Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2019/ДШМ/26

 

Ж.Энхээ, Б.Сэргэлэнбаатар  нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Н.Энхнаран   

Прокурор                                                              Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын өмгөөлөгч      М.Энхтуяа

Шүүгдэгч Ж.Энхээгийн өмгөөлөгч                      З.Нямсүрэн

Шүүгдэгч                                                       Б.Сэргэлэнбаатар нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатарын даргалж шийдвэрлэсэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Энхээ, Б.Сэргэлэнбаатар нарт холбогдох эрүүгийн 1721002880243 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Бүргэд овогт Жигжиддоржийн Энхээ, Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 зээгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 15 дугаар байрны 58 тоотод оршин суух. /РД: *********/

Шүүгдэгч: Хатгин овогт Бямбасүрэнгийн Сэргэлэнбаатар, Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 25 дугаар байрны 20 тоотод оршин суух. /РД: **********/

Шүүгдэгч Ж.Энхээ нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын газрын ариутгал халдваржуулалтын гадна талд хохирогч Б.Сэргэлэнбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын газрын ариутгал халдваржуулалтын гадна талд хохирогч Ж.Энхээг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж нь шүүгдэгч Ж.Энхээ, Б.Сэргэлэнбаатар нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Бүргэд овогт Жигжиддоржийн Энхээ, шүүгдэгч Хатгин овогт Бямбасүрэнгийн Сэргэлэнбаатар нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жигжиддоржийн Энхээг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Бямбасүрэнгийн Сэргэлэнбаатарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхээ, Б.Сэргэлэнбаатар нарын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,

4/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Энхээ нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

5/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатараас гэм хорын хохиролд нийт 5439360  төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Энхээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 190360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цалингийн зөрүүний 1232104 төгрөг, цаашид хийгдэх хамрын хагалгааны төлбөрийн 2298000 төгрөгийн холбогдох баримтаа бүрдүүлэн тусад нь иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогч Ж.Энхээд мэдэгдэж ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатараас гэм хорын хохиролд нийт 5439360 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Энхээд олгож...” гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хохирогч миний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3-т заасан эрхийн дагуу удаа дараа нотлох баримт шалгуулах хүсэлт гаргасныг зөрчсөн, яллагдагч Ж.Энхээгээс гаргаж өгсөн гэм хорын хохиролтой санхүүгийн баримтуудыг буруу тооцоолсон, алдаатай тооцооллыг хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт, миний зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох шаардлагатай байна гэдгийг хэлсэн боловч шүүх хүлээн аваагүй.  Хоёрдугаарт, Шүүх шийдвэр гаргахдаа Ж.Энхээгийн нэхэмжилсэн 3 010 000 төгрөгөөс нь давуулж 5 400 000 гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн “...цалингийн зөрүү болон хамрын хагалгааны төлбөрийг дараа иргэний журмаар нэхэмжилж болно...” гэж заасан мөртлөө хамрын хагалгааны 2 298 000 төгрөгийг давхардуулж, 5 400 000 төгрөгт оруулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээр нь нэмж хэлэхэд би түүний хүрмийг ураагүй. Ж.Энхээ өөрөө над руу дайрч давшилж байхад ажлын газрын жолооч нь  хорьж, маш их зууралдсан. Тэгж байгаад л урсан. Тиймээс би хүрэмний мөнгийг төлөх ёсгүй. Хүний биед гэмтэл учруулсан нь миний өөрийн буруу учир эмчилгээ хийлгэсэн төлбөрийг төлнө. Гэтэл шүүхийн шийдвэр илт нэмэгдүүлсэн байдлаар гарч ирсэн. ...иймд баримтуудыг үнэн зөвөөр тооцоолж гаргах хэрэгтэй. Тодорхойгүй баримтууд их байгаа тул ...бодитойгоор дүгнэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний түүвэрлэснээр 3 063 710 төгрөг гэсэн тоо гарсан. Миний гаргасан тооцооллоос үйлчлүүлэгч маань “...би хүрмийг нь урсан асуудал байхгүй. Иймд 60 000 төгрөгийг төлөх ёсгүй...” гэж маргаж байна. Мөн орчуулгын үнэ 15 200 төгрөг нь ямар зүйл орчуулсан нь мэдэгдэхгүй байгаа. Хавтаст хэргийн 140-р хуудсанд 2019 оны 04 сарын 22-ны өдөр гэсэн огноотой, бүрэн үзлэг гэсэн  тамгагүй 25 000 төгрөгийн баримт байгаа. Эдгээр баримт дээр эргэж анхаарч, хасаж тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. Шүүхээс гэм буруугийн зарчмын хувьд буруутай шийдвэр гаргаагүй, гагцхүү тооцооллын хувьд алдаа гаргасан байна. Түүнийг залруулж өгнө үү. Б.Сэргэлэнбаатарын шүүх хуралдаанд хэлсэн зүйл нь үндэслэлтэй” гэв.

Шүүгдэгчийн Ж.Энхээгийн өмгөөлөгч З.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Ж.Энхээ анхан шатны шүүх дээр нийт 9 159 884 төгрөгийн нэхэмжлэл гаргасан юм. Шүүх “...эмчилгээний зардал 3 131 160 төгрөг, шатахууны 238 200 төгрөг, хүрэмний үнэлгээ 60 000 төгрөг, үзлэгийн үнэ 10 000 төгрөгийн баримтууд байна гээд 5 439 360 төгрөгийг гаргуулж, хоол хүнсний зардал болох 190 360 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Цалингийн зөрүү болох 1 232 164 төгрөг, хамрын хагалгааны 2 298 000 төгрөг, нийт 3 530 164 төгрөгийг баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй...” гэж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна” гэв.

Прокурор Ц.Лхамсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүх гэм буруугийн асуудалд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор хэлэхэд гэм хортой үнэхээр хамааралгүй баримтуудыг хасаж тооцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Ж.Энхээ, Б.Сэргэлэнбаатар нарыг хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн маргааны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Мэргэжлийн Хяналтын Газрын Ариутгал Халдваргүйжүүлэлтийн гадна зодолдож харилцан биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж  дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэргийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын гаргасан давж заалдах гомдлын дагуу судлан үзвэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч Ж.Энхээгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардал 5,131,160 төгрөг гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан чухам аль нотлох баримтуудыг тооцож гаргасан нь тодорхойгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримтуудаар тогтоогдож буй дүнгээс хэтэрсэн зэргээс шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхойгүй болсон байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг зөрчсөн ба энэхүү зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл, 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тус тус болж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хохирол, иргэний нэхэмжлэлийн тооцоог гаргаж дүгнэх шаардлагатай гэж үзлээ.

Үүнд:

Ж.Энхээ нь 2019 оны 04, 05 дугаар сард Улаанбаатар хотод очиж үзлэг, оношилгоо, нүдний ухархайн хугарлын хагалгаанд орсон зэрэгтэй холбоотой гарсан зардалд 3,010,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сард мөн Улаанбаатар хотод очиж үзлэг оношилгоо хийлгэхэд гарсан зардал 198,000 төгрөг, цаашид хамрын хагалгаа хийлгэхтэй холбогдон ирээдүйд гарах зардал 2,100,000 төгрөг, 2019 оны 04, 05 дугаар саруудын цалингийн зөрүү 1,232,164 төгрөг буюу нийтдээ 6,540,164 төгрөгийг Б.Сэргэлэнбаатараас нэхэмжилжээ. /хх-ийн 209-р тал/

Үүнээс гэмт хэргийн улмаас учирсан  хохирол болох  дараах зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг үндэслэн хангах нь зүйтэй байна. Үүнийг  дараах хүснэгтээр үзүүлэв.

дд

Хохирлын нэр

Төгрөг

Нотлох баримт

 

 

 

 

1

Сонгдо эмнэлэгт үзлэгийн төлбөр /2019.04.12/

25,000

Хэргийн 131-р тал

2

Сонгдо эмнэлэгт Компьютер Томограф

150,000

Хэргийн 131-р тал

3

Сонгдо эмнэлэгт үзлэгийн төлбөр /2019.04.13/

30,000

Хэргийн 132-р тал

4

 Сонгдо эмнэлэгт рентген           /2019.04.12/

46,000

Хэргийн 133-р тал

5

Сонгдо эмнэлэгт MRI /2019.04.12/

469,000

Хэргийн 133-р тал

6

ТЭУ ХХК-аас Ухархайн хугарлын мэс заслын имплантын үнэ /2019.05.01/

880,000

Хэргийн 135-р тал

7

1-р эмнэлэгт мэс заслын төлбөр

507,960

Хэргийн 136-р тал

8

1-р эмнэлэг орны төлбөр

/2019.04.29-нөөс 05.05/

140,000

Хэргийн 136-р тал

9

Шинжилгээний төлбөр

60,000

Хэргийн 141-р тал

10

Кетакуйн

7,200

Хэргийн 141-р тал

11

Диклоденк, Ибуфрофен

6,900

Хэргийн 144-р тал

12

Кальци

42,500

Хэргийн 145-р тал

13

ЭМЖЖ эмнэлэг үзлэгийн төлбөр /2019.04.23/

10,000

Хэргийн 148-р тал

14

Эм тариа                           /2019.04.23/

32,500

Хэргийн 148-р тал 

15

ЭМЖЖ эмнэлэгт цээжний рентген /2019.04.24/

15,000

Хэргийн 149-р тал

16

Кетакуйн

7,200

Хэргийн 155-р тал

 17

Космолайф ХХК-аас Нажаток 40 гр

7,800

Хэргийн 156-р тал

 18

Эм тариа

5300

Хэргийн 157-р тал

 

19

ЭМЖЖ эмнэлэгт үзлэг /2019.04.22/

35,000

Хэргийн 158-р тал

20

Орбита эмнэлэгт үзлэг

45,000

Хэргийн 200-201-р тал

21

Улаанбаатар хот руу явсан зардал /2019.04.11/

33,600

Хэргийн 139-р тал

22

Улаанбаатар хот руу явсан    /2019.04.21/

33,600

Хэргийн 139-р тал

23

Шатахуун /2019.08.27/

110,000

Хэргийн 204-р тал

24

Улаанбаатар хотоос Дорнод руу ирсэн зардал

33,600

Хэргийн 137-р тал

25

Шатахуун, замын хураамж

 

43,000

Хэргийн 205-208-р тал

26

Хэргийн 72-р талд байгаа толгойн компьютер, томографийн баримтуудыг орчуулсны зардал

15,200

Хэргийн 138-р тал

27

Ж.Энхээгийн өмсөж явсан хүрэмний үнэ /урагдсан/

60,000

Хэргийн 78-79-р тал

28

Нийт дүн

2,851,360

 

 

Цаашид хамрын хагалгаа хийлгэхтэй холбогдон ирээдүйд гарах зардал 2,100,000 төгрөг, 2019 оны 04, 05 дугаар саруудын цалингийн зөрүү 1,232,164 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд хангалтгүй байгаа тул эдгээр нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Харин шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар заахдаа цаашид хамрын хагалгаа хийлгэхтэй холбогдон ирээдүйд гарах зардал 2,100,000 төгрөг дээр 2019 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод үзлэг, оношилгоо хийлгэхэд гарсан зардалд нэхэмжилсэн 198,000 төгрөгийг нэмэн “2,298,000 төгрөг” гэж  алдаатай бичсэнийг магадлалаар зөвтгөхөөр шийдвэрлэв.

Гэмт хэргийн хохирогч болсон эсэхээс үл хамааран гардаг өдөр тутмын хоол хүнс, өргөн хэрэглээний бараа  худалдан авсан 170,810 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зүйтэй байна. Үүнийг мөнгөн дүн, холбогдох баримтаар нь харуулбал:

ДД

Мөнгөн дүн

Хэргийн хуудасны дугаар

1

8600

142

2

34800

143

3

1300

145

4

13000

146

5

15700

147

6

9800

151

7

11350

152

8

12710

153

9

38900

154

10

14000

155

11

10200

156

12

450

140

13

Нийт дүн

170,810

 

Түүнчлэн хавтаст хэргийн 137-р талд байгаа 20,000 төгрөгийн шатахуун, 143-р талд байгаа 30,000 төгрөгийн шатахууны баримтууд нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсантай ямар хамааралтай нь тогтоогдоогүй, мөн хавтаст хэргийн 140-р талд байгаа үзлэгийн 25,000 төгрөгийн баримт нь тэмдэг дарагдаагүй байх тул  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн давхардуулан тооцсон, тооцооны алдаа зэрэг шалтгаанаар үндэслэлгүй нэмэгдсэн 110,830 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох дүнд оруулан тооцов.

Эцэст нь дээрх бүх тооцоог дүгнэвэл: шүүгдэгч-хохирогч Ж.Энхээ 6,540,164 төгрөг нэхэмжилснээс 2,851,360 төгрөгийг хангаж, 3,332,164 /1,232,164+2,100,000/ төгрөгийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хэлэлцэхгүй орхиж, үлдэгдэл 356,640 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.5 ,  мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Сэргэлэнбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авч; Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатараас гэм хорын хохиролд нийт 5439360 /таван сая дөрвөн зуун гучин есөн мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Энхээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 190360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цалингийн зөрүүний 1232104 төгрөг, цаашид хийгдэх хамрын хагалгааны төлбөрийн 2,298,000 төгрөгийн холбогдох баримтаа бүрдүүлэн тусад нь иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогч Ж.Энхээд мэдэгдсүгэй” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатараас гэм хорын хохиролд нийт 2,851,360 /хоёр сая найман зуун тавин нэгэн мянга гурван зуун жаран/ төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Энхээд олгож, нэхэмжлэлээс 3,332,164 төгрөгийн үнийн дүнтэй хэсгийг хэлэлцэхгүй орхиж, үлдэх 356,640 төгрөгийн үнийн дүнтэй хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн; тогтоох хэсгийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД                             З.ЭНХЦЭЦЭГ 

                                                                              Л.НАРАНБАЯР