Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2019/00089

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ___ сумын ___ багт оршин суух, 19__ оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, __ настай, Я овгийн А-ийн Х-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн ___ сумын ___-д  холбогдох,

          

            “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 819.683 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Х-, хариуцагч ___ сумын ___-ийн дарга Э.Б-, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч А.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би 29 жил Өвөрхангай аймгийн ___ сумын ___-д хоёргүй сэтгэлээр үнэн ч шударга ажиллаж байсан. Би хортой хүнд нөхцөлд ажиллаж байсан гэх үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон байгаа. Миний орон тооны эмч байхгүй учраас би цаашдаа ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой байсан боловч ___-ийн дарга Э.Б-гийн шийдвэрээр ажлаас халагдсан. Орон тоо байгаад орны эмч байхгүй байхад намайг ажилд авахгүй байна. Иймд намайг ажилд эргүүлэн томилуулах арга хэмжээ авч, ажилгүй байсан хугацааны цалин буюу 819.683 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

            Хариуцагч Э.Б- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “А.Х- эмчийн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбар гаргасан. 1-рт тухайн үед өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2 эмчийн ар гэр, ахуй байдлыг нь хараад түр хугацаагаар ажилд нь буцаан авсан. А.Х- эмчийг даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, ажлын бүтээмж багатай гэж би үнэлсэн. Манай эмнэлэгт хагалгааны баг байхгүй. Манайх анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас заавал мэс засал, хагалгаа хийх шаардлагагүй юм байна гэсэн дүгнэлт хийгээд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн байсан болохоор А.Х- эмчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 36 сарын мөнгөн тэтгэмж нь олгогдсон байгаа. Манай эмнэлэг нь хагалгааны баг байхгүй болохоор тухайн үеийн нөхцөл байдлаа үнэлээд хяналт үнэлгээ хийж ажилласан. Өвөрхангай аймгийн Засаг дарга мөн манай эмнэлэг дээр хяналт үнэлгээ хийсэн. Арьсын эмч байхгүй, баг нь бүрдэхгүй учраас манайх хагалгаа хийхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Би хуулиа биелүүлж тушаал гаргасан. А.Х- эмчтэй янз бүрийн хувийн таарамжгүй харьцааны асуудал байхгүй. Харин ч би эмчийг 2 сар ажиллуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дотрын их эмч тэтгэвэртээ гарсан хүн байсан. Тэр эмчийг бас ажлаас нь чөлөөлсөн. Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж гарсан. Одоо манай байгууллагад тэтгэвэрт гарсан хүн байхгүй. Өвөрхангай аймгийн Засаг даргын тэтгэвэрт гарсан хүн ажилуулахгүй гэсэн захирамжийг үндэслэл болгож байгаа. Ийм үндэслэлүүдээр А.Х- эмчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж өгнө үү” гэв.

  

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад      

                                                                                          

ҮНДЭСЛЭХ  нь:

 

            Нэхэмжлэгч А.Х-аас Өвөрхангай аймгийн ___ сумын ___-д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 819.683 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Өвөрхангай аймгийн ___ сумын ___-ийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №Б/02 дугаар тушаалаар мэс заслын их эмч А.Х-ын хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон байна.

Дээрх тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3-д зааснаар А.Х-ыг мэс заслын их эмчийн ажлаас халсан үндэслэл тодорхойгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

А.Х-ыг өөрийнх нь хүсэлтээр Өвөрхангай аймгийн ___ сумын ___-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №Б/25 дугаар тушаалаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн бөгөөд А.Х- нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.

 Гэтэл Өвөрхангай аймгийн ___ сумын ___-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №Б/29 дугаар тушаалаар А.Х-ыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мэс заслын эмчээр томилон ажиллуулахаар тушаал гаргасан байх ба өөрийн хүсэлтээр нэхэмжлэгч А.Х-ын өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үйл баримт дуусгавар болсон байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Х- нь “цаашид үргэлжлүүлэн эмчээрээ ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийлж тайлбарласан” бөгөөд  Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно” гэж,

энэ хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-д “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хэдий ч түүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж болохгүй байдлаар хуульчилсан байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулжээ.  

Шүүх хуралдаанд хариуцагч Өвөрхангай аймгийн ___ сумын ___-ийн дарга  Э.Б- ажлаас халсан үндэслэлээ “А.Х-ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул хуульд заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн” гэж тайлбарласан боловч үүнийгээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Нөгөө талаар ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 2___ зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч болох Өвөрхангай аймгийн ___ сумын ___-ийн дарга нь ажилтан мэс заслын их эмч А.Х-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ хуулийн 2___ зүйлийн 24.3-д заасны дагуу ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй юм.    

 Нэхэмжлэгч А.Х- нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тухайгаа 2019 оны 01 сард мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.

Гэвч хариуцагч  байгууллага “А.Х-ыг ажлаас чөлөөлөх” тухай 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/02 тоот тушаалын хувийг нэхэмжлэгч А.Х-т албан ёсоор гардуулж өгөөгүй бөгөөд энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч А.Х-ыг ажлаас халах тушаалыг гардаж аваагүй гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Иймд дээрх нөхцөл байдлуудад үндэслэн А.Х-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн Өвөрхангай аймгийн ___ сумын ___-ийн мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг холбогдох байгууллагаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            А.Х-ын дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д заасны дагуу  түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч А.Х- нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт  2.127.410 төгрөгийн цалин авсан нь түүний №1428335 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /2018 оны 12-р сарын цалин 1.064.294+2019 оны 1-р сарын цалин 1.063.116=2.127.410, 2.127.410:3=709.136 /сарын дундаж цалин/, 709.136:21.5=32.983 /өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 709.136 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 110.547 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.    

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, хариуцагч Өвөрхангай аймгийн ___ сумын ___-өөс улсын тэмдэгтийн хураамжид 21.569 төгрөг гаргуулан улсын төсвийн дансанд оруулж, нэхэмжлэгч А.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.222 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Я овгийн А-ийн Х-ыг Өвөрхангай аймгийн ___ сумын ___-ийн мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн ___ сумын ___-өөс ажилгүй байсан хугацааны олговорт 709.136 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Х-т олгож, үлдэх хэсэг болох 110.547 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар А.Х-т дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн ___ сумын ___-д үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн ___ сумын ___-өөс улсын тэмдэгтийн хураамжид 21.569 төгрөг гаргуулан улсын төсвийн дансанд оруулж, нэхэмжлэгч А.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.222 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН