Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0866 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ө.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0613/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0866 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч Б.Бийг согтуугаар бусадтай маргалдсан гээд байдаг. Энэ тухайд согтуурлыг шалгах боломж тухайн үед байсан. Видео бичлэг дээрээс харагддаг. Өөрөөр хэлбэл Б.Бэд драгер үлээлгэх боломж байсан. Гэхдээ драгераар үлээлгээгүй байж согтуугаар бусадтай маргалдсан гэж дүгнэсэн.

3.1. Нэгдүгээрт, хариуцагчаас аудио бичлэгийг гаргаж өгсөн. Энэ аудио бичлэгийг урьд нь мэдээгүй. Тус дуу хоолой Б.Бийн дуу хоолой гэдгийг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байгаа. Ийм аудио бичлэгийг шүүхээс үнэлж байгааг зөвшөөрөхгүй байна. Тийм учраас Б.Б сонсох ажиллагааны үеэр өгсөн тайлбартаа би өдрийн цайны цагаар гараад будааны шүүс буюу мокол уусан гэдгээ тайлбарладаг. Хууль хэрэглээний тухайд ажлын цагаар гэдэгт хамаарахгүй. Уучихлаа гэхэд тэрийг нь заавал шалгах ёстой. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаарт зүйлд нотлох ажиллагааг хийх ёстой. Энэ ажиллагааг хийгээгүй. Нотлох ажиллагаатай холбоотойгоор хэд хэдэн баримтыг захиргаанаас гаргаж өгсөн. Сонсох ажиллагааг 09 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн. Гэтэл дээрх баримтууд 09 дүгээр сарын 14-15-ны өдөр өгсөн тайлбарууд байгаа. Уг нь эхлээд Б.Бтэй холбоотой баримтуудаа цуглуулж авчхаад, дараа нь сонсох хуралдаан хийх ёстой байсан. Удирдлагын зөвлөл хурлынхаа шийдвэрийг танилцуулах ёстой байхад хуралдчихаад гаргасан шийдвэрээ нотлохын тулд сүүлд нь 09 дүгээр сарын 14-15-ны хооронд баримтууд цуглуулаад байгаа юм. Ийм учраас согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг зөвшөөрөхгүй.

3.2. Хоёрдугаарт, Нийслэлийн замын хөгжлийн газрын дотоод дүрэмд: хэрэв зөрчил гарах юм бол зөрчил яагаад гарсан шалтгаан нөхцөлийг тодруулна, зөрчлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авна гэсэн байдаг. Тэгэхээр Б.Б болон н.Б гээд хүмүүс үнэхээр архи уусан зөрчил гаргасан юм бол зөрчил яагаад гарсан, мөн энэ зөрчлийг арилгах талаар ямар ажиллагаа хийх ёстой вэ гэдгээ өөрсдөө тайлбарлаж, энэ талаар баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Ийм баримтыг захиргаанаас гаргаж өгөөгүй. Гаргаж өгөөгүй гэдэг нь ийм зөрчил гарсан болох нь  нотлогдохгүй. Даргатай хувийн таарамжгүй харилцаатай байсан гэдгээ Б.Б өөрөө ч хэлдэг. Дарга нь ч гэсэн хуралдаан дээр бид хоёр олон удаа маргаж байсан, муудалцаж байсан гэж хэлдэг юм байна лээ. Ер нь таарамжгүй харилцаан дээр тулгуурлаад Б.Бийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд ажлаас халаад байгааг зөвшөөрөхгүй.

Ийм учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Бээс “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Удирдлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус газрын зарим ажилтнууд ажлын байран дээр архидан согтуурч, ёс зүйн зөрчил гаргасан асуудлыг хэлэлцэж, зөрчлийг тогтоож, тус газрын ажилтан Ч.Бд 3 сарын хугацаанд цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, Б.Бийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргаснаар тус газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.Бийг “албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон холбогдох хууль, дүрэм, журмуудыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халсан байна.

3.1. Нэхэмжлэгч Б.Бын хувьд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлын байрандаа ажлын цагаар согтууруулах ундааны зүйл буюу цагаан будааны архи уусан, улмаар ёс бус үг, үйлдэл, бүдүүлэг зан авир гаргасан болох нь хэрэгт авагдсан дуу бичлэг, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.

3.2. Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Б өмнө нь сануулах сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан гэж үзэж, мөн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзаж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-т “төрийн албанаас халах”, мөн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2016 оны А/37 дугаар тушаалаар батлагдсан “Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дотоод журам”-ын 10-д “Сахилгын шийтгэл ногдуулах” гээд 10.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон заалтыг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна” тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хамт архи уусан гэх Ч.Быг цалингийн 20 хувиар бууруулах арга хэмжээ авч, Ө.Т огт арга хэмжээ аваагүй атлаа Б.Бийг ажлаас халсан нь шударга ёсны болон тэгш байдлын зарчимд үл нийцнэ” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

4. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Б.Бээс 0.20 түүнээс дээш промиль илрээгүй тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэмээн үзэх боломжгүй” гэж гомдолдоо тайлбарлаж байна.

4.1. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам” нь гагцхүү тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэнд хамааралтай.

4.2. Нэхэмжлэгч Б.Б нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд “Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дотоод журам”-ын 3.2-т “Ажилтан дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ”, 3.2.11-д “ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, бусдынхаа ажилд саад болох зан авир гаргах, үйлдэл хийхийг цээрлэж, эелдэг зан харилцааг эрхэмлэн ажиллах” гэж заасан нь ажлын байранд согтууруулах ундаа огт хэрэглэхгүй байхыг журамласнаас бус нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласанчлан “зөвшөөрөгдөх хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохоор” зохицуулаагүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй.

4.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ