| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0221/З |
| Дугаар | 221/МА2025/0109 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0109
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: С.Н , Ч.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Б-н гудамж, *** дугаар байрны зоорийн давхрын *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Г ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Н ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, “Г” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, тус компанид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 868 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0221/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас хариуцагч Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Б-н гудамж, *** дугаар байрны зоорийн давхрын *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Г-ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Н-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, “Г” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, тус компанид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 868 дугаар шийдвэрээр: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 13 дугаар зүйлийн 13.5, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан “Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Б-н гудамж, *** дугаар байрны зоорийн давхрын *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Г-ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Н-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, “Г” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, тус компанид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...“Г” ХХК нь Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороонд байрлах “Г” цогцолборын 10 автомашины зогсоолыг худалдан борлуулж, зогсоолуудын дунд байрлах 2 ширхэг авто зогсоолыг өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад үлдээсэн. С.Ч гарааш авах хүсэлт гаргасан боловч гараашны зориулалтаар ашиглуулах талбай дууссан байсан тул сэлбэгийн агуулахыг худалдаж, 2012 оноос 2023 оны 11 дүгээр сар хүртэл тэрээр машинаа тухайн талбайд тавьж ирсэн. Манай зүгээс 2 авто зогсоолдоо гэрчилгээ гаргуулаагүй байж байгаад 2023 оны 10 сард өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар материал бүрдүүлэхэд тус байрны 904 тоотын оршин суугч С.Ч хууль бус бүртгэл хийлгэсэн зөрүүтэй үйл баримт болсон байхад худалдан авагч үүргээ биелүүлсэн гэж үндэслэлгүй. Мөн өмчлөгчөөс худалдаж буй зүйл болох авто гараашны байрлал, схем, тодруулга зураг баримт байхгүй, маргааны үндэслэл болсон 904 тоогоор дугаарласан авто зогсоол тухайн барилгад байхгүй. Зөвхөн хоёр тал өөр өөр газар байрлах хоёр талбайг маргаж байхад шүүх үзлэгээрээ энэ байдлыг нүдээр үзэж, гараар барьж хэмжсэн байтлаа маргааныг огт шийдэлгүй хуурамч, буруу, дутуу баримтаар бүртгэсэн Ч.Г-ийн нэр дээрх 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлийг зөв гэж үзсэн нь учир дутагдалтай, маргаж буй үндэслэлүүдийг шалгаагүй баримтыг үнэн зөв үнэлэлгүй амар хялбар байдлаар буруу шийдсэн нь хуулийг зөрчсөн болно.
3.2. Н.Г-ийн эцэг С.Ч нь өөрийгөө хууль бусаар СӨХ-ны дарга хэмээн зарлаж, нийтийн эзэмшил, дундын талбайн бүсийг дур зоргоороо орц, гарцыг хааж, өнцөг булан бүрийг өөрөө эзэмшиж, ашиглаж, бүр бусдын эзэмшлийг өөрийн болгосон. Энэнээс л маргаан үүссэн. Тухайн үед 10 авто зогсоол худалдаж, өмчлөгч өөртөө 2 авто зогсоол авч үлдээд авто зогсоол дууссан байхад тус байрны 904 тоотын оршин суугч С.Ч гуйж байгаад 12 м.кв сэлбэгийн агуулахыг худалдаж авсан. Авто зогсоол тус бүрд дугаар олгогдоогүй байсан. “Г” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 176 тоот албан бичгийн тухайд Ч.Г тухайн 12 м.кв талбайг автомашины зогсоолын зориулалтаар бүртгүүлэхэд Улсын бүртгэлээс татгалзаад байна, талбайн хэмжээ 18 м.кв болон түүнээс дээш байж бүртгэнэ гэсэн учир 18 м.кв, оршин суугчийн өөрийн гэрийн хаалганы дугаар болох 904 гэсэн тоотыг албан бичигт тусгаж өгсөн. Ч.Г-ийн 2013 онд бүртгэл хийлгэхээр өгсөн баримтад схем зураг, байршил тогтоосон нэг ширхэг ч баримт байхгүй. Нэхэмжлэгчээс байршил тогтоосон баримтыг аваагүй байхад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасныг зөрчиж гэрчилгээг авсан. Мөн тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2-т газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт, мөн зүйлийн 13.5.5-д “барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг баримтуудыг хавсаргана” гэж заасныг зөрчиж бүрдүүлбэр дутуу байхад бүртгэлтэй холбоотой Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж бүртгэсэн нь хууль бус юм.
3.3. Ч.Г, түүний аав С.Ч, ээж С.Н нар 2013 онд худалдан авсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн баримтуудад буюу хавтаст хэргийн 39 хуудаст авагдсан гэрэл зурагт 2024 онд авсан 18 м.кв авто зогсоолын талбайн зураг авагдсан байгаа. Өнөөдөр С.Ч 2013 онд худалдаж авсан талбайг гутлын л агуулах болгон ашиглаж байгаа жинхэнэ худалдаж авсан гражийг 2023 оны 10 сар хүртэл ямар нэгэн маргаангүйгээр машинаа тавьж авто зогсоолын зориулалтаар ашиглаж ирсэн. Харин 2024 онд нэхэмжлэл гаргахын өмнөхөн бусдын гражийн ханан дээр 904 гэх өөрийнхөө хаалганы дугаарыг томоор зураад тухайн гражны гэрэл зургийг улсын бүртгэлд нэмж шинээр хуурамч баримт нэмж хийсэн. Тэгмэгцээ тухайн барилгын өмчлөгчийн эзэмшиж, ашиглаж байгаа гражийн талбайд машинаа оруулан тавьж хоёр дахь талбайгаа дур мэдэн дээрэмдэн авч одоо ч ашиглаж байгаа.
3.4. Шүүхэд нэг удаа худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн нэг удаагийн эрх зүйн үйл баримт бий болсонд талууд хүлээн зөвшөөрсөөр байхад нэг удаа мөнгө төлсөн хэрнээ, дахин өөр автозогсоол худалдаж авсан ямар ч үйл баримт хийгдээгүй мөртлөө худалдаж авсан авто зогсоолын талбайгаа хана, хаалга хийж гутлын агуулах болгон дээрмийн аргаар хууль бусаар хөрөнгөжөөд байгаа үйл баримтыг шүүх үзлэгээрээ бодитоор үзсэн, хэрнээ энэ баримтыг огт дүгнэлтгүй захиргааны хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлага маргааныг огт шийдэлгүй, дүгнэлгүй орхигдуулсан.
3.5. Шүүхээс 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Ч.Г-ийн гаргасан мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзсэн. Гэтэл зоорийн давхрын план зураг, авто зогсоолын фото зураг хуудсанд авагдсан байгаа 2013 онд хавсарган өгсөн баримтууд биш маргаан үүссэний дараа шинээр бий болсон үйл баримтын зураг болно. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг анхны бүртгэлд бүртгүүлэхэд баримт дутуу байхад улсын бүртгэгч учир дутагдалтай дүгнэлт гаргасан. Шүүхээс үүн дээр дүгнэлт гаргаагүй.
3.6. Ч.Г нь Г цогцолбор барилгын “Г” СӨХ-ны дарга С.Ч-ийн хүү бөгөөд өөрийн ээж С.Н-ийн өмчлөлд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо Б-н гудамж, ** дугаар байрны зоорийн давхрын *** тоот хаягт байршилтай автозогсоолыг шилжүүлсэн. Хууль бус бүртгэлийн үндсэн дээр үүссэн баримтыг үндэслэн өмчлөх эрх шилжүүлэх хүсэлт гаргасан байхад нягталж, шалгалгүй өмчлөх эрхийг бүртгэсэн. С.Н түүний гэр бүл С.Ч нар шунахай зорилгоор бусдын өмчлөх, эзэмших, ашиглах эрхэнд хууль бусаар халдах, дур зоргоор авирлах үйл ажиллагааг дээрх хууль бус бүртгэлийн үндсэн дээр явуулсан үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөөгүй.
3.7. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцна” гэж заасан зарчим өмнө үйлчилж байсан хуульд ч байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20 дугаар зүйлийн 20.1.5-д улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох”-ыг хориглосон байна. Эцэст нь хэлэхэд Ч.Г нь нэг удаа мөнгө төлөөд хоёр талбайг хууль бусаар ашигласан үйл баримт бий болсон. Гэтэл энэ хууль бус үйлдэлд шүүхээс огт дүгнэлт хийлгүй, орхигдуулсанд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Б-н гудамж-** дугаар байрны зоорийн давхрын *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаар үл хөдлөх хөрөнгийг Ч.Г ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Н-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, “Г” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, тус компанид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд хавсаргах баримт бичгийг тодорхойлон заасан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20 дугаар зүйлийн 20.1.5-д “улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох”, 20.1.8-д улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”-ыг хориглоно гэж заасан төдийгүй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмаар тус бүртгэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.
2.3. Тухайлбал, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог хуулийн зохицуулалттай.
2.4. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...“Г” ХХК нь маргаан бүхий зоорийн давхрын /*** тоот/ автозогсоолыг өмчлөх эрхийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандахаас өмнө тус компанийн хүсэлтээр Ч.Г ийн өмчлөлд бүртгэсэн тул “Г” ХХК-ийн уг автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэгдсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан, ...Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэх тул “Г” ХХК-ийн хувьд маргаан бүхий авто зогсоолыг өмчлөх эрхтэй гэж үзэх боломжгүй, ...тус компанид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах үндэслэлгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ч.Г , “Г” ХХК-ийн хооронд Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баруун сэлбийн гудамж *** тоот хаягт байрлалтай маргаан бүхий Г үйлчилгээтэй орон сууцны В1 давхрын талбайгаас 18 м.кв, *** номерын зогсоолыг захиалан бариулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд “Г” ХХК-аас 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “...Ч.Г нь ...Г цогцолборын В1 давхрын *** тоот 18 м.кв талбайтай автомашины зогсоолыг 35,000,000 төгрөгөөр худалдан авсан, ...тус компанид төлбөрийн тооцоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ч.Г-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх агуулга бүхий 176 дугаартай албан бичгийг Чингэлтэй дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлж, улмаар 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэгдэж, ********** дугаартай гэрчилгээг авч, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Н-т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч захиргааны байгууллагаас бүртгэл хийснийг буруутгах үндэслэлгүй.
2.6. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ч.Г-ийн гаргасан дээрх мэдүүлгийг улсын бүртгэгч хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй талаар, мөн 19 дүгээр зүйлд зааснаар эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгсөн байна.
2.7. Тухайлбал уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасан, энэ тохиолдолд бэлэглэлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж, хуульд заасны дагуу гуравдагч этгээд С.Н-ийн өмчлөлд шилжүүлсэн байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.
2.8. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг анх Ч.Г-ийн өмчлөлд бүртгүүлэхдээ “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасныг зөрчиж гэрчилгээг авсан, ... Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2-т газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу ...барилга байгууламжийн ...дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг баримтуудыг хавсаргана” гэж заасныг зөрчиж ...бүртгэсэн нь хууль бус” гэж давж заалдах гомдолдоо дурдаж байх боловч гуравдагч этгээд Ч.Г-ээс эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгтээ *** тоот автомашины зогсоолыг 2 талаас нь харуулсан гэрэл зургийг хавсаргасан төдийгүй уг барилгыг хүлээн авсан улсын комиссын акт, барилгын схем зураг зэрэг бичиг баримтууд бүртгэлийн байгууллагад хүргэгдсэн байгаа тохиолдолд захиргааны байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэлгүй юм.
2.9. Нөгөөтэйгүүр, “Г-26” цогцолборын сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Агуулах ашиглах тухай” 18/а дугаар шийдвэрээр Г байрны доорх Сэлбэгийн агуулахыг машин зогсоол болгон ашиглаж байсан ханын хэсгийг бөглөн, хаалга хийж, тавиур тавин зориулалтын дагуу агуулахаар ашиглаж, түрээслүүлэхээр шийдвэрлэсэн байх тул агуулах нь аливаа байдлаар бусдын эзэмшил, өмчлөлд бүртгэгдээгүй нийтийн эзэмшилд байгаа гэж үзэхээр байна.
2.10. Харин давж заалдах гомдолд дурдсанчлан 12 м.кв талбай бүхий агуулахыг хууль бусаар ашиглаж байгаа гэж үзвэл эрх бүхий этгээдэд хандан албадан чөлөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА