| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/00728/И |
| Дугаар | 184/ШШ2019/01881 |
| Огноо | 2019-07-18 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2019/01881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СБХ
Хариуцагч: СЗД
Хариуцагч: БУЯ нарт холбогдох
Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 176,841,440 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, хариуцагч СБХ-н төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч СЗД-с татгалзаж , хамтран хариуцагчаар БУЯ-г оролцуулах байр суурьтай байна. Учир нь СБХ-н даргыг дүүргийн Засаг дарга томилдог, хөрөнгө нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэлтэй байдаг, санхүүжилтийг нь БСШУЯ гаргадаг. Санхүүжилтийг нь БСШУЯ-аас гаргах ёстой байсан учраас хамтран хариуцагчаар оролцуулж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь хөрөнгө мөнгө гаргах ямар нэгэн эрх үүрэггүй учраас хариуцагчаар оролцох шаардлагагүй гэж үзээд хариуцагчаас татгалзаж байна. Б ХХК нь эрчим хүч, барилга, сантехникийн угсралт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, СБХ-н гадна дулаан, дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг зураг төслийн хүрээнд өөрийн материал, хөрөнгө болох 176,841,440 төгрөгөөр гүйцэтгэж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээний ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгч, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж, хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авч улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан. Хариуцагч байгууллагууд нь төрийн өмчийн байгууллага тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар захиалагч бөгөөд ажил үйлчилгээг тендер зарлаж, тус хуулийн 27 дугаар зүйл тендерийг хянан үзэх, 28 дугаар зүйл тендерийг үнэлэх зэрэг ажиллагааг гүйцэтгэж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан боловч Дүүргийн СБХ-н барилгын гадна дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг гүйцэтгүүлэх тухай тендер зарлаагүй байна. Иймд зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус бөгөөд тус хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх үндэслэл болж байна. Мөн хариуцагч Дүүргийн СБХ-н дарга нь нэхэмжлэгч Б ХХК-тай дээр дурдсан ажлыг гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулахдаа дүүргийн төсвийн захирагч буюу дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авалгүй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болж байна. Нэхэмжлэгч Б ХХК нь Дүүргийн БСХ-тай байгуулсан гэрээний үүргээ шударгаар биелүүлж, гэрээгээр тохирсон хугацаандаа захиалагчид гэрээний ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн бөгөөд хариуцагч нь тендер зарлаагүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус болох тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хариуцагч нар нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсанд тооцох үндэслэл болно. Иймд СБХ, БХХК нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан №10/17 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 176,841,440 төгрөгийг хариуцагч байгууллагуудаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч СБХ-н төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хууль мэдэхгүйг далимдуулан надтай гэрээ хийсэн гэж ойлгож байгаа. Энэ гэрээ нь асар их хууль зөрчсөн хүчингүй гэрээ юм. Хууль зөрчихөд нөлөөлсөн байгууллага нь Б ХХК гэж үзэж байна. Анх энэ ажил хийх болсон шалтгаан Ерөнхий сайд утааг бууруулах арга хэмжээг авч эхэлсэнтэй холбоотой манай байгууллага халаалтаа нам даралтын зуухаар шийдсэн байсныг төвийн дулаантай холбохоор болсон. Нээлтэд дүүргийн эрх бүхий албан тушаалтнууд оролцсон. Ажлыг хүлээн авч, 2 өвлийн нүүр үзэж байна. Ямар нэгэн доголдол гараагүй. Яамны багцад 2019 онд 80,000,000 төгрөг батлагдсан. Үлдэх хэсгийг нь дүрэм журмын дагуу яамтай учраа олж төсөвт тусгуулан мөнгөө авах хэрэгтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч БУЯ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: СБХ-н дарга Ц.Г 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хүсэлт гаргах нь тухай 137 дугаар албан бичгээр Дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолборыг төвлөрсөн дулаанд холбогдоход зарцуулсан 176,000,000 төгрөгийг Сайдын хөрөнгөнөөс шийдвэрлэх хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад ирүүлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Жагсаалт батлах тухай А/112 дугаар тушаалын хавсралтад Сонгинохайрхан дүүргийн спортын цогцолборын гадна шугам сүлжээний засварын ажлын төсөв 80,000,000.00 төгрөгийг баталж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус хөрөнгийг зарцуулах эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлсэн байна. Б ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд СБХ-с 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хамтран ажиллах тухай 172 дугаар албан бичгийг Б ХХК-д хүргүүлж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г СБХ, Б ХХК-тай байгуулжээ. Тус гэрээг үндэслэн СБХ-н барилгын гадна дулаан, дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг Б ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн байна. Манай яамнаас дээрх ажлыг хийж гүйцэтгүүлэхтэй холбогдуулж СБХ-д тендер зарлалгүй тус ажлыг хийж гүйцэтгүүлэх, батлагдсан төсөвгүй гэрээ байгуулах талаар чиглэл хүргүүлээгүй байна. Түүнчлэн СБХ, Б ХХК нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд манай яам оролцоогүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр манай яам тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй байх тул Б ХХК-ий нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай яамыг хамтран хариуцагчаар татан оролцуулахаас татгалзаж холбогдох хэргийн оролцогчийг байлцуулан шийдвэрлэхийг хүсье гэжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо, БУЯ, СЗД-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 176,841,440 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад СЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзжээ.
Хариуцагч СБХ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, яам гэрээнд оролцоогүй гэх үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хамтран хариуцагч яаманд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
СоБХ болон Б ХХК-ийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10/17 тоот Ажил гүйцэтгэх тухай тоот гэрээ байгуулж, гэрээнд талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Гэрээгээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Б ХХК нь СБХ-н барилгын гадна дулаан, дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг зураг төсвийн хүрээнд гүйцэтгэх, захиалагч буюу хариуцагч СБХ нь 176,841,440 төгрөг төлөхөөр харилцан тохирчээ. /хх-6-8/
Спорт цогцолборын барилгын дулаан хангамжийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил нь эрх бүхий байгууллагаар хийгдэн магадлагдсан зураг төсөл, төсвийн дагуу явагдаж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын актаар ажлын гүйцэтгэлийн зураглалыг шалгаж хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан байна. /хх-8, 23-47, 48-65/,
СБХ нь нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчдыг бэлтгэх, дасгалжуулах үйл ажиллагаа эрхэлдэг төсвийн байгууллага байна. /хх-43/
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т зааснаар төсвийн байгууллага нь баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгөөс дээш өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээр зохицуулжээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор харьцуулалтын аргаар худалдан авч болох босго үнийг ажлын хувьд 80,000,000 төгрөг байхаар тогтоожээ. Төсвийн хөрөнгөөр 80,000,000 төгрөгөөс дээш үнэтэй ажил үйлчилгээ худалдан авахдаа нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэх учиртай. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар бүлэгт заасны дагуу тендерийн урилгыг нийтэд мэдээлж, баримт бичиг, тэдгээртэй холбоотой мэдээллийг олгож, материал хүлээн авч, хянан үзэж, үнэлж, эцэст нь хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчтой гэрээ байгуулах олгох гэсэн дарааллаар хэрэгжүүлдэг.
СБХ-н 2017 оны төсөвт дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралтын ажлын зардал батлагдаагүй, уг ажил үйлчилгээг хийлгэх нээлттэй тендер зарлагдаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймээс талуудын байгуулсан 10/17 тоот Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийг хоорондын үүрэг хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байхаар заажээ.
Тодруулбал, бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан этгээдээс хөрөнгө буцаан шаардах эрх нь нэгдүгээрт, бусад этгээдээс үр шим буюу ашиг орлого хүртсэн байх, хоёрдугаарт, бусад этгээдэд алдагдал учруулсан байх буюу бусдаас зардал гарсан байх, гуравдугаарт, дээрх ашиг орлого, зардлын хооронд шалтгаант холбоотой байх, дөрөвдүгээрт, үүрэг үүсээгүй, үүрэг нь хожим дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон, эсхүл шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай байх нөхцөлд хэрэгжинэ.
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д зааснаар яам нь СБХ-н төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд яам болон СБХ аль аль нь спортын хорооны барилгын дулаан хангамжийн тоног төхөөрөмжийн угсралтын үр шимийг хүртсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь ажлын хөлсний хэмжээгээр хөрөнгөжиж, харин энэ хэмжээгээр нэхэмжлэгчид зардал гарсан байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага хэмээн тодорхойлж буй 10/17 тоот Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гэсэн нь бие даасан шаардлага бус харин шаардлагын үндэслэл байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох 176,841,440 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл юм.
Иймд 10/17 тоот Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч СБХ, БУЯ-с 176,841,440 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч СЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг татан авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар СЗД-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч СБХ, БУЯ-аас 176,841,440 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б ХХК-д олгох олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-аас СЗД-д холбогдуулан 176,841,440 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,042,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,042,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН