Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0545/З |
Дугаар | 128/ШШ2021/0803 |
Огноо | 2021-12-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2021/0803
2021 12 01 128/ШШ2021/0803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: А М Т Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Хариуцагчийн тус компанийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХV-017634, ХV-017645, ХV-017646 дугаартай 3 тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгаж өгөхийг даалгуулах” гэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай компани хайгуулын XV-017634, XV-017645, XV-017646 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Гэтэл хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэсэн үндэслэл зааж, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болон 29-ний өдөр тус тус тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
Тухайн үед тус компанийн өмчлөгч Т.Г нь өвчний учир гадаад улсад эмчлүүлж байсан бөгөөд 2020 онд Монгол Улсад ирж чадаагүй. Гүйцэтгэх захирал Ц.Ө нь 2020 оны 07 дугаар сараас эхлэн цагдан хоригдсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт цаг тухайд нь гаргаж чадаагүй болно.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн дагуу XV-017634, XV-017645, XV-017646 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг жил бүр 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18,129,536 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 6,211,695.50 мөнгө, 1,904,937.50 мөнгийг зохих журмын дагуу төлсөн болно. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дээрх дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдэд тус бүр 1,000,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөгийг төлсөн.
Бидний хүсэл зоригоос үл хамаарах давагдашгүй хүчин зүйл тул Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимд энэ нөхцөл байдлыг уламжлан улмаар дээрх нөхцөлийг давагдашгүй нөхцөл болохыг хүлээн зөвшөөрч зохих гэрчилгээг олгосон. Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргахад 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 8/2358 дугаартай бичгээр манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна.
Ашигт малтмал газрын тосны газар нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ба 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан гэх мэдээлэл бидэнд өгөөгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах гэж байгаа талаар Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй бөгөөд 2020 он болон 2021 оны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөрийг хэвийн авч явсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газраас Б аймгийн Б сумын нутагт хайгуулын XV-017634, XV-017645, XV-017646 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоолгож, дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож сунгаж өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нарын хүсэл зоригоос үл хамаарах буюу Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын нотолсноор давагдашгүй, гэнэтийн хүчин зүйл тохиолдсон байх үед тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Энэ нь Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас авсан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдоно. Уг гэрчилгээг Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хуульд заасан үүрэг, эрхээ эдлэх боломжгүй болохыг эцэслэн тогтоосон гэрчилгээ гэж үздэг. Олон улсын гэрээ болон Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай дүрмүүдээр нотлогдоно.
Ашигт малтмал, газрын тосны газар нь тухайн зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах төлбөрийг авсан боловч тухайн зөвшөөрлүүдийг цуцалсан гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч маргаж байна. Ашигт малтмал, газрын тосны газар нь Газрын тосны хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг чандлан сахих үүрэгтэй. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай олон улсын конвенцод зааснаар давагдашгүй хүчин зүйл буюу тухайн байгууллагын эрх, үүргийг хэрэгжүүлэгч этгээдүүд өөрсдийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг нотолсоор байх тул тухайн маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан заалтыг үндэслэж, сунгуулах тухай хүсэлтийг нэг сарын өмнө гаргаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарлаж байна. Бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд тухайн байгууллагаас үл хамаарах шалтгаанаар хуулиар хүлээсэн үүрэг болон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсныг Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулиар, Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дүрмээр давагдашгүй хүчин зүйл гэж тодорхойлсон.
Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хавсаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргахад хуулийг дээдлэн ажиллах төрийн байгууллага нь хуулийн дагуу шийдвэр гаргахгүй байгаа нь эс үйлдэхүй юм. Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дүрмээр тогтоогдсон бизнес худалдааны аж ахуй эрхлэгч, үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлыг нотолж байгаа үйл баримт юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Аж ахуйн нэгж, байгууллагуудын өмчлөгч болон гүйцэтгэх захирал нарын хүсэл зоригоос үл хамааран эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломжгүй байсан нь давагдашгүй хүчин зүйл юм гэдгийг Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим тодорхойлсон байхад үүнийг авч хэлэлцэхгүй байгаа нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Энэ нь эс үйлдэхүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байна. Хүсэлт гаргасны дараа Ашигт малтмал, газрын тосны газрын хариу албан бичгийг бичгээр хүлээн авснаас хойш хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар шийдвэр гаргаагүй. Мөн хариуцагчаас ирүүлсэн албан бичигт “...энэ талаар шийдвэр гаргахгүй” гэж дурдсан. Дуусгавар болсон учир шийдвэр гардаггүй гэж хариуцагчийн тайлбарлаж байгаа нь буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хавсаргаж, хүсэлт гаргасантай холбоотойгоор хууль зүйн ямарваа нэгэн дүгнэлт хийж, хүлээж авах эсэх талаар шийдвэр гаргахгүй байгаа үйлдлийг эс үйлдэхүй гэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс нь Үндсэн хууль, нэгдэн орсон Олон улсын гэрээний зарчмуудыг баримталж, бусад хууль тогтоомжийг хэрэглэдэг. Зөвхөн Ашигт малтмалын тухай хуульд заасныг баримталж, Үндсэн хууль болон Олон улсын гэрээнд заагдсан нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг хэрэглэхгүй байгаа нь эс үйлдэхүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хуульд нийцэхгүй гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Э” ХХК-ийн гаргасан “нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан гурван тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгаж өгөхийг даалгах” гэсэн утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг. Төрийн захиргааны байгууллага Б аймгийн Б сумын нутаг орших “Х х” гэх нэртэй 12503.14 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XB-017634 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, Б аймгийн Б сумын нутаг орших “Хар ат уул” гэх нэртэй 1313.75 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XB-017645 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, Б аймгийн Б сумын нутаг орших “Цогтхайрхан уул” нэртэй 4283.93 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XB-017646 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анх “Э” ХХК-д тус тус олгожээ.
Хоёр. “Э” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XB-017634, XB-017645, XB-017646 тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж хуульчилсны дагуу төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” бол уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор хуульчилсныг үндэслэн дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болгон, Геологи, уул уурхайн Кадастрын системд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гурав. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан.
“Э” ХХК нь төрийн захиргааны байгууллагад 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн огноо бүхий 21-2/19 дугаартай албан бичиг ирүүлснийг хүлээн аваад мөн оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 8/2358 дугаартай албан бичгээр хариу хүргүүлжээ.
Тус компани нь дээрх тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгон бүртгэсэнтэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийг Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж тайлбарлаж байна. Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан хууль дээдлэх, тэгш байдал, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгодог. Иргэнд олгодоггүй. Компанийн захирал, хувьцаа эзэмшигч нь өвчтэй, хоригдож байсан боловч бусад ажилтан нар нь бүгд боломжгүй байсан гэж үзэхгүй байна. Хуулийн этгээдэд олгодог гэдгийг анхаарах хэрэгтэй. Олон улсын гэрээтэй холбоотой маргаан биш. Ковид-19 цар тахлын үед зөвхөн "Э" ХХК нь асуудалтай байгаагүй. Монгол Улсад байх бүх аж ахуйн нэгж, байгууллагад асуудал үүссэн. Бүгд тухайн үедээ тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж, хугацаагаа сунгуулсан. "Э" ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгаан нь тэгш байдлын зарчимд нийцэхгүй.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичигт “шийдвэр гарахгүй” гэж дурдсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тайлбарлаж байна. Тухайн албан бичигт “Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд хугацаа сунгах шийдвэр гаргадаггүй” гэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болно” гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл дуусгавар болсон.
Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь анх тус шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Тус компанийн Б аймгийн Б сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХV-017634, ХV-017645, ХV-017646 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон гэж үзсэн захиргааны актыг хүчингүй болгуулах“ шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж, хариуцагчийн тус компанийн Б аймгийн Б сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХV-017634, ХV-017645, ХV-017646 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгаж өгөхийг даалгуулах” гэж тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Тухайн үед тус компанийн өмчлөгч Т.Г нь өвчний учир гадаад улсад эмчлүүлж байсан, ...гүйцэтгэх захирал Ц.Ө нь 2020 оны 7 дугаар сараас цагдан хоригдсон тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, ... хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт цаг тухайд нь гаргаж чадаагүй. “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нарын хүсэл зоригоос үл хамаарах буюу Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын нотолсноор давагдашгүй, гэнэтийн хүчин зүйл тохиолдсон. ... Энэ нь Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас авсан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдоно.
Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хавсаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргахад хуулийг дээдлэн ажиллах төрийн байгууллага нь хуулийн дагуу шийдвэр гаргахгүй байгаа нь эс үйлдэхүй юм. ... Тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг зохих журмын дагуу төлж ирсэн. ... Тусгай зөвшөөрөл цуцалсан талаарх мэдээлэл бидэнд өгөөгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах гэж байгаа талаар Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. ...гэж,
Хариуцагч нь “ ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй. ... Тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 08-ны, 10 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болгон, Геологи, уул уурхайн Кадастрын системд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Ашигт малтмал, газрын тосны газар нь эс үйлдэхүй гаргаагүй.
... Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гэмт хэрэг үйлдээд хоригдож байгаа этгээд болон гадаадад эмчилгээ хийлгэж байгаа этгээд хамааралгүй. ... Хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр авсан. 2020 оны 10 дугаар сард маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон.Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг мэдсээр байж, 7 сарын дараа давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авч ирж, дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг сунгахыг шаардаж байгаа нь хууль бус ... Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн” гэж тодорхойлон маргажээ.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт орших “Хашаатын хөндий” нэртэй 22428,06 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-017634 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт орших “Хар ат уул” нэртэй 4283,93 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-017646 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт орших “Цогтхайрхан уул” нэртэй 1313,75 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-017645 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус “Э” ХХК-д олгосон, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр “Эмэмарай” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Хашаатын хөндий” нэртэй 12503,14 гектар талбай бүхий ХV- 017646 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 595 дугаар шийдвэрээр “Эмэмарай” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Хар ат уул” нэртэй 4283,93 гектар талбай бүхий ХV-017646 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 599 дүгээр шийдвэрээр “Э” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Цогтхайрхан уул” нэртэй 1313,75 гектар талбай бүхий ХV-017645 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийж, энэ тухайгаа нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдсэн, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус дуусгавар болсон.
Ийнхүү дуусгавар болсныг 2020 оны 10 дугаар сарын 07-ны болон 10 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба дээрх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээр дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа эс хариуцагчийн үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгаж өгөхийг даалгуулахаар маргаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “...төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавина” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж,
түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэй, ийнхүү сунгуулахдаа хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байна.
Дээрх хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болон 09 дүгээр сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар байсан, хуульд заасан хугацаанд, хуульд заасан журмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг эрх бүхий этгээдэд гаргаагүй, харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргасан, ийнхүү гаргахдаа хугацаа хожимдуулсан шалтгаанаа “...энэ үед компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан Ц.Ө нь 2020 оны 07 дугаар сараас эхлэн цагдан хоригдсон, компанийн тамга, гэрчилгээ олдохгүй байсан” гэж тайлбарлан маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ маргааны тохиолдолд тухайн компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан Ц.Ө нь цагдан хоригдсон, компанийн тамга, гэрчилгээ олдохгүй байгаа нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд компанийн үүсгэн байгуулагч Т.Г нь гадаадад эмчлүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримтаа нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор” заасан, энэ тохиолдолд “Э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-017634, ХV-017645, ХV-017646 дугаартай зөвшөөрлүүдийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 07, 10 дугаар сарын 29-ний өдөр дууссанаар уг тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, нэгэнт тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссанаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх дуусгавар болох тул дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, сунгахыг даалгах хууль зүйн боломжгүй. Тодруулбал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай ойлголт зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хувьд хэрэглэгдэнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд энэхүү маргааны тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь “эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрхээс үзэхэд хариуцагч нь “эс үйлдэхүй“ гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж гэж үзэж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Э” ХХК-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон байх бөгөөд энэхүү гэрчилгээ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэгэнт хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах үндэслэл болохгүй. Учир нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-ын 6 дахь заалт, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дүрмийн 2.3.13-д зааснаар Үндэсний танхим нь давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх, хүнд хэцүү нөхцөл /hardship/ болон давагдашгүй хүчин зүйлийг /force major/ баталж, гэрчилгээ олгох эрх, үүрэгтэй байх хэдий ч “FORCE MAJEURE /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон HARDSHIP /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журам”-ын 1.2.1-д ““Force majeure” буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа, хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгох”-оор заасан, дээрх гэрчилгээнд “ ... Ковид-19 буюу короновирусийн цар тахал, түүний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон хорио цээрийн улмаас “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Г нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ирж чадаагүй нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/ мөн болохыг нотолж, гэрчилгээ олгосон, тус компанийн хувьцаа эзэмшигч Т.Г нь дээрх хугацаанд гадаадад байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх гэрчилгээг үндэслэж, тухайн компанийн дуусгавар болсон тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан” хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаар тусгай зөвшөөрөл дуусгавар болно”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцжээ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллага нь холбогдох хуулийг зөрчөөгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хариуцагч нь “ ... тус компани нь тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгон бүртгэсэнтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй, ... гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн ...“ гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч “Э” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 21-2/19 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан, Ашигт малтмал, газрын тосны газар нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 8/2358 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариуг хүргүүлсэн, дээрх албан бичгийг хүлээн авсны дараа 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. 14.1.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Хариуцагчийн тус компанийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХV-017634, ХV-017645, ХV-017646 дугаартай 3 тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгаж өгөхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э“ ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН