Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/195

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ц.Ганцэцэг /тээврийн прокурор/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хохирогч *******, түүний өмгөөлөгч М.Ариунболд,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2303000350063 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Х*******,******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр нарны зам, “Барс” захын хойд замд 06-31 УНИ улсын дугаартай “Хьюндай Ауро сити” /Hyundai Aero City/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох *******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Зам тээврийн ослын улмаас хагалгаанд орсон. Одоо 6 сарын дараа хадаасаа авхуулна. Гэмтэл авснаас хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Өөрт учирсан эмчилгээний зардал болон олох ёстой орлогоо нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлэхдээ: “...Хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Харин хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Жижүүрийн шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11 дэх тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Хохирогч *******ын:

“...Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Барс” зах дээр ачаа ачиж байсан. Тэгээд 10 цаг болж байхад “Барс” зах дотроос хоёр шуудай ногоо аваад замын хойд талын машинд ачих гээд шуудай төмс, сонгино хоёрыг давхарлаж баруун талдаа үүрээд зам хөндлөн гарцаар гарч байтал миний баруун талаас ирж байсан автобус ирээд мөргөсөн. Би газар уначхаад хэсэг шоконд ороод хэвтэж байгаад босох гэтэл босож болохгүй байж байтал намайг хоёр хүн өргөж босгоод автобусанд оруулсан. Тэндээс намайг шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явахаар хөдлөөд бааз дээрээ ирж автобусаа үлдээгээд намайг жижиг машинаар гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Тэнд би үзүүлэхэд миний зүүн талын эгэм хугарсан байна гээд намайг шууд гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. ...ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч :

“...Hyundai Aero City маркийн 06-31 УНИ улсын дугаартай автобусыг манай байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байгаа. Ослын улмаас манай байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэл учраагүй. Үзлэг оношилгоонд 2022 оны 11 дүгээр сард орсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад манай жолооч буруутай гэдэг нь тогтоогдвол манай байгууллагаас бусдад учирсан хохирлыг баримтыг үндэслэж “Ард даатгал”-аас барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-22 дахь тал/,

Гэрч :

“...2022 оны 12 дугаар сарын дунд үед байх би “Барс” захын хойд талын замын 1-р эгнээнд машинаа байрлуулчхаад төмс авах гээд хүлээгээд зогсож байсан юм. Тэгтэл нэг шуудай төмс үүрсэн эрэгтэй хүн “Барс” зах талаас гарч ирээд урд талын замыг нь нэвтрээд замын голд хайсны хажууд зогсож байгаад хойд талын эгнээ рүү ороод 2-3 орчим алхсан байх, тэгтэл автобус ирээд тэр эрэгтэй хүний төмс үүрсэн байсан талаас нь мөргөсөн. Тэгээд газарт унасан. Тэгээд би харж байсан болохоор явж очоод “зүгээр үү ахаа, яаж байна та” гэхэд “намайг өргөөд босгоодхооч” гэхээр нь би өргөөд босгосон. Тэгээд автобусны жолооч гээд нэг эмэгтэй хүн бууж ирээд сандраад “эмнэлэгт үзүүлэх үү, би автобусаа бааз дээр үлдээгээд цаашаа жижиг машинтай эмнэлэг явъя” гээд тэр хүнийг дагуулаад явсан. Тухайн төмс үүрч замаар гарсан эрэгтэй явган хүний гарцаар гарч байсан. Хойд талын замын 2, 3-р эгнээний зааг дээр мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 444 дугаартай:

“...*******ын биед зүүн эгэмний дунд хэсгийн хоёрлосон далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 999634 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-46 дахь тал/, Э.Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Баяраагийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 108 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 86 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн: “...******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ аваагүй байна...” гэсэн 04/81 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

Шүүгдэгч *******ийн:

“... “Барс” захын хойд замд зүүнээс баруун чиглэлтэй явж байхад явган хүний гарцаар 2 шуудай төмсийг баруун талдаа үүрсэн эрэгтэй хүн замын тусгаарлах шугамаар даваад алхаж гарч ирсэн. Би тэр хүнийг хараад 2-3 метр орчим зайнаас тоормосоо гишгэсэн, бүрэн зогсоогүй байсан. Тэгтэл тэр хүн гэнэт урдуур ороод ирсэн. Тэгээд тэр хүнийг автобусны урд гол хэсгээр мөргөхөд газарт унасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчоос гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 105-107 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 9.333.350 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Зам тээврийн ослын улмаас миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч бөгөөд уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал болон олох ёстой байсан орлого зэрэг гэм хорын хохирол төлбөрт нийт 10.193.217 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хохирол төлбөрийн талаар маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байдаг. Иймд хохирогчийн олох ёстой байсан орлогыг иргэний хариуцагч төлөх нь хуульд нийцнэ. Харин хохирогчийн нэхэмжилж байгаа бусад хохирлоос эмчилгээний баримтуудыг үнэлж хохирол гаргуулахаас бусад байдлаар тээврийн хэрэгслийн шатахууны зардлыг гаргуулах нь зохимжгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр нарны зам “Барс” захын хойд замд 06-31 УНИ улсын дугаартай “Хьюндай Ауро сити” /Hyundai Aero City/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Жижүүрийн шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч Х.Батбилэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 444 дугаартай  шинжээчийн дүгнэлт, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 999634 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Баяраагийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 108 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “*******” ХХК-/тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн дарга /-ийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд ******* нь дээрх байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нийтийн тээврийн үйлчилгээний автобусны жолоочоор ажил үүрэг гүйцэтгэж байсан байх тул *******ийн ажил үүргээ гүйцэтгэх явцад зам тээврийн осол гаргаж бусдад учруулсан хохирлыг ажил олгогч нь хуульд заасны дагуу хариуцах үүрэг бүхий этгээд байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгч нараас эмчилгээ хийлгэсэн зардал, ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого болон бусад гэм хорын хохирол төлбөрт нийт 10.193.217 төгрөг нэхэмжилсэн боловч ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан зэрэг хохирол төлбөрт баримтаар тогтоогдож байгаа 9.339.045 төгрөгийн хохирлыг хуульд заасны дагуу гэм хорыг арилгах үүрэг бүхий иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эрдэм транс” ХХК-иас гаргуулж хохирогч *******т олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 854.172 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эрдэм транс” ХХК нь гэм хорын зардлыг гэм буруутай этгээд болох *******ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу болон хохирол төлбөрийн хувьд маргаагүй. Түүнчлэн зам тээврийн ослын дараа хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, хохирол төлбөрт 1.030.000 төгрөгийн хохирол төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2303000350063 тоот дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эрдэм транс” ХХК-иас 9.339.045 /есөн сая гурван зуун гучин есөн мянга дөчин таван/ төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 854.172 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эрдэм транс” ХХК нь өөрт учирсан хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ