Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0812

 

 

 

 

 

2021 12 02 0812

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням  даргалж,  тус шүүхийн  шүүх  хуралдааны  гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Хариуцагч: Батлан хамгаалахын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарын хоорондын Батлан хамгаалахын сайдын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/*7 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б нь Батлан хамгаалахын сайдад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа Батлан хамгаалах яамны сайдын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/*7 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байгаад урьд эрхэлж байсан Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах гэж нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч нь анх Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 172 дугаар тогтоолоор Батлах хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тогтоолоор томилогдож, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг өөр ажилд томилогдох болсонтой нь холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Ингээд Батлан хамгаалахын сайдын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Батлан хамгаалахын сайдын албан ажлын шаардлагыг харгалзан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг гаргажээ.

Хариуцагч сонсох ажиллагаа зохион байгуулсан гэж 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэлд үйлдэж, нэхэмжлэгчийг албан ажлын шаардлагыг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай утсаар ярьсан гэжээ.

Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянаад маргаан үүсгэн шийдвэрлэх боломжгүй гэж 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/1205 дугаартай албан бичгээр хариу хүргүүлж, шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ханджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус юм.

Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн байх ёстой байдаг. Үүний дагуу захиргааны актын агуулга хэлбэрийг захиргааны ерөнхий хуульд тодруулсан байдаг. Захиргааны актыг бичгээр гаргах үндсэн шаардлага нь захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах ёстой байдаг. Мөн захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон заалтыг тодорхой заах ёстой. Мөн захиргааны актад захиргааны актыг гаргах хууль зүйн бодит үндэслэл, нөхцөл байдлыг заах ёстой. Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь энэ үндэслэлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй.

Урьд нь авсан сахилгын арга хэмжээний үйлчлэл мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д сахилгын нэг зөрчил сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй, сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан байдаг. Монгол Улсын сайд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарийн хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36, 32 дугаартай хамтарсан тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг дээрх тушаалын хавсралтаар баталсан байдаг. Үүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн үр дагавар, нөхцөл байдал, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, үйлдэл, эс үйлдэхүй, хоорондын шалтгаант холбоо гэх мэт, сахилгын нэг зөрчилд нэг шийтгэл ногдуулах ба сахилгын нэг шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй, сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол зөрчил гаргаагүй буюу сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол улсад хууль ёсоор оршин байгаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээ эрхэлсэн байдал, албан тушаал, шашин шүтлэг, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгчийг цэргийн албан хаагчийн үүргийг зөрчсөн гэж үзсэн байсан. Захирагч даргын тушаал шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байх ёстой байдаг бөгөөд хууль тогтоомжид нийцээгүй үүргийг биелүүлэх үүрэггүй юм. Гэтэл цэрэг хүн дарга үүрэг өгч байхад ямар ч үүргийг зайлшгүй биелүүлэх ёстой. Энэ нь хууль тогтоомжид заасан гэх үндэслэлийг зөрчиж байна. Цэргийн албан хаагч нь мэргэжил, мэргэшил, ур чадвар, ёс зүйн болон дадлага албан туршлагаар тушаалд дэвших, томилогдох бүрэн эрхтэй байдаг гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаас аль болох халихгүйгээр Батлан хамгаалах сайдын 07 тоот тушаалыг хүчингүй болгох тухай асуудал яригдаж байгаа болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт сахилгын асуудлын хувьд өмнө нь авагдсан асуудал ямар ч хамаагүй мэтээр ярьж болохгүй. Нэг буюу түүнээс дээш удаа сахилга үйлдвэл тухайн этгээдийг ажлаас халах зохицуулалттай. Өмнөх сануулсан сахилгын арга хэмжээ нь өнөөдөр аваад дууссан хэдий ч дараа нь хамаагүй юм биш. Үүний дараа 2-3 сарын дараа дахин нэг сахилгын арга хэмжээ авагдахад ажлаас халагдах зохицуулалт хуульд байна. Нэг авагдсан учир дууссан болсон гэсэн үндэслэл тайлбарлаж болохгүй. Батлан хамгаалахын сайдын тушаал нь хуульд нийцэж гарсан гэж үзэж байгаа.

Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан цэргийн албан хаагчийн үүрэгт цэргийн албан хаагч нь дээд албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр, тушаалыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй байдаг. Цэргийн албан хаагч тушаалаар үүрэг гүйцэтгэж, биелүүлдэг нь хууль тогтоомж дүрэмд байдаг учир хууль, тогтоомжид заасан зүйлийг Батлан хамгаалахын сайд хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл цэргийн албан хаагчийн ажлаас чөлөөлөх зохицуулалт Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т заасан байдаг. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан байдаг. Энэ тушаалд Х.Б генералыг ажлаас халсан зүйл байхгүй, Төрийн захиргаа удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн байгаа. Хамгийн гол нь генерал хүнийг тухайн ажлын байранд томилох албан тушаал нь болохгүй байгаа. Харин доод албан тушаалын ажлууд их гарч байгаа. Албан ажлын шаардлагаар чөлөөлсөн гэж үзэж байгаа. Учир нь өмнө нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байсан, сайд дуудахад ирэхгүй байсан.

Холбогдох хяналт шинжилгээ, үнэлгээ, шалгалтын ажил хийгдсэний дараа арга хэмжээ авагдсан. Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 3-т байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх гэж заасан байдаг. 3 дугаар зүйлийн 3, 4 гадаад зах зээлд худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, олон улсын цэрэг, техник оролцох гэх мэт зорилт чиг үүргийг хангалттай биелүүлж чадаагүй гэж үзэж байна. Учир нь одоо томилогдсон байгаа н.Э генерал нь Оросын холбооны улсад их сургууль төгссөн, орос хэлтэй байсан. Аж үйлдвэрийн нэгдэл гээд манай байгууллагын нэг онцлог байдаг, энэ нь зэвсэг техник хэрэгслээ Оросын холбооны улсаас авдаг. Оросын холбооны улстай байнгын харилцаатай ажилладаг. Энэ тал дээр н.Э генерал илүү үр дүн гаргаж ажиллаж байгаа гэдэг үүднээс удирдлагууд энэ албан тушаалд томилсон.

Төрийн захиргаа удирдлагын газрын мэдэлд байгаа гэдгийг Х.Бийг ажлаас халсан мэтээр ярьж болохгүй. Учир нь энэ хүн халагдсан тушаал биш, чөлөөлөгдсөн тушаал байдаг. Иймд хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Шийдвэр гаргасны дараа шүүх хуралд хэлж байсны дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д өмнө нь төрийн нарийн бичгийн дарга байсан хүн урьд эрхэлж байсан ажилтайгаа холбогдуулан аж ахуй нэгж байгууллагад ажил эрхлэхийг хориглосон заалт байгаа. Иймд ажлаас чөлөөлсөн нь зөв зүйлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Батлан хамгаалахын сайдын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Бригадын генерал Х.Бийг Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан үүрэгт ажлаас Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар албан ажлын шаардлага-аар чөлөөлжээ.

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч ...маргаан бүхий акт нь төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх үндэслэлийг хэрэглэхгүйгээр гаргасан, аль ч хуулийн хүрээнд бодит байдалд ажлын шаардлагаар чөлөөлөх эрх зүйн орчин үүсээгүй, үүрэг гүйцэтгэгчийг өөрийн хамаарал бүхий этгээдээр сольж томилсон нь хууль бус гэж, хариуцагч ...маргаан бүхий тушаал нь сайдын хуулиар өөрт нь олгогдсон бүрэн эрх, цэргийн албан тушаалтан сайдын тушаалд захирагдах үүрэгтэй, Төрийн албаны тухай хуулинд Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан бөгөөд Х.Б нь бригадын генерал цолтой тул Цэргийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн, мөн түр томилох нь хууль зөрчиж байгаа тул ажлаас чөлөөлсөн нь зөв... гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Төрийн албан хаагчийн анкетаар нэхэмжлэгч нь Төрийн албанд тасралтгүй 32 жил ажилласан, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар 2003 онд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 41 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг өөр ажилд томилогдох болсонтой нь холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн албаны зөвлөлийн Батлах хамгаалах яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Албан ажилд томилох дүгнэлт гаргах тухай 10/01 дүгээр тогтоолоор Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ Ерөнхий захирлын албан тушаалд томилохоор тогтоож, Батлах хамгаалахын сайдын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Албан тушаалын тодорхойлолт батлах тухай А/47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ Ерөнхий захирлын албан тушаалын ангилал зэрэглэлийг Төрийн тусгай, ТТ-16 гэж заасан тул Төрийн албаны тухай хууль 13 дугаар зүйлийн 13.1.4зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага гэж заасан Төрийн тусгай албан хаагч байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтын зорилт 1 дүгээр зүйлийн 3-д Байгууллагуудын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, 3 дугаар зорилтын 3-д Зэвсэглэл, цэргийн техникийн зах зээлийн судалгаа хийх, төрийн цэргийн байгууллагуудыг зэвсэглэл,цэргийн техник, материал хэрэгслээр хангах, 4-д Зэвсэглэлээс хасагдсан зэвсэглэл, техникийг гадаад зах зээлд худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, 5-д Олон улсын цэрэг, техникийн үзэсгэлэн худалдаанд оролцох, дотоодоо сурталчилан таниулах чиг үүргээ биелүүлж ажиллаагүй, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэж буруутгаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үзвэл Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 16/2781 дугаартай ...2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ми-8т загварын 1 нэгж тээвэр-байлдааны нисдэг тэрэг худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 3,6 төгрөгийг буцаан нэхэмжлэн төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж, ажлын тайланг ирүүлэх тухай албан бичгийг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын Захиралд хүргүүлжээ.

Мөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Батлах хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын 2019 он, 2020 оны 2 дугаар улирлыг дуусталх хугацааны санхүү, ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийж Улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 06-02/03 дугаартай албан шаардлагыг хүргүүлжээ. Уг шалгалтын дүнгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзэж, Батлан хамгаалахын дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлд тусгаж, мөн өдрийн 03 тоот тогтоолоор Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГазарт зөвлөмж хүргүүлж, үүнийг үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч дээрх сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акттай маргаагүй ч хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтыг чөлөөлсөн үндэслэлтэй хамаатуулан тайлбарлаж байгаа тул Батлах хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын 2019 он, 2020 оны 2 дугаар улирлыг дуусталх хугацааны санхүү, ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийснээс үзвэл нэхэмжлэгчийг 2020 оны 8 дугаар сард томилогдохоос өмнөх цаг үеийн асуудалд хамаарахаар байна гэдгийг дурдах нь зүйтэй гэж үзлээ

Батлан хамгаалах сайдын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/*7 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг албан ажлын шаардлагыг харгалзан ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх сануулах сахилгын шийтгэл ногдуулсан зөрчлүүдтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш дахин зөрчил гаргасан гэх баримт байхгүй, захиргааны байгууллагаас дахин зөрчил тогтоосон ажиллагаа хийгээгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолтод болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд, харин тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т ... албан үүргээ биелүүлээгүй... гэдийг хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгохоор байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно гэсэн нь албан үүргээ биелүүлээгүй болон хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийг тогтоож, сахилгын шийтгэлийг нэг удаа ногдуулах гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн маргаан бүхий 2021 оны Б/*7 дугаартай тушаал нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл биш байх бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан Цэргийн алба хаагчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлд ч хамаарахгүй байна.

Харин Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно гэж заасан, энэхүү хуулийн заалтын урьдчилсан нөхцөл нь Цэргийн алба хаагчийг өөрийн хүсэлтийг харгалзах, өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлс, цэргийн цолыг бууруулж болохгүй гэж заажээ. Эндээс үзвэл ажлын шаардлагыг харгалзан гэх үндэслэл нь Цэргийн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зохицуулалтад бус харин сэлгэн ажиллуулах тохиолдолд хэрэглэгдэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...анхнаасаа буруу томилсон, тухайн ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тул чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана, 43.2-д Түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана гэж зааснаас үзвэл маргаан бүхий акт нь дээрхи хуулийн заалт болон мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлүүдийг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх үүргийг эдлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй, учир нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалаас өөр ажил албан тушаалд томилогдох болсонтой нь холбогдуулан чөлөөлж, мөн Цэргийн албаны тухай хуулийн 21.3Цэргийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлс, цэргийн цолыг бууруулж болохгүй гэж заасан баталгаагаар хангагдах эрхтэй юм.

Мөн нэхэмжлэгчийг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын ерөнхий захирлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, Бригадын генерал цолтой, тард тасралтгүй 32 жил ажилласан байх тул Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч-ээр томилогдсон гэсэн үндэслэлээр төрийн тусгай албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон бусад бусад холбогдох байгууллагаар хамгаалуулах эрхтэй, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаагаар хангагдах эрхийг эдлэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тухайд Төрийн албанд түр томилогдсон этгээд гэж үзэхгүй бөгөөд харин түүний эрх зүйн байдлыг нь дордуулж, хуульд заагаагүй үндэслэлээр Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захиргааны байгууллагын шийдвэрийн хариуцлагыг хүлээхгүй юм.

Гуравдагч этгээдийн хувьд Батлан хамгаалахын сайдын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ Ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон хэдий ч, 2018 онд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон, Авилгатай тэмцэх газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 01/2331 дугаартай албан бичигт ...Төрийн тусгай албан тушаалд томилохоор нэр дэвшүүлсэн нь хууль зөрчинө гэсэн албан бичыгийн Батлан хамгаалахын сайдад хүргүүлсэн тул энэ хэргийн улмаас түүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ бичгээр ирүүлсэн болно.

Иймд маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5 дахь заалтад заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ, 57.12-т Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно, 41 дүгээр зүйлийн 41.3-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заасны дагуу цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн цалин 1,232,536 төгрөг, тогтмол нэмэгдэл 739,520 төгрөг,  нийт нэг сарын цалин 1,972,056 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон тул ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өнөөдрийг хүртэл нийт 8 сар 7 хоногоор тооцон ажлын 22 өдөрт хуваан нэг өдрийн цалин 89,638 төгрөг, нийт 16,403,914 төгрөг үүнээс /эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгана/ төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн Батлан хамгаалахын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/*7 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын  албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 42, 46, 62 дугаар зүйлийн 62.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Батлан хамгаалахын сайдын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/*7 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус яамны Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын  албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн  69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 16,403,914 /арван зургаан сая дөрвөн зуун гурван мянга есөн зуун арван дөрвөн/ төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ