| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/02068/И |
| Дугаар | 2077 |
| Огноо | 2019-07-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2077
2019 оны 07 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2019/02077 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, Толгойтын 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух Ж. овогт Ц.ийн Т.ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо,000-00 тоотод байрлах А. ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 4.102.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Т., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А. ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 25 хоногийн хугацаатай 80 ширхэг шатыг 2.000.000 төгрөгийн төлбөртэйгээр тохиролцон түрээслүүлсэн.
Гэтэл тус компани гэрээг сунгах санал тавьсаны дагуу 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 25 хоногоор, төлбөрт 1.500.000 төгрөг төлөхөөр ярилцаад сунгасан.
Түрээслүүлэгч эд хөрөнгийн акт үйлдэн тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн.
Ингээд түрээсийн гэрээний хугацаа дуусаж шатаа авах гэхэд 10 ширхэг тавцан, 48 ширхэг хөл, 12 ширхэг холбоос, 143 ширхэг боргоцойг дутуу өгч мөн төлбөрөө бүрэн төлөөгүй тул түрээслэгчээс нэхэхэд өгнө гэж хэлсээр 1 жил гаруй хугацаа өнгөрсөн тул түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 2.188.000 төгрөг, алданги 1.094.000 төгрөг, шатны эд анги дутуу өгсний 820.000 төгрөг, нийт 4.102.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гарсан.
Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад, гэрээний дагуу 3.500.000 төгрөг төлөх ёстойгоос анхны гэрээний төлбөрт төлөх 2.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөг, гэрээ сунгахдаа 500.000 төгрөг өгснийг хасаж тооцоход 2.000.000 төгрөг үлдэж байна.
Иймээс үндсэн төлбөрт 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Шатны эд анги дутуу өгсөнд нэхэмжилсэн 820.000 төгрөгнөөсөө татгалзаж байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц.Т., хариуцагч А. ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлт 4.102.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч А. ХХК-ийн төлөөлөгч Т.С.т шүүх хуралдааны товыг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн туслах түүний 9907-8780 дугаарын утсанд залгаж мэдэгдэхэд За, ойлголоо гэх хариуг өгч, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаандаа ирж байгаа талаар асуухад, шүүгчийн туслахын гар утас руу очиж амжихгүй гэх захидлыг бичиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 25 хоногийн хугацаатай, 80 ширхэг шатыг 2.000.000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр тохиролцож, дахин 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл гэрээг 25 хоногоор сунгасан болох нь Түрээсийн гэрээ, Гэрээний сунгалт, Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх акт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэдийгээр талууд бичгээр Түрээсийн гэрээ байгуулсан боловч шүүх тус гэрээг Эд хөрөнгө хөлслөх гэрээ байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 288 дугаар зүйл 288.1.1 хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх
288.1.2 хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөхөөрзаасан байдаг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хөлслөх эд хөрөнгөө хариуцагчид хүлээлгэн өгч, үүргээ биелүүлж, хариуцагч хөлс төлөх үүргээ гүйцэт биелүүлээгүй нь тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт зааснаар төлбөрөө шаардах эрхтэй.
Шүүх хариуцагчид 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотор Хариу тайлбар-аа гаргах хугацааг олгосон боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй,
72 дугаар зүйлийн 72.3 хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байх ба хариуцагч хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах талаарх нотлох баримтуудыг шүүх хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, мэтгэлцэх боломжоор хангасан байхад ирүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагч гэрээний дагуу хүлээлцсэн эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авсан талаар маргаагүй ба төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөнийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул үндсэн төлбөрт 2.000.000 төгрөг,
Талууд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангид 1.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байх тул хариуцагчаас 3.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 62950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан А. ХХК-иас 3.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж. овогт Ц.ийн Т.т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 62950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА