Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч Ч.Чулуунбатын хууль ёсны төлөөлөгч М.Төрхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Намхайн Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2221000000420 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Зангиатын 20-43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатагин овогт Намхайн Ган-Эрдэнэ. /РД: ЖМ85113096/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Цахиурт гэх газарт сайжруулсан шороон замаар 58-59 ДОА улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 11.1-т заасан “Хэрэв 5.10а, б, 5.11а, б тэмдэг тэмдэглэгээ байхгүй бол жолооч харааны баримжаагаараа тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүй зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ч.Чулуунбат, Д.Оюунтунгалаг нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:           

            Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.            

            Хохирогч Ч.Чулуунбатын хууль ёсны төлөөлөгч М.Төрхүү шүүх хуралдаанд:  “...Н.Ган-Эрдэнэ нь манай хүргэн юм. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

            Хохирогч Д.Оюунтунгалагийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 13-ны орой намайг гэртээ байхад 18-19 цагийн үед манай ээж Оюунтунгалаг над руу залгаад маргааш буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өглөө даргаасаа чөлөө аваад айлын найранд очиж дуулах ажилтай боллоо, ээждээ хүрэн өнгийн хослолоо өгчих гэхээр нь та түүгээр яах гээд байгаа юм бэ, дээлүүдээ өмссөн дээр шүү дээ, та ер нь заавал явах ёстой юм уу гэхэд хүн гуйж байхад муухай биз дээ гэж хэлсэн бөгөөд надад хаашаа, хэзээ, хэн хэнтэй ямар машинаар явах гэж байгаагаа хэлээгүй. 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой манай ээжийн хуурай дүү Алтанцэцэг манай гэр рүү 22 цагийн үед ирээд Оюунтунгалаг эгч аваарт орсон, биеийн байдал маш муу сэхээнд байгаа, Сэргэлэн сумын эмнэлгээс ирж байгаа гэж хэлсэн боловч манай ээж Оюунтунгалаг аль хэдийн нас барсан байсан. Шарил нь ойролцоогоор 23 цагийн үед ирж цогцос хадгалах байранд хүргэсэн....Талийгаачийн оршуулгын зардалд 19,845,764 төгрөг зарцуулсан. Мөн түүний хувьд банк, банк бус санхүүгийн байгууллагуудад 23,768,515 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, хувь хүмүүсээс авсан зээлийн үлдэгдэл 7,000,000 төгрөг, 18-37 УАК улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл 13,751,244 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг нийт 75,365,523 төгрөгийг нэхэмжилж байна. ...Үүнээс оршуулгын зардал болох 19,845,764 төгрөгийг бүрэн авсан, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, хувь хүмүүсийн зээлийн үлдэгдэл 7,000,000 төгрөгийг тус тус хасаж үлдэгдэл 37,518,000 төгрөгийг Н.Ган-Эрдэнэ болон түүний эхнэр Оюун-Эрдэнэ нартай гэрээ байгуулж 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлж барагдуулахаар болсон тул миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 39/

    Хохирогч Ч.Чулуунбатын хууль ёсны төлөөлөгч М.Төрхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед манай бэр эгч Ганганчимэг над руу залгаад Сэргэлэн сумаас Хэрлэн сумын чиглэлд Н.Ган-Эрдэнэ нь өөрийн эхнэр Оюун-Эрдэнийн эзэмшлийн Тоёота Ланд-200 маркийн 58-59 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Мөнхтуяа, Чулуунбат, Оюунтунгалаг, Пүрэв-Эрдэнэ нартай явж байгаад осолд орсон. Танай ээж Мөнхтуяагийн биеийн байдал гайгүй, харин аав Чулуунбат нь газар дээрээ нас барсан. Сэргэлэн сумын эмнэлгээс Мөнхтуяа, Пүрэв-Эрдэнэ, Оюунтунгалаг, Ган-Эрдэнэ нарыг аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аймгаас ирсэн манай хамаатан садангийн хүмүүс тухайн айлаас явахаар болж өдөрхөн тийш тэндээсээ хөдөлсөн. Энэ үед Ганганчимэг, Хэнмэдэх, Галбаатар нар түрүүлээд машинтайгаа хөдлөөд явсан. Тэд нарын араас Ган-Эрдэнэ өөрийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгслээ унаад хажуудаа манай нөхөр Чулуунбатыг, жолоочийн ард талд Оюунтунгалаг, голдоо Пүрэв-Эрдэнэ, Чулуунбатын ард намайг суулгаад хөдөлсөн. Миний хувьд тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас машинд ороод зүүрмэглэчихсэн юм. Гэтэл гэнэт л осол аваар болчихсон. Миний хувьд ухаан алдаад нэг мэдэхэд аймгийн эмнэлэгт ирснээ санаж байгаа...” гэх мэдүүлэг /xx-ийн 47-48

            Гэрч М.Пүрэв-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай хадам ээж Мөнхцэцэгийн төрсөн дүү Хэнмэдэх, түүний эхнэр Ганганчимэг нарын хүү Төрболдод бэр гуйх шалтгаанаар манай гэр бүлийнхэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өглөө аймгийн төвөөс Сэргэлэн сумын 2 дугаар багт нутаглах Чулуун гэх айл руу 2 машинтай хөдөлсөн. Энэ үед Ган-Эрдэнэ нь Ланд-200 маркийн 58-59 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Мөнхтуяа, Чулуунбат, Оюунтунгалаг болон намайг суулган явсан. ...Ингээд ёслол маань 14 цагийн үед дуусаж бид нар аймгийн төв рүү буцахаар болж ...Ган-Эрдэнэ нь 15 цагийн үед машинаа жолоодон Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Цахиурт гэх газарт байрлах сайжруулсан шороон замаар хойноос урагш чиглэлтэй явж байхдаа гэнэт л шарваад замын зүүн хэсэг рүү ороод тэнхлэгээрээ эргэчихсэн. Хэдэн удаа эргэсэн эсэхийг сайн санахгүй байна. Ослын дараа Мөнхтуяа эгч бид 2 машины дотор хэсэгт байсан ба машинаас Ган-Эрдэнэ, Оюунтунгалаг, Чулуунбат нар шидэгдсэн юм шиг байгаа юм. Энэ үед Чулуунбат ах газар дээрээ нас барсан. Харин Оюунтунгалаг эгч амьсгаатай байсан ба эгчийнх нь хөл хугарсан юм шиг байна гэж ярьж байсан. Харин Ган-Эрдэнэ нь хөдөлж чадахгүй байсан ба биеэ хагас эргүүлэн хэвтэж байсан. Харин Мөнхтуяа эгч ухаан алдчихсан байсан ба түүний нүүр ам нь зулгарч хавдсан байсан. Ингээд тэнд явж байсан замын машинуудаас тусламж хүсэхэд Сэргэлэн сум болон аймгийн эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн юм шиг байсан. Эхлээд Сэргэлэн сумын эмнэлгийн машин ирээд Оюунтунгалаг, Мөнхтуяа, Ган-Эрдэнэ нарыг аваад явсан бөгөөд сум руу явж байх замдаа Оюунтунгалаг нас барсан гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

    Гэрч Ч.Ганганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнмэдэх, Галбаатар бид 3 хэргийн газарт ирэхэд замын зүүн хэсэгт Ган-Эрдэнийн унаж явсан Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл осолдож Ган-Эрдэнэ, Мөнхтуяа, Оюунтунгалаг нарыг эмнэлэг аваад явсан байсан. Харин Чулуунбат газар дээрээ нас барсан байсан бөгөөд түүний хажууд Пүрэв-Эрдэнэ нар байж байсан. Ингээд Галбаатар, Хэнмэдэх бид 3 сүлжээтэй газарт очиж болсон хэргийн талаар аймгийн төв рүү мэдэгдсэн. Хэргийн газарт эргэн ирэхэд Пүрэв-Эрдэнийг эмнэлэг аваад явсан гэсэн бөгөөд Оюунтунгалаг нь Сэргэлэн сумын эмнэлэг рүү явж байх замдаа нас барсан гэсэн. Н.Ган-Эрдэнийн өөрийнх нь яриагаар тухайн үед 60 км/цагийн хурдтай явж байсан явж байхад нь дугуй нь хагарчих шиг болсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

            Гэрч Б.Хэнмэдэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганганчимэг, Галбаатар бид 3 хэргийн газарт ирэхэд замын зүүн хэсэгт Ган-Эрдэнийн унаж явсан Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл осолдож Ган-Эрдэнэ, Мөнхтуяа, Оюунтунгалаг нарыг эмнэлэг аваад явсан байсан. Харин Чулуунбат газар дээрээ нас барсан байсан бөгөөд түүний хажууд Пүрэв-Эрдэнэ байж байсан. Ингээд Галбаатар, Ганганчимэг бид 3 сүлжээтэй газарт очиж болсон хэргийн талаар аймгийн төв рүү мэдэгдсэн. Хэргийн газарт эргэн ирэхэд Пүрэв-Эрдэнийг эмнэлэг аваад явсан гэсэн бөгөөд Оюунтунгалаг нь Сэргэлэн сумын эмнэлэг рүү явж байх замдаа нас барсан гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

            Гэрч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Хуланд нийт 19,846,000 төгрөгийн оршуулгын зардлыг  бүрэн барагдуулаад байна. Б.Хулангийн хувьд талийгаач Д.Оюунтунгалагийн хувь хүнээс зээлсэн гэх 7,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг нийт 17,000,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэдгээ манай гэрт уулзаад хэлсэн удаатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 65/

            Гэрч Б.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоогоор Сэргэлэн сумын эрүүл мэндийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. ...Тухайн осол болсон гэх газар Сэргэлэн сумын төвөөс зүүн хойд зүгт ойролцоогоор 15-20 орчим км зайд байрлах зам дээр байсан бөгөөд ослын газарт дуудлага өгснөөс хойш 30 минутын дараа очсон. Тухайн тээврийн хэрэгсэлд нийт 5 хүн зорчиж байсан бөгөөд тээврийн хэрэгслийн хойд талд нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн, машины баруун талд хагас суугаа байдалтай нэг хүн, машины урд хэсэгт нэг эрэгтэй хүн нас барсан байдалтай, машин дотроос нэг эмэгтэй гарч ирж байгаа харагдсан. Тухайн иргэдээс Н.Ган-Эрдэнэ, Оюунтунгалаг, Пүрэв-Эрдэнэ, Мөнхтуяа нар хэргийн газарт ирэхэд амьсгаатай байсан хэдий ч Оюунтунгалаг гэх эмэгтэй асуумжид хариулахгүй ёолоод нэлээн зовуурьтай босож чадахгүй байдалтай байсан. ...тэгээд Оюунтунгалаг, Ган-Эрдэнэ, Мөнхтуяа нарыг аваад явсан. Пүрэв-Эрдэнэ гэх залуу талийгаач Чулуунбатын хамт хэргийн газарт үлдсэн. Замдаа явж байхад Оюунтунгалаг ямар нэгэн үг дуугарахгүй болчихсон бөгөөд сумын төв рүү явж байх замд нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71/

            Шүүгдэгч Н.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. 2 хүний амь нас хохирсон асуудалд гүнээ харамсаж байгаа тул надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 153/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 669 тоот дүгнэлтэд:

            1. Н.Ган-Эрдэнийн биед зүүн 9, 10-р хавирга, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын арын болон зүүн хөндлөн сэртэн, бүсэлхийн 4-р нугалмын арын нум, бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, баруун умдаг ясны дээд доод салаа, зүүн умдаг ясны доод салаа, сүүжний тогооны хугарал, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун цавь, өгзөг, төмсөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

            3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтлүүд нь 2022.10.14-нд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 75-76/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 107 тоот дүгнэлтэд:

            1. Талийгаач Ч.Чулуунбатын цогцост гавлын орой, суурь ясанд олон тооны хэлтэрхий үүсгэсэн бяцарсан болон шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хоёр талын олон хавирганы хугарал, элэгний урагдал язрал, зүүн сарвууны дотор хэсэгт шарх, дух, хацар, зүүн шуу, сарвуу, нуруу, зүүн ташаанд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

            3.5. Талийгаач Ч.Чулуунбат нь гавал тархи, цээж хэвлийн хавсарсан хүнд битүү гэмтлийн улмаас нас баржээ.

            4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            6. Талийгаач Ч.Чулуунбат нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

            7. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байжээ гэжээ. /хх-ийн 89-90/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 640 тоот дүгнэлтэд:

            1. Б.Мөнхтуяагийн биед тархи доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун дээд зовхи, хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой.

            3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэжээ. /хх-ийн 100-101/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 тоот дүгнэлтэд:

            1. Талийгаач Д.Оюунтунгалагийн цогцост элэг, дэлүү, нойр булчирхайн няцрал, урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, дотор эрхтний доргилт, голтын цус хуралт, зүүн 1-7 дугаар хавирга ясны хоёрлосон хугарал, зүүн өвдөгний далд хугарал, баруун бугалга, зүүн ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

            3.5. Талийгаач Д.Оюунтунгалаг нь цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

            4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            6. Талийгаач Д.Оюунтунгалаг нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

            7. Талийгаач нь дөрөвдүгээр бүлгийн цустай байжээ гэжээ. /хх-ийн 107-108/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 639 тоот дүгнэлтэд:

            1. М.Пүрэв-Эрдэнийн биед ууц хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл.  3.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 123/

            Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтэд:

            1. 58-59 ДОА улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Намхай овогтой Ган-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Үүнд: 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 3.4.б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 11.1-т  “Хэрэв 5.10а, б, 5.11а, б тэмдэг тэмдэглэгээ байхгүй бол жолооч харааны баримжаагаараа тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүй зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.

            2. 58-59 ДОА улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл нь хурд хэтрүүлээгүй. Суурингийн гаднах замд 80км/ц-аас дээш хурдтай явахыг хориглодог бол хурд нь 62 км/ц-ын хурдтай явж байсан байна.

            3. Н.Ган-Эрдэнэ нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй.

            4. Н.Ган-Эрдэнийн жолоодон явсан Тоёота Ланд-200 маркийн 58-59 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн.

            5. Тоёота Ланд-200 маркийн 58-59 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, замын хөдөлгөөний дүрмийн тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна.

            6. Намхай овогтой Ган-Эрдэнэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж Үүнд: “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 3.4.б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 11.1-т  “Хэрэв 5.10а, б, 5.11а, б тэмдэг тэмдэглэгээ байхгүй бол жолооч харааны баримжаагаараа тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүй зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэжээ. /хх-ийн 135-136/

 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтэд:

1. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Намхай овогтой Ган-Эрдэнэ сэтгэцийн байдал эрүүл байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Өөртөө болон бусдад аюул хохирол учруулах шинж тэмдэггүй байсан байна.

            2. Н.Ган-Эрдэнийн сэтгэцийн байдал одоогоор сэтгэлийн гэмтлийн дараах дарамтат эмгэг хэмээх эмгэгтэй байна.

            3. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. Н.Ган-Эрдэнэ нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 138-139/

            - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-19/

            - Зам тээврийн осолд холбогдсон Toyota Land Cruiser-200 маркийн 58-59 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/

            - Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 22-23/

            - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-29/

            - Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30-31/

            - Гэрч Д.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 62/

            - Гэрч Г.Дамдинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 67/

            - Гэрч Р.Мартцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 69/

            - Шүүгдэгч Н.Ган-Эрдэнийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 77-79/

            - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 94 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-83/

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 85-86, 91-96, 103-104,109-113/

            - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 98 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 117-120/

            - М.Пүрэв-Эрдэнийн яаралтай тусламжийн хуудас, үзлэг, гэрэл зураг /хх-ийн 124-126/

            - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 163 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 129-130/

            - Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 131/

            - Шинжээч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг /хх-ийн 143/

            - Н.Ган-Эрдэнийн түр оршин суугаа тухай Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 154/

            - Г.Оюумаа, Г.Батбилэг, Г.Оюунболд, Г.Болормаа нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 155-158/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159/

            -  Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн Засаг даргын Н.Ган-Эрдэнийн хувийн байдал болон мал тооллоын талаарх тодорхойлолт /хх-ийн 160-161/

            - Н.Ган-Эрдэнийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 162-165/

            - Н.Ган-Эрдэнийн 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт /хх-ийн 166-167/           

            - Toyota Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 170/

            - Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 171/

            - Хохирогч Д.Оюунтунгалагийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулангаас мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн баримтууд /хх-ийн 173-197, 205-206/

            - Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 198/

            - Н.Ган-Эрдэнээс хохирол төлбөр төлсөн баримтууд /хх-ийн 200-204, 219-221/

            - Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ, хохирогч Д.Оюунтунгалагийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулан нараас Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 215-216/

            - Н.Ган-Эрдэнийн эмнэлгийн магадлагаа /хх-ийн 217/

            - Хохирогч Д.Оюунтунгалагийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулангийн хүсэлт /хх-ийн 218/

            - Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 222-223/      болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Н.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Цахиурт гэх газарт сайжруулсан шороон замаар 58-59 ДОА улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 11.1-т заасан “Хэрэв 5.10а, б, 5.11а, б тэмдэг тэмдэглэгээ байхгүй бол жолооч харааны баримжаагаараа тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүй зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ч.Чулуунбат, Д.Оюунтунгалаг нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Чулуунбатын хууль ёсны төлөөлөгч М.Төрхүү, хохирогч О.Оюунтунгалагийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулан, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтуяа, гэрч М.Пүрэв-Эрдэнэ, Ч.Ганганчимэг, Б.Хэнмэдэх, Б.Оюун-Эрдэнэ, Б.Золжаргал, шинжээч эмч Ж.Жаргалтуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осолд холбогдсон Toyota Land Cruiser-200 маркийн 58-59 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 669 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 107 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 640 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 639 тоот дүгнэлт, зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны тоот дүгнэлт,  шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 94 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 98 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 163 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох бөгөөд энэ журмыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Ган-Эрдэнийг хорих ял эдлүүлэхээс  чөлөөлж өгнө үү гэх хүсэлтүүдийг гаргасан.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ нь зам тээврийн осол гаргасны улмаас 2 хүний амь насыг хохироосон бөгөөд  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 669 тоот дүгнэлтээр шүүгдэгч Н.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоожээ.  Уг гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Ган-Эрдэнийг хорих ял эдлүүлэхээс чөлөөлөх үндэслэлгүй байх тул шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Н.Ган-Эрдэнийг хорих ялаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх заалт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан ерөнхий заалт бөгөөд уг заалтад заасан болзол шаардлагыг хангасан этгээдэд тус зүйлийн 1.1-1.5 дахь хэсгийн оногдуулсан ялыг багасгах, ялаас чөлөөлөх, тэнсэх зэрэг зохицуулалтын аль тохирохыг сонгон хэрэглэхээр хуульчилжээ. Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.  

            Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний биеийн эрүүл мэнд, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Намхайн Ган-Эрдэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны заримд нийцнэ гэж дүгнэлээ. 

            Шүүгдэгч Н.Ган-Эрдэний үйлдлийн улмаас хохирогч Ч.Чулуунбат, Д.Оюунтунгалаг нарын амь нас хохирч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Н.Ган-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Оюунтунгалагийн оршуулгын зардалд 19,846,000 төгрөг /хх-ийн 201-204/, цалингийн зээл, байрны зээл, автомашины зээл, банк бус санхүүгийн байгууллагын зээлд нийт 37,518,000 төгрөгийг /хх-ийн 220/ тус тус төлж барагдуулсан, хохирогч Ч.Чулуунбатын хууль ёсны төлөөлөгч М.Төрхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт “Н.Ган-Эрдэнэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн. Хохирогч Д.Оюунтунгалагийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулан нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтуяа нь “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Н.Ган-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овогт Намхайн Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Намхайн Ган-Эрдэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ган-Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ган-Эрдэнэд  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ган-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.             

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА