Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2205035870029 тоот дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-нд барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батсуурийн Бямбадэлгэр /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 4-р хороо, 29-р байрны гадна талын зогсоолд байршуулсан байсан хохирогч ******* эзэмшлийн “Форд Ренжер” маркийн автомашины салхины шилийг хагалж 1.950.000 төгрөгийн хохирол, мөн өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 29-р байрны гадна зогсоолд байрлуулсан байсан “Ланд Круйзер Прадо 120” маркийн тээврийн хэрэгслийн урд талын копуд хэсгийг хатуу зүйлээр гэмтээж хохирогч О.Мөнх-Оргилд 230.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 2.180.000 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.Батсууриас гаргасан “... БГД-н 4-р хороо, 29-р байрны гадна байршуулсан тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж гэмтээсэн ...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хохирогч *******:

“... миний бие Баянгол дүүргийн 4-р хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Журмак” ХХК ахлах менежер хийдэг бөгөөд орой ажил тараад гэртээ ирсэн байсан чинь миний гар утсанд манай нягтлан эгч залгасан тэгэхээр нь би утсаа авсан чинь “чиний машины гадна цонх шилийг нь үл таних хүн хагалаад байрны хамгаалагч нөгөө хүнийг нь бариад авсан байна” гээд хэлсэн юм. Би энэ тухай сонсоод яаран ирэхэд 2015 онд үйлдвэрлэгдсэн 2022 оны 08 дугаар сард Монгол улсад орж ирсэн “Форд Ранжер” маркийн автомашины урд салхины шил хагалж хоёр хажуугийн хаалганы шил чулуугаар зурж гэмтээсэн байснаас гадна хаалга, копуд зэргийг юмаар зураад гэмтээсэн байсан. Намайг машин дээрээ ирсэн чинь нөгөө нөхрийг цагдаа ирээд машин дотроо суулгасан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/,

“Кости-Эстимэйт” ХХК-ий 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №33573 дугаартай “Форд Ренжер” маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг 1.950.000 төгрөгөөр үнэлсэн” автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Хохирогч *******:

“... манай аав болох Отгонбаяр над руу залгаад “байрны гадаа согтуу хүн машиныг чинь цохисон байна гараад уулзаадах” гэж хэлэхээр нь гараад очсон чинь цагдаа ирсэн нөгөө цохисон хүнийг нь аваад явах гэж байсан тэр үед манай машины хажууд зогсож байсан машины эзэн бас машинаа цохиулсан байсан тэгээд тэр ахтай уулзаад юу болсон талаар сонссон. “Ланд Круйзер прадо 120” загварын 2005 онд үйлдвэрлэгдсэн Монголд 2015 онд орж ирсэн 2979 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дэх тал/,

“Ашид билгүүн” ХХК-ий 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1528 дугаартай “2979 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 230.000 төгрөгөөр тогтоосон” автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 44 дэх тал/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч О.Мөнх-Оргил, С.Батсуурь нарын эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *******  нь үргэлжилсэн үйлдлээр:

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 4-р хороо, 29-р байрны гадна талын зогсоолд байршуулсан байсан хохирогч ******* эзэмшлийн “Форд Ренжер” маркийн автомашины салхины шилийг хагалж 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.Батсууриас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Кости-Эстимэйт” ХХК-ий 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №33573 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар,

- Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 29-р байрны гадна зогсоолд байрлуулсан байсан “Ланд Круйзер Прадо 120” маркийн тээврийн хэрэгслийн урд талын копуд хэсгийг хатуу зүйлээр гэмтээж хохирогч О.Мөнх-Оргилд 230.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ий 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1528 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогч нарын автомашинуудад нийт 2.180.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Мөнх-Оргилд 230.000 төгрөгийн, хохирогч С.Батсуурьд 1.950.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч нарт учруулсан дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 16 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205035870029 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ