Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1726

 

 

 

 

     2022        11         22                                     2022/ШЦТ/1726

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч С.Ч. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.ын Ч.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 3134 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б. овогт С.ын Ч..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ч. нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаанхуаран хотхоны хажууд хэрүүл, маргаан хийх явцдаа Д.М.гийн нүүр лүү гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.М.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19:00 цагийн үед Цагаанхуаран хотхоны ард найз Энхзултай хамт явж байтал үл таних 35-38 орчим насны эрэгтэй хүн Энхзултай танилцаад, манай найз Энхзулаас гал асуугаад, хоорондоо юм ярилцаж байсан. Тэгж байгаад хоорондоо маргалдаад эхлэхээр нь би найзаа өмөөрөөд дундуур нь орсон чинь намайг нүүрэн тус газарт шанаа болон хамар луу гараараа 2 удаа цохисон. Зодуулсны улмаас миний зүүн шанаанд шалбарсан, хамраас цус гарсан, битүүрээд байгаа. Би маш их гомдолтой байна. Зүгээр байж байгаад үл таних хүнд зодуулсан бөгөөд миний хамрын таславч хугарсан ба намайг хагалгаанд орох шаардлагатай гэсэн боловч мөнгө байхгүй учир хагалгаанд орох боломжгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

- Таньж олуулах ажиллагаа явуулахад Д.М. нь С.Ч.ыг таньж олсон талаарх тэмдэглэл /хх-ийн 13-17/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12791 тоот: “Д.М.гийн биед зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,

- Яллагдагч С.Ч.ын өгсөн: “Би уур хүрээд “чи ер нь буу” гээд гараа савж, тэр эмэгтэйн нүүрийг цохисон. Тэр эмэгтэйн хамраас цус гараад байсан. Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Ч. нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаанхуаран хотхоны хажууд хэрүүл, маргаан хийх явцдаа Д.М.гийн нүүр лүү гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.Ч.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             С.Ч. нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаанхуаран хотхоны хажууд хэрүүл, маргаан хийх явцдаа Д.М.гийн нүүр лүү гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.М.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19:00 цагийн үед Цагаанхуаран хотхоны ард найз Энхзултай хамт явж байтал үл таних 35-38 орчим насны эрэгтэй хүн Энхзултай танилцаад, манай найз Энхзулаас гал асуугаад, хоорондоо юм ярилцаж байсан. Тэгж байгаад хоорондоо маргалдаад эхлэхээр нь би найзаа өмөөрөөд дундуур нь орсон чинь намайг нүүрэн тус газарт шанаа болон хамар луу гараараа 2 удаа цохисон. Зодуулсны улмаас миний зүүн шанаанд шалбарсан, хамраас цус гарсан, битүүрээд байгаа. Би маш их гомдолтой байна. Зүгээр байж байгаад үл таних хүнд зодуулсан бөгөөд миний хамрын таславч хугарсан ба намайг хагалгаанд орох шаардлагатай гэсэн боловч мөнгө байхгүй учир хагалгаанд орох боломжгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

- Таньж олуулах ажиллагаа явуулахад Д.М. нь С.Ч.ыг таньж олсон талаарх тэмдэглэл /хх-ийн 13-17/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12791 тоот: “Д.М.гийн биед зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,

            - Яллагдагч С.Ч.ын өгсөн: “Би уур хүрээд “чи ер нь буу” гээд гараа савж, тэр эмэгтэйн нүүрийг цохисон. Тэр эмэгтэйн хамраас цус гараад байсан. Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул С.Ч.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Ч.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Д.М. нь баримтаар 220.000 төгрөг нэхэмжилж, шүүгдэгчээс хохирогчид 500.000 төгрөг өгсөн байх бөгөөд хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж тайлбарлан “Перфект” эмнэлэгт үзлэгт орсон байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Ч.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт С.ын Ч.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч.т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар С.Ч.т оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ч. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч Д.М. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД