Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2018/00005

 

Ж.Бны нэхэмжлэлтэй,

Н.Эд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00058 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор Ж.Бны нэхэмжлэлтэй, Н.Эд холбогдох гэм хорын хохиролд 28380125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1998 оноос эхлэн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг Энх зуслангийн баруун талд голын тохойд жил бүр төмс, хүнсний ногоо тариалж түүнийгээ зориулалтын зооринд хадгалан зах зээлд худалдан борлуулж олсон орлогоороо гэр бүлийнхээ амьжиргааг авч явж ирсэн. Энэхүү төмс, хүнсний ногоо тариалсан ажил маань миний гэр бүлийн бүтэн жилийн санхүүгийн болон амьжиргааны эх үүсвэр хэрэгцээ болж байдаг. 2016 онд өөрийн эзэмшлийн талбайдаа нийт 2 га газарт төмс, хүнсний ногоо тариалсан. Гэтэл 2016 оны 9 сарын 15-наас 16-ны өдрүүдэд Н.Эын үхэрнүүд ногооны талбайд орж бөөрөнхий байцааг идэж төмс, бусад ногоог идэж гишгэлэн цаашид ургах болон ашиглах боломжгүй болгож намайг их хэмжээний алдагдалд оруулсан. Миний тарьсан 5000 орчим бөөрөнхий байцааг 100 хувь гэмтээж сүйтгэсэн. Энэ талаар сумын цагдаагийн газарт мэдэгдэн хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа нар ирж, шалган танилцаж зураг авсан байгаа. Энэ үед Эын үхэр ногооны талбайн хашааг эвдэн орж, ногоог идэж байсан бөгөөд үхэрнүүдийг хөөж туугаад дийлдэхгүй байсан. Миний хувьд хаврын тариалалтанд 2360860 төгрөгийн зардал гаргасан. Миний гол орлогын эх үүсвэр болсон төмс, хүнсний ногооны ургац байхгүй болсон учир надад дараах бодит хохирол учирсан. Миний хувьд хохирол учраагүй бол 26400000 төгрөгийн ашиг олох байсан. Энэ ашгаасаа Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөр 580125 төгрөг, хүү Б.Пүрэвдалайн сургалтын төлбөрт зээлсэн хоёр сая төгрөгийн хүү 1400000 төгрөгийг тус тус төлөх байсан, төлж чадаагүй учир надад хохирол учруулсан Н.Эоос нэхэмжилж байгаа. Ингээд нийт 28380125 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би бас өөрөө нэг га газарт ногоо тарьдаг. Ногоо тарих ажлын талаар мэднэ. Бы ногооны талбай нь зүүн хойд хэсэгтээ хашаагүй, шон хоорондын зай нь 6 метр байдаг. Тухайн үед эзэнгүй байсан. Ингэж хашаагаа хол зайтай барьснаас үхэр мал орсон. 7 сарын 20-нд Б надтай ирж уулзаад ногоо ашиггүй байна, таны хадлангийн хэрэгслийг аваад таны өвсийг бэлтгээд өгье гэж хэлээд хадуур, тармуур аваад явсан. Би өмнө нь Бы ахтай хамт зуны цагт өвс хадаад, намар болохоор ногоо тарьдаг байсан. Манай суманд ногоо тарьж байгаа иргэдийг өөрсдийнхөө талбайг хамгаалах тухай сумын Засаг даргаас захирамж хүртэл гаргасан байгаа. Энэ нь өөрсдийн тариалалтын талбайг хамгаалах талаар гарсан. 2016 онд их гантай, ургац муу байсан. Би Бд ийм их хэмжээний мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч байсан ийм талбайд ногоо тариалж ийм хэмжээний ашиг олохгүй. Харин тухайн үед манай үхэр ногооны талбайд орсон учир ногоо тарихад гарсан зардлыг өөрөө тооцож нэг шүдлэн үхэр өгье гэж хэлж байсан. Түүнээс хойш уулзаагүй. Би шүдлэн үхрээ 700,0-800,0 мянган төгрөгөөр үнэлнэ гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00058 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Эс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 2.848.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.532.125 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 299851 төгрөгийг төсвийн орлогод үлдээж хариуцагч Н.Эс 60518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Э давж заалдах гомдолдоо: “Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00058 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... Би гэм хор учруулсныг үгүйсгэхгүй байгаа боловч төлбөрийн хэмжээг өндөр байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Ж.Бны өөрийнх нь хариуцлагагүй байдлаас болж дээрх асуудал үүссэн юм. Үүнд:

1. Ногооны талбайн хашаагаа гүйцэд бариагүй. Шон хоорондоо 6 метр зайтай. /Манайх болон бусад газрууд 2.5-3 м байдаг/ Зүүн урд буландаа огт хашаагүй, тор татаагүй тэр хэсгээр үхэр орсон.

2. 7 сараас хойш огт эзэнгүй хаясан. /хадланд гарна гээд/ Усалгаа, арчилгаа, хамгаалалтгүй орхисон.

3. 2016 он гантай жил байсан учраас бүх газрын ургацад муугаар нөлөөлсөн. Ногоо нь ургаагүй.

4. Сумын ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж гарч ногоо тариалж буй иргэд гэмт халдлагаас өөрсдийн ногоо, тариагаа хамгаалах шийдвэр хүртэл гарч бид нарт танилцуулж байсан. Гэвч нэхэмжлэгч маань энэ бүгдэд хайхрамжгүй хандан наадам хүртэл алаг цоог ногоон дээрээ ирж байгаад наадмаас хойш бүр хаясан.

Үнэхээр хөдөлмөрлөөд ногоогоо арчилж услан ургуулж, хамгаалсаар байтал нь үхэр мал орсон бол өөр хэрэг. Би ч гэсэн 1 га-д ногоо тарьдаг. Ногоочин хүний ажлыг гадарлана. Ногооны талбайд үхэр орсон сургаар очиж үзсэн. Ургасан, ургаагүй ялгаа харагдаж байсан. 9 сарын 20-доор нэхэмжлэгч Ж.Бтай уулзаж байр байдлыг нь хэлсэн. Өөрөө ногоогоо сайн ургаагүйг мэдэж байсан. Нөхцөл байдлаа үнэлээд би 1 үхэр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч гэнэт шүүхэд өгсөн. Миний хувьд ургаагүй ногооны төлөө төлбөр төлнө гэдэгт гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг эргэн харж төлбөрийг багасгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б давж заалдах гомдолдоо: “Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00058 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... Хариуцагч Н.Эын үхэрнүүд нь миний ногооны талбайд орж төмс, бөөрөнхий байцааг идсэнийг хүлээн зөвшөөрдөг. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 14240000 төгрөгөөр хохирлыг тооцон түүний 20 хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний бие шүүх хуралдаан дээр нэгэнт гарсан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаагаа илэрхийлсэн. Хариуцагч Эын үхэр жил болгон л ногооны талбайд нэвтэрч бидэнд хохирол учруулдаг. Аль аль талаасаа ярилцаад болохоор нь шийдвэрлэж байсан. Би болон хамт ногоо тарьдаг хүмүүс бид жил болгоны хавар тариалалт хийхдээ хашаа хайсаа янзалж, засаж сэлбэн бэлэн болгодог. Үүнд ч нэлээдгүй зардал гардаг. Намайг ногооны талбайг харуул хамгаалалтгүй байлгаснаас болсон гэжээ. Харин Э бусдын хүч хөдөлмөр шингэж бүтсэн зүйлийг үл ойшоон үхрээ ногооны талбайн зүг бэлчээдэг хараа хяналтгүй явуулснаас болсон. ...Баянтүмэн сумын мэргэжилтний гаргасан дүгнэлтээр надад учирсан гэм хор үнэлэгдэж ирсэн нь тодорхой байтал шүүх хэт нэг талыг барьж илт багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж 14240000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Н.Эс жилийн ургацын орлого болох 26400000 төгрөг, Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн хүү 525000 төгрөг, алданги 55125 төгрөг, хүү Б.Пүрэвдалайн сургалтын төлбөрт зээлсэн 2,0 сая төгрөгийн хүү 1400000 төгрөг, нийт 28380125 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Б нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “ Энх” зуслангийн баруун талд /голын тохойд/ өөрийн эзэмшлийн 2 га газарт төмс, хүнсний ногоо тарьсан, уг тарьсан төмс, хүнсний ногооны талбайд 2016 оны 09 сарын 15, 16-ны өдрүүдэд  хариуцагч Н.Эын үхэрнүүд орж, төмс болон бусад ногоонуудыг гишгэлсэн, бөөрөнхий байцааг идэж  ургац авах боломжгүй болгосон үйл баримтууд тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч Н.Э нь 2016 оны зун их гантай байсан, нэхэмжлэлд дурдсан хэмжээний ургац авах боломжгүй байсан, нэхэмжлэгч нь тариалсан ногоогоо усалгаагүй, харуул хамгаалалтгүй орхисон, мөн татсан торны шон хоорондын  зай хол байсан /6 м-ийн зайтай байсан гэдэг/ зэргээс шалтгаалж ногоо тарихад гарсан зардлыг тооцож нэг шүдлэн үхэр буюу 700,0-800,0 мян төгрөг өгөхийг зөвшөөрнө, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, ... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлохоор гэрч асуулгасан, шинжээчийн дүгнэлт гаргуулсныг хариуцагч үгүйсгэж, няцаасан нотлох баримт гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Ж.Бы гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Гэм хор учирахад нэхэмжлэгчийн ногооны хашаа шаардлага хангахгүй байдал, ногоогоо манаачгүй /харуул хамгаалалтгүй/ орхисон зэрэг нэхэмжлэгч Ж.Бы хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Н.Э нарын давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ж.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Н.Эын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Н.Э нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ж.Б нь улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 229150 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Н.Эын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                                               Д.БАЙГАЛМАА

                                                                                               З.ЭНХЦЭЦЭГ