олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 170 тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04/197 тоот албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тэтгэврийг нөхөн тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.М, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0890/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.М нь “Тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан болохыг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болохыг, тэтгэврийг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс нөхөн тооцож олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 170 тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04/197 тоот албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тэтгэврийг нөхөн тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль/1994 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Мгийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргасан болохыг, тэтгэвэр тогтоолгох насанд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүрсэн болохыг тус тус тогтоож, өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тогтоон олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тогтоож, нөхөж олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, нэхэмжлэлийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04/197 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Т.Т нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/1030 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.
3.1. Анхан шатны шүүх нь С.Мгийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргасан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болохыг тус тус тогтоож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хугацаа болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0184 дүгээр шийдвэрийг үндэслэн тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу тус газарт өргөдөл материалаа бүрдүүлж өгсөн хугацаа болох 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэврийг тооцон олгосон болно.
3.3 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт "Даатгуулагч энэ хуулийн 22.1-д заасан хугацаанаас хойш тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн бол тэтгэврийг тогтоож, нийгмийн даатгалын байгууллага өргөдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцож, олгоно." гэж заасан.
Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.3-т "Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж зааснаар 1994 оны 6 дугаар зүйл "өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн... олгоно." хуулийг буцаан хэрэглэсэн нь эрх зүйн үндэслэлгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/1030 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Мгаас “Тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан болохыг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болохыг, тэтгэврийг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс нөхөн тооцож олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 170 тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04/197 тоот албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тэтгэврийг нөхөн тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт тус тус холбогдуулан гаргажээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн байхад миний өргөдөл өгсөн тэтгэвэр авах эрх үүссэн цагаас биш 2024 оны 05 сараас миний тэтгэврийг бодож олгосон байна. Энэ шийдвэр нь намайг хохироож байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 55 нас хүрч тэтгэвэрт гарах эрх үүссэн” гэж тайлбарлан маргасан байна.
4. “Тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан болохыг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болохыг, тэтгэврийг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс нөхөн тооцож олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 170 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тэтгэврийг нөхөн тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгч С.М нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байх бөгөөд тус газраас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 338 дугаар албан бичгээр “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хууль”-д шимтгэл төлсөн хугацааг баримтлан тэтгэвэр тогтоох тул техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг шимтгэл төлсөн (ажилласан) хугацаанд оруулан тооцох боломжгүй ...” гэсэн хариу өгчээ.
4.2. С.Мгаас дээрх хариу албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0184 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 338 дугаар албан бичгийг хууль бусд тооцож, нэхэмжлэгч С.Мг 1988-1989 онуудад Барилгын 5 дугаар техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцож, тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан байх ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.3. Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар албан бичгээр “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0184 дүгээр шийдвэрийг үндэслэн тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу тус газарт өргөдөл материалаа бүрдүүлж өгсөн хугацаа болох 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэврийг тооцон олгосон болно ...” гэсэн хариу өгснөөр энэхүү маргаан үүсжээ.
4.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль/1994 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.”, 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр олгох хугацааг “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.” гэж тус тус заасан.
4.5. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болох ба өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг олгохоор зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч С.Мгийн хувьд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан энэ тохиолдолд өндөр насны тэтгэвэр олгох хугацааг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тооцож олгохоор байна.
4.6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас шүүхийн шийдвэрийн дагуу баримтуудаа дахин өгсөн хугацаа болох 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэврийг тооцон олгосон нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04/197 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгч С.М нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан техник мэргэжлийн сургуульд суралцсан 2 жилийг ажилласнаар тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэвэр нөхөн тогтоолгох хүсэлт гаргасан байх ба тус газраас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04/197 дугаар албан бичгээр “... Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар шүүхийн шийдвэрийг биелүүлж, таны Барилгын 5 дугаар техник мэргэжлийн сургуульд суралцсан 2 жилийн хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцож, таны шимтгэл төлж ажилласан хугацааг нийтдээ 22 жил 9 сар 15 өдрөөр тооцон таны өргөдөл гаргасан өдрөөс буюу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс танд өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоож, олгосон байна ...” гэсэн хариу өгчээ.
5.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
5.3. Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд ингэхдээ уг нэхэмжлэлийн зүйл нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт байхыг шаарддаг.
5.4. Дээрхээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04/197 дугаар албан бичиг нь гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн талаар мэдээлсэн агуулгатай байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
5.5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ