Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 136

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

 

Нэхэмжлэгч: “ХБ ” ХХК Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг, .............. тоот

Хариуцагч: Хуурч овогт Т.Г  /РД:.................../, Өмнөговь             аймгийн Даланзадгад сумын 2-р баг ........................ тоот

Хариуцагч: Чонос овогт А.Х  /РД:................/, Өмнөговь           аймгийн Даланзадгад сумын 2-р баг ..................... тоот

Зээлийн гэрээний үүрэгт 10 506 212.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А , Б.О , хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Г , А.Х  нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулах: Үндсэн зээлийн үлдэгдэл 6 850 544.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 196 9755.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 446 692.47 төгрөг, нотариат үйлчилгээний хураамж 12 000 төгрөг, нийт зээл төлбөрт 10 506 212.65 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамж 183 049.40 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь мөнгөн хэлбэрээр сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох TOYOTA Prius 0 сувдан цагаан өнгөтэй 8397 ӨМӨ улсын дугаартай, арлын №NHW100018073 дугаартай суудлын авто машин, 6х4 м харьцаа бүхий төмөр амбаар зэргийг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлийн дагуу 2 харилцагчаас 10 506 212 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Манай банк харилцагч нартай тохиролцон Монгол Улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйл, 189 дүгээр зүйл, 196 дугаар зүйлд  заасны дагуу, хууль ёсны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзээд үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас тус нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хүсэлт гаргасан байгаа. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойших нэмэгдсэн хүүг нэхэмжлэхгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хүсэлтэй байна. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь нэмэлт 1 800 000 төгрөгийн зээл олголт хийсэн боловч нийт зээлийн үлдэгдэл 13 256 000 төгрөгийн зээлийн гэрээнд нийт зээлийн үлдэгдэл хэмжээ зэрэг нь тусгагдсан байгаа учраас түүнийг 1 800 000 төгрөг гэж ойлгож болохгүй. Эргэн төлөлтийн хуваарь нь 13 256 013 төгрөгөөрөө хийгдсэн. Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг банканд төлнө гэж зээлийн гэрээний 8.1 дэх хэсэгт заасан байгаа. Харилцагч өмнөх зээлийн үлдэгдлээ хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр гэрээ гэж миний зүгээс үзэж байна. Харилцагчийг хохироосон гээд байгаа нь зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг банканд төлнө гэсэн гэрээний 8.1 дэх хэсэгт заасан байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төрлийн төлөх үүргээс чөлөөлөхгүй гээд гэрээн дээрээ тусгагдсан байгаа учраас тэр илүү тооцогдоод байгаа гэсэн нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй гэсэн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өмнөх зээлийн гэрээ нь тодорхойгүй гэж байна. Энэ болохоор 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр банк  дээр өмнө авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг харилцагч өөрөө хүлээн зөвшөөрөөд нэмээд 1 800 000 төгрөг аваад нийт зээлийн үлдэгдэл 13 256 000 төгрөг болж байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд хүчин төгөлдөр гэрээ байгуулсан учраас 1 800 000 төгрөгийн зээл гэж ойлгож болохгүй. Зээлдэгчийг хохироосон байна гэж хэлсэн. Хэдийгээр 2019 оны 01 дүгээр сард зээл төлөх мэдэгдэл өгсөн боловч өмнө нь харилцагчтай удаа дараалан уулзаж, утсаар ярьж зээл төлөх талаар харилцан хамтран зээлдэгч болон үндсэн зээлдэгчтэй байнга холбоотой ажилласан. Харилцагч нар өөрсдөө мэдэж байгаа. Харилцан тохиролцоод үүнийг төлж барагдуулна гэдэг байдлаар банк харилцагч нартай тохиролцоод би төлөх боломжтой үедээ төлнө гэдэг машин тэргээ зараад барьцаа хөрөнгөө зараад төлнө гэдэг байдлаар шүүхэд өгөхгүй хүлээж байгаач ээ гэсэн асуудал өмнө нь яригдаж байсан. Зээлээр авсан машинаа зараад зээлээ төлнө гэдэг асуудал яригдаж хугацаа хойшилсон байгаа. Гэхдээ зээлийг буцаан төлөх, ийм хэмжээний өр төлбөртэй, үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нь ийм болж байгаа гэдгийг удаа дараалан мэдэгдэж байсан. Зээлдэгч энэ талаар мэдэхгүй байна гэсэн асуудал байхгүй. Өөрөө мэдэхгүй байж байгаад гэнэтхэн ийм их өр төлбөртэй болсон асуудал биш. Удаа дараалан мэдэгдэж байсан гэв.

Хариуцагч Т.Г , А.Х  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 05 дугаар сард ХБ наас цалингийн зээл авсан. 2016 онд ажлаас гарсан учир орлогогүй болсон. Энэ хугацаанд нэг сая төгрөгийн зээл төлсөн. Зээлийн төлбөрийг 2.5 жилийн хугацаанд төлж барагдуулах боломжтой. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Уг хугацаа дууссан байхад автоматаар хүү, нэмэгдүүлсэн хүү бодож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.Г , хамтран зээлдэгч А.Х  нар “ХБ ”-аас 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 201542289648 тоот зээлийн гэрээ байгуулан 13 256 013.36 төгрөгийг 36 сарын хугацаатай, 18%-ийн хүүтэй зээлж авсан байдаг. Хэргийн материалаас харахад  зээлийн гэрээ болон зээл төлөлт хийсэн дансны хуулганаас харахад 1 800 000 төгрөгийн зээл л олгогдсон байна гэж харагддаг. Хэдийгээр зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэг дээр зээлийн үлдэгдэл 14 456 013 төгрөг гээд бичигдсэн боловч өмнө нь 11 000 000 зээлийг хэдэн хувийн хүүтэй, хэдий хугацаатай авсан нь тодорхойгүй. Зээлдэгч нарын зүгээс зээлийг авсан нь үнэн. Төлнө. Түрүүний хэлдгээр зээлээс 1 500 000 төгрөгийг хасаад эвлэрэх боломж бидний хувьд байсан. Авсан зээлээ эргэж төлөх боломжтой гэсэн үүднээс хандаж шүүх хуралдаанд илэрхийлсэн. Харин нэхэмжлэлд бичсэнээр 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан 1 800 000 төгрөг төлөгдөөд дууссан гэдэг нь харагддаг. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд үндсэндээ 2 жил 5 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд үүргээ зөрчсөөр байхад банк яагаад хугацаанаас нь өмнө цуцлах арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн юм бэ. Өөрөөр хэлбэл гэрээнийхээ 7.1.1, 7.1.9 дэх хэсэгт  заалтыг зөрчөөд байгаа нь илт харагддаг. 2016 оны 10 дугаар сараас хойш төлөлт хийгдээгүй явсаар өдийг хүрсэн. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээл эргэн төлөлтийн хугацаа дууссан боловч 1 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Хэргийн материалаас харахад зээлдэгч нарт зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүргүүлсэн байдаг. Энэ дагуу зээлдэгч Т.Г , А.Х  нарын зүгээс тодорхой хэмжээний тайлбар, өргөдлийг бичиж төлөхөө илэрхийлсэн. Ямар нэгэн байдлаар төлөхгүй гэсэн зүйл хэлээгүй байдаг. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “ХБ ” нэхэмжлэл шүүхэд гаргасан. Энэ хугацаанд гэрээний үүргүүдээ зөрчөөд байхад яагаад энэ талын арга хэмжээ аваагүй байгаа юм бэ, зээлдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан ч гэдэг юм уу, их хэмжээний хүү, торгуулийн дарамтад оруулсан харагддаг. 06 дугаар сарын 05-ны өдөр 13 000 000 төгрөгийг хэдэн хувийн хүүтэй, хэдий хугацаагаар авсан талаарх нотлох баримтууд болох 2 удаагийн гэрээ байгуулж зээл авсан байдаг. Үүний нотлох баримтыг шаардсан боловч 1 цагийн өмнө “ХБ ” энэ гэрээ, нотлох баримт чинь архиваас гарсан байгаа гэсэн зүйл ярьсан. Энэ хугацаанд бид бодох боломжгүй байдалтайгаар шүүх хуралдаанд орсон байгаа. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх, 23.2 дахь хэсэгт Зээлдэгчийн хувийн хэрэг зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, зээлийн ашиглалт шалгасан материал, зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл зэрэг бүрдүүлбэртэй байхыг шаардсан байдаг. Энэ шаардлагыг хэргийн материалаас харахад хангаагүй. Хувийн хэргийн бүрдүүлэлт зээл яагаад төлөхөө байсан бэ, одоогийн байдлаар барьцаа хөрөнгө нь байгаа юу гэсэн судалгаа харагддаггүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй байна гэдэг зүйл харагддаг. Ерөнхийдөө 2015 онд байгуулсан зээлийн гэрээгээр 1 800 000 төгрөгийн зээл олгосон баримтууд хэргийн материалаас харагддаг. Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас, мөн дансны дэлгэрэнгүй хуулгыг харахад 1 800 000 төгрөгийн зээл олгосон гэсэн баримтуудыг хавсаргасан. Өмнөх зээл нь ямар гэрээ байгуулж яаж олгосон нь тодорхойгүй байгаа учраас уг гэрээгээр 1 800 000 төгрөгийг бид нарын хувьд 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлөөд дууссан байна. Үлдэгдэл эргэн төлөлтийн хуваариар хийгээд байгаа мөнгө бол өөр гэрээгээр авсан зээлийн төлбөрөө хийгээд байна гэсэн тайлбарыг хэлж байна. Зээлийн гэрээний хувьд хүчин төгөлдөр бус байна гэж миний зүгээс яриагүй. Зээлдэгч нар 2 жил гаруй хугацаанд хаяг нь тодорхойгүй байдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар холбоо барихгүй, “ХБ ”-тай зөвшилцөхгүй явсан зүйл байхгүй. Ер нь эрсдэлийн талаар банк ийм учиртай юм шүү, тийм байна гэдгийг мэдээгүй учраас өдий хугацаанд банк арга хэмжээ аваагүй явсан нь энэ хүмүүсийн эрх зүйн байдал дордуулсан гэдэг ч юм уу, тийм байдал үүсээд байгаа учраас хугацаанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэсэн тайлбар хийгээд байгаа. Ер нь 1 800 000 төгрөг нэмж авсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ. Энэ гэрээнээс бүх зүйл тодорхой харагдана гэж тайлбарлаж байгаа боловч урьд нь зээлдэгч нар нь 2 удаагийн зээл авсан гэдгээ тайлбарлаж хэлсэн. Энэ зээлийн гэрээгээр хүү нь ямар байсан юм бэ? Ямар хугацаатай байсан юм бэ? Эргэн төлөлт нь ямар журмаар хийгдэж байсан гэдэг нь тодорхойгүй учраас тооцоо хийх боломжгүй болоод байна. Ямар ч байсан зээлийн гэрээгээр 1 800 000 төгрөгийг олгосон. Үүнийгээ төлөөд дуусгасан гэсэн байр суурьтай оролцож байгаа. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага тодорхой, тооцоо тооцоолол хийх боломжтой байсан бол бид шүүхийн шатнаас өмнө эвлэрэх боломжтой байсан гэдгээ хэлье гэв.       

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК нь Т.Г , А.Х  нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 506 212.65 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаарджээ.

Хариуцагч нар нь төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл болон зээлийн хүү болох 8 940 886 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон хүү болон нэмэгдүүлсэн хүү 1 565 000 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.

Талууд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/201542289648 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 13 256 013.36 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 8397 ӨМӨ дугаартай TOYOTA PRIUS 10 суудлын автомашин, Өмнөговь аймгийн Даланзадгад сум Хан-Уул 2 дугаар баг Их-Уулын 17-9 тоотод байршилтай 6м*4м харьцаа бүхий төмөр амбаар, цалингийн орлого зэргийг барьцаалжээ.

Зээлдэгч Т.Г , А.Х  нар нь үндсэн зээлд 6 405 468.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 853 843 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2791.75 төгрөг, нийт 9 262 103.67 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба 863 хоног хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэргээр нотлогдож байна.

Зээлдэгч нар нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн байхад “ХБ ” ХХК нь зээлийн гэрээний 7.1.1-д заасныг хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт: “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  “...өмнө нь харилцагчтай удаа дараалан уулзаж, утсаар ярьж зээл төлөх талаар хамтран зээлдэгч болон үндсэн зээлдэгчтэй байнга харилцан холбоотой ажилласан. Харилцагч нар өөрсдөө мэдэж байгаа. Харилцан тохиролцоод үүнийг төлж барагдуулна, төлөх боломжтой үедээ төлнө гэдэг машин тэргээ зараад барьцаа хөрөнгөө зараад төлнө гэдэг байдлаар банк харилцагч нартай тохиролцоод шүүхэд өгөхгүй хүлээж байсан. Зээлээр авсан машинаа зараад зээлээ төлнө гэдэг асуудал яригдаж байсан учраас хугацаа хойшилсон байгаа.” гэх тайлбарыг гаргадаг.

Хариуцагч нар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Уг хугацаа дууссан байхад автоматаар хүү, нэмэгдүүлсэн хүү бодож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй            гэсэн тайлбарыг гаргадаг.

Талуудын тайлбараас дүгнэвэл банк, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэдгээ баримтаар нотлохгүй байх ба гэрээний хугацаа дуусгавар болоход үүрэг гүйцэтгэгч нар хуульд зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч ХБ  ХХК-ыг 2018 оны 04 дугаар сарын 15-ны өдрөөс тухайлбал гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү,  төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, зээлийн гэрээний 8.1-д “Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг банкинд төлнө” гэж тус тус заасны дагуу “ХБ ” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч нар үндсэн зээл 6 850 544.44 төгрөг, зээлийн хүү 246 388 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 446 268 төгрөг, нийт 7 543 200 төгрөгийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь 2015 оны 05 дугаар  сарын 15-ны өдрийн ЗГ201542289648 дугаартай барьцаат зээлийн гэрээ, талуудын тайлбар, зээл эргэн төлөх хуваарь, Т.Г , А.Х  нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэгт 7 543 200 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нь “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 8397 ӨМӨ дугаартай TOYOTA PRIUS 10 суудлын автомашин, Өмнөговь аймгийн Даланзадгад сум Хан-Уул 2 дугаар баг Их-Уулын 17-9 тоотод байршилтай 6м*4м харьцаа бүхий төмөр амбаар, цалингийн орлого зэргийг барьцаалжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “...Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан байх тул зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс хангуулахыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар: “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ. 

Үүрэг гүйцэтгэгч Т.Г , А.Х  нар нь банкны зээлийг бүхэлд нь төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн болох нь гэрээгээр нотлогдож байх ба тэдний тус тус хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул тэнцүү байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн Т.Г ас            3 771 600 төгрөг, А.Х гаас 3 771 600 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэв. 

Үүрэг гүйцэтгүүлэгч нотариатын үйлчилгээний төлбөрт 12 000 төгрөгийн зардал гарсныг зээлийн гэрээний үүрэг мэтээр тайлбарлан шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэв.

“ХБ ” ХХК-ны гүйцэтгэх захирлаар Bell овогтой John Charle-г томилсныг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн байх ба тэрээр хууль эрх зүйн газрын захирал Э.Х итгэмжлэл олгох үед хугацаа нь дуусаагүй байсан болох нь “ХБ ” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл зэргээр нотлогдож байна.

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл нь англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэгджээ. Хөрвүүлсэн итгэмжлэл нь хуулбар хувь байх бөгөөд хуульд зааснаар бичгийн баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн байх тул  шүүх үнэлж Э.Хосбаярыг  төлөөлөх эрхтэй гэж үзлээ. Түүнчлэн Э.Х нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н.Э-д, Н.Э нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Н.А д, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д.Өл-д, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.О д тус тус 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэл нь хүчинтэй байх тул эдгээр төлөөлөгчид “ХБ ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй байна.

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 183 049.40 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 7 543 200 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул хангагдсан үнийн дүнд ногдох 150 590 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, зөрүү 32 459 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Г ас 3 771 600 төгрөг, хариуцагч А.Х гаас 3 771 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д олгосугай.

2. Нэхэмжлэгч “ХБ ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2 963 012.65 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийн үнээс шаардлагыг хангуулахыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБ ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 049 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г ас 75 295 төгрөг, А.Х гаас 75 295 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.УРАНЧИМЭГ