Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2205019880033 тоот дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал зуучлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт байрлах “Тэс” нэртэй караоке бааранд иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эзэмшлийн “iphone 11 promax” маркийн гар утсыг хана руу шидсэний улмаас 1.727.000 төгрөгийн шууд хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Тухайн үед архи ууснаас болж юу болсныг сайн санахгүй байна. Гэхдээ утсыг нь шидэж байснаа санаж байна. Иймд гэм буруугийн хувьд маргахгүй. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ийн:

“....2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед найзууд болох Энхбаясгалан, Анхтуяа нарын хамт *******ны нутаг дэвсгэрт байрлах “Тэс” нэртэй караоке бааранд хоол идэхээр ороод сууж байж байхад нөгөө 2 архи уугаад суусан. Ингээд байж байтал танил 17 цагийн танил найз Болормаа мөн орж ирээд “архи уухгүй” гэж хэлээд пиво уугаад сууж байсан. Анхтуяа “би Болормаатай юм чинь суухгүй” гэж хэлээд яваад өгсөн. Болормаа, Энхбаясгалан 2 нийлээд “Чингис” нэртэй архиа ууцгаагаад байж байхад манай найз Наранцэцэг ирээд Болормаа бид 2 нэмээд 0,75 литрийн архи нэрийг нь мэдэхгүй байна хувааж ууцгаасан. Энэ хооронд нэг нэгнийгээ “ингэж муулдаг байсан” гэх мэтчилэн согтуу хүмүүс нэг нэгэндээ үг хаяж маргалдах аястай болцгоосон. Ингээд байж байтал Болормаа нь утасгүй байсан учраас “Саруул эгч рүү залгаарай” гээд миний дугаарыг өгсөн байсан. Түүний хүүхэд нь байн байн над руу залгаад байхаар нь би “хүүхэд чинь залгаад байна” гэж хэлээд өөрийн эзэмшлийн “айфоне 11 промакс” загварын гар утсаа өгөхөд газар руу аваад хүчтэй шидсэн. Тэгэхээр нь утсаа авахад дэлгэц нь хагарсан байсан бөгөөд “чи яаж байгаа юм бэ” гэхэд “би төлөөд өгнө 2 сая төгрөг нэхэмжлээрэй за юу’’ гэж хэлээд агсарч эхэлсэн. Би уурлаад “май чи энэ эвдэрсэн утсаа ав” гэж хэлээд утсаа түүнд өгөхөд Болормаа нь хана руу дахин миний гар утсыг шидээд эвдэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

Гэрч *******гийн:

“...Болормаагийн хүүхэд нь Саруулын утас руу залгаад “ээжтэйгээ ярина” гэж хэлсэн байсан. Тэгээд Болормаад хандаж “хүү чинь залгаж байна” гэж хэлээд “айфоне” загварын утсаа өгөхөд /айфоне хэд гэдгийг нь мэдэхгүй байна/ Болормаа нь тухайн утсыг нь аваад хана руу шидчихсэн. Улмаар дэлгэц нь битүү хагарч гэмтсэн....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Виннэр Вей” ХХК-ий 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЦТ-6/14 дугаартай тайлан дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

Шинжээч О.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-33 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 44-46 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч нь хохирогч *******ийн эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн шүүгдэгчээс 1.727.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа “iphone 11 про макс” маркийн гар утсыг хохирогч Ш.Саранцэцэг буцааж авахгүй гэсэн. Харин шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаад эвдсэн утсыг өөрөө авах хүсэлттэй байна гэсэн тул түүнд олгох” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч нь:

2022 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт байрлах “Тэс” нэртэй караоке бааранд иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эзэмшлийн “iphone 11 promax” маркийн гар утсыг хана руу шидсэний улмаас 1.727.000 төгрөгийн шууд хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн болох нь хохирогч *******, гэрч *******, шинжээч О.Бат-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Виннэр Вей” ХХК-ий 2021 оны 06 дугаар сарын 14 ний өдрийн ЦТ-6/14 дугаартай тайлан дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн гар утсыг гэмтээж 1.727.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч г бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******т 1.727.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч гаас 1.727.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч   нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/ гаргасныг прокурор 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 68 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205019880033 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “iphone 11 promax” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гаас 1.727.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “iphone 11 promax” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ