| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 185/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/200 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/200
2023 02 16 2023/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ц,
Улсын яллагч: Э.Уранчимэг,
Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай Б.М-т холбогдох эрүүгийн 2309 00000 0060 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г” танхимд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ..... дүгээр сарын ........-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, К Э П К П ХХК-д ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “C g с” нэртэй писи тоглоомын газраас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус газрын ажилтан М.С-ийн хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Э.Э-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-ийг М.С-ийн хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Э.Э-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хавтаст хэргээс:
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/
-Хохирогч Э.Э-ын “...Миний бие 2022 оны 10 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ж Т Э Б Б” ХХК-ийн “C g c” писи тоглоомын газрыг хариуцан ажиллуулж байна. Манайд админаар С, А гэж 2 залуу ажиллаж байгаа, Ц гэдэг нь өөр салбарт админаар ажилладаг залуу байгаа. 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө писи тоглоомын газарт С ээлжин дээрээ өөрийнхөө виза картыг хулгайд алдаж улмаар виза картнаасаа писи тоглоомын газрын орлогын 450.000 төгрөгийг алдсан байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
-Гэрч О.Ц-ийн “...Би 2022 оны 12 сарын 12-ны шөнө би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “C g c” PC тоглоомын газар найзуудтайгаа тоглоод сууж байсан тэгээд шөнө 23 цаг 30 минут орчимд манай М гээд найз ойрхон гарчхаад ирье гээд гарсан юм тэгээд орж ирээгүй тэгээд би үурээр 07 цагийн үед орлогоо шалгатал тухайн өдрийн орлого болох 450,000 төгрөгийн зарлага гарсан байсан тэгээд сандраад хаан банкны картаа үзтэл алга болсон байсан би хаан банкны картаа куртикнийхээ халаасанд хийсэн байсан бөгөөд миний куртикийг манай найз сэргэлэн нөмрөөд унтаж байсан юм. Тэгээд бид хоёр хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд манай найз болох М нь миний куртиканы халааснаас миний картыг авч байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32-31 дүгээр хуудас/
-Гэрч М.С-ийн “...2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “C g c” писи тоглоомын газарт ажил дээрээ байсан. Өдөр нь ажлаа хийж байгаад шөнө нь би ажлынхаа хүмүүстэй ажил дээр компьютеруудын засвар хийж байгаад 00 цаг өнгөрсөн тул хол гэртэй гээд ажил дээр унтчихсан. Тухайн үед би 2 сандал нийлүүлээд өөрийн өмсөж байсан куртикээ тайлаад дээгүүрээ нөмрөөд унтсан. Өглөө сэрээд интернэт банк руугаа нэвтэрч ороод орлогоо Г ах руу шилжүүлэх гэсэн чинь орлого байхгүй байсан. Ингээд би куртиканийхээ халаасанд байсан өөрийн виза картаа шалгатал карт алга болсон байсан. Ингээд хамт ажилладаг Ц-ийн хамт писи тоглоомын газрын хяналтын камер шалгахад шөнө намайг унтаж байхад М нь хажууд ирээд куртикний халаас ухаж виза карт авч байгаа дүрс бичигдсэн байсан юм. Тухайн картнаас орлогын 450.000 төгрөг гарсан байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/
-Шүүх сэтгэц судлалын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “...Б.М нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Б.М нь хэрэг үйлдэгдэх үед болон одоогийн нөхцөл байдалд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.М нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.М нь бие даан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвартай байна. Б.М-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас/
-Хаан банкны М.С-ийн эзэмшлийн 5832069801 дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/
-“Хаан банк”-наас ирүүлсэн АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “C g c” нэртэй писи тоглоомын газрын ажилтан М.С хаан банкны виза картаа алдаж, Э.Э-д 450.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “C g c” нэртэй писи тоглоомын газраас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус газрын ажилтан М.С-ийн хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Э.Э-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч Э.Э-ын “...2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө писи тоглоомын газарт С ээлжин дээрээ өөрийнхөө виза картыг хулгайд алдаж улмаар виза картнаасаа писи тоглоомын газрын орлогын 450.000 төгрөгийг алдсан байна...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Ц-ийн “...Тэгээд бид хоёр хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд манай найз болох М нь миний куртикний халааснаас миний картыг авч байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч М.С-ийн “...Ингээд хамт ажилладаг Ц-ийн хамт писи тоглоомын газрын хяналтын камер шалгахад шөнө намайг унтаж байхад М нь хажууд ирээд куртикний халаас ухаж виза карт авч байгаа дүрс бичигдсэн байсан юм. Тухайн картнаас орлогын 450.000 төгрөг гарсан байсан” гэх мэдүүлэг,
-Хаан банкны М.С-ийн эзэмшлийн ........... дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-“Хаан банк”-наас ирүүлсэн АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “C g c” нэртэй писи тоглоомын газрын ажилтан М.С-ийн хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авчээ.
Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч Э.Э-д бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 450.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хулгайлсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Шүүгдэгч Б.М-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Б.М-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.
Хохирогч Э.Э-аас “...Хохиролыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байхаас гадна шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Хохирол төлбөр барагдсан тул надад гомдол байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 2 /хоёр/ ширхэгийг тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотоос явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт үлдээсүгэй.
.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР