| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2023/0107/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Олзод, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,
иргэдийн төлөөлөгч Л.Лхагвасүрэн,
улсын яллагч Г.Билгүүн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн 2206 00000 2249 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр амь хохирогч И.Чтэй Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын “Цэ” пабд танилцаж, архиа согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, улмаар хохирогч И.Ч-гийн оршин суух ... тоот гэрт нь хамт очиж, 2022 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч И.Ч-г 28 удаа хутгалж биед нь олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би найзтайгаа цуг байхдаа 4,5 шил пиво уусан. Дараа нь бид хоёр дахиад 10 пиво захиалсан. Найзыгаа яваагүй байхад бид хоёр тооцоо хийх гэж очсон. Тэгэхдээ бид хоёр хоорондоо задгай хэсэгт нь гарч бага зэрэг ууж сууя гэж ярилцсан. Тэгээд найз маань гарч явсан. Би найзыгаа тамхины өрөө рүү явж байгаа юм байх гээд пивонуудаа авчихаад найзыгаа жаахан хүлээсэн. Найз маань ирээгүй. Манай найзын утас нь цэнэггүй болоод унтарсан байсан. Би задгайд нь гарч ирээд сууж байгаад ариун цэврийн өрөө орсон. Тэгэхэд хохирогчтой зөрсөн. Намайг хараад байсан. Би тэр үедээ нэг их сайн ажиглаагүй, хажуугаар нь гарч явсан. Намайг задгайд сууж байхад “Цэ” пабаас гарч явж таарсан. Би ганцаараа сууж байхад над руу хараад байсан. Би өөдөөс нь харсан. Тэгээд явчих шиг болохоор нь би утсаа оролдоод сууж байсан. Нэг харсан чинь ирчихсэн байсан. “Чи сая хоёулаа явж байсан, найз чинь явсан уу, чи ганцаараа байгаа юм уу” гэсэн. Би “тийм ээ эгчээ, та хоёр хамт суувал суугаач” гэхэд зөвшөөрсөн. Бид 3 нэг ширээнд суусан. Намайг тамхины өрөөнд тамхи татаж байхад хохирогч орж ирээд “манайх руу цуг явъя” гэсэн. Тухайн үед нь би “яах юм бэ эгчээ” гээд өрөөнөөс гарах гэж байхад миний яакнаас татаад өөрийн хувцсаа тайлсан. Миний яакнаас барьсныг нь болиулчихаад ширээндээ очиж суусан. Нэлээд удсаны дараа хохирогч ирж суусан. “Цэ” пабаас гарч явснаа би сайн санахгүй байна. Нэг мэдэхэд намайг сугадаад бид хоёр нэг орц руу орж байсан. Нарийхан коридор шиг юмаар явж байшин руу орсон. Би гэрт нь ороод гудас шиг зүйл дээр хэвтсэн. Тэгээд нэг харахад хохирогч хувцсаа тайлаад ариун цэврийн өрөөнөөс гарч ирж байсан. Миний хувцсыг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Шалтгааныг нь би санахгүй байна. Нэг харахад хохирогч над руу хутга бариад дайрч байсан. Би гайхаж, сандарсандаа хутганы ирнээс бариад авсан. Хутгыг гараас нь салгах гэхэд хутгаа хойш нь сугалж авсан. Миний гараас цус гоожиж, халуу оргиж, янгинасан. Хохирогч дахиад над руу дайрахаар нь би сандарсандаа биеэс зайлуулах гээд хойш нь хутгатай нь түлхсэн. Хутга барьж дайраад би хутганаас нь барьж байснаа санаж байна. Над руу дахиад далайхаар нь би сандарсандаа өөрөөсөө зайлуулж түлхэж унагаасан. Нэг сэрсэн чинь цусан дунд байсан. Тухайн үед миний гарыг зүсэхэд би яаснаа санахгүй байна. Цус хараад маш их сандарсан. Миний бие өөрийн болчимгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосондоо харамсаж байна. Хэдий уучилж болшгүй алдаа гаргасан ч хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Тухайн үед ийм хэрэг болно гэж би бодоогүй. Ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийснээ санахгүй байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирогч бол манай ээжийн хамгийн том эгч байсан. Манай эгч хоёр эмэгтэй дүүтэй, хоёр охинтой байсан. Бага охинтойгоо хамт амьдардаг байсан. Том охин нь Англи улсад гэр бүлийн хамт амьдардаг. Дээр дурдсанчлан манай талынхан бүгд эмэгтэй хүн байдаг тул би гэр бүлээ төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Манай эгч манай гэр бүлийн хамгийн ахмад хүн байсан. Жам ёсоороо биш, хэрцгийгээр алуулсанд маш их харамсалтай байна. Хохирлын хувьд оршуулгын зардал, том охин нь ээжийгээ нас барсныг мэдэж Англи улсаас Монгол улс руу ирсэн. Тухайн зардлуудыг нэхэмжилж, гаргуулж авсан. Бидний зүгээс улсын яллагчийн саналыг дэмжиж, шүүгдэгчид хуулийн дагуу шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. 23.100.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн нь хохирогчийн бага охины дансанд орсон байсан. Хууль ёсны дагуу хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
/1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/1 дүгээр хавтаст хэргийн 5-17 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/1 дүгээр хавтаст хэргийн 18-32 дахь тал/
Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол,
/1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ... тоотод 2005 оноос хойш өөрийн ээж И.Чгийн хамт оршин сууж байна. ...Ингээд би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өглөө өөрийн гэртээ ээж И.Чгийн хамт байхдаа өглөөний 07 цагийн үед өөрийн ажилладаг байгууллагын бэсрэг наадам амралтын өдрөөр болж байсан тул тухайн арга хэмжээнд оролцохоор гараад харин ээж И.Ч нь гэртээ унтаад үлдсэн, миний мэдэж байгаагаар манай ээж тухайн өдөр надад гадагшаа гарахгүй гэртээ байна гэж хэлж байсан. ...ээждээ гэрээс гарахдаа хэлсэн байсан тул дахин гар утсаар ярилгүй тэндээ хоноод 2022 оны 06 сарын 26-ны өглөө ...06 цагийн үед ажлын найз Бат-Өлзийгийн нөхөр болох Бямбадорж нь машинтай ирээд авахад нь суугаад 06 цаг 50 минутын үед өөрийн гэрийн хаалган дээр ирээд өөрт хаалганы түлхүүр байсан тул хаалга тогшилгүй түлхүүрээрээ онгойлгоод дотор үүдний хэсэгт ороод гэрэл унтарсан байсан тул үүдний хэсгийн гэрлийг асаагаад өөрийн үүрч явсан хар ангийн үүргэвчтэй цүнхийг хаалганы эсрэг талын хана дагуулан тавьсан хувцасны шүүгээний урд газар тавиад санамсаргүй байдлаар урд зүг рүү буюу гал тогооны өрөө хэсэг рүү харсан чинь газарт угаалгын машины харалдаа манай ээж дээшээ харсан байдалтай хувцасгүй, биеийн ил харагдах хэсэг буюу биеийн зүүн талын хэсэгт олон тооны зүсэгдсэн шархтай, их хэмжээний цус гарсан байсан тул ээж рүүгээ дөхөж очоод сандарсандаа түүнийг хамгийн түрүүнд амьсгалж байгаа эсэх талаар шалгахаар нүүр хэсэгт ойртож хамар хэсэгт өөрийн баруун гарын алганы дотор хэсгээр хүрэхэд ямар нэгэн амьсгалж байгаа зүйл мэдэгдэхгүй, миний гараар хүрсэн хэсэг хүйтэн, ямар нэгэн хөдөлгөөнгүй, нүд хэсэг нь хагас аньсан, гар болон хөлийг биеийн дагуу шулуун байдалтай тавьсан байсан тул өөрийн ээжийг нас барсан гэдгийг ойлгоод ...103 дугаарт залгаж “гэртээ ирсэн чинь манай ээж өнгөрчихсөн байна, бие нь хүйтэн байна” гэж хэлэхэд надад дуудлагыг хүлээж авлаа гээд гэрийн хаяг тэмдэглэж авсан. ...Би хамгийн сүүлд буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед өөрийн гэрээс гарахад манай ээж И.Чд ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Манай гэрийн хаалганы түлхүүр нийт 2 ширхэг байдаг, 1 нь надад, нөгөө нь манай ээжид байдаг. Өөр ямар нэгэн хүнд хаалганы түлхүүр байдаггүй. Би өөрийн гэрийн гадаа ирээд гэртээ орох хүртэл ямар нэгэн зүйл бодоогүй тул надад сэжигтэй зүйл анзаарагдаагүй, надтай ямар нэгэн хүн таараагүй, Харин би өөрийн гэртээ ороод ээжийгээ нас барсныг мэдээд ойролцоох эд зүйлийг харж үзэхэд манай гэрт байдаггүй, би урьд өмнө харж байгаагүй саарал өнгийн зузаавтар материалтай цус болсон цамц манай ээжийн биеийн зүүн талын мөр дагуу угаалгын машины харалдаа байхыг хараад тухайн үедээ манай ээжид ийм хувцас байхгүй, надад ийм хувцас байхгүй тул энэ гадны өөр хүний хувцас байна гэж бодсон. Манай ээж хааяа баяр ёслолын үеэр өөртөө тохирсон архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Ингэхдээ уудаг зүйл нь гэвэл архи болон энгийн пиво уудаггүй, Сэнгүр нэртэй пивоны лимоны амттай төрлийн бага зэргийн градустай пивоноос 1-ээс 2-ыг гэртээ уудаг байсан, түүнээс ихийг уудаггүй байсан” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 41-44 дэх тал/
Гэрч П.Бямбадоржийн 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 11 цаг 30 минутын үед ирэхэд Д.Э манайд унтаж байсан. Тэгээд би Д.Э-т “гадагшаа гарч сим картаа сэргээлгэлээ, чи хамт гарах уу” гэж асуухад “тэгье, тэгье” гээд Сансарын түнел орж Мобикомын салбар орсон. Харин Д.Э, Т март ороод ирье гээд салаад явсан. Тэгээд би сим картаа сэргээлгэчихээд хажуу талд нь байх олон үндэстний зоогт хоол идчихээд Д.Эын дугаарлуу залгаж хаана байгаа талаар асуухад “би Сансарын “Цэ” пабд байна хүрээд ир” гэж хэлэхээр нь тухайн пабд очиход Д.Э ганцаараа нэг пиво урдаа тавьсан байдалтай ууж байсан ба намайг ороход нэмээд 2 пиво захиалсан. Тэгээд бид 2 дахиад 2, 2 пиво захиалаад уусан. Пивоо ууж дуусаад текен дээр өмнө авсан пивоныхоо тооцоог хийгээд байхдаа “дахиад 10 пиво авчихъя” гэхээр нь би “одоо болноо, би уухгүй явлаа” гээд явсан. Тэр үед 17 цаг болж байсан ба би харилаа гээд шууд гэртээ харьсан. Харин Д.Э “Цэ” пабд ганцаараа үлдсэн. ...Тэгээд ирэхгүй байлгүй гэж бодоод 02 цагийн үед унтаад өгсөн. Тэгээд манай найз охин Цэрэнлхам өнөөдөр өглөө 11 цаг өнгөрч байхад ажилдаа явсан. Би ганцаараа гэртээ үлдсэн. Харин Д.Э ирээгүй.” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/
Гэрч П.Бямбадоржийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...би Д Д.Э-ын хамт манай гэрт очих талаар удаа дараа хэлсэн боловч миний үгийг тоолгүй тухайн газрын тооцоо хийдэг тек хэсэг дээр очоод дахин нэмээд 10 шилтэй Сэнгүр нэртэй пиво захиалсан тул би “уухгүй” гэж хэлээд шууд өөрийн гэртээ очихоор тухайн газраас ганцаараа гарсан. Үүнээс хойш би гэртээ шууд очоод эхнэр Цэрэнлхамын хамт гэртээ байхдаа хоол хийх гээд мөнгөгүй байсан, тухайн үедээ Д. Д.Э мөнгөтэй байгааг мэдэж байсан тул 20.000 төгрөг зээлэхээр түүний “Д.Э” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг руу орой 23 цаг 40 минутын орчим чатаар “20.000 төгрөг зээлчих, маргааш өгье” гэсэн утга бүхий чат бичсэн чинь миний бичсэн чатыг уншаад хариу өгөхгүй байхаар нь би дахин “дэлгүүр очоод хүлээж байх уу” гэж чат бичсэн чинь Д.Э нь уншаад “лайк” дарсан эможи явуулсан, тэгээд би дэлгүүр хүлээж байсан чинь 20.000 төгрөг миний данс руу орсон. Үүнээс хойш би дахин холбогдоогүй.” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/
Гэрч Г Мөнхдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Цэ энд цэ” ХХК-д ажлаад 2 сарын хугацаа өнгөрч байна. 2022 оны 06 сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутаас 06 сарын 26-ны өдрийн 02 цаг хүртэл гараатай байсан. Би 11 цагт ажил дээрээ ирээд ажлынхаа хойд өрөөнд нүүрээ будчихаад 13 цагийн үед гараад ирэхэд манай зааланд хоёр залуу дөрвөн пивотой сууж байсан. Саарал цамц, цэнхэр жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй байсан. Нөгөө залууг нь сайн санахгүй байна. Тэр хоёр 2 цаг орчим сууж байгаад нэмж 10 ширхэг пиво захиалаад цэнхэр жинстэй залуутай хамт явж байсан залуу манайхаас гараад яваад өгсөн. Тэр залууг явахын өмнө нь манай VIP өрөөнд 40-50 орчим насны хоёр эгч орж ирээд гурав гурван ширхэг пиво уусан байсан байх. Тэр хоёр орж ирсэн эмэгтэйн нэг нь манай хажуугийн жимсний лангууг ажиллуулдаг. Манайхаар байнга орж ирдэг юм. ...Би хажуугаар нь юм аа зөөгөөд явж байхад тэр хоёр эгч нөгөө ганцаараа 10 пиво захиалсан залууг “эгчийн дүү ганцаараа явж байгаа юм уу, найзууд нь яасан юм” гээд асууж байгаа нь сонсогдсон Нөгөө залуу нь “тиймээ ганцаараа явж байна. Цуг суух юм уу” гэсэн чинь нөгөө хоёр нь зөвшөөрөөд цуг сууцгаасан. Тэр хэд пивоо хувааж уугаад энэ гурав гурвуулаа нэлээд согтолттой манайхаас 18 цагийн үед гурвуулаа цуг гараад явсан. ...Ямартай ч гадаа нэлээд харанхуй болсон байхад нөгөө залуу манайд буцаж ирээд яакаа асуугаад аваад гарсан.” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/
Гэрч М.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөө манай дэлгүүрийн урд талд байрлах ... байрны 60 настай эмэгтэй нас барсан гэж мэдсэн. Манай дэлгүүрийн хяналтын камераар /урагшаа харсан/ шүүж үзэхэд өчигдөр орой буюу 2022 оны 06 сарын 25-ны өдрийн орой 18 цагийн үед орцлуугаа нэг залуутай орж байгаа харагдаж байсан. Тэрнээс хойш одоогоор орцноосоо гарч ирсэн зүйл харагдахгүй байна. Талийгаач нь орос рестораны урд жимсний дэлгүүрт худалдагч хийдэг.” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/
Гэрч А.Номинзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2013 оноос хойш ... тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдарч байна. Манай байрны ... тоотод настай, хөгшин эмэгтэй цагаан өнгийн нохойтойгоо амьдардаг юм. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 18:30 цагт Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо ... байрны үүдэнд нөхөр Эрдэнэбатыг гэрийн түлхүүр авч ирэхийг нь хүлээж байсан юм. Тэгтэл ... тоотод амьдардаг хөгшин эмэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан ба түүнтэй хамт 25-30 орчим настай үл таних эрэгтэй хүн явж байсан. Тэр 2 нь ... орц руу орсон. Тэгэхдээ хөгшин эмэгтэй нь надтай мэнд мэдээд зөрсөн. Тэр үеэс хойш ... тоотод амьдардаг хөгшин эмэгтэйтэй таараагүй. ...Үл таних эрэгтэй нь согтолт их байсан. Тухайн үл таних эрэгтэй нь бараан өнгийн өмд, цамцтай, бор царайтай эрэгтэй байсан” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/
Гэрч Б Бат-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...амралтын газартаа хоноод өнөөдөр өглөө 2022 оны 06 дугаар сарын 26-ны 05 цагийн үед нөхөр Бямбадоржийг дуудаж Бямбадорж нь 06 цагийн үед бид хоёрыг ирж авсан. Улмаар бид гурав Э.Баяржаргалын гэр рүү нь явж байхад би ядраад машиндаа унтаад явж байгаад Э.Баяржаргалыг буулгасны дараа буюу Шадивлингийн тийшээ байдаг зуслан руугаа очоод сэрсэн юм. Би тэр үед Э.Баяржаргалыг Бямбадорж буулгасан талаар мэдсэн. Тэгээд зуслангийн байшин руугаа ороод шууд унтсан, өглөө 09 цагийн үед Э.Баяржаргал над руу залгаад би сэрээд гар утсаа аваад ярьсан чинь Э.Баяржаргал нь “мессеж авсан уу, ээж маань өнгөрчихлөө, намайг машинаас буулгасан талаар ирж мэдүүлэг өг, би бас нарийн зүйлийг мэдэхгүй байна, намайг гэртээ ороход ээж гал тогооны өрөөнд цус алдсан байдалтай байсан” гэж надад хэлэхээр нь би нөхөр Бямбадоржтой хамт ирсэн юм.” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал/
Гэрч Б.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чимгээ эгч миний ээж Оюунчимэгийн төрсөн эгч юм. Чимгээ эгч хүнд их тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ямар нэг муу зуршилгүй хүн байсан. Чимгээ эгч охин Баяржаргалын хамт амьдардаг, өөр ямар нэг хүн амьдардаггүй” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/
Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өчигдөр буюу 2022 он 06 дугаар сарын 25-ны өдөр Монос группийн Бэсрэг наадам Хан-Уул дүүргийн Чингисийн хүрээ гэх газарт болсон юм. Манай эхнэр Б.Бат-Өлзий Монос группийн салбар байгууллагад ажилладаг юм. Тухайн өдөр Чингисийн хүрээ гэх газарт хоносон юм. Би өнөөдөр өглөө эхнэр Бат-Өлзийг Чингисийн хүрээ амралтын газраас 05 цаг 20 минутын үед очсон ба хамт манай эхнэр Бат-Өлзийгийн найз Баяржаргал суугаад явсан. Тэгээд Баяржаргалыг Сансарын өөрийнх нь байрлуу эргэдэг уулзварын хажууд буулгаад эхнэр Бат-Өлзий бид 2 Дарь-Эх рүү зуслан руугаа явсан.” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/
Гэрч Т.Цэрэнлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 21 цаг өнгөрөөгөөд өөрийн эрхэлсэн ажлаа тараад гэртээ харихад манай нөхөр ганцаараа унтаж байсан. Тэгээд би нөхрөө сэрээгээд 12 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад дэлгүүр ороод буцаж орж ирээд унтаад өгсөн. Харин өнөөдөр буюу 2022 оны 06 сарын 26-ны өдрийн өглөө би сэрээд 11 цаг өнгөрөөгөөд нөхрөө гэртээ ганцааранг нь үлдээгээд ажилдаа явсан.” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал/
Гэрч М.Баасанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд Э.Доржнамжил гэх хүүтэй болж, ...2021 онд 2 дахь хүү Э.Давгадоржийг мэндэлсний дараа хурим найр хийж гэрлэлтээ баталгаажуулсан. Ингээд түүнээс хойш би өөрийн нөхөр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хангай сумын Тэрх багт өөрийн хадмын тал болох хадам аав Г.Дэлгэрцогтын гэртэй айл саахалт болж амьдарч байна. Миний нөхөр Д.Э нь 2 хүүхдийнхээ сайн аав, сайн хань ажилсаг амьдралын ухаантай хүн бөгөөд зан аашны хувьд тайван, хийж байгаа зүйлээ их нухацтай, төлөвлөж хийдэг, хүнд их тусч, харамлах зан байхгүй хүн бөгөөд хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд унтаад өгдөг, элдэв буруу зан ааш гаргадаггүй, бусадтай хэрүүл маргаан хийдэггүй. ...Анх манай нөхөр бид xoёp 2022 оны 02 дугаар сард 7.000.000 төгрөгийн малчны зээл аваад тухайн мөнгөөрөө бод мал худалдаж авсан, ингээд тухайн авсан зээлийн эхний төлөлт 2022 оны 08 дугаар сард 2.000.000 төгрөг төлөх байсан тул нөхөр Д.Э нь Улаанбаатар хот орж 2 сарын хугацаатай барилгын ажил хийгээд олсон мөнгөөрөө зээлээ төлнө гэсэн тул тэгж шийдээд Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан.” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 90-92 дахь тал/
Гэрч Г.Дэлгэрцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн эхнэр Батаа овогтой Мөнхсайхантай 1997 онд танилцаад 1999 онд гэр бүл болоод өөрийн төрсөн нутагтаа буюу Архангай аймгийн Хангай суманд мал маллаж амьдрах болсон. Ингээд миний ганц хүү болох Дэлгэрцогт овогтой Д.Э нь 1999 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэндэлж бага наснаас эхлэн аав ээжийн гар дээр малд явж, хурдан морь унаж, би өөрөө хурдан морь уядаг байсан, ингээд миний хүү цэцэрлэгт явалгүй өсөж том болоод 2007 онд 8 настайдаа Архангай аймгийн Хангай сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, 2014 он хүртэл суралцаж 9 дүгээр ангиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшиж, үүний дараа Архангай аймагт байдаг МСҮТ-ийн авто засварчин мэргэжлээр суралцаж байгаад сургуулиасаа гарч, хөдөө нутагтаа мал маллаж амьдрахаар болсон. ...Архангай аймгийн Жаргалант сумын харьяат М.Баасанжаргал гэх охинтой танилцаж 2021 онд хурим найраа нутагтаа хийж өрх тусгаарлан амьдрах болсон. Хүү Д. Д.Э, бэр М.Баасанжаргал нар нь дундаа 2 хүүтэй бөгөөд бага хүү Э.Давгадорж 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн 1 ой 2 сартай юм. Миний хүү томоотой, дөлгөөн, дуу цөөтэй, олонтой явахдаа ах, эгч, дүү нараа хүндэлж харьцдаг, тайван тул аливаа зүйлд нухацтай ханддаг.” гэх мэдүүлэг,
/1 дүгээр хавтаст хэргийн 93-96 дахь тал/
2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Tse пабын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 54 минут 10 секундын үед хар өнгийн торон цамцтай, саарал өнгийн өмдтэй эмэгтэй, саарan өнгиин юүдэнтэй цамцтай, хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй хамт тамхины өрөөнд орж ирж байна. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 56 минут 32 секундыг заасан цаг хугацаанд тамхины өрөөнөөс гарав.” гэх тэмдэглэл,
/1 дүгээр хавтаст хэргийн 119-125 дахь тал/
2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаартай байрны гадна байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ертөнцийн зүгээр хойд талын гудамжны дүрс бичлэгийг шалгахад 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 17 минут 10 секундээс 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 18 минут 26 секундын хугацаанд малгайтай, хар бараан өнгийн хувцастай эмэгтэй болон саарал өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай эрэгтэй нар согтуу мэт гуйвж ертөнцийн зүгээр зүүн тийш явж өнгөрч байгаа нь харагдаж байна. Хяналтын камерын бичлэгийг цагийг харахад цагийн бүсчлэлийн бодит цагаас 7 минутаар хоцорч байв.” гэх тэмдэглэл,
/1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дахь тал/
2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ru Ru нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 44 минут 22 секунтээс 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 45 минут 44 секунтын дүрс бичлэгийг шалгахад цагаан малгайтай, хар бараан өнгийн хувцастай эмэгтэй болон саарал өнгийн цамцтай бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай эрэгтэй нар бичлэгт харагдах Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны бичлэгт харагдах орц руу орж байгаа нь харагдаж байна.” гэх тэмдэглэл,
/1 дүгээр хавтаст хэргийн 113-115 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1762 дугаар:
“1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Цээж, хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтэн /уушги, уушгины зүүн артер, үнхэлцэг хальс, зүрх, өрц, ходоод/-г гэмтээсэн олон тооны хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цус алдалт 1500мл, үнхэлцгийн хөндий дэх цус алдалт 60мл, цээж, хоёр гарын хутгалагдсан шарх /нийт 28 ширхэг/, цээж, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
3. Талийгаачийн цус нь В3-р бүлгийн харьяалалтай байна. ДНХ шинжилгээг тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний лабораторид шинжээч томилсон тогтоол хүргүүлж хийлгэх боломжтой.
4.Талийгаачийн цогцост 2022.06.26-ны өдрийн 17:20 цагт үзлэг хийхэд нас бараад 12-14 цаг болсон байх боломжтой гэжээ.
5.Химийн шинжилгээгээр талийгаач И.Чгийн цусанд 3.2 промилли, ходоодны шингэнд 5,6 промилли спиртийн зүйл илэрсэн. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй болно. Цусанд 3.2 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
6.Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй.
7.Талийгаач нь дээрх “цээж, хэвлийн хөндий нэвтэрч дотор эрхтэн /уушги, уушгины зүүн артер, үнхэлцэг хальс зүрх, өрц, ходоод/-г гэмтээсэн олон тооны хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цус алдалт 1500 мл, үнхэлцгийн хөндий дэх цус алдалт 60мл, цээж, хоёр гарын хутгалагдсан шарх /нийт 28 ширхэг/ цээж, баруун шууны зулгаралт” гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас барсан байна.
8.Биологийн шинжилгээгээр талийгаач И.Чгийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн, шулуун гэдэсний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна.” гэх дүгнэлт,
/1 дүгээр хавтаст хэргийн 168-173 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2168 дугаар:
“1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл үүсээгүй байна.
2. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт,
/1 дүгээр хавтаст хэргийн 194-197 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаар: “1 Шинжилгээнд ирүүлсэн бор судал бүхий шаргал бариултай хутга нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд тэнцсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй.” гэх дүгнэлт,
/1 дүгээр хавтаст хэргийн 201-204 дэх тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2169 дүгээр:
“1. Шинжилгээнд ирүүлсэн цамцнууд гэмтэлгүй байна.” гэх дүгнэлт,
/1 дүгээр хавтаст хэргийн 219-222 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3391 дүгээр:
“1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр энгийн жинсэн яак дээрээс хүний цус илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй.
2. Цэнхэр өнгийн жинсэн яак дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
3. Цэнхэр өнгийн жинсэн өмд дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
4. Цэнхэр өнгийн жинсэн өмдөн дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой Д.Эын ДНХ-ийн тогтоц тохирч байна, И.Чгийн ДНХ-ийн тогтоц тохирохгүй байна.” гэх дүгнэлт,
/1 дүгээр хавтаст хэргийн 225-228 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3390 дүгээр:
“1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн малгайтай цамц, саарал өнгийн футболка дээрээс хүний цус илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй.
2. Саарал өнгийн малгайтай цамцан дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
3. Саарал өнгийн футболка дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
4. Саарал өнгийн футболка дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Д Д.Эын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. И.Чгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт,
/1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3388 дугаар:
“1.Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн левчик, хар өнгийн торон футболк дээрээс хүний цус илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй.
2. Улаан өнгийн левчик, хар, өнгийн торон футболка дээрээс хүний цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
3. Улаан өнгийн левчик, хар өнгийн торон футболка дээрээс хүний цусны ДНХ-ийн тогтоц нь И.Чгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Д.Эын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэх дүгнэлт,
/1 дүгээр хавтаст хэргийн 239-242 дахь тал/
Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 675 дугаар:
“1. Д.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Д.Э нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
3. Д.Э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Д.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох буюу хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,
/1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дэх тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын сарын 30-ны өдрийн 9153 дугаар:
“1. Д.Эын биед баруун алганд шарх, цээжний баруун хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2 Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн цээжний цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ханган зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/2 дугаар хавтаст хэргийн 3-4 дэх тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3389 дүгээр:
“1 Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дотоожноос биологийн ул мөр илрээгүй, цайвар саарал өнгийн өмд, бор шаргал өнгийн туфл дээрээс хүний цус илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй.
2. Бор шаргал туфл дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцэхгүй.
3.Цайвар саарал өнгийн өмдөн дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
4. Цайвар саарал өнгийн өмдөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь холимог байна. Уг холимог ДНХ-ийн тогтоц нь И.Ч, Д.Э нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт,
/2 дугаар хавтаст хэргийн 8-11 дэх тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/459 дүгээр:
“1.2022 оны 06 сарын 26-ны ... тоотод иргэн И.Ч нь биедээ олон тооны ил харагдах шархтай нас барсан гэх хэргийн газраас шинжээч, х/ч Г.Билгүүний илрүүлж бэхжүүлсэн №1 “үүдний цагаан өнгийн шкафны зүүн дээд өнцгөөс”, №17 “цагаан өнгийн төмөр аяга дээрээс” гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 2 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.
2.Харин №2-3 “үүдний цагаан өнгийн шкафны зүүн доод хэсгээс”, №4 00-н өрөөний баруун рам дээрээс”, №5 “00-н хаалганы баруун рам дээрээс”, №6-7 “00-н хаалганы гадна талаас”, №8 “00-н хаалганы дотор талаас” №9 “цагаан өнгийн Iphone утас дээрээс”, №10-11 “00-н хаалганы дотор талаас”, №12 “00-н хаалганы үүд дээрээс”, №13 “00-н өрөөний цорго дээрээс”, №14 “00-н хаалганы дотор талаас”, №15 “хөргөгчний дээд талын нүүр хэсгээс”, №16, 18 “цагаан өнгийн төмөр аяга дээрээс”, №19 “саарал өнгийн Iphone утас дээрээс” гэж дугаарлан тэмдэглэсэн гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
3.Харьцуулах загварт ирүүлсэн амь хохирогч И.Ч, яллагдагч гэх Д.Э нарын гарын хээний дардсыг зааврын дагуу зөв авч ирүүлсэн нь шинжилгээний шаардлагыг хангаж байна.
4. Шинжилгээнд тэнцэх №17 “цагаан өнгийн төмөр аяга дээрээс” гэж дугаарлан бичсэн дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь Ичинхорлоогийн Чимгээгийн зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна.
5. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөр нь нэгдсэн санд бүртгэгдсэн иргэдийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газруудаас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/2 дугаар хавтаст хэргийн 15-32 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3425 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн хиймэл шүд, шаргал өнгийн бугуйн цаг, хөвөн бамбарууд дээрээс хүний цус илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй.
2. Хиймэл шүд, шаргал өнгийн бугуйн цаг, хөвөн бамбарууд дээрх цус Д.Э, И.Ч нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов.
3. Шаргал өнгийн бугуйн цаг, хиймэл шүд, хөвөн бамбарууд дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой И.Чгийн ДНХ-ийн тогтоц тохирч байна. Д.Эын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт,
/2 дугаар хавтаст хэргийн 54-57 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3426 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн эрхий, дунд, ядам, чигчий, зүүн гарын ядам, чигчий гэх хумснууд дээрээс хүний цус илэрсэн, бусад хумснууд дээр цус болон бусад биологийн ул мөр илрээгүй.
2. Хумсан дээрх цус нь холимог ДНХ-ийн тогтоцтой байна. Уг холимог ДНХ-ийн тогтоцтой И.Ч, Д. Д.Э нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна.” гэх дүгнэлт,
/2 дугаар хавтаст хэргийн 64-67 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 3494 дүгээр:
“1 Шинжилгээнд ирүүлсэн хумсан дээрээс хүний цус илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй.
2. Хумсан дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
3. Хумсан дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь И.Чгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Д.Эын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэх дүгнэлт,
/2 дугаар хавтаст хэргийн 74-77 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3387 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн хутга нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Хутган дээрээс хүний цус илэрсэн.
3. Хутган дээрээс илэрсэн хүний цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүнийх байна.” гэх дүгнэлт,
/2 дугаар хавтаст хэргийн 84-87 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2167 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн хөхний даруулга, хар цамцанд зүсэгдэлт урагдалт үүссэн байна. Зүсэгдэлт тус бүр хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, урагдалт татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Урагдалтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт,
/2 дугаар хавтаст хэргийн 38-43 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/2 дугаар хавтаст хэргийн 143 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/2 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн гэм хорын хохиролд 23.100.000 төгрөг төлсөн талаарх 4 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баяржаргалын мэдүүлэг, Гэрч П.Бямбадорж, Г.Мөнхдэлгэр, М.Баярмаа, А.Номинзаяа, А.Бат-Өлзий, Б.Амарсанаа, Б.Бямбадорж, Т.Цэрэнлхам, М.Баасанжаргал нарын мэдүүлэг, ... дугаартай байрны гадна байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Ру Ру” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1762 дугаар, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2168 дугаар, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2166 дугаар, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2169 дүгээр, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3391 дүгээр, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3390 дүгээр, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3388 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 9153 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3389 дүгээр, 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/459 дүгээр, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3425 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3426 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 3494 дүгээр, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3387 дугаар, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2167 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар Унтаа ямаат овогт Дэлгэрцогтын Д.Э нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр амь хохирогч И.Чтэй Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын “Цэ” пабд танилцаж, архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн, улмаар хохирогч И.Чтэй хамт түүний оршин суух ... тоот гэрт нь хамт орсон, шүүгдэгч Д.Э нь амь хохирогч И.Чгийн биед олон тооны шарх гэмтэл учруулж буюу 28 удаа хутгалж, онц харгис, хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд “Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа хэдий ч амь хохирогчийг 1994 оноос хойш мэднэ. Энэ хэргийн тухайд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ийм асуудал болжээ гэх өдрөөс хойш би энэ хэргийг мэдэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд найзынхаа хүсэлтээр оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд улсын яллагчийн саналыг бүрэн дэмжинэ. Гэмт хэргийн нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан байна гэж үзэж байна. Нөгөөтээгүүр шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Оргил “Мөрдөн байцаалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Э нь амь хохирогчийг олон удаа хутгалж амь насыг хохироосон нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Гэмт хэргийн шалтгааныг талууд асууж, тодруулах гэж нэлээд үзлээ. Шүүгдэгч зарим хэсгийг санаад, заримыг нь санахгүй гэж байгаа нь маргаж байгаа зүйл биш юм. Өмгөөлөгчийн зүгээс дүгнэхэд гэмт хэргийн шалтгаан нөхцөл бол хохирогчтой бааранд танилцаж, хохирогчийн гэр лүү хамт очиж бэлгийн харьцаанд орох хүртэл хоёр талын сайн дурын үйлдэл байсан. Шүүгдэгчийн мэдүүлсэн хохирогч гэнэт хутга гаргаж ирсэн нь үнэн бол шүүгдэгч мэдээж цочирдоно. Цочирдохдоо хохирогчийг болиулах гэж тэмцэлдсэн байна. Үүний улмаас алга нь зүсэгдэж, цус харсан байна. Зарим нь хутга барьж, цус харсан тохиолдолд улайрдаг, өөрийгөө хамгаалах инстинкт хэтэрхий ажилласан байх магадлалтай. Иймэрхүү нөхцөл байдал нь гэмт хэргийн шалтгаант нөхцөл байдал болсон байна. Шүүгдэгчийн мэдүүлж байгаа үнэн бол хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх магадлалтай байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцсэн.
Иргэдийн төлөөлөгч “Д.Э зан үйлийн хувьд ширүүн зан, хүмүүжил муутай өссөний улмаас эцсийн эцэст ийм үйл явдал гарсан байна. Хэдий согтууруулах ундаа уудагч ийм хэрэг гарна гэдэг нь эхнэр хүүхдэд сэтгэлийн шархтай үлдлээ. Өнгөрсөн хүний араас юу ч хэл худлаа хэлнэ шүү дээ. Харамсалтай” гэх саналыг бичгээр гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын “Цэ” пабд амь хохирогч И.Ч-тэй танилцан хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний оршин суух .. тоот гэрт нь хамт очин 2022 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч И.Ч-гийн эрх чөлөөнд халдан 28 удаа хутгалж биед нь олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр алсан үйл баримт тогтоогдож байна.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Д.Э-ын хохирогч И.Ч-г олон удаа хутгалсан үйлдэл болон хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 18-32/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд “...гал тогооны өрөө хэсэг рүү харсан чинь газарт угаалгын машины харалдаа манай ээж дээшээ харсан байдалтай хувцасгүй, биеийн ил харагдах хэсэг буюу биеийн зүүн талын хэсэгт олон тооны зүсэгдсэн шархтай, их хэмжээний цус гарсан байсан тул ээж рүүгээ дөхөж очоод сандарсандаа түүнийг хамгийн түрүүнд амьсгалж байгаа эсэх талаар шалгахаар нүүр хэсэгт ойртож хамар хэсэгт өөрийн баруун гарын алганы дотор хэсгээр хүрэхэд ямар нэгэн амьсгалж байгаа зүйл мэдэгдэхгүй, миний гараар хүрсэн хэсэг хүйтэн, ямар нэгэн хөдөлгөөнгүй, нүд хэсэг нь хагас аньсан, гар болон хөлийг биеийн дагуу шулуун байдалтай тавьсан байсан” гэх /1 хх 41-44/, гэрч П.Бямбадоржийн 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд “...Харин Д.Э “Цэ” пабд ганцаараа үлдсэн. ...Тэгээд ирэхгүй байлгүй гэж бодоод 02 цагийн үед унтаад өгсөн. Тэгээд манай найз охин Цэрэнлхам өнөөдөр өглөө 11 цаг өнгөрч байхад ажилдаа явсан. Би ганцаараа гэртээ үлдсэн. Харин Д.Эт ирээгүй.” гэх /1 хх 46-47/, гэрч Г Мөнхдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хажуугаар нь юм аа зөөгөөд явж байхад тэр хоёр эгч нөгөө ганцаараа 10 пиво захиалсан залууг “эгчийн дүү ганцаараа явж байгаа юм уу, найзууд нь яасан юм” гээд асууж байгаа нь сонсогдсон нөгөө залуу нь “тиймээ ганцаараа явж байна. Цуг суух юм уу” гэсэн чинь нөгөө хоёр нь зөвшөөрөөд цуг сууцгаасан. Тэр хэд пивоо хувааж уугаад энэ гурав гурвуулаа нэлээд согтолттой манайхаас 18 цагийн үед гурвуулаа цуг гараад явсан. ...Ямартай ч гадаа нэлээд харанхуй болсон байхад нөгөө залуу манайд буцаж ирээд яакаа асуугаад аваад гарсан.” гэх /1 хх 52/, гэрч М.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай дэлгүүрийн хяналтын камераар шүүж үзэхэд өчигдөр орой буюу 2022 оны 06 сарын 25-ны өдрийн орой 18 цагийн үед орцлуугаа нэг залуутай орж байгаа харагдаж байсан. Тэрнээс хойш одоогоор орцноосоо гарч ирсэн зүйл харагдахгүй байна.” гэх /1 хх 54/, гэрч А.Номинзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тоотод амьдардаг хөгшин эмэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан ба түүнтэй хамт 25-30 орчим настай үл таних эрэгтэй хүн явж байсан. Тэр 2 нь ... байрны III орц руу орсон. Үл таних эрэгтэй нь согтолт их байсан. Тухайн үл таних эрэгтэй нь бараан өнгийн өмд, цамцтай, бор царайтай эрэгтэй байсан” гэх мэдүүлгүүд /1 хх 64-65/, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Tse пабын хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 54 минут 10 секунтын үед хар өнгийн торон цамцтай, саарал өнгийн өмдтэй эмэгтэй, саарan өнгийн юүдэнтэй цамцтай, хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй хамт тамхины өрөөнд орж ирж байна. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 56 минут 32 секунтыг заасан цаг хугацаанд тамхины өрөөнөөс гарав.” гэх /1 хх 119-125/, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаартай байрны гадна байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...байрны ертөнцийн зүгээр хойд талын гудамжны дүрс бичлэгийг шалгахад 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 17 минут 10 секунтээс 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 18 минут 26 секунтын хугацаанд малгайтай, хар бараан өнгийн хувцастай эмэгтэй болон саарал өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай эрэгтэй нар согтуу мэт гуйвж ертөнцийн зүгээр зүүн тийш явж өнгөрч байгаа нь харагдаж байна. Хяналтын камерын бичлэгийг цагийг харахад цагийн бүсчлэлийн бодит цагаас 7 минутаар хоцорч байв.” гэх /1 хх 116-118/, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ru Ru нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 44 минут 22 секунтээс 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 45 минут 44 секунтын дурс бичлэгийг шалгахад цагаан малгайтай, хар бараан өнгийн хувцастай эмэгтэй болон саарал өнгийн цамцтай бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай эрэгтэй нар бичлэгт харагдах Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны бичлэгт харагдах орц руу орж байгаа нь харагдаж байна.” гэх /1 хх 113-115/ тэмдэглэлүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1762 дугаар /1хх 168-173/, мөн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3390 дүгээр /1хх 232-233/, мөн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3388 дугаар /1хх 239-242/, мөн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3389 дүгээр /2хх 8-11/, мөн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3425 дугаар /2хх 54-57/, мөн 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 3426 дугаар /2хх 64-67/, мөн 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 3494 дүгээр /2хх 74-77/ дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь амь хохирогч И.Чгийн эрх чөлөөнд халдаж 28 удаа хутгалж, олон тооны шарх үүсгэн, зовж шаналган, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Эыг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баяржаргал нь гэм хорын хохиролд 23.061.838 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Д.Э төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 14 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Эт 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 225 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бугуйн цаг 1 ширхэг, хиймэл шүд 1 ширхэг, ариун цэврийн өрөөнд байсан шар өнгийн эмэгтэй хүний хос сандал, эмэгтэй хүний өмд 1 ширхэг, эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, ванн дээр байсан бор судал бүхий шаргал бариултай нийт урт нь 26.3 см, бариул хэсгийн урт 11.9 см, ажлын хэсгийн урт 16 см, үзүүрийн өргөн 1.5 см, тээгийн өргөн 0.5 см металл хутга 1 ширхэг, малгайтай энгэр хэсэгтээ Monvte гэсэн босоо хэлбэрийн бичиглэлтэй урд талын хэвлий хэсэгт халаастай цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирдогдсон саарал өнгийн цамц 1 ширхэг, цээж хэсэгт Levis гэсэн бичиглэлтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн фудволк 1 ширхэг, амь хохирогч өмсөж байсан улаан өнгийн хөхний даруулга, дугуй захтай дээд хэсэгт нь торон оруулгатай хагас ханцуйтай хар өнгийн цамц 1 ширхэг, шүүгдэгч Д.Э өмсөж явсан эргүүлдэг гурвалжин захтай цэнхэр өнгийн жинсэн хүрэм 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 23.100.000 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд “Улсын яллагчийн гаргаж буй эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэх,
шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Ц.Оргил “Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн болчимгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байгаа. Хохирлыг бүрэн барагдуулсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлгээ тогтмол өгч байсан. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд харахад хохирогчийн буруутай үйлдэл байна гэж үзэж байна. Энэ нь шүүгдэгчийн алганд үлдсэн зүсэлтээс харахад хохирогч тодорхой хэмжээнд буруутай байх боломжтой байна гэж байна. Улсын яллагчаас 14 жилийн хорих ялын санал гаргаж байна. Шүүгдэгч 20 гаруй настай. Цаашид өөрийн хүүхдүүдээ тэжээн тэтгэх, Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хоригдож байх хугацаанд төлөвшил, засралыг олох байх. Үүний дараа гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх байх гэж бодож байна. Шүүгдэгчийн хувийн байдалд гэмт хэргийн рецидив, танхайн, өс хонзонгийн шинжийн нөхцөл байдал хэрэгт авагдаагүй байдаг. Тийм учраас хэрэв шүүхээс хохирогчийн буруутай үйлдэл байна гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал үйлчилж болохоор байна. Шүүгдэгчид оногдуулах ялын тухайд өмгөөлөгчийн зүгээс 12 жилийн хорих ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор буюу 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Э-т оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 225 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Д.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хиймэл шүд 1 ширхэг, ариун цэврийн өрөөнд байсан шар өнгийн эмэгтэй хүний хос сандаал, эмэгтэй хүний өмд 1 ширхэг, эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, бор судал бүхий шаргал бариултай нийт урт нь 26,3 см, бариул хэсгийн урт 11,9 см, ажлын хэсгийн урт 16 см, үзүүрийн өргөн 1,5 см, тээгний өргөн 0,5 см металл хутга 1 ширхэг, малгайтай энгэр хэсэгтээ Monvte гэсэн босоо хэлбэрийн бичиглэлтэй урд талын хэвлий хэсэгт халаастай цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхэг, цээж хэсэгт Levis гэсэн бичиглэлтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн фудволк 1 ширхэг, улаан өнгийн хөхний даруулга, дугуй захтай дээд хэсэгт нь торон оруулгатай хагас ханцуйтай хар өнгийн цамц 1 ширхэг, эргүүлдэг гурвалжин захтай цэнхэр өнгийн жинсэн хүрэм 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Унтаа Ямаат овогт Дэлгэрцогтын Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 14 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ын урьд цагдан хоригдсон 225 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хиймэл шүд 1 ширхэг, ариун цэврийн өрөөнд байсан шар өнгийн эмэгтэй хүний хос сандаал, эмэгтэй хүний өмд 1 ширхэг, эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, бор судал бүхий шаргал бариултай нийт урт нь 26,3 см, бариул хэсгийн урт 11,9 см, ажлын хэсгийн урт 16 см, үзүүрийн өргөн 1,5 см, тээгний өргөн 0,5 см металл хутга 1 ширхэг, малгайтай энгэр хэсэгтээ Monvte гэсэн босоо хэлбэрийн бичиглэлтэй урд талын хэвлий хэсэгт халаастай цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхэг, цээж хэсэгт Levis гэсэн бичиглэлтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн фудволк 1 ширхэг, улаан өнгийн хөхний даруулга, дугуй захтай дээд хэсэгт нь торон оруулгатай хагас ханцуйтай хар өнгийн цамц 1 ширхэг, эргүүлдэг гурвалжин захтай цэнхэр өнгийн жинсэн хүрэм 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД С.ОЛЗОД
М.ТҮМЭННАСТ