Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Акума Эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Асартайн говь” ХХК-д холбогдох

Гэрээний төлбөрт 7,453,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Акума Эрин” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”Акума Эрин” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Асартайн говь” ХХК-тай Бэлтгэн нийлүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилласан. Манай компани худалдан авагчийн өмчлөлд техникийн үзүүлэлтийг бүрэн хангах, чанарын баталгаатай бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж худалдан авагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т зааснаар “Худалдан авагч тал гэрэээний дагуу нийлүүлэгдэх барааны төлбөрийг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсанаас хойш сар бүрийн 10-ны дотор багтаан төлнө” гэж талууд харилцан тохиролцсон. Гэвч “Асартайн говь” ХХК гэрээний дагуу худалдан авсан барааны төлбөр болох 4,969,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна.

            Иймд гэрээний үндсэн төлбөр болох 4,969,000 төгрөг, мөн гэрээний 3.3-т зааснаар худалдан авагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөр төлөх ёстой байсан өдрөөс хойш хоногийн 0.1 хувийн алданги тооцно гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэл гаргах хүртэлх 2 жилийн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл төлбөр төлөөгүй 500 хоногийн хугацаанд алданги тооцож 2,484,500 төгрөгийн алданги тооцож нийт 7,453,500 төгрөгийг “Асартайн говь” ХХК-аас гаргуулж өгнө үү...” гэв.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Акума Эрин ХХК нь Асартайн говь ХХК-тай 2017 оны 07 дугаар сараас эхлэн худалдах худалдан авах харилцаа үүссэн. Үүнээс хойш бараа материал бүтээгдэхүүнийг зээлээр худалдаж авахыг хүссэний дагуу ханган нийлүүлэх замаар худалдах худалдан авах гэрээ 2017-09-13-ны өдөр байгуулсан байгаа. Үүнээс хойш Акума Эрин ХХК нь бараа материалын ямар нэгэн доголдолгүй чанартай барааг гэрээний дагуу Асартайн говь ХХК-д нийлүүлж байсан. Асартайн говь ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бараа материалынхаа үнийг тухай бүрт нь цувуулан барагдуулсан. Асартайн говь ХХК нь баавгайн хээтэй дугуй буюу 1 ширхэг нь  650,000 төгрөгийн үнэтэй, 11 ширхэг дугуйг зээлээр авсан. Нийт 7,150,000 төгрөг болсон. Үүнээс төлж барагдуулаад үлдэгдэл 4,969,000 төгрөг нь дугуй худалдаж аваад төлөөгүй үлдсэн мөнгөн дүн байгаа. 4,969,000 төгрөгийг үлдээгээд бусдыг нь төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээ 0,1%-тай тэнцэх хэмжээний алдангийг нь тооцож гаргасан байгаа. Төлбөрийн үлдэгдэл болон алдангийг Асартайн говь ХХК-аас гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч “Асартайн говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасанцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Акума Эрин” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийн мөнгөн дүн бидний тооцоо бүртгэлтэй зөрүүтэй байна. Хэзээ худалдаж авсан бараа болох манайх хэдэн төгрөгийн төлбөрийг төлөөд хэдийг төлөөгүй байгаа талаар хуулга байхгүй, тооцоо нийлсэн акт байхгүй тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьд нь хариуцаж ажиллаж байсан нягтлан бодогч ажлаас гарсан учир мэдээлэл бүртгэл хангалтгүй байна. Тооцоо өглөг авлага байхгүй гэж ойлгож байтал гэнэт мөнгө нэхэмжилсэнд гайхаж байна. Бүртгэл тооцоо зөрүүтэй байсан бол тухайн үед холбогдох хүмүүстэй тооцоо нийлж акт үйлдэх хэрэгтэй байсан байна?...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн худалдагч “Акума Эрин” ХХК, худалдан авагч “Асартайн говь” ХХК нарын байгуулсан бэлтгэн нийлүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх бараа материалын зарлагын баримт, хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Акума Эрин” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрт 7,453,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “Асартайн говь” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 7,453,500 төгрөгийг төлөх боломжгүй тооцоо нийлсэн акт байхгүй талаараа тайлбар гаргасан байна. 

Хариуцагч талаас Акума Эрин” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийн мөнгөн дүн бидний тооцоо бүртгэлтэй зөрүүтэй байна. Хэзээ худалдаж авсан бараа болох манайх хэдэн төгрөгийн төлбөрийг төлөөд хэдийг төлөөгүй байгаа талаар хуулга байхгүй, тооцоо нийлсэн акт байхгүй тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьд нь хариуцаж ажиллаж байсан нягтлан бодогч нь ажлаас гарсан учир мэдээлэл бүртгэл хангалтгүй байна. Тооцоо өглөг авлага байхгүй гэж ойлгож байтал гэнэт мөнгө нэхэмжилсэнд гайхаж байна гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2/231 дугаартай “Бэлтгэн нийлүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Уг гэрээнд зааснаар Акума Эрин ХХК нь Асартайн Говь ХХК-д гэрээнд заасан бүтээгдэхүүнийг Бараа материалын зарлагын баримтаар зээлээр олгож байсан талаарх баримтуудыг ирүүлжээ. 2017 оны 11 сарын 28-ны өдөр 11 ширхэг нэг бүр нь 650000/ зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй нийт 7150000/ долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэн бүхий ТВ900/ баавгай хээтэй/ дугуйг зээлээр олгосон тухай 451 тоот зарлагын баримтыг ирүүлсэн байна.

Хариуцагч тооцоо нийлсэн акт байхгүй, хуулга байхгүй гэж тайлбар ирүүлсэн ч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өмнөх нягтлан ажлаасаа гарсан болохоор сайн мэдэхгүй байна гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрсөн тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч тал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “…худалдан авагч нь хэлэлцсэн зохих үнийг төлөх…”, үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчид 7,453,500 төгрөгийг гаргуулан олгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Асартайн говь” ХХК-наас 7,453,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Акума Эрин” ХХК-нд олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Акума Эрин” ХХК –ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,206 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Асартайн говь” ХХК-наас 134,206 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Акума Эрин” ХХК –д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА