Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1761

 

 

 

 

 

 

  2022         11         30                                        2022/ШЦТ/1761

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Г.Билгүүн,

хохирогч Э.Н.,

шүүгдэгч Д.С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт Д.гийн С.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 04524 3359 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С. нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Н. нь “чи битгий уур амьсгал эвдээд бай, гичий минь” гэж хэлснээс шалтгаалан маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С. мэдүүлэхдээ: “Э.Нийн зүүн шанаа руу гараараа хүчтэй цохисон минь үнэн. Э.Н. нь  надаас зуураад тавихгүй байсан учраас би бугуйнаас нь бариад, доошоо салгасан.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Н. мэдүүлэхдээ: “...Д.С., Х.Б хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би өөрийн тавьтаргүй зангаасаа болоод Д.С. лүү уурлаад “чи битгий уур амьсгал эвдээд бай, гичий минь” гэж хэлээд ийм асуудал болсон. Эмнэлэгт үзүүлсэн баримт хэрэгт хавсаргуулсан байгаа. Тэр мөнгөө нэхэмжилж байна.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

- Хохирогч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр санхүү, хүний нөөцийн академийн шинэ ангийнхантайгаа хамт гарахаар болсон. Тухайн чатан дээр Д.С. гэх нэртэй охин анги дундын чат дээр “нэг анги болсон юм чинь гаръя” гэж чат ирээд байсан. Тэгээд би болон тухайн ангийн 5 охины хамт бид зургаа Сансарын KFC-ийн гадна уулзаад, караоке орсон юм. Тухайн газартаа ороод “Соёрхол” нэртэй цагаан архи 0.75 литртэй, мөн 6 шилтэй шар айраг худалдан аваад тухайн газар үйлчлүүлэнгээ уусан юм. Тэгээд тухайн газраас 22:00 цаг өнгөрөөж гараад, гадаа байж байхдаа бид нар бөөндөө нэг нэг шил шар айраг аваад ууя гэж ярилцсан. Тэгээд бид нар тухайн газраас холгүй нэг байрны гадна, сааданд нэг шил шар айраг уухаар болоод сааданд сууж байхад Д.С. гэх эмэгтэй манай ангийн хүүхэдтэй маргалдаад байсан юм. Тэгээд миний уур хүрээд би Д.С.д хандаж хэлэхдээ “чи битгий уур амьсгал эвдээд бай, гичий минь” гээд хэлсэн чинь надад уурлаад миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд би арагшаа унаад өгсөн. Тэгээд Д.С. миний дээр гараад намайг зодоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

- Гэрч Х.Бгийн өгсөн: “Сааданд суугаад дахин шар айраг уухаар болоод нэг том савтай шар айраг аваад уугаад суусан. Харин энэ үед Д.С. надтай маргалдах гээд байсан чинь Э.Н. гэх эмэгтэй Д.С.д хандаж хэлэхдээ “чи битгий уур амьсгал эвдээд бай” гээд хэлсэн чинь Д.С. босож ирээд Э.Нийн нүүр хэсэгт нь гараараа цохисон чинь Э.Н. арагшаагаа газар унаад өгсөн. Тэгээд Д.С. нь Э.Нийн дээр гараад хэд хэдэн удаа гараараа цохиод байсан. Тэгээд би дундуур нь ороод салгасан юм. Өөр зүйл болоогүй, тухайн газраас тарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12423 тоот: “Э.Нийн биед дух, хүзүүнд зулгаралт, зүүн завжинд шарх, зүүн хацар, шанаа, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 11-12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.С. нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Н. нь “чи битгий уур амьсгал эвдээд бай, гичий минь” гэж хэлснээс шалтгаалан маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр санхүү, хүний нөөцийн академийн шинэ ангийнхантайгаа хамт гарахаар болсон. Тухайн чатан дээр Д.С. гэх нэртэй охин анги дундын чат дээр “нэг анги болсон юм чинь гаръя” гэж чат ирээд байсан. Тэгээд би болон тухайн ангийн 5 охины хамт бид зургаа Сансарын KFC-ийн гадна уулзаад, караоке орсон юм. Тухайн газартаа ороод “Соёрхол” нэртэй цагаан архи 0.75 литртэй, мөн 6 шилтэй шар айраг худалдан аваад тухайн газар үйлчлүүлэнгээ уусан юм. Тэгээд тухайн газраас 22:00 цаг өнгөрөөж гараад, гадаа байж байхдаа бид нар бөөндөө нэг нэг шил шар айраг аваад ууя гэж ярилцсан. Тэгээд бид нар тухайн газраас холгүй нэг байрны гадна, сааданд нэг шил шар айраг уухаар болоод сааданд сууж байхад Д.С. гэх эмэгтэй манай ангийн хүүхэдтэй маргалдаад байсан юм. Тэгээд миний уур хүрээд би Д.С.д хандаж хэлэхдээ “чи битгий уур амьсгал эвдээд бай, гичий минь” гээд хэлсэн чинь надад уурлаад миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд би арагшаа унаад өгсөн. Тэгээд Д.С. миний дээр гараад намайг зодоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

- Гэрч Х.Бгийн өгсөн: “Сааданд суугаад дахин шар айраг уухаар болоод нэг том савтай шар айраг аваад уугаад суусан. Харин энэ үед Д.С. надтай маргалдах гээд байсан чинь Э.Н. гэх эмэгтэй Д.С.д хандаж хэлэхдээ “чи битгий уур амьсгал эвдээд бай” гээд хэлсэн чинь Д.С. босож ирээд Э.Нийн нүүр хэсэгт нь гараараа цохисон чинь Э.Н. арагшаагаа газар унаад өгсөн. Тэгээд Д.С. нь Э.Нийн дээр гараад хэд хэдэн удаа гараараа цохиод байсан. Тэгээд би дундуур нь ороод салгасан юм. Өөр зүйл болоогүй, тухайн газраас тарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12423 тоот: “Э.Нийн биед дух, хүзүүнд зулгаралт, зүүн завжинд шарх, зүүн хацар, шанаа, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 11-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.С.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч Э.Н. нь баримтаар 185.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.С.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Д.С. нь жирэмсэн болох нь холбогдох эмнэлгийн баримтаар тогтоогдож байгааг үндэслэн түүнд нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүл мэндийн байдалд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байх тул шүүгдэгч Д.С.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С-нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.С.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.С.эс 185.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н. -д олгосугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД