Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1664

 

 

 

 

 

 

 

 

  2022         11         10                                        2022/ШЦТ/1664

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч У.Б., түүний өмгөөлөгч С.Уламбаяр,

гэрч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Б.М., түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан С. овогт Б.ын М.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206002451822 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, С. овогт Б.ын М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М. нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 07:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” нэртэй зочид буудалд иргэн У.Б.тай маргалдаж, түүнийг өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч У.Б.д хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж түүний iPhone X загварын гар утсыг нь авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би эхнэртэйгээ маргаад, бөөн хэрүүл болонгуут нь би уурандаа цагдаад дуудлага өгөөд, дараа нь цагдаа дээр байж байгаад гэрийнхээ түлхүүрийг орхичихсон байсан болохоор буцаж ирээд эхнэрээсээ түлхүүрээ авах гэсэн чинь “чи одоо согтуу яах гээд байгаа юм, наашаа суу, байж байгаад хоёулаа явъя” гэхээр нь байж байгаад эхнэрээ аваад явсан. Тэгэхэд У.Б., үйлчлэгч, захирал гээд цөмөөрөө байсан. Хэрвээ би зодож нүдээд, тийм болгочихсон байсан бол энэ хүн над руу “чи миний утсыг өг” гэх зэргээр дайрдаг юм байгаа биз дээ. Гэтэл ерөөсөө тийм юм болоогүй. Би урьд нь алдаж, эндэж явсан болохоор “тийшээгээ” ахиж явахаас айдаг. Тэрнээсээ би маш их юманд суралцсан. Дахиж хэрэг хийхгүйг би их хичээж яваа. Энэ асуудал ийм дээр тулна гэдгийг мэдээгүй. Харамсалтай байна. Энэ хүн өөрөө утсаараа яриад, гарч ороод яваад байсан.” гэв.

            Хохирогч У.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...өрөөнөөсөө утсаар ярьж гарч, орсон зүйл байхгүй. Шөнө угаасаа хэн лүү ч залгах вэ дээ. Энэ нь утасны биллэн дээр харагдах байх. Эхнэр нь доор ажилтай тул орж, гараад явж байсан. Тэгээд байж байхад Б.М. нь Б.Мөнхтулгатай ойр зуурын юмнаас болж л маргалдсан. Би бас нэлээн халчихсан талдаа байсан. Тэгээд 00 руу ороход л араас орж ирээд зодсон. Тэгээд байж байтал эхнэр нь орж ирсэн. Б.М. нь эхнэрийгээ буудлын өрөөнд маш аймар зодсон. Энэ бичлэгэн дээр ч гэсэн эхнэр нь буудлын өрөөнөөс хар хурдаараа гүйн гарч байгаа дүр зураг харагддаг. Би хоёр утастай байсан. Нэг нь Скайтелийн дугаартай, нөгөө нь Мобикомын дугаартай. Тэгээд би өрөөнөөсөө гарахгүй байж байгаад өрөөнөөсөө гараад 102 луу залгаад, дөнгөж цагдаа гээд ярьж байсан чинь энэ хоёр гарч ирээд намайг буцаад чирээд оруулсан. Дараа нь утасны лавлагаа харж байхад би 102 луу яг 6 секунд л ярьж амжсан юм байна лээ. Тэгээд өрөө лүү буцаж ороод байж байтал Б.М. “чи цагдаа луу яриад байна уу? Алив наад утсаа өгөөдөх” гээд миний IPhone X утсыг авсан. Харин нөгөө утас нь миний халаасанд үлдсэн байсан. Би зодуулаад, миний хавирга энэ тэр хугарчихсан байж байгаад өглөө 09:00 цаг байна уу даа өнгөрч байхад дуудлага өгөөд би гараад явсан. Харин өглөө үүдэн дээр захиралтай нь хамт зогсч байсан гэдэг асуудал ерөөсөө болоогүй. Би эдний захиралтай ч уулзаагүй, би өрөөнөөсөө дуудлага өгсөн чинь “чи ойрхон юм байна, шууд цагдаа руу хүрээд ир” гэсэн. Тэгж бас муухай худлаа ярьж болохгүй. Би тэгээд шууд үүдэн дээрээс нь такси бариад цагдаа дээр ирсэн. Тэгээд цагдаа намайг “наад хүмүүсийнхээ утсыг олоодох, ярья” гэхэд нөхөр тэр өдөр согтуу байж таарсан. Цагдаа “энэ хүн чинь шал согтуу байна шүү дээ, ирэх боломжгүй юм шиг байна” гэж байсан. Тэгээд би iCloud энэ тэрээрээ ороод харахад миний утсан дээр дахиад дугаар хадгалаад, энэ хүн миний утсыг хэрэглээд яваад байсан. Симийг нь авчихсан байсан уу, яасан бүү мэд. Би цагдаад өглөө нь Мобикомоосоо дуудлага өгөөд, дараа нь Скайтелаасаа дуудлага өгсөн. Скайтел нь болохоор миний халаасанд үлдсэн утас юм. Б.М.ын намайг зодсон үйл явдлыг бүгдийг нь би 100% санаж байгаа. Утасны 750.000 төгрөг, цээжний дүрс оношлогоо 150.000 төгрөг, толгойн MRI 130.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр бусад зардал гарсан, гэхдээ түүнийг нэхэмжлэхгүй. Би тухайн үед iPhone 6s болон iPhone X гэсэн загварын гар утаснуудтай байсан. iPhone 6s утсанд нь Скайтелийн 90290029, iPhone X утсанд нь Мобикомын 99293521 гэсэн дугаарууд байсан. Би 99293521 дугаараа 2 өдрийн дараа сэргээсэн. ...Миний iPhone X утсан дээр Скайтелийн дугаар маань байсан юм байна. Цагдаад дуудлага өгсөн утас нь iPhone 6s буюу Мобикомын дугаартай утас юм. Би дараа нь бас Скайтелийн симээ ч сэргээсэн. Би тариатай байгаа болохоор жаахан савлагаатай байгаад байна.” гэв.

            Гэрч Б.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай буудал 8 өрөөтэй. Тухайн үед 1 өрөөнд л хүн байгаагүй, бусад нь бүгд хүнтэй байсан. Хяналтын камерт харагддагүй өрөө гэж байдаг. Тэр өрөөнд тухайн өдөр хүн орсон байсан. Бид хоёр хохирогчийг утсаар ярьж байхад нь өрөө лүү чирж оруулсан асуудал болоогүй. Тэр камерт харагддагүй гээд байгаа өрөөнд надтай ээлж солигдсон ресепшн хоёр найз залуутайгаа хонож байсан. Б.М. бид хоёрыг буудлаас гарч байхад У.Б. зогсч байсан. Тухайн үед У.Б. гар утасны талаар огт асуугаагүй. Б.М. хохирогчийг зодсон асуудал байхгүй. “Танай нөхөр цохиогүй, би сая гадаа гараад цохиулчихлаа” гэж хэлж байсан. У.Б. өөрөө Б.М.ыг “гэртээ харья” гэхэд нь  гаргахгүй байсан.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10-11/,

- Хохирогч У.Б.ы өгсөн: “Манай гэр Найрамдалд байдаг болохоор тэр өдөр ажилтай, оройтчихоод, миний ажлын хамааралтай таньдаг ахын буудал, паб байдаг юм, тийшээ очсон. Тэр нь “Венус” гэсэн нэртэй буудал. Оройтчихсон байсан болохоор тэр буудалд өрөөний захиалга өгөөд, орой 00 цаг өнгөрч байхад орсон. Орохдоо доор нь байдаг пабад ганц хоёр пиво уучихъя гэж бодоод суусан. Өрөөнд бид гурав нэлээн удаан суусан. Б.М.тай үл ялих зүйлээс болоод маргалдсан. Би бие засах гээд 00-ын өрөө рүү ортол араас орж ирээд хавсарч унагаад, намайг зодож эхэлсэн. Би 00-ын өрөөнд зодуулаад, босож чадахгүй эвхрэлдээд хэвтэж байхад Б.М. өрөөнд орж, гараад яваад байсан. Би арай гэж босоод, 00-ын өрөөнөөс гараад, гар утсаа аваад, 102-т дуудлага өгөх гэтэл Б.М. миний утсыг булаагаад авчихсан. Б.М. эхнэрээ зодоод байсан. Тэгтэл эхнэр нь доошоо зугтаагаад гүйгээд явчихсан. Араас нь Б.М. буугаад, эргэж гарч ирэхдээ 2 шил пиво барьчихсан орж ирээд, өрөөнд ууж байгаад гараад явчихсан. Араас нь эхнэр нь орж ирээд манай өрөөний хаалгыг хаачихаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 555 дугаартай: “.У.Б.ы биед хамар яс, цээжний зүүн талын 9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, хамар, цээж, баруун, зүүн бугалга, шуу, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 33/,

- У.Б.ы эзэмшлийн 99293521 дугаарын дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 42/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30/,

- Дүрс оношлогооны шинжилгээний хариу, хохирлын баримтууд /хх-ийн 109-112/,

- Хохирогчийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Гэрч Б.Мөнхтулгын өгсөн мэдүүлэг /хх-инй 22-23/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 83-88/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 134-139/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М. нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 07:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” нэртэй зочид буудалд иргэн У.Б.тай маргалдаж, түүнийг өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч У.Б.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.М.тай үл ялих зүйлээс болоод маргалдсан. Би бие засах гээд 00-ын өрөө рүү ортол араас орж ирээд хавсарч унагаад, намайг зодож эхэлсэн. Би 00-ын өрөөнд зодуулаад, босож чадахгүй эвхрэлдээд хэвтэж байхад Б.М. өрөөнд орж, гараад яваад байсан...” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 555 дугаартай: “.У.Б.ы биед хамар яс, цээжний зүүн талын 9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, хамар, цээж, баруун, зүүн бугалга, шуу, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.М.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Улсын яллагчаас “...Хохирогч утаснууд дахь сим картуудаа андуурч хэлсэн нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хяналтын камерын бичлэгт Б.М., У.Б., Б.Мөнхтулга нар бичигдсэн хэдий ч хохирогчийн биед халдаж байгаа, гар утсыг нь булаагаад өрөө лүү татан оруулж байгаа үйлдэл байдаггүй, хохирогч анх өгсөн мэдүүлэгтээ “намайг гаднаас хоёр хүн орж ирээд зодсон” гэж мэдүүлсэн тул Б.М.ыг хамт байсан гэдгээр яллах үндэслэлгүй.” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            Хохирогч У.Б. нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...гаднаас 2 залуу орж ирээд  намайг зодсон.”, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Б.М. нь намайг 00-ын өрөө лүү оруулаад зодсон.”, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Б.М.тай маргалдсан бөгөөд намайг 00-ын өрөө лүү оруулаад зодсон.”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Б.М. намайг 00-ын өрөөнд оруулаад зодсон.” гэж тогтворгүй, зөрүүтэй мэдүүлжээ.

            Хохирогч нь “...анхны мэдүүлэг өгсөн өдөр миний бие муу байсан ба Б.М. нь намайг зодчихоод Б.Мөнхтулгатай юм яриад байсныг нь би хүн орж ирсэн байна гэж андуурч хэлсэн байна. ” гэж тайлбарласан, гэрч Б.Мөнхтулга нь “...камерт харагддаггүй өрөөнд ээлжийн ресепшн хоёр залуутай орж хоносон, 8 өрөөнөөс 7 өрөө нь хүнтэй байсан, У.Б. нь “би гадаа цохиулчихаад орж ирлээ” гэж хэлж байсан.” гэж мэдүүлсэн байх боловч хэрэгт хавсарган ирүүлсэн “Венус” зочид буудлын хяналтын камерын бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзвэл хохирогч У.Б. нь өрөөнөөс гаран Б.М., Б.Мөнхтулга нараас өөр бусад хүнтэй биечлэн харилцсан, зочид буудлаас гадагш гарсан, эсхүл өрөөнд гаднаас хүмүүс орсон гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүгдэгчийн хамтран амьдрагч буюу гэрч Б.Мөнхтулгын мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар тогтоогдохгүй буюу үгүйсгэгдэж байгаа, түүнчлэн камерын бичлэгт Б.М. нь У.Б.ыг өрөөнд оруулахаар гараас нь татаж байгаа, У.Б. нь эсэргүүцэл үзүүлж байгаагаас үзвэл “...Б.М. бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан...” гэх хохирогчийн мэдүүлгийг нотлох үндэслэл болж байгаа зэрэг нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.М.ыг хохирогч У.Б.ы биед халдаж, улмаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн хохирлыг учруулсан нь эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэв.

            Нөгөөтээгүүр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалтад “..."хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.”, 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “...өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч Б.М., гэрч Б.Мөнхтулга нар нь гэрлэлт батлуулаагүй, хамтын амьдралтай гэх бөгөөд гэрч нь гэр бүлийн харилцаатай хүний эрх зүйн байдлыг нь дордуулахаар тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх, өгөхөөс татгалзах эрхтэй тул шүүх гэрч Б.Мөнхтулгын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

            Харин хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, мөн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлэг өгсөн байх бөгөөд хамгийн анх буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “...гаднаас хоёр залуу орж ирээд намайг зодсон...” гэж мэдүүлснийгээ дараа дараагийн мэдүүлгүүдээрээ “...тухайн мэдүүлгийг өгөх үед архи уучихсан, согтуу, бие муу байсан бөгөөд үүдний хэсэгт Б.М. болон Б.Мөнхтулга нарыг хоорондоо юм яриад байсныг нь өөр хүмүүс орж ирсэн гэж буруу ойлгосон байна...” гэж мэдүүлгийн зөрүүг арилгаж, улмаар уг үйл баримтыг цаашид тогтвортой мэдүүлснээс гадна тус мэдүүлгийн эх сурвалж нь хяналтын камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг өөр бусад баримтаар нотлогдож байх тул “...дан ганц хамт байсан гэдгээр шүүгдэгчийг яллах үндэслэлгүй...” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

            Хохирогч У.Б. нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 13 минутад 99293521 гэх утасны дугаараар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Гар утасныхаа нэгийг нь гаргаж ирээд цагдаа руу залгаж байхад Б.М. миний утсыг булааж аваад дахин буцааж өгөөгүй...” гэж, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...102-т дуудлага өгөх гэтэл Б.М. миний гар утсыг булаагаад авчихсан...” гэж, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...утсаа аваад цагдаа дуудах гээд залгаж байтал Б.М. эхнэртэйгээ хамт миний утсыг булааж аваад зугтсан...” гэж, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...өрөөнөөсөө гараад 102 луу залгаад, дөнгөж цагдаа гээд ярьж байсан чинь энэ хоёр гарч ирээд намайг буцаад чирээд оруулсан. Дараа нь утасны лавлагаа харж байхад би 102 луу яг 6 секунд л ярьж амжсан юм байна лээ. Тэгээд өрөө лүү буцаж ороод байж байтал Б.М. “чи цагдаа луу яриад байна уу? Алив наад утсаа өгөөдөх” гээд миний IPhone X утсыг авсан..., ...Би өглөө 09:00 цаг байна уу даа өнгөрч байхад дуудлага өгөөд би гараад явсан..., ... Би цагдаад өглөө нь Мобикомоосоо дуудлага өгөөд, дараа нь Скайтелаасаа дуудлага өгсөн..., ...iPhone 6s утсанд нь Скайтелийн 90290029, iPhone X утсанд нь Мобикомын 99293521 гэсэн дугаарууд байсан. Би 99293521 дугаараа 2 өдрийн дараа сэргээсэн. ...Миний iPhone X утсан дээр Скайтелийн дугаар маань байсан юм байна. Цагдаад дуудлага өгсөн утас нь iPhone 6s буюу Мобикомын дугаартай утас юм. Би дараа нь бас Скайтелийн симээ ч сэргээсэн...” гэж тус тус мэдүүлжээ.

            Дээрх мэдүүлгүүдээс үзвэл хохирогчийн гар утсыг шүүгдэгч Б.М. “цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар булаан авсан, хохирогч “тариа хийлгэж байгаа тул гар утас болон тэдгээр доторх дугааруудыг зөрүүлж хэлсэн” гэж тайлбарлах боловч энэ нь өөр бусад баримтаар тогтоогдохгүй, шүүгдэгч хохирогчийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдсэн нь нотлогдохгүй, эргэлзээтэй гэж шүүх үзэв.

            Өөрөөр хэлбэл, хохирогчийн гар утсаа дээрэмдүүлсэнд холбогдох мэдүүлгүүд тогтворгүй, зөрүүтэйгээс гадна хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад дан ганц iPhone X загварын утсаа дээрэмдүүлсэнд холбогдох үйл баримтыг тайлбарлах боловч тухайн гар утсанд ямар үүрэн холбооны операторын дугаар байсан талаар тодорхой мэдүүлээгүй, мөрдөгчөөс энэ талаар хохирогчоос тодруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 353057095566314 имей кодтой гар утас нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш сүлжээнд ашиглагдаж байгаа эсэхийг тодруулахаар санал гаргаж, прокурор хянаснаар Мобиком, Скайтел, Жи мобайл, Юнител компаниудаас лавлагаа гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн боловч тэдгээрийн хариу хэрэгт авагдаагүй, 99293521 дугаарын 2021 оны 12 дугаар сарын 14-16-ны өдрүүдийн ярианы дэлгэрэнгүй жагсаалт хэрэгт авагдсан нь хэнээс гарган өгсөн, эсхүл ирүүлсэн нь тодорхойгүй, хэргийн үйл баримтад нотолгооны ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй байна.

            Хохирогч нь хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт “iPhone Х гар утсанд Скайтелийн 90290029 гэсэн дугаар байсан юм байна. Би дараа нь Скайтелийн симээ ч бас сэргээсэн.” гэх боловч энэ талаар урьд өмнө мэдүүлээгүй, 90290029 дугаарт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, мөн хохирогчийн “...Би 99293521 дугаараа 2 өдрийн дараа сэргээсэн.” гэсний шалтгаан тодорхойгүй, “...Би цагдаад өглөө нь Мобикомоосоо дуудлага өгөөд, дараа нь Скайтелаасаа дуудлага өгсөн...” гэх боловч хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан 99293521 дугаарын ярианы дэлгэрэнгүй жагсаалтад 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07:00 цаг, 12:14, 15:15 цагт тус тус 102 дугаарт холбогдсон нь дээрх мэдүүлгийг болон “...Б.М. “чи цагдаа луу яриад байна уу? Алив наад утсаа өгөөдөх” гээд миний IPhone X утсыг авсан.” гэх мэдүүлгийг тус тус үгүйсгэх нөхцөл байдал болж байна.

            Өөрөөр хэлбэл, нэгэнт хохирогчийн дээрэмдүүлсэн гэх iPhone X загварын гар утсанд холбоотой байсан гэх 90290029 дугаарт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, хяналтын камерын бичлэгт хохирогчийн гар утсыг шүүгдэгч авч байгаа талаар үйл баримт байхгүй, хохирогч түүнд байсан гэх хоёр утасны алинд ямар дугаар байсан талаар ойлгомжгүй, тогтворгүй мэдүүлсэн, “Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/8696 тоот хариу албан бичигт “...99293531 дугаарын...” гэж хохирогчийн дугаарыг буруу бичиж, лавлагаа гаргасан нь нотолгооны ач холбогдолгүй зэрэг нөхцөл байдал байхад шүүгдэгч дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй.

            Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Хохирогчоос “Мед травма” эмнэлэгт цээж, толгойн дүрс оношлогоо хийлгэсний нийт 280.000 төгрөг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон гар утасны хохиролд 750.000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд тусгаагүй боловч өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөг, нийт 2.030.000 төгрөгийг нэхэмжилжээ.

            Шүүх нэгэнт шүүгдэгч Б.М.ыг дээрмийн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул гар утасны хохирлыг гаргуулах үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй боловч тухайн зардал нь гэмт хэргийн улмаас зайлшгүй гарах зардалд тооцогдохгүй, дан ганц оролцогч нарын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдэх хэлцэл тул уг зардлыг хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй.

            Харин эмнэлэгт оношлогоо хийлгэсэн баримт нь зайлшгүй гарах зардал мөн бөгөөд нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хохирогч нь цаашид хамрын таславч тэгшлүүлэх, зүүн нүдний ясны цөмөрсөн хугарлыг тэгшлүүлэх хагалгаанд орох шаардлагатай гэж тайлбарлаж байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.М.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасныг хүндрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Б.М. нь “Гэгээн мэлмий” эмнэлгийн тодорхойлолтоор баруун нүд 98%-ийн хараа алдалттай гэсэн нөхцөлийг нь харгалзан үзэж шүүгдэгч Б.М.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С. овогт Б.ын М.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.т 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М.аас 280.000 төгрөгийг гаргуулан хохирогч Халиугчин овогт Уранцэцэгийн Б. /РД:РЮ84082071/-д олгосугай.

            7. Хохирогч У.Б. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД