Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 20223ШЦТ/177

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000078 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******, “Кёкүшю” цамхгийн 2-р давхарт байрлах бааранд хохирогч ******* цээж хэсэг рүү нэг удаа цохиж, түүний биед баруун 7, 8-р хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр “Кёкүшю” цамхгийн 2-р давхарт байрлах бааранд орсон. Тэнд байсан хүмүүс согтуу байсан. Тухайн үед сандал дээр байсан куртикээ авах гэхэд тухайн эмэгтэй гаран дээр суусан. Тэгээд намайг “өгзгөнд хүрлээ” гэж хэлсэн. Би түүний өгзгөнд хүрсэн зүйл байхгүй. Улмаар намайг алгадсан. Би түүнийг түлхсэн. Гэхдээ түүний биед гэмтэл учруулаагүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******:

“...Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 20 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кёкүшю” цамхгийн 2-р давхарт байх бааранд Лхагва, Цэнгэл, Нандиа нарын хамт ороод 6 шил 0.5 л хэмжээтэй пиво захиалаад уугаад сууж байсан. ...Цэнгэлийн найз гэх үл таних 3 хүн хүрч ирээд нөгөө ширээн дээр суусан. ...улмаар тэр 3 манай ширээн дээр ирж суусан. Цэнгэлийн найз гэх үл таних эрэгтэй миний хажууд суугаад миний өгзөг хэсгийг базаад надад хандаж “чи чинь ямар сайхан амьтан бэ бавчихмаар” гэхээр нь найз Цэнгэлийг эвгүй байдалд хийх байх гэж бодоод дугараагүй. ...Лхагва надад нойл орох санал тавьсан. ...нойл орсон чинь Лхагва надад хандаж “энэ 3 залууг явуулъя миний хажууд суусан эрэгтэй миний бөгсийг бариад байна” гэж хэлэхээр нь “Цэнгэлийн найз юм чинь байж байя би чиний хажууд сууя” гэж хэлээд бид 2 нойлоос гарч ширээн дээрээ суусан. Өмнө миний өгзөг хэсгийг барьсан залуугийн хажууд сууж байсан чинь миний өгзгийг базаад банзал сөхөөд бэлэг эрхтэн хэсэг рүү гараа хийсэн. Би уурлаж түүнийг алгадах үед тэр намайг цохисон би газар унасан. Үл таних залуу надад хандаж “янхан гичий, банзал минь чамайг яасан ч яадаг юм, чи намайг цохидог хэн бэ” гэж хэлээд над руу дайрах үед хамт явсан үл таних 2 залуу болон найз Цэнгэл түүнийг болиулах үед үл таних 3 залуу гараад явсан. ...би ноосон өмдтэй юбкатай байсан. Миний юбканы доогуур Ганхуяг гараа хийгээд өмдний гаднаас салтаа руу гуя дагуулаад бэлэг эрхтний чигтээ гараа явуулахаар нь би босож ирээд алгадсан. Тэрнээс гараа миний бэлэг эрхтэн рүү оруулж хийсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 07, 09 дэх тал/,

Гэрч *******:

“...3 найз болох Оюунчимэг, Нандин, Цэнгэлмаа нартай “Кёкүшю” цамхгийн 2-р давхрын бааранд 19 цагийн үед ирсэн. Бааранд дотор сууж байхад гаднаас 3 залуу орж ирсэн. “Бид нартай сууж болох уу” гэж асуухаар нь “тэгээ” гэж хэлсэн. ...би сандлаасаа босоод Нандин-Эрдэнийн малгайг хойш нь болгоход Ганхуяг миний өгзгөнд хүрэх шиг болсон. Нандин-Эрдэнэ сэрээд нойл орохоор нь би Оюунчимэгийн хамт араас нь нойл орсон. Нойл дотор би Оюунчимэгт “миний өгзгөнд нэг залуу /Ганхуяг/ хүрчих шиг боллоо” гэж хэлсэн. ...нойлоос гараад очиход нөгөө 3 залуу яваад өгсөн байсан. Юу болсон талаар асуухад Оюунчимэг “тухайн залуугийн нэг нь миний биед хүрэхээр нь би тухайн залууг алгадахад намайг цохиж унагаачихлаа” гэж хэлсэн... Тухайн залуу буюу Ганхуягт “цохиулчихлаа” гээд баруун талынхаа хавиргыг бариад өвдөөд гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Гэрч :

“... “Кёкүшю” цамхгийн 2-р давхрын бааранд 19 цагийн үед ирсэн. Бааранд дотор сууж байхад гаднаас Ганхуяг 2 найзтайгаа орж ирээд манай хажуу ширээн дээр суусан. Тэгээд манай найзууд болон намайг харчхаад ширээн дээр хүрч ирээд манай найзуудаас “хамт сууж болох уу” гэж асуухад “болно” гээд 2 найзтайгаа хамт гурвуулаа бид нарын ширээн дээр нийлж суусан. Ганхуяг манай найз Оюунчимэгийг харчхаад “энэ чинь харин сайхан хүүхэн бэ” гэхэд Оюунчимэг “чам шиг юманд шаалгадаггүй байгаа шүү” гээд Лхагвадулам, Нандин-Эрдэнэтэй нойл орчхоод буцаж ирээд Ганхуягийн хажуу талын сандал дээр ирж суусан. Гэнэт Оюунчимэг босоод Ганхуягийг алгадаад “чи миний бөгснөөс барилаа” гэж уурлахад Ганхуяг босож ирээд Оюунчимэгийг түлхэж унагаасан. Оюунчимэг бөгсөөрөө хойшоо газарт унасан. ...Ганхуягийг найзууд нь аваад гарч явсан. Оюунчимэг бид хэдийг орхиод ганцаараа гарч явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Гэрч :

“...4 эмэгтэй сууж байсан, ...Ганхуяг таньдаг эмэгтэйн хажууд суусан. ...хоёр эмэгтэй нойл ороод ирж байсан. Гэтэл эмэгтэй нь Ганхуягийг алгадсан, юунаас болж алгадсан мэдэхгүй байна. Ганхуяг ах “намайг алгадлаа чи” гээд босож ирээд уурлаад тухайн эмэгтэйн биед халдах шиг болсон хаашаа яаж цохисон талаар хараагүй нэг мэдсэн нөгөө эмэгтэй газар сууж байсан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаартай шинжээч эмчийн:

“...******* биед баруун 7, 8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч *******ийн:

“...Би тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******, “Кёкүшю” цамхгийн 2-р давхарт байрлах бааранд хохирогч ******* цээж хэсэг рүү нэг удаа цохиж, түүний биед баруун 7, 8-р хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Оюунчимэг, гэрч С.Лхагвадулам, О.Цэнгэлмаа, С.Нямсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 430 тоот дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “хохирогч Л.Оюунчимэгийг цохиж зодоогүй, нэг удаа түлхсэн, түүний биед гэмтэл учруулаагүй” гэж гэм буруугийн асуудал дээр маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь тухайн өдөр бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч ******* хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биед нь зөвшөөрөлгүй хүрч, улмаар бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж, үг хэлээр доромжлох байдлаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч ******* мэдүүлгээс гадна гэрч О.Цэнгэлмаа, С.Лхагвадулам, С.Нямсүрэн нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч ******* эрүүл мэндэд учирсан “баруун 7, 8-р хавирганы хугарал” гэмтэл нь шүүгдэгч *******ийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн “хохирогч Л.Оюунчимэгийг цохиж зодоогүй, нэг удаа түлхсэн, түүний биед гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч ******* баримтаар нэхэмжилсэн 732.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Л.Оюунчимэг нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000000078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Оюунчимэг нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ