Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0122

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“СА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , Б.О

Нэхэмжлэгч: “СА” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж НХААГ/2024****** дугаар бүхий тендер шалгаруулалтын тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “СЛ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ““СА” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар бүхий дүгнэлтийн “СА” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “СА” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/882 дугаар бүхий шийдвэр болон “СЛ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай НХААГ-ын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/881 дугаар бүхий шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга “СЛ” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024****** дугаар бүхий гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1036 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Н.О

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0600/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “СА” ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж НХААГ/2024****** дугаар бүхий тендер шалгаруулалтын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан ““СА” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар бүхий дүгнэлтийн “СА” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “СА” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/882 дугаар бүхий шийдвэр болон “СЛ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай НХААГ-ын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/881 дугаар бүхий шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга “СЛ” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024****** дугаар бүхий гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1036 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 25 дугаар зүйлийн 25.1, 45 дугаар зүйлийн 45.6, 48 дугаар зүйлийн 48.2.3, 49 дүгээр зүйлийн 49.8.2, 50 дугаар зүйлийн 50.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийн “СА” ХХК-д холбогдох хэсгийг, тус үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн “СА” ХХК-д холбогдох хэсгийг болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 03/882 тоот албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “СЛ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 03/881 тоот албан бичгийг болон Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн “СЛ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “СЛ” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024****** дугаар бүхий Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД)” НХААГ/2024****** дугаартай төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/882 тоот албан бичгийг гаргахдаа хариуцагч нь “СА” ХХК-ийн тодорхой ямар үндэслэл, шалтгаанаар татгалзаж байгаа үндэслэлээ заагаагүй, тодорхойгүй, ойлгомжгүй гэсэн хариу өгсөн байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;” 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана." гэж тус тус заасан байна. Тайлбар: Хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтад заасан чиг үүргээ хэрэгжүүлэн “СА” ХХК нь захиалагчийн Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар бэлтгэн ирүүлэхдээ зөрүүтэй ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан.

3.2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн захирамж ирсэн тухайд үнэлгээний хороо байгуулан, тус газрын Зураг, төсөв хариуцсан мэргэжилтнээс захиалагчийн хяналт тавих газарт буюу Нийслэлийн Боловсролын газарт албан бичиг хүргүүлэн барааны техникийн тодорхойлолтыг ирүүлсэн. Үүний дагуу үнэлгээний хороо хуралдан Тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулан цахим системээр зарладаг. Захиалагчийн хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Боловсролын газраас тухайн чиглэлээр мэргэшсэн албан хаагч техникийн тодорхойлолтыг боловсруулж, батлуулан ирүүлснийг үндэслэн тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж оруулсныг шүүх хянаж үзээгүй. Харин оролцогч хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.” гэж заасны дагуу зарлал нийтэлснээс хойш тодруулга авах боломжтой байсныг шүүх дүгнэж үзээгүй.

3.3. Мөн шүүх зөвхөн “СА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр техникийн тодорхойлолт буруу байсан гэж тогтоосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс нарийн мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шүүх техникийн тодорхойлолт буруу байсан гэж тогтоосон нь үндэслэлгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад заасан шинжээч томилох ажиллагааг хийгээгүйгээр нарийн мэргэжил шаардсан ажилд зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчээс маргаад байгаа асуудлын хүрээнд захиалагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Нийслэлийн Боловсролын газраас тодруулга авах арга хэмжээ авах ёстой байсныг дүгнэж үзээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй, хангаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1036 дугаар шийдвэрийн давж заалдах гомдолд дурдсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр шийдвэрлэв. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “СА” ХХК-аас анх шүүхэд ““СА” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/882 дугаар бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, тус компанийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар өөрчилж, тодруулж, нэмэгдүүлсэн байна. Ийнхүү өөрчлөхдөө

- “СА” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /зөвлөмж/-ийн “СА” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох,

- “СА” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/882 дугаар бүхий шийдвэр болон “СЛ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай НХААГ-ын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/881 дугаар бүхий шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

- тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

- 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга “СЛ” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024****** дугаар бүхий гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ.

 

2.2. “СА” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /зөвлөмж/-ийн “СА” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

2.2.1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) нийлүүлэгч”-ийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байх бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаартай зөвлөмжөөр “СЛ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж “СЛ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн, нэхэмжлэгч компаниас тус шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/3161 дүгээр албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна. Ийнхүү үнэлгээний хороо дахин хуралдаж 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3 дугаартай зөвлөмжөөр “СЛ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж “СЛ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, уг шийдвэрийн дагуу захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” №НХААГ/2024****** дугаартай гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг захиалагч, гүйцэтгэгч нар 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Бараа хүлээж авсан ажлын хэсгийн акт”-аар хүлээлцэж, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээгээ дүгнэж “Гэрээ дүгнэх маягт” үйлдсэн үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

 

2.2.2. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийг “захиргааны акт хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах үед маргаан бүхий Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаартай зөвлөмж эрх зүйн үйлчлэлгүй болсон байжээ. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох учиртай.

 

2.2.3. Гэтэл Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар зөвлөмж нь Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/3161 тоот шийдвэрээр хүчингүй болсон байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, тиймээс Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаартай зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.

 

2.2.4. Иймд нэхэмжлэгчийн ““СА” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /зөвлөмж/-ийн “СА” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.3. “СА” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/882 дугаар бүхий шийдвэр болон “СЛ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай НХААГ-ын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/881 дугаар бүхий шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга “СЛ” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024****** дугаар бүхий гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.3.1. Дээр дурдсанчлан маргаан бүхий актыг “хууль бус байсан” болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн байхаас гадна нэхэмжлэл гаргагчийн эрх ашиг ноцтой хөндөгдсөн байхыг шаарддаг буюу тус актыг “хууль бус байсан” болохыг тогтоолгох нэхэмжлэгчид “онцгой ашиг сонирхол” байгаа тохиолдолд хангагдах боломжтой. Учир нь шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчид тодорхой эрхийн хамгаалалт үзүүлж чадахуйц, үр дагавар бүхий байх учиртай.

 

2.3.2. Нэхэмжлэгчийн хувьд онцгой ашиг сонирхол байх гэдэг нь шүүхийн шийдвэр түүнд тодорхой хэмжээгээр эрхийн хамгаалалт үзүүлэх боломжтой байх агуулгыг илэрхийлэх бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанчлан “…нэхэмжлэл хангагдсанаар ...ажилчиддаа хариуцлага тооцно, ...захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргана...” гэх агуулгатай тайлбар нь “СА” ХХК-ийн хувьд тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/882 дугаар бүхий шийдвэр, “СЛ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай НХААГ-ын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/881 дугаар бүхий шийдвэрүүд, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмж, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга “СЛ” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024****** дугаар бүхий гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхлыг илэрхийлэхгүй.

 

2.3.3. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид сэргэх ямар эрх ашиг буй болохыг тодруулахад санхүүгийн болон цаашид тендер сонгон шалгаруулалтад оролцоход саад болох нөхцөл  үүсээгүй болохыг тайлбарласан болно.

 

2.3.4. Тендер шалгаруулалт нь тендер зарлахаас эхлээд гэрээ байгуулах хүртэл үргэлжлэх харилцан хамааралтай, цогц үйл ажиллагаа учраас Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу эрх олгосноор байгуулсан гэрээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжсэн тохиолдолд захиргааны актын адил түүнийг хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэл гаргах боломжтой. Гэвч энэ тохиолдолд тийнхүү хууль бус байсан болохыг тогтоох “онцгой ашиг сонирхол” нэхэмжлэгчид байх урьдчилсан нөхцөлийг захиргааны актын нэгэн адил шаардана.

 

2.3.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно” гээд 4.1.17-д “тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг, 4.1.18-д “техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгоно гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 45 дугаар зүйлийн 45.6-д “Аймаг, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 45.5-д заасан захиалагч өөрийн хэрэгцээнд худалдан авахаас бусад тохиолдолд тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж зохион байгуулна”, 49 дүгээр зүйлийн 49.8-д “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 49.8.2-т “захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх”, 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 50.2.1-д “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах” гэж тус тус заасан.

 

2.3.6. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд захиалагч болон Үнэлгээний хорооноос тендерийн баримт бичгийг боловсруулахдаа тендерт оролцогчдод ойлгомжтой, тодорхой, шинжлэх ухааны үндэслэлтэй, салаа утга агуулаагүй оновчтой агуулга бүхий тендерийг боловсруулаагүй, захиалагч хуулиар олгосон хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх боловч оролцогчдын зүгээс тендерийн баримт бичгийн холбогдох хэсгүүдийг  тодруулах ойлгомжгүй байдлыг тодорхой болгох талаар холбогдох хууль, журмын дагуу эрх бүхий этгээдэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан байна.

 

2.3.7. Тухайн тохиолдолд хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/853 дугаартай албан бичгээр “СЛ” ХХК-иас тодруулга авч, үнэлсэн хариуцагчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

 

2.3.8. Гэтэл анхан шатны шүүх “...Үнэлгээний хороо нь “СЛ” ХХК-ийг шалгаруулж шийдвэрлэснийхээ дараа тус компаниас LAN switch-ийн талаар тодруулга авсан болох нь тогтоогдож байх ба энэ нь хуульд нийцэхгүй байна” гэж үндэслэл муутай дүгнэлт хийж, тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийн СА ХХК-д холбогдох хэсгийг, тус үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн “СА” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 03/882 тоот албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

2.3.9. Дээр дурьдсанаар нэхэмжлэгчийн “СА” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/882 дугаар бүхий шийдвэр болон “СЛ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай НХААГ-ын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/881 дугаар бүхий шийдвэр, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмж, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга “СЛ” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024****** дугаар бүхий гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:                                     

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1036 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “СА” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж НХААГ/2024****** дугаар бүхий тендер шалгаруулалтын тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ““СА” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /зөвлөмж/-ийн “СА” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, мөн Тогтоох хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 25 дугаар зүйлийн 25.1, 45 дугаар зүйлийн 45.6, 49 дүгээр зүйлийн 49.8.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СА” ХХК-ийн ““СА” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/882 дугаар бүхий шийдвэр болон “СЛ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай НХААГ-ын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/881 дугаар бүхий шийдвэрүүд, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмж, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга “СЛ” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024****** дугаар бүхий гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА