Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/151

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,

шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч А.Билгүүн нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адууч овогт Болор-Эрдэнийн Т, Баадай овогт Болдбаатарын Ж нарт холбогдох эрүүгийн 2211 00000 1792 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Баадай овгийн Болдбаатарын Ж, /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, ахын хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 20-23 тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47-145 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй.

Адууч овгийн Болор-Эрдэнийн Т, /РД: ./,

Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанд мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Саригийн А-ын 26-20 тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 46-37 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Болдбаатарын Ж нь 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баруун талд байх “S” уушийн газрын гадна хохирогч Б.Ттой маргалдаж, түүнийг цохиж зодон биед нь хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын шонтонгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, хүзүүний цус хуралт, баруун тохой, шууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Болор-Эрдэнийн Т нь 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баруун талд байх “S” уушийн газрын гадна хохирогч Б.Жтой маргалдаж, түүнийг цохиж зодон биед нь үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, хамрын зулгаралт, дээд уруул, баруун дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Т, Б.Ж нар нь

Шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баруун талд байх “S” уушийн газрын гадна хохирогч Б.Ттой маргалдаж, түүнийг цохиж зодон биед нь хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын шонтонгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, хүзүүний цус хуралт, баруун тохой, шууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баруун талд байх “S” уушийн газрын гадна хохирогч Б.Жтой маргалдаж, түүнийг цохиж зодон биед нь үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, харын зулгаралт, дээд уруул, баруун дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ажлаа тараад 20 цаг өнгөрч байхад хүүхдийн 100 Сөүл плазад байрлах “Amigos” пабад хамт ажилладаг Содбаяр, Аззаяа, Түдэв, Мөнх-Алдар нарын хамт “Jameson” нэртэй 0,75 литр хэмжээтэй виски 2 шилийг хувааж уусан ба 23 цаг өнгөрч байхад тухайн газраас гараад дуудлагын жолооч дуудан өөрийн 77-54 УБС улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулан үерхэж байгаа найз эмэгтэй болох Хорих ял эдлүүлэх албанд мэргэжилтэн ажилтай Чимэг-Эрдэнэтэй уулзахаар түүний байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баруун талд байдаг “S” пабын гадаа очоод Чимэг-Эрдэнийг дуудсан...Тэгсэн хамт явсан залуу нь явуулахгүй гэсэн...тэгэхээр нь би тэр залууг чи хэн ю бэ гэхэд чи өөрөө хэн юм бэ гээд бид 2-ын голд маргаан үүсэхээр нь би тэр залуугийн нүүр лүү нь алгаараа түлхсэн...Гэтэл тэр дахин над руу дайраад миний шүд руу гараараа нэг удаа цохисон чинь миний дээд талын үүдэн шүд хугараад уначихсан ба би зөрүүлээд толгой нүүр лүү нь баруун гараараа цохисон ба бид 2 бие биеийнхээ нүүр лүү 2-3 удаа цохилцсон... ” гэх /хавтаст хэргийн 8-р тал/,

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...23 цаг өнгөрч байхад Ундармаа, Чимэг-Эрдэнэ бид 3 гарч тамхилахаар болсон ба гадаа гараад тамхи татаж байхад нэг үл таних согтуу залуу ирээд шууд үгийн зөрүүгүй Чимэг-Эрдэнийг татаад авч явах гээд байхаар нь Ундармаа бид 2 араас нь очоод болиоч гэхэд тэр залуу миний өөдөөс чи юу юм бэ гээд уурлахаар нь би зөрүүлээд хамаатных нь ах байна гэсэн чинь намайг зайл гээд миний нүүр лүү нэг удаа гараараа цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон чинь зөрүүлж намайг цохиод бид хоёр 2-3 удаа бие биенийхээ нүүр лүү гараараа цохилцсон, энэ үед би тэр залууг унагаах гээд хөлийг нь тэврээд авсан чинь миний нүүр лүү гараараа дахин 1-2 удаа цохисон...” гэх /хавтаст хэргийн 11-р тал/,

Гэрч О.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гадаа гараад тамхи татаад байж байтал нэг мэдэхэд Т нь Ж гэх хамт ажилладаг залуутай барьцалдаад цохилцоод байгаа нь харагдсан ба би холоос хараад гүйж очоод салгах гэж оролдоход салгаж чадаагүй ба нэг нь газар уначихсан байсан...Зодоон дуусахад Жыг харахад ам нь цус болчихсон байсан...” гэх /хавтаст хэргийн 14-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13858 дугаартай дүгнэлтэд:

Б.Жын биед үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, хамрын зулгаралт, дээд уруул, баруун дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, дээд уруулын цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоог журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 20-21-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13860 дугаартай дүгнэлтэд:

Б.Тын биед хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын шонтонгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, хүзүүний цус хуралт, баруун тохой, шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх / хавтаст хэргийн 26-27-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т нь 2022 оны 10 дугаар сард Гэмтэл согог судлалын төвийн яаралтай тусламжийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 2 удаагийн үйлчилгээгээр нийт 262,000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 24/5166 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Жоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх /хавтаст хэсгийн 5-р тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 24/5166 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 30-31-р тал/,

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний бие Жтой харилцан зодолдож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...би эмчилгээ хийлгээгүй ба өөрөөс гарсан зардал байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх / хавтаст хэргийн 59-р тал/,

Шүүгдэгч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Б.Ттой харилцан зодолдож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэх зүйлгүй...” гэх / хавтаст хэргийн 52-р тал/,  

Шүүгдэгч Б.Т, Б.Ж нар шүүхийн хэлэлцүүлэгт: мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа ойлгож байгаа гэх, мөн гэрчийн мэдүүлэг, хохирогчоор өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар хөдөлбөргүй нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Т, Б.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Т, Б.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Ж нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд 262,000 төгрөг / хавтаст хэргийн 83 дугаар тал/ төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баадай овгийн Болдбаатарын Ж, Адууч овгийн Болор-Эрдэнийн Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Т, Б.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас Б.Т, Б.Ж нарыг чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.АРИУНБОЛД