Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1728

 

 

 

 

 

 

  2022         11         22                                        2022/ШЦТ/1728

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Н.Өнөрбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Захирахбаатар,

шүүгдэгч Э.Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2955 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т. нь 2022 оны 04 дүгээр сарын 08-наас 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу борлуулалтын орлого болох 6.883.500 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т. мэдүүлэхдээ: “Тус компани нь цалингаа цагтаа буюу 05-ны өдрөө тавьдаггүй байсан. Учир нь харилцагч байгууллагууд авлага, мөнгөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд миний цалинг хаадаг системтэй байсан. Тэгээд би яалт ч үгүй 03 сарын дунд цалингаа авч чадаагүйн улмаас машиныхаа зээл рүү хоёр удаа гүйлгээ хийсэн нь миний буруу. Үлдэгдэл мөнгө нь дандаа барааны дутагдал гаргасан асуудал байгаа. Түүнээс биш завшиж идээд байсан асуудал байхгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З мэдүүлэхдээ: “Э.Т. нь 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлээд бараа, материал дутааж эхэлсэн. 04 дүгээр сарын 08-ны өдөр “...” сургуулийн цайны газарт өгөх ёстой байсан 2.300.000 төгрөгийн үнэтэй маргарины дутагдлыг анх гаргасан. Манай байгууллагаас Э.Т.д хандаж “чи дутагдлаа арилгачих, тэгж байж цалин хөлс чинь тооцогдоно” гэсэн шаардлага тавьсан боловч тухайн этгээд удаа дараа, үргэлжилсэн байдлаар бараа, материал дутаасан үйлдэл гаргасан.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 1-3/,

- Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.З-н 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “Иргэн Э.Т. нь “...” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд борлуулалтын ажлаа хийж байхдаа компанийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан мөнгөө компанид тушаах байсныг өөртөө авч, хувьдаа завшсан асуудал гаргасан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. Компанийн хохирлыг төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ХГ-21/09-18-т дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 12-13/,

- 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай экг-21/09-18-т дугаартай гэрээ /хх-ийн 9-10/,

- Э.Т.ий 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “...” ХХК-ийн санхүүгийн албанд гаргасан өргөдөл /хх-ийн 16/,

- Нягтлан бодогч Э.Н, Э.Т. нарын хооронд тооцоо нийлсэн акт /хх-ийн 19/,

- Яллагдагч Э.Т.ий 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

- Тооцооны хүснэгт /хх-ийн 11/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Т. нь 2022 оны 04 дүгээр сарын 08-наас 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу борлуулалтын орлого болох 6.883.500 төгрөгийг завшсан болох нь:

- Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.З-ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “Иргэн Э.Т. нь “...” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд борлуулалтын ажлаа хийж байхдаа компанийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан мөнгөө компанид тушаах байсныг өөртөө авч, хувьдаа завшсан асуудал гаргасан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. Компанийн хохирлыг төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ХГ-21/09-18-т дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 12-13/,

- 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай экг-21/09-18-т дугаартай гэрээ /хх-ийн 9-10/,

- Э.Т.ий 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “...” ХХК-ийн санхүүгийн албанд гаргасан өргөдөл /хх-ийн 16/,

- Нягтлан бодогч Э.Н, Э.Т. нарын хооронд тооцоо нийлсэн акт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Т.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...хохирлын үнийн дүнгээс шүүгдэгчийн цалин хөлсийг хасах үндэслэлгүй, цалин хөлстэй холбоотой асуудлаа шүүгдэгч нь иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой, хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтад компанийн тамга, тэмдэг дарагдаагүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүгдэгч нь 05 дугаар сард ажлаа хийж байсан эсэх нь тодорхой бус, хөдөлмөрийн зөрчил гаргасан шүүгдэгч нь бараа, материалын дутагдал гаргаснаар тухайн цалин хөлсийг бүрэн авах ёстой эсэх нь тусдаа асуудал.” гэж тайлбарлан маргаж байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хохирогч нь “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах”, 1.3 дахь заалтад “мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах”, 1.8 дахь заалтад “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах” эрхтэй гэж, 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж тус тус заажээ.

             Хохирогч “...” ХХК нь цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “...компанид нийт 7.020.000 төгрөгийн бодит хохирол учирсан...” гэх боловч Төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаа, Тооцоо нийлсэн акт гэх баримтуудад хохирогчид нийт 6.883.500 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон байна.

            Шүүгдэгчээс шүүхэд гарган өгсөн Г.С-гийн “Хаан” банкин дахь … дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл уг данснаас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Т. авлага хаав …” гэсэн гүйлгээний утгатайгаар 5.600.000 төгрөгийг “...” ХХК-ийн … дугаар дансанд шилжүүлж, 1.283.500 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маргаагүй.

             Хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр оролцогч Д.З-аас гаргаж өгсөн хуулийн этгээдийн гэрчилгээ, бараа материалын тайлан, хөдөлмөрийн  гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг 12 хуудас баримтыг хавтаст хэрэгт хавсаргав.” гэжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гарган өгсөн хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтад Э.Т.ээс хохирогч хуулийн этгээдэд төлвөл зохих бараа материалын дутагдал, бэлэн орлого, хүргэгдээгүй бараа, тэдгээрийн үнийн дүнгийн жагсаалтыг тусгаж, түүний доор 05 дугаар сарын 22-ны өдрийн буюу сарын сүүл цалин 495,950.40 төгрөг, амралтын мөнгө 722,604.56 төгрөг, нийт 1,218,554.96 төгрөг болж байгааг тооцож, Э.Т.ий “...” ХХК-д төлвөл зохих үлдэгдэл тооцоо 5,801,445.04 төгрөг (7.020.000 төгрөг буюу тооцоо нийлсэн актын дагуу Э.Т.ээс 136.500 төгрөгийг хасаагүй үнийн дүнгээс бодогдсон) байгааг тодорхойлсон байна.

            Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэргийн бодит байдлыг тогтоолгохоор хохирлын тооцооллын талаар тодорхой баримтуудыг гарган өгсөн бөгөөд тухайн баримтуудынхаа хууль ёсны эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргаагүй атлаа, нөгөө талаас шүүгдэгч нь тухайн баримтын үнэн зөвд маргаагүй байхад Э.Т.ий цалин, амралтын мөнгийг тодорхойлсон баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэх утга агуулга бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

            Нөгөөтээгүүр, шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхдээ дан ганц байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг байхыг шаардах бус тодорхой баримтын эх сурвалжийг магадлах, хэргийн нэг оролцогчоос үнэн зөв гэж үзэн гарган өгсөн баримтын бодит байдалд нөгөө оролцогч маргаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх замаар тэдгээрийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь хуульд нийцэх тул шүүгдэгчийн цалин, амралтын мөнгийг тооцоолсон баримтын бичилтийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.1 дэх заалтад “Ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үндсэн үүрэгтэй.”, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр нь олгох бөгөөд дараах тохиолдолд суутгал хийж болно:”, 119.1.1 дэх заалтад “ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг ажилтнаар нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан”, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.” гэж тус тус заажээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хохирогч “...” ХХК нь ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн боловч тодорхой үндэслэлээр цалингийн суутгал хийх тухай ажил олгогчийн шийдвэр гараагүй бөгөөд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон зэрэг нь тухайн ажилтанд ажилласан хугацаанд нь тохирсон цалин хөлсийг нь олгох үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйн дээр “...бараа материалын дутагдал гаргасан тул цалин хөлсийг нь олгох эсэх нь тусдаа асуудал...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

            Түүнчлэн, хохирогчоос нэгэнт 05 дугаар сарын сүүл цалин 495,950.40 төгрөг, амралтын мөнгө 722,604.56 төгрөг гэж тодорхойлсон байхад “...Э.Т. нь ер 05 дугаар сард ажлаа хийсэн нь тодорхойгүй...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

            2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Захирахбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон баримт хэрэгт авагджээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хохирогч “...” ХХК болон Э.Т. нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой иргэний журмаар маргасан үйл баримт тогтоогдоогүй тул шүүх нэг талаас гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хохирогчийн, нөгөө талаас уг хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага тавьж байгаа иргэний нэхэмжлэгчийн буюу нэг субъектийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийн хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, түүнээс холбогдох хуулийн хэм хэмжээнд заасны дагуу тооцвол зохих мөнгөн дүнг хасч, үлдэх хэсгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь тус шүүхийн бүрэн эрхэд хамаарч байна.

            Иймд хохирогч “...” ХХК-д учирсан хохирол 6.883.500 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 5.664.946 төгрөг (шүүхийн хэлэлцүүлгийн үеэр 64.946 төгрөгийг дансаар шилжүүлсэн), түүнд ажил олгогчоос олговол зохих цалин, амралтын мөнгө 1.218.554.96 төгрөгийг тус тус хасч тооцсоноор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Т.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д. овогт Э.ийн Т.г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т.д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Э.Т.д оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Т. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД