| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/048 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Шүүгдэгч: Б.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Сартуул овогт Буяннэмэхийн Пүрэвсүрэн, / РД:ВГ98032613 /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь согтуурсан үедээ 2022 оны 10 сарын 25-26-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр баг “Дэлийн бууц” гэх газарт иргэн О.Хүрэлбаатарыг ямар ч шалтгаангүйгээр хутгалж түүний эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, чих, хүзүү, аюулхай, зүүн сарвуу, дал, баруун зүүн хөхлөг, сэртэн, хэвлийн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дал, бугалга, өгзөг, өвдөг, шилбэ, зүүн шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2022 оны 10 дугаар сарын 26-ний шөнө 00 цагийн үед Хүрэлбаатар гэх айлд Болдбаатарын хамт 3 шил Ерөөл нэртэй архи авч очсон.Тэгээд Хүрэлбаатар ахынд Хүрэлбаатар, Болдбаатар бид 3 хамт архи ууж байгаад би нэг шил архийг нь ууж байгаад их согтсон байсан болохоор санахгүй байна.Маргааш нь Болдбаатар нь надад чи өчигдөр шөнө Хүрэлбаатар гэх хүнийг хутгалсан гэж надад хэлсэн.Тэгээд би Хүрэлбаатар хүнийг хутгалсан гэдгээ мэдсэн. Тухайн шөнө Хүрэлбаатар гэх хүн нь ганцаараа байсан.Тэгээд Болдбаатар бид хоёр очсон. Өөр хүн байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ний шөнө Ерөөл нэртэй 0.5 литртэй 3 ширхэг архи авч очоод Хүрэлбаатар, Болдбаатар ах бид гурав хувааж ууж байгаад 1 шил архи нь үлдсэн.Би их согтуу байсан.Хүрэлбаатар ах гайгүй байсан. Харин Болдбаатар нь тасраад унтчихсан байсан. Хүрэлбаатар ахтай би юунаас болж маргалдсан санахгүй байна. Хүрэлбаатар ах бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзонтой зүйл байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ний шөнө би Хүрэлбаатар гэх хүнийг үзүүртэй зүйлээр исгэсэн гэсэн.Би өөрөө согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Хүрэлбаатар гэх хүнийг бүлэглэж зодсон зүйл байхгүй.Би ганцаараа зодсон юм аа. Би Болдбаатар гэх хүнтэй бүлэглэж Хүрэлбаатар гэх хүнийг зодсон зүйл байхгүй. Би Хүрэлбаатар гэх хүнийг ганцаараа зодсон Болдбаатар гэх хүн нь архи уугаад тасраад унтаж байсан. Тэгээд сүүл дээр нь сэрээд намайг барьж салгасан.Болдбаатар гэх хүн нь Хүрэлбаатар гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 109-110 /,
2. Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
.... Би 2022 оны 10 дугаар сарын 26-ний шөнө 00 цагийн үед Хүрэлбаатар гэх айлд Болдбаатарын хамт 3 шил Ерөөл нэртэй архи авч очсон.Тэгээд Хүрэлбаатар ахынд Хүрэлбаатар, Болдбаатар бид 3 хамт архи ууж байгаад би нэг шил архийг нь ууж байгаад их согтсон байсан болохоор санахгүй байна.Маргааш нь Болдбаатар нь надад чи өчигдөр шөнө Хүрэлбаатар гэх хүнийг хутгалсан гэж надад хэлсэн.Тэгээд би Хүрэлбаатар хүнийг хутгалсан гэдгээ мэдсэн. 2022 оны 10 дугаар сарын 26-ний шөнө Болдбаатар бид хоёр архи уух гэж Хүрэлбаатар гэх айлд очсон юм аа.Болдбаатар бид хоёр Хүрэлбаатар ахтай өдөр таарсан юм аа тэгсэн чинь Хүрэлбаатар ах шардсан харагдсан тэгээд очоод ахын шарыг тайлчихая гэж очсон. Өөр өөр бол ямар санаа зорилго байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ний шөнө Хүрэлбаатар гэх хүнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ний шөнө Ерөөл нэртэй 0.5 литртэй 3 ширхэг архи авч очоод Хүрэлбаатар, Болдбаатар ах бид гурав хувааж ууж байгаад 1 шил архи үлдсэн.Би их согтуу байсан.Хүрэлбаатар ах гайгүй байсан. Харин Болдбаатар нь тасраад унтчихсан байсан. Хүрэлбаатар ахтай би юунаас болж маргалдсан санахгүй байна. Хүрэлбаатар ах бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзонтой зүйл байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ний шөнө би Хүрэлбаатар гэх хүнийг үзүүртэй зүйлээр исгэсэн гэсэн.Би өөрөө согтуу байсан болохоор сайн санахгүй байна.....гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хохирогч О.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ... Намайг 2022 оны 10 дугаар сарын 25-26-ний шилжих шөнө хутгалсан гэх хоёр залууг би сайн танихгүй.Манай саахалт айл байсан Мягмар гэх айлын гэрийг нүүлгэж байхад тэр хоёр залуу нь Мягмар гэх хүний гэрийг ачиж өгч байсан тэр үед би анх удаа харсан юм аа. Би 2022 оны 10 дугаар сарын 25-ний орой Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хонио хариулаад явж байхад над дээр Мягмар гэх айлын гэрийг ачиж өгч байсан хоёр залуу над дээр “Улаан өнгийн маркийг нь мэдэхгүй мотоцикл” унаж ирсэн. Тэгээд над дээр ирээд тэр хоёр залуу хулгайд алдсан адуугаа олсон замдаа айлд хоносон гэж надад хэлсэн.Тэгээд намайг мотоцикл дээрээ суучих танай гэрт очъё гэхээр би мотоцикл дээр нь сундлаад манай гэрт ирээд бид гурав миний өглөө хийсэн байсан хоолыг халааж идээд байж байсан чинь тэр хоёр залуу надаас нэг шил архи аваад өгчих гэхээр нь би надад мөнгө төгрөг байхгүй чадахгүй.Тэгсэн чинь нөгөө хоёр залуу чинь манайд хэсэг байж байгаад 18 цагийн үед байхаа аймгийн төв орно гээд манайхаас явсан. Тэгээд би гэртэй ганцаараа 22 цагийн үед унтсан юм аа. Тэгээд шөнө 23 цагийн үед нөгөө хоёр залуу над дээр согтуу ирээд манай гэрт тантай нэг шил архи хувааж ууж гээд Ерөөл нэртэй 0.5 литртэй 3 ширхэг архи гаргаж ирээд надад аяганд хийж өгсөн.Тэгээд архи ууж байсан чинь нэг залуу нь манайд унтсан, тэгээд архиа ууж дуусаад байж байсан чинь Пүүжээ гэх залуу нь 5 ямаа өгчих гэхээр нь би чадахгүй гэсэн тэгсэн чинь Пүүжээ гэх залуу нь намайг алчихъя гээд өөрийнхөө биеэс хутга гаргаж ирэхээр нь би гэрээсээ гараад зугтсан чинь Пүүжээ гэх залуу нь намайг барьж аваад газар унагаад намайг дээш харуулж байгаад миний цээжин хэсэгт нэг удаа хутгараа дүрсэн, тэгээд миний толгой бас хутгаараа дүрж байсан.Тэгээд намайг Пүүжээ гэх залуу нөгөө найзтайгаа хамт гэр лүү чирэх үед нь би гэртэй оролгүй шууд өөр тийш ээ зугтсан.Тэгээд замд нэг айлд орж цагдаа дуудуулсан.
Би 2022 оны 10 дугаар сарын 25-26-ний шилжих шөнө Пүүжээ гэх залуутай маргалдсан зүйл байхгүй.Пүүжээ гэх залуу нь намайг архи ууж дуусаад 5 ямаа өгчих гэсэн тэгэхээр нь би чадахгүй гэж хэлсэн.Тэгсэн чинь намайг ална гээд хутга гаргаж ирсэн. 2022 оны 10 дугаар сарын 25-26-ний шилжих шөнө би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Пүүжээ гэх залуу нь манайд шөнө ирэхдээ авч ирсэн архийг нь хувааж уусан.Хир зэргийн согтолттой байсан гэдгийг нь би мэдэхгүй. 2022 оны 10 дугаар сарын 25-ний шөнө би гэртэй ганцаараа байсан.Тэгсэн чинь Пүүжээ гэх залуу нь найзтайгаа хамт ирсэн.Тэгээд Пүүжээ, Пүүжээгийн найз бид 3 л байсан өөр хүн байгаагүй. Намайг 2022 оны 10 дугаар сарын 25-26-ний шилжих шөнө Пүүжээ гэх залуу нь намайг гэрээс гараад зугтах үед найзтайгаа хамт гарч ирээд намайг барьж аваад дээш харуулж байгаад цээжин хэсэгт нэг хутгалсан, тэгээд намайг гэртэй ор гэж чирч байх үедээ миний толгой хэсэг рүү 2 удаа хутгалсан, тэгээд нугас хэсэгт 1 удаа хутгалсан.Харин Пүүжээгийн найз нь намайг гай болно гүйцээчих гээд байсан.Тэгээд би Пүүжээ тэр хоёроос арай гэж нэг юм зугтаагаад явчихсан юм аа. Би 2022 оны 10 дугаар сарын 25-26-ний шилжих шөнө гэртэй унтаж байх үед Пүүжээ найзтайгаа манайд гэрт ирсэн тэгээд би босож хувцсаа өмсөх гэсэн чинь намайг хувцсаа өмсөж яах юм гэхээр нь ганцхан бандааштайгаа сууж байгаад зугтаасан юм аа. Тэгээд Пүүжээ, Пүүжээгийн найз хоёртой гэрийн гадаа ноцолдож байгаад бандаашаа ураад тэгээд би амь хамгаалахын тулд шууд шалдан зугтаасан юм аа. Би зүгээр гэртэй байж байгаад эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. Би эмчилгээний төлбөрийг гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг / хх-ийн 20-23 /,
.....Би биед авсан гэмтэлдээ эмчилгээ хийлгэсэн. Холбогдох баримт бичгийг гаргаж өгч хэрэгт хавсаргуулна. Би эрүүл мэндээрээ хохирсон. Одоо миний толгой өвддөг болсон. Тийм болохоор би тухайн хүмүүсээс нийт 1.500.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: Болдбаатар болон Б.Пүрэвсүрэн нар тухайн өдрийн орой 23 цаг орчмын үед манайд 3 шил архитай ирсэн. Болдбаатар нэг шил архийг уугаад тасарсан. Б.Пүрэвсүрэнтэй би 2 шил архийг нь хувааж уусан. Тэгээд бид хоёр маргалдахад намайг хутгалсан. Тэгээд би айгаад гэрээсээ гарсан. Тэгээд араас хоёулаа ирээд намайг хутгалсан. Энэ хоёр намайг “гай тарина” гэж надад хэлсэн. Энэ хоёр намайг гэр лүү орох гээд байсан. Би гүйгээд саахалтын айлд очиж цагдаа дуудсан. Шүүгдэгч надад 100,000 төгрөг өгсөн. Тэгээд надад 900,000 төгрөг өгнө гэсэн. Надад гомдол санал байхгүй. Миний нэхэмжилж буй хохирол болох 900,000 төгрөгийг өгвөл би гомдол саналгүй гэв.
5. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч О.Хүрэлбаатар талаарх мэдээллийг шүүж үзэхэд О.Хүрэлбаатар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 407.230 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би О.Хүрэлбаатар нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 407.230 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа....гэх мэдүүлэг
6. Гэрч Э.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2022 оны 10 сарын 26-ны шөнө 00 цагийн үед Хүрэлбаатар гэх айлд Пүрэвсүрэнтэй хамт 3 шил Ерөөл нэртэй архи авч очсон. Бид 3 архиа хувааж ууж байгаад би нэг шил архийг нь уугаад шилтэй архийг нь талд нь оруулаад тасарсан байсан. Тэгээд унтаж байгаад сэрсэн чинь Пүрэвсүрэн, Хүрэлбаатар ахыг хутгалчихсан гээд Пүрэвсүрэнгийн гар цус болсон байдалтай ногоон иштэй хутга барьсан байсан. Тэгсэн чинь Хүрэлбаатар гэх хүн нь “намайг аллаа, амь авраарай” гэсэн. Тэгэхээр нь би Пүрэвсүрэнг барьж авч үлдээд Хүрэлбаатар гэх хүнийг явуулсан. Хүрэлбаатар гэх хүн нь гэрийнхээ доод тал руу хувцасгүй гүйгээд явсан. Тэгээд Пүрэвсүрэн бид хоёр буцаад аймгийн төв рүү орж ирээд Баянаа гэх айлд ирж хоносон. 2022 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Пүрэвсүрэн нь Хүрэлбаатар гэх хүнийг шартсан байсан. Хоёулаа очоод ахын шарыг тайлчихъя гэж очсон. Өөр бол ямар санаа зорилго байхгүй. Тухайн шөнө Хүрэлбаатар, Пүрэвсүрэн хоёр нь хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би тасраад унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн шөнө Хүрэлбаатар гэх хүн нь ганцаараа байсан. Тэгээд Пүрэвсүрэн бид хоёр очсон. Өөр хүн байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Ерөөл нэртэй 0.5 литртэй 2 ширхэг архи 3 уулаа хувааж уусан. Би бол тасарсан байсан. Харин Пүрэвсүрэн, Хүрэлбаатар хоёр ямар зэргийн согтолттой байсан эсэхийг мэдэхгүй байна. Хүрэлбаатар, Пүрэвсүрэн хоёр юунаас болж маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Надад Хүрэлбаатар, Пүрэвсүрэн хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзонтой зүйл байдаг талаар нь би мэдэхгүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Пүрэвсүрэн нь Хүрэлбаатар гэх хүнийг 3 удаа хутгаар эсгэсэн гэж надад хэлсэн. Пүрэвсүрэн гартаа ногоон өнгийн иштэй хутга барьсан байсан. Би яг зодож байхад нь хараагүй болохоор мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /,
7. Гэрч Ц.Лхагва-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2022 оны 10 сарын 25-26-ны шилжих шөнө Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр нутаг дэвсгэр хуучин хужаагийн кемпийн ард байрлах блокийн үйлдвэрийн хашаанд байрлах гэртээ амрах гээд байж байсан чинь манай гэрт гаднаас шалдан нэг эрэгтэй хүн, бие нь тэр чигтээ цус болсон “туслаарай” гэж орж ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр хүнээс юу болсон талаар асууж тодруулахад “намайг хүн хутгалсан” гэж хэлсэн, өөрөөр надад ямар нэгэн зүйл хэлээгүй. 2022 оны 10 дугаар сарын 25-26-ны шилжих шөнө Хүрэлбаатар гэх хүн гаднаас манай гэрт орж ирэх үедээ ганцаараа орж ирсэн. Ямар нэгэн хүнтэй хамт орж ирээгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,
8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 678 дугаартай шинжээчийн:
1. О.Хүрэлбаатарын биед баруун чамархайн хуйх, чих, хүзүү, аюулхай, зүүн сарвуу, дал, баруун зүүн хөхлөг, сэртэн, хэвлийн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дал, бугалга, өгзөг, өвдөг, шилбэ, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ нь дээрх дурдагдсан шинж байдлаар тодорхойлогдож болно.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно...гэх дүгнэлт / хх-ийн 44-46 / болон хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-08 /, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 / шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57, 60 /, хохирлын баримт /хх-ийн 92 /, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 113 /, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 120 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь согтуурсан үедээ 2022 оны 10 сарын 25-26-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр баг “Дэлийн бууц” гэх газарт иргэн О.Хүрэлбаатарыг ямар ч шалтгаангүйгээр хутгалж түүний эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, чих, хүзүү, аюулхай, зүүн сарвуу, дал, баруун зүүн хөхлөг, сэртэн, хэвлийн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дал, бугалга, өгзөг, өвдөг, шилбэ, зүүн шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч О.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Э.Болдбаатар, Ц.Лхагва-Очир нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 678 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.Пүрэвсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Хүрэлбаатар нь эрүүл мэнд нь хохирсоны улмаас эмчилгээний зардал 900.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь уг зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул шүүх шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгээс 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Хүрэлбаатарт олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд холбогдох хэрэгт өмнө шүүх хуралдааныг хохирогч О.Хүрэлбаатар нь шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд хутгалуулж гэмтэл авсан даруй Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж эмнэлгийн тусламж авсан болох нь хавтаст хэргийн 47-51 дүгээр хуудас авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ.12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн хэрэгт хохирогч О.Хүрэлбаатарыг эмчлэхэд гарсан зардлыг гаргуулах талаар Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байгаа нь дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд болоод төрийн байгууллага нь буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх талаарх оролцогчийн эрхийг зөрчсөн гэж шүүх дүгнэж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг эрхийг оролцох эрхийг хангах зорилгоор шүүх уг хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа хойшлуулж, Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх хурлыг нэг удаа хойшлуулж мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 6-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох асуудлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, энэ талаар шүүгдэгчээс мэдүүлэг авч, холбогдох ажиллагааг хийж 2023 оны 03 дугаар сарын 09-ний дотор хийж гүйцэтгэхийг Прокурорт даалгаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд улсын яллагчийн зүгээс шүүхээс даалгасан Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн тул уг нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлснээр хохирогч О.Хүрэлбаатар нь шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд зодуулсаны улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж үйлчилгээ авсан бөгөөд уг үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын байгууллага төлсөн талаарх иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргал нь мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-д “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ. 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилсан байх тул иргэний нэхэмжлэгч байгууллага Эрүүл мэндийн даатгалын байгууллагын нэхэмжилсэн 407230 төгрөгийг шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.
Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутгыг хураан ирсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.
Харин улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх саналыг гаргасныг шүүх албадлагын арга хэмжээг оногдуулах ял дээр нэмж хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Буяннэмэхийн Пүрэвсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт Буяннэмэхийн Пүрэвсүрэнг зургаан зуун тавин / 650 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг оногдуулсан зургаан зуун тавин / 650 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгээс 600.000 төгрөг гаргуулж хохирогч О.Хүрэлбаатарт, эмчилгээний үнэ төгрөг нийт 407.230 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутгыг хураан ирсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ