| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2019/00324/И |
| Дугаар | 138/ШШ2019/00467 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2019/00467
2019 06 19 138/ШШ2019/00467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын 1-р баг *******ы 4б тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* аймгийн ******* сумын 1-р баг *******ын 10-6б тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох
Гэрээний үүргээс учирсан хохиролд 3 адуу буюу 2 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 04 сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч И. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие гаар олон жил малаа маллуулж байсан. 2013 оны 8 сарын 24-нд бор морь алдсан. Цагдаад мэдэгдэх гэтэл би өөрөө хариуцлагагүй байдлаас алдсан учир би төлнө гэж хэлээд цагдаад мэдэгдээгүй. Дараа 2013 оны 9 сарын 19-20-нд шилжих шөнө хоёр гүү алдаж би г өөрөө цагдаад бүртгүүл гэж явуулсан. Бүртгүүлсэн хоёр гүүний материалыг хавсаргасан болно. нь уг адуунуудыг өөрөө бусадтай нийлж гаргасан, өөрөө төлнө гэсэн учир бүдүүн морио 800 000 төгрөгөөр, 2 гүүгээ тус бүр 650 000 төгрөгөөр үнэлж 2 100 000 төгрөг нэхэмжилж байна. Иймд гаас 3 адууг адуу чигээр нь эсвэл 2 100 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би *******ийн малыг 7 жил шахам малласан. Малыг нь харахаа болиод 5 жил болж байна. Гурван адуу хулгайд алдсан талаар цагдаагийн газарт тэр үед мэдэгдсэн. Аймгаас 25 км газарт хүний мал хажуугаар нь адууг хардаг болохоор хаяад аймгийн төвд хайгаад явж чадахгүй. Харин ******* нь өөрөө аймгийн төвд мал, мах арьс шир авдаг хүн, малын эзэн хүн өөрөө хир зэрэг хөөцөлдсөн юм бэ. Чиний хэрэг гэчихээд хөөцөлдөөгүй л хаясан. Бор морийг гадаа аргамжаанаас авчихсан байсан. Нөгөө хоёр адууг шөнө бэлээрт байгаад л өглөө хураахад байхгүй байсан. Ингээд хулгайд алдсан зүйлийг төлж чадахгүй. Би хэдэн хүүхдээ тэжээхийн эрхээр гадаа хөдөө хүний мал харж хөдөлмөр эрхэлж явна. Нийгмийн даатгалын шимтгэлийг ч төлж өгч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүйг далимдуулж аман гэрээтэй. Цалин, хөлс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өгдөг байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар мал хорогдоход түүнд тооцоод сард 70-80 мянган төгрөг өгдөг байсан. Би бусадтай нийлж мал гаргаж байгаагүй, алдсан малыг төлнө гэж зөвшөөрөөгүй. Хааяа таарахдаа надаас төл гэдэг байсан. Намайг өөрийнхөө малыг хараагүй гэх гээд байдаг. Одоо би хүний мал хараад 400 000 төгрөгийн цалин авч байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч И.д холбогдуулан гэрээний үүргээс учирсан хохиролд 3 адуу буюу 2 100 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч И. нь 2013 оноос эхлэн 2016 оны 9 сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч Г.*******ийн өмчлөлийн малыг харж хариуцаж байсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна.
Хариуцагч И.г нэхэмжлэгчийн малыг хариуцаж байх хугацаанд буюу 2013 оны 8 сарын 24-нд бүдүүн бор морь, 2013 оны 9 сарын 19-20-нд шилжих шөнө хоёр тооны гүү тус тус алдсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: И. нь өөрөө бусадтай нийлж миний адууг гаргасан. Өөрөө төлнө гэж зөвшөөрч байсан. Би удаа дараа нэхэж байхад ганц нэг бяруу ч гэсэн өгнө гэдэг байсан гэж
Хариуцагч Р. нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: Би *******ийн малыг олон жил харсан. Цалин бага өгдөг. Хорогдсон малаа надаар төлүүлдэг байсан. Би бусадтай нийлж малыг гаргаагүй. Цагдаад хэл гээд надад даатгачихдаг. Миний хувьд төлөх боломжгүй гэж тайлбарлан маргажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчаас удаа дараа нэхэж байсан учир хөөн хэлэлцэх хугацаанд үргэлжиж байгаа гэж байгаа боловч дээрх үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацааг сэргээх болон тасалдсан талаар хэрэгт ямар нэгэн санал болон нотлох баримт байхгүй болно.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч И.гаас 2013 оны 8 сарын 24, 2013 оны 9 сарын 19-20-нд тус тус алдсан гэх гурван адуу буюу 2 100 000 төгрөг нэхэмжиж байгаа бөгөөд дээрх адуу алдсан хугацаанаас хойш буюу гурван жилийн дотор шаардах эрхтэй байжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хугацаа өнгөрснөөс хойш буюу 2019 оны 04 сарын 04-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Мөн нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдлын талаар буюу хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна.
Хэдийгээр гэрч Ч.Оюунчимэг, Б.Будсүрэн нар нь ******* нь 2018 онд гаас адууны үнэн нэхэхэд төлнө гэж байсан гэж мэдүүлсэн байгаа боловч дээрх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа 2018 оноос өмнө буюу 2016 оны 9 сард хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 жил дууссанаас хойш шаардаж байсныг гэрчилж байна.
Иймд нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлтэй И.д холбогдох гэрээний үүргээс үүссэн хохирол 3 адуу буюу 2 100 000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болно.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хариуцагчийн зөвшөөрсний дагуу нэхэмжлэгчийг эзгүйд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч И.д холбогдох нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлтэй 3 адуу буюу 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА