Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотон овогт Долгоржавын Энхтүвшин, Хөхнүүд овогт Баатархуягийн Эрдэнэжав нарт холбогдох эрүүгийн 2321000000026 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн өргөн мэргэжилтэй, Дорнод аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд сэтгэцийн тасагт хяналтын асрагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 1-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хотон овогт Долгоржавын Энхтүвшин. /РД: ЖН71083075/

Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Барилгын тоног төхөөрөмж засварчин мэргэжилтэй, Дорнод аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд сэтгэцийн тасагт хяналтын асрагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн 3-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөхнүүд овогт Баатархуягийн Эрдэнэжав. /РД: ЖЮ71082574/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Энхтүвшин нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 1-10 тоот хашааны гадна талд Б.Эрдэнэжавтай маргалдан, харилцан зодолдож түүний биед баруун доод 4-р шүдний булгарал, уруулын дотор салстын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Эрдэнэжав нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 1-10 тоот хашааны гадна талд Д.Энхтүвшинтэй маргалдан, харилцан зодолдож түүний биед дээд уруулын шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Энхтүвшин шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэжав шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Б.Эрдэнэжавын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн орчимд Энхтүвшингийн гэрийн гадаа буюу Хэрлэн сумын 2-р баг Пионер хороололд очоод Энхтүвшинг гэрт нь оруулах гэсэн боловч гэртээ орохгүй байсан. Түүнийг Энхтуяа, Дамбийням нар оруулах гэсэн боловч гэртээ орохгүй гээд миний машиныг өшиглөөд цохиод явуулахгүй байхаар нь би хаалгаа онгойлгож яагаад машин тэрэг өшиглөөд байгаа юм бэ гэсэн чинь Энхтүвшин нь машины хаалга онгойлгоод чамайг ална гэж хэлээд миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Ингээд би энэ үйлдлийнх нь хариуд хөлөөрөө түүний цээж хэсэгт нь жийж холдуулсан. Би машинаас бууж Энхтүвшинтэй хэсэг зууралдаж байгаад гараараа түүний нүүр хэсэгт нь 2 удаа түлхэх янзтай хүрсэн. Удалгүй би машиндаа суугаад тухайн газраас хөдөлсөн. Миний биед учирсан гэмтэл нь гэвэл Энхтүвшин миний нүүр хэсэгт цохисон үйлдлийн улмаас үүссэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Д.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: ...Ингээд тэр хэд миний санаж байгаагаар 20 цаг өнгөрч байхад намайг манай гэр болох Хэрлэн сумын 2-р баг Пионерын 1-10 тоотын гадаа буулгасан. Би гэр рүүгээ орох гэхэд эхнэр Мөнхцэцэг ажлаасаа ирээгүй байсан тул би буцаж гараад Эрдэнэжавд хандан манай эхнэр гэрт ирээгүй байна, намайг эхнэрийн ажил дээр хүргээд өгчих гэж гуйхад тэрээр үгүй гээд хөдөлсөн юм. Тэр үед би машины цонхыг нь самардахад Б.Эрдэнэжав машинаасаа бууж ирээд чи миний машиныг өшиглөлөө гэж хэлээд намайг түлхэж унагаагаад машиндаа буцаж суугаад хөдлөх гэхэд нь би босож очоод машиных нь хаалгыг онгойлгон би өөрөө машинтай хүн чиний машиныг өшиглөөгүй. Чи ийм сэтгэхүйтэй байж шагнал авах хүн биш гэж шарандаа хэлээд хоёр удаа нүүр рүү нь цохисон. Харин Б.Эрдэнэжав бууж ирээд намайг гараараа нүүр рүү цохисон, яг хэдэн удаа цохисныг одоо санахгүй байна. Миний уруул сэтэрсэн эмнэлэгт очиж 3 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч Н.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын Эрдэнэжав гэх залуу архи уудаггүй учир түүгээр гэр гэр рүүгээ хүргүүлэх болж Эрдэнэжавын машинд Дамбийням, Дөлгөөнхэрлэн, Алтанцэцэг, Энхтүвшин, Эрдэнэжав бид хэд хамгийн түрүүнд Энхтүвшинг буулгах гээд  Хэрлэн сумын 2-р багт байдаг хашаанд очиж буулгах гэсэн чинь Энхтүвшин  гэр рүүгээ орохгүй байхаар нь Дамбийням бид 2 машинаас буулгаж гэрийнх нь үүдэнд очиход гэртээ орохгүй гээд байхаар  үүдэнд нь үлдээгээд Дамбийням бид 2 машинд суусан. Тэгэхэд Энхтүвшин араас ирээд Эрдэнэжавын машиныг нь өшиглөөд байхаар нь Эрдэнэжав хаалгаа онгойлгож чи яах гээд байгаа юм бэ гэсэн чинь Энхтүвшин нь Эрдэнэжавын нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон. Энэ үйлдлийнх нь хариуд Эрдэнэжав түүнийг түлхэж, машинаасаа буугаад тэр 2 зууралцаж Эрдэнэжав нь Энхтүвшингийн нүүр хэсэгт түлхсэн нь үү цохисон уу гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна, ямар нэгэн байдлаар хүрсэн чинь Энхтүвшин арагшаа унасан юм. Ингээд бид хэд бууж Дамбийням тэр хоёрын голоор орж салгасан бөгөөд удалгүй Энхтүвшингийн эхнэр нь гарч ирээд та нар хамт уусан юм бол яах гэж авч ирсэн юм, цагдаад өгөхгүй яасан юм бэ гэж хашхирч байсан учир бид хэд машиндаа суугаад хөдлөөд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч Т.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрдэнэжав гэх залуу нь манай нөхөр Энхтүвшингийн хувцаснаас нь татаад байж байсан бөгөөд Эрдэнэжав нь гараараа манай нөхрийн нүүр хэсэгт нь 2-3 удаа ...хүрэх шиг болсон. Ингээд би тэр хэд дээр тулаад очсон чинь манай нөхөр Энхтүвшин нь Эрдэнэжавт хандаж чи миний уруулыг сэт цохилоо, цуг явъя гэж яриад байж байсан. Намайг очсон чинь Эрдэнэжав  машиндаа шууд суусан. Миний хувьд Энхтуяа гэх эмэгтэйд нь хандаж та нар яагаад архи дарс уугаад нэг нэгэнтэйгээ алалцаж байдаг юм бэ, энэ хүн үнэхээр болохгүй байсан юм бол цагдаа дуудаад өгөхгүй яасан юм гэж хэлсэн чинь Эрдэнэжав нь машинтайгаа хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч Х.Дамбийнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамгийн түрүүнд Энхтүвшин ахыг хүргэж өгөхөөр болж Хэрлэн сумын 2-р багт байрлах гэрийнх нь гадаа очиж зогсоод Энхтуяа эгч бид 2 Энхтүвшин ахыг гэрт нь оруулах гэсэн чинь гэртээ орохгүй байсан. Тэгэхээр нь гэрийнх нь үүдэнд орхиод машинд суусан чинь Энхтүвшин ах машин руу нь ирээд өшиглөөд цохиод байсан. Энэ үед Эрдэнэжав ах машинаасаа бууж тэр 2 маргалдаж зууралцаад Энхтүвшин ахыг түлхэх шиг болсон. Тэр хоёрыг хэрхэн яаж зодолдсон талаар нь хараагүй, ямартай ч машинаас буугаад л зууралцаад авсан. Удалгүй би машинаас бууж голоор нь орж салгасан. Энхтүвшин ахын хувьд  архи уусан үедээ жоохон агсан зантай болдог юм. Үүний дараагаар Эрдэнэжав ах машиндаа суугаад байж байхад Энхтүвшин ах машины хаалгыг нь онгойлгож Эрдэнэжав ахын нүүр хэсэгт цохиод байсан. Хэдэн удаа цохисон талаар нь тоолж амжаагүй. Ингээд л Энхтүвшин ахын эхнэр нь сүүлд гарж ирээд Энхтүвшин ахыг болиулж бид нар тухайн газраас явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

Шүүгдэгч Б.Эрдэнэжавын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ингээд баяраа тэмдэглэж дуусаад харихаар болж манай ажлын Дамбийням, Энхтуяа, Дөлгөөнхэрлэн, Наранцацрал, Энхтүвшин бид хэд Энхтүвшингийн гэрийн гадаа буюу Хэрлэн сумын 2-р баг Пионер хороололд очоод Энхтүвшинг гэрт нь оруулах гэсэн боловч гэртээ орохгүй гээд миний машиныг өшиглөөд цохиод явуулахгүй байхаар нь би хаалгаа онгойлгоод яагаад машин өшиглөөд байгаа юм бэ гэхэд Энхтүвшин нь машины хаалга онгойлгоод чамайг ална гэж хэлээд миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Ингээд би энэ үйлдлийнх нь хариуд хөлөөрөө түүний цээж хэсэгт нь жийж холдуулсан. Ингээд би машинаас бууж Энхтүвшинтэй хэсэг зууралдаж байгаад гараараа түүний нүүр хэсэгт нь 2 удаа түлхэх янзтай хүрсэн. Удалгүй би машиндаа суугаад тухайн газраас хөдөлсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 48/

Шүүгдэгч Д.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир намайг хэн буулгаж өгсөн талаар мэдэхгүй байна. Гэрийнхээ гадаа ирэхэд манай эхнэр гэртээ байхгүй гэр цоожтой байсан тул эхнэрийн ажил руу дөхүүлээд буулгаад өгчих гэснээс болж Эрдэнэжавтай маргалдаж, намайг орхиод хөдлөх гээд байхад нь би түүний машины ар хэсэгт цохиход Эрдэнэжав нь машин өшиглөлөө гээд байсан. Ингээд би Эрдэнэжавын машины хаалгыг онгойлгож түүний нүүр хэсэгт 2 удаа цохисон. Энэ үйлдлийн хариуд Эрдэнэжав нь бууж ирээд нүүр цохиж, хэлэн удаа цохисон талаар цохисон талаар мэдэхгүй ч миний уруул язарсан байдалтай болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд:

1. Д.Энхтүвшингийн биед дээд уруулын шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34-35/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот дүгнэлтэд:

1. Д.Эрдэнэжавын биед баруун доод 4-р шүдний булгарал, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид баруун доод 4-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна гэжээ. /хх-ийн 38-39/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/

- Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/

- Д.Энхтүвшингийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 28-29/

- Шүүгдэгч Д.Энхтүвшингийн гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар,  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 52-53/

- Шүүгдэгч Б.Эрдэнэжавын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 54-56/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58, 60/

- Шүүгдэгч Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 65-66/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Д.Энхтүвшин нь тусгай дунд боловсролтой, Б.Эрдэнэжав нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Энхтүвшин нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 1-10 тоот хашааны гадна талд Б.Эрдэнэжавтай маргалдан, харилцан зодолдож түүний биед баруун доод 4-р шүдний булгарал, уруулын дотор салстын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Б.Эрдэнэжав нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 1-10 тоот хашааны гадна талд Д.Энхтүвшинтэй маргалдан, харилцан зодолдож түүний биед дээд уруулын шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон гэрч Х.Дамбийням, Н.Энхтуяа, Т.Мөнхцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24, 27 тоот дүгнэлтүүд яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Долгоржавын Энхтүвшин, Баатархуягийн Эрдэнэжав нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Хотон овогт Долгоржавын Энхтүвшин, Хөхнүүд овогт Баатархуягийн Эрдэнэжав нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Энхтүвшингийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Эрдэнэжавын үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч Д.Энхтүвшингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирч, шүүгдэгч нар нь хэн алинаасаа нэхэмжилсэн зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Хотон овогт Долгоржавын Энхтүвшин, Хөхнүүд овогт Баатархуягийн Эрдэнэжав  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав  нарыг тус бүр 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав  нарт 1 /нэг/ сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав нар нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.Энхтүвшин, Б.Эрдэнэжав  нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Г.НАМУУНТУЯА