Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шинжээч эмч Б.Ариунзул /онлайн/

Гэрч А.Одбаяр, Е.Оюунцэцэг

Шүүгдэгч Х.Батхишигийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч Ү.Ганбатын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Х.Батхишиг, Ү.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Хүрэлбаатарын Батхишиг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин сартуул овогт Үржиндоржийн Ганбат нарт холбогдох эрүүгийн 2221000000223 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороонд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 15-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Хатгин овогт Хүрэлбаатарын Батхишиг. /РД: ЖО86120575/

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороонд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг Дархинт гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Хатгин сартуул овогт Үржиндоржийн Ганбат. /РД: ЖО81041791/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Батхишиг нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах Хонхор гэх дэлгүүрийн гадна иргэн Ү.Ганбаттай үл ойлголцсоны улмаас маргалдаж улмаар зодож баруун гарын ядам хуруу болон чигчий хурууны шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ү.Ганбат нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багт оршин суух Б.Ууганцэцэгийн хашаанд хохирогч Х.Батхишигтэй үл ойлголцсоны улмаас маргалдаж төмрөөр толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Батхишиг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Одбаяр, Дагвадорж ах нарын хамт Баян-Уул сум руу явсан. ...Би Ганбат ахаас адууны авлагатай байсан учир тэр талаар асуух санаатай Ганбат ахын зогсож байсан Хонхор гэх дэлгүүрийн гадаа очоод машиных нь баруун талд зогссон. Очиход Ганбат ах машинаасаа буусан байсан ба би очоод машиныхаа цонхыг нээж сайн байна уу Ганбат ахаа, сайхан хаваржиж байна уу? гэж мэндлээд, би хэзээ очиж адуугаа авах вэ гэхэд Ганбат ах жоохон дургүйлхсэн янзтай чи муу их давраад байгаа шүү, тэр машин тэрэг мөргөөд чи яагаад байгаа юм гэж над руу гэнэт уурласан. Тэр үед машинд нь Ганбат ахын эхнэр хүүхдээ тэврээд сууж байсан. Ганбат ахыг тэгж хэлэхээр нь “Ганзориг бид 2 тэр машины асуудлаа хоорондоо ярилцаад шийдчихсэн. Өөр өөрсдийнхөө машиныг янзлаад 2 тийш болсон” гэж хэлтэл намайг шууд цохиод авсан. Намайг эхлээд цохихдоо зүүн хөмсөгний хавьцаа яз цохиж, мөн хамар руу цохиж цус гаргасан. Дараа нь би Ганбат ахтай заамдалцаж баруун хөлөөрөө хавирч унагаагаад дээр нь гарч суусан. Миний хувьд цохиж зодсон зүйл болоогүй. Намайг дээр нь гараад сууж байхад Одбаяр ах ирээд бид хоёрыг салгаад байж байхад Ганбат ахын эхнэр мөн Батсайхан гэх залуу Ганбат ахыг салгаж машиндаа суулгасан. Дараа нь тэд машиндаа сууж хойд төв замаар зүүн тийш хөдлөөд явсан. Би зүгээр хүнээс юм асуух гэж очоод цохиулна гэж юу байхав дээ араас нь дагаж очоод Бямбацогт гэх хүний хашаанд ороход Ганбат ах зүүн гартаа хүрз, баруун гартаа төмөр барьсан бэлэн байдалтай зогсож байсан. Тэр үед Ууганцэцэг гэх эгч хаалган дээрээ зогсож байсан. Би тэр үед “та яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд намайг шууд цохисон ба би тэр үед зүүн гараараа хаасан. Харин тэгж хаахдаа шууны булчин мах тасарсныг тухайн үед мэдээгүй. Дахиад цохиход нь миний зулайн хэсэг газраас цус гарч эргээд харахад дагзны хажуу талд цохисон. Тэр үед Одбаяр ах ирж салгасан. Би машинаа бариад явах гэтэл толгой эргээд барьж чадахгүй байсан болохоор машинаа Одбаяр ахад бариулаад эмнэлэг явсан...” гэв.

Шүүгдэгч Ү.Ганбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр намайг колонкийн хойно явж байхад энэ хэд намайг дагаж дэлгүүрийн гадаа зогссон. Зогсоод харахад Батхишиг машин барьсан явж байсан. Хамт явж байсан 2 хүн нь согтуу байсан ба тэр 2 надтай ирж мэндэлсэн. Дараа нь би хүүхэд уйлаад байна явлаа гэхэд өөдөөс хэзээ очиж юм аа авах юм бэ”гээд зэвүүн зэвүүн юм яриад намайг хоргоогоод байсан. Тэгэхээр нь би нялх хүүхэдтэй явж байхад чи дандаа ингэж сонин юм ярьж байх юм, өөрөө очихгүй байж гэж хэлээд хэрэлдсэн. Х.Батхишиг маргалдаж байхдаа машиныхаа шалан дээр байсан 2 шил архи, 1 кола ундаа руу тонгойгоод хий шүүрээд наашаа эргэхэд нь намайг цохих гэж байна гэж андуураад би түүнийг нэг цохисон. Дараа нь надтай барьцалдаад намайг хавсарч унагаан цохиж өшиглөсөн. Тэгээд Одбаяр ирж Батхишигийг салгаж аваад цаашаа аваад явж байхад Батхишиг архины шил авч намайг цохихоор эргэж ирсэн. Буцаж барьцалдаад зогсож байхад дэлгүүрээс нэг хүн гарч ирж биднийг салгасан. Тэгээд би хүүхдээ тэврээд машиндаа сууж зүүн тийшээ явж зугтаасан. Эхнэр маань цагдаа руу явъя гээд цагдаагийн байранд очоод зогстол Батхишиг зэрэгцээд яг зогссон. Тэгэхээр нь эргээд зүүн тийш дүүгийнх рүүгээ явсан. Манай дүүгийнх нэлээн зайтай. Тэгэхэд л ардаас хурдтай тулж ирж зогсож, хажуунаас шахаж орж ирэх зэргээр явж байсан. Дүүгийнхээ хашаанд ороод зогстол мөн л зэрэгцээд зогссон. Манай хүүхэд уйлагнаад тавгүй байхаар нь дүүдээ өгчихөөд байж байтал хашааны хаалганы хажууд Батхишиг орилоод эхнэр дүү нарыг маань загнаж орох гээд зогсож байсан. Тэгэхээр нь би сандарч, хаалганы хажууд байсан төмрийг шүүрч аваад түүнийг цохисон. Манай эхнэр намайг ор ор, чи төмрөөр хүн цохичихлоо шүү дээ гэж хэлээд салгахаар нь би гэрт орсон...” гэв.

Шинжээч эмч Б.Ариунзул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгч нарын мэдүүлгийг бүрэн сонссон. Баруун гарын алганы 4-р шивнүүр ясны хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр ямар нэгэн зүйлд цохигдох болон ямар нэгэн зүйлийг гараараа цохих үед үүсдэг. Шивнүүр нь бугалганаас хуруу хоорондох зайг хэлнэ. Хуруу болгоны харалдаа шивнүүр яс байрладаг. Ядам хурууны харалдаа байхыг 4-р шивнүүр гэнэ. Шүүх эмнэлгийн практикт зодоон цохион болох үед аливаа ямар нэгэн хатуу биетийг гараараа цохих үед шивүүр яс гэмтэнэ. Эсвэл алганд гаднаас биет цохих үед энэ гэмтэл үүснэ. Ганбат чигчий, ядам хурууг арагш дарсан гэж ярьдаг. Энэ үед ийм гэмтэл нь огт үүсэхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ хурууг гараа атгадгаас эсрэг тал руу нь буюу хойш нь дарах үед шивнүүр ясны хугарлаас илүү тухайн хуруунуудын үений хугарал мултрал үүснэ. Нүцгэн гараар овгор товгор хэсэг дээр л цохих үед 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл үүсэх боломжтой. Түүнээс биш 4-р шивнүүр ясны гэмтэл учрахгүй. Батхишиг нь Ганбатыг өшиглөх үед гараараа хаасан гэж ярьж байна. Энэ үед шивнүүр ясны хугарал үүсэх боломжтой. Цохилтын хүч, цохилтын цэг, өнцөг нь яаж таарч байгаагаас хамаарч хугарал үүснэ. Шивнүүр яс хаагуураа ч хугарсан байсан, хугарсан хэсэгт цохилтын хүч илүү үүссэн гэж үзнэ. Шивнүүрийн урд хэсэг үү, хойно хэсэг үү гэдгээс хамаараад цохилтын цэг үүснэ. Гэмтэл авсны дараа хөдөлгөөн хийх боломжтой. Гэмтсэн гар тухайн үед шууд хөдөлгөөнгүй болно гэсэн юм байхгүй. Эмзэглэлтэй байгаа ч түүнийг хүчээр хөдөлгөж хөдөлгөөн хийх боломжтой. Боксчид цохилт өгөхдөө ямар нэгэн юманд цохиулж байхдаа хаавал тэр хэсэгт цохилтын хүч үйлчилж хугарч болно. Өөрөө сарвуугаараа юм цохих үед гэмтэл учрахыг боксер хугарал гэнэ. Иймд энэ тохиолдол нь боксер хугарал биш юм. Цаана байгаа яс хугарахад наана нь байгаа зөөлөн эд заавал гэмтэнэ. Зөөлөн эд гэмтсэн тохиолдолд зөөлөн эдийн няцрал үүснэ. Няцрал үүссэн тохиолдолд цус хуралт үүснэ...” гэв. 

Гэрч А.Одбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би 2 хундага архи, Батхишиг 1 хундага архи уусан. Дагвадоржтой анх таарахад согтуу байсан. Бид нар гүүрэн дээр машин дотор явж байхдаа урд талынхаа машинаас 5-6 метрийн зайтай явж байсан. Батхишиг нь Ганбатын машины араас уурлаагүй хэвийн байдалтай дагаж очиж уулзсан. ...Тэр 2 хоорондоо маргалдаж, барьцалдаад зодолдсон. Эхлээд Ганбат нь Батхишигийг 1 удаа цохисон. Бөгжтэй гараараа цохисон юм шиг байсан ба Батхишигийн нүд нь хөхөрсөн байсан. Батхишиг нь Ганбатыг хавсарч унагааж тэр хоёр дээр доороо ороод барьцалдаж байхад нь би дундуур нь орж салгасан. Мөн тухайн үед машинд архины шил, архи, ундаа байгаагүй бөгөөд Батсайхан гэх хүн зодооныг салгах үйлдэл хийгээгүй. Ганбатын эхнэр жоохон хүүхэдтэйгээ машин дотроо байсан, тэр үед гарч ирээгүй. ...Сүүлд айлын хашаанд очиход Ганбат Батхишигийг төмрөөр нэг удаа цохихыг харсан. Тэр үед Батхишиг гараараа хаах үйлдэл хийсэн. Тухайн үед Батхишигийн нүүр битүү цус болсон байсан. Батхишигийн толгойноос цус гарангуут нь би очиж салгаад машиныг нь бариад эмнэлэг явсан. Би өмнө нь толгойндоо гэмтэл авч байсан тул зарим юмыг мартаад байдаг юм...” гэв.

Гэрч Е.Оюунцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Батхишиг, Ганбат хоёрыг зодолдож байхад нь би Одбаяртай хамт очиж салгасан. Би 2 сартай хүүхдээ тэврээд байж байтал энэ хоёр маргалдаад машины араар орохоор нь би хүүхдээ тавиад очоод хартал Батхишиг нь Ганбатын цээж болон гэдсэн дээр нь мордсон байдалтай, нүүр рүү нь цохиж байсан. Тэр үед манай нөхөр Батхишигийн доор  хамарнаас нь цус гарсан байдалтай нүүрээ гараараа хаагаад цохиулж байсан. Тухайн үед Ганбатын гар нь эвгүй болсон байсан учраас Батхишигийн доороос босож чадахгүй байсан байх. Батхишиг, Ганбат хоёр нь 2 удаа зууралдсан. Одбаяр бид 2 тэр хоёрыг салгасны дараа Батхишиг машин руугаа явж шилтэй архи авч ирсэн. Тэрийг нь Одбаяр замаас нь булаан авч халаасандаа хийж байсан. Одбаяр тухайн үед согтуу байсан тул архи байсан эсэхийг санахгүй байх шиг байна. Одбаяр бид 2 энэ хоёрыг салгаад, би хүүхдээ очиж авчихаад эргээд иртэл Батхишиг нөхрийг маань доороо хийгээд дахиад цохиж байсан. Тэгэхэд дэлгүүрээс Батсайхан гэдэг хүн гарч ирэхээр нь энэ хоёр хүнийг салгаад өгөөч гэж гуйж салгуулсан. Дэлгүүрийн гаднаас Ганбат хүүхдээ тэврээд би машинаа бариад цагдаагийн газар руу очиход гадаа нь хүн байгаагүй. Машинаасаа буухын завдалгүй араас Батхишиг машинтайгаа хөөж ирсэн. Тэгээд дүүгийнх рүүгээ явсан. Манай дүүгийнх сумын нөгөө захад байдаг.  Очих хүртэл араас хөөгөөд яваад байсан. Өмнө нь Батхишиг машин тэргийг маань дайрсан асуудал гаргаж байсан болохоор би тухайн үед их айсан. Араас их ширүүн явж байсан. Тэгээд Батхишигийн машин манай дүүгийн хашаа руу орж ирсэн. Би дүүтэйгээ хамт Батхишигийг гэр рүү оруулахгүй гээд хориглож байх үед Батхишиг биднийг хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхэд Ганбат гэрээс төмөр барьж гарч ирээд Батхишигийн толгой руу нэг удаа цохисон. Дараа нь би Ганбатыг салгаад гэр рүү оруулсан. Манай нөхөр Ганбат нь дэлгүүрийн гаднаас хөдлөөд цагдаагийн газар руу явж байх замдаа гар өвдөөд байна нэг л эвгүй байна гэж хэлсэн. Дэлгүүрийн гадаах зодооны үед гар нь эвгүй болсон байх. ...Би тухайн үед машинд байсан болохоор тэр хоёрын хэн нь эхэлж цохисныг сайн хараагүй. Ганбат эхлээд цохих шиг болсон...” гэв.  

Х.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрээн гэх газраас өөрийн эзэмшлийн Бонго-3 маркийн 89-73 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нутгийн залуу А.Одбаяр, нутгийн ах И.Дагвадорж нарын хамт хувийн ажлаар сумын төв түр орж ирээд хүнсний дэлгүүрийн гадаа зогсоход өмнө нь би өөрийн өвөлжөөгөө 2 унагатай гүү, 1 шүдлэн байдсаар наймаа хийсэн нутгийн ах Ганбат нь эхнэр хүүхдийн хамт машинтай зогсож байхад нь таарсан. Тэгэхээр нь би машинаасаа буухгүйгээр Ганбат ахад хандаж сайн уу ахаа, би хэзээ очиж танаас 3 адуугаа авах вэ, танай адуу хаагуур байгаа юм бэ гэхэд тэр гэнэт уурлаад чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд өөдөөс ирээд цонх онгорхой байсан учраас миний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохихоор нь би шууд машинаас буугаад Ганбат ахтай барьцалдаад авсан. Тэгэхэд надтай хамт Одбаяр, Дагвадорж ах мөн хажуугаар явж байсан танихгүй ах голоор орж салгасан. Тэгээд Ганбат ах надаас салаад машинаа асаагаад Баян-Уул сумын 1 дүгээр багт байх хамаатныхаа хашаанд очиж зогсохоор нь би араас нь машинаа асаагаад очсон айлд нь очоод Ганбат ахад хандаж та намайг яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний өөдөөс баруун гартаа төмөр хүрз, зүүн гартаа төмөр лоом барьчихсан зогсож байсан. Надтай хамт явж байсан нутгийн залуу Одбаяр, Дагвадорж нарыг машинаас бууж амжаагүй байхад Ганбат ах гартаа барьсан хүрзээ хаяад төмөр лоомоороо шууд миний толгойн тус газарт эхлээд нэг удаа цохисон. Тэгээд дахин цохихоор нь би гараараа хаахад мөн дахин цохисон. Ер нь бол миний толгой руу эхлээд нэг цохиход л толгой хагарч их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/

Ү.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ бага охиноо ламд үзүүлээд хүнсээ аваад буцах санаатай эхнэр Оюунцэцэгийн хамт сумын төв орох гээд явж байхад миний араас цагаан өнгийн Портер машин сигналдахгүй хүчтэй хаазлаад миний машины араас тулаад яваад байхаар нь би замаас гараад Хонхорын дэлгүүрийн гадаа ирээд зогсоход нөгөө машин миний машины баруун талд буюу жолооч талаар шахаж ирээд зэрэгцэж зогсохоор нь харахад тэр машиныг манай сумын Батхишиг жолоодоод явж байсан. ...тэгэхэд тэр над руу хандаж адуу чинь бэлэн байх юм уу, худлаа бөөрөнхийлөөд гээд дуугаа өндөрсгөөд томрох аястай ярихаар нь би уурлаад чи юу гэж томроод байгаа юм бэ, нялх нойтон хүүхэдтэй явж байна, битгий айлгаад бай гэж хэлэхэд тэрийг ч тоохгүй томроод байсан. Тэгээд машин дотор нь байсан 2-3 шил архи, ундаа энэ тэр байсан бөгөөд тэндээсээ архиа шүүрч авах гээд тонгойгоод шилтэй архиа хий шүүрээд над руу далайхаар нь би түүнийг намайг цохих гэж байна гэж бодоод  зүүн шанаа руу нь нэг удаа цохиход Батхишиг уурлаад намайг цохихоор нь би түүний цамцнаас нь заамдаад авахад тэр ч намайг заамдсан. Тэр үед Батхишиг миний баруун гарын чигчий ядам хуруу хоёрын үенийх нь эсрэг арагшаа огцом хөшөөд хүчтэй дарахаар нь би түүнийг тавихад тэр машинаас буугаад бид хоёр газарт унаад ноцолдсон. Батхишиг машинаас буугаад намайг хавсарч унагаад миний дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн. ...Батхишиг намайг ална гээд орилоод гартаа шилтэй архи бариад цохих гээд дайраад байхаар нь би үүдэнд байсан нарийхан төмрийг аваад Батхишигийн толгой руу нь нэг удаа цохисон байсан. ...Х.Батхишиг нь миний толгой болон чихний ард,  өвдөг, цавь, гарын бугалга зэрэг газарт гар болон хөлөөрөө олон удаа цохиж өшиглөөд байсан. Тэрээр миний баруун гарын ядам хурууг үений эсрэг дарж хөшсөнөөс болж савх яс нь хугарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/

Гэрч Б.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 05 сарын 11-ний өдөр сумын төвөөр ажил амжуулаад үдийн хойно гэртээ ирэхэд манайд хадам ах Ганбат эхнэр хүүхдийн хамт ирсэн байсан. Намайг гэртээ ороход хүүхэд нь уйлаад зогсохгүй тэд нар хүүхдээ аргадаад байж байсан бөгөөд Ганбат ахын баруун гар сарвууны арын хэсгээрээ бамбайгаад хавдсан хүйтэн усаар шавшаад гар өвдөөд байна гээд сууж байхад нь би түүнд хандаж гараа бариачид үзүүлэхгүй бол болохгүй гэж хэлээд түүнийг дагуулаад Андрей гэх бариач руу явсан. ...Ганбатын гарт нь гадна талаар нь чиг тавьж боогоод эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм байна шүү гэж хэлээд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Гэрч Б.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хашаанд Батхишиг орж ирээд Ганбат ахын эхнэртэй хэрэлдэж байхад нь Ганбат ах гартаа чигчий хурууны дайтай бүдүүн, 1 метр орчим урттай төмөр барьж байгаад Батхишигийн толгой руу цохичих шиг болсон. ...Тэрнээс өөр зодоон болоогүй. Тэд нар манай хашаанд орж ирэхээсээ өмнө муудсан юм байна гэж би ойлгосон. Тэгээд Батхишигийг согтуу байсан болохоор нь манай ах зугтаад манайх руу хүрээд ирсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 44/

Гэрч И.Дагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батхишиг машинаасаа буулгүй Ганбаттай адуу мал өгөлцөж авалцах талаар юм яриад байсан. Гэтэл гэнэт хоорондоо муудаад Ганбат түрүүлээд Батхишигийн нүүр рүү хэд хэд цохисон. Тэгэхээр нь Батхишиг машинаас буугаад Ганбаттай барьцалдаж аваад хоорондоо зодолдоод байсан. ...Одбаяр тэр хоёрыг салгасан тэгээд маргаан дууссан. Тэгээд түүний дараа Бямбацогт гэх айлын хашаанд Ганбат, Батхишиг нар дахин маргалдаад Ганбат Батхишигийн толгойн тус газарт төмрөөр цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/

Гэрч А.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би машинаасаа буугаад Ганбатын эхнэртэй юм яриад зогсож байхад Ганбат Батхишиг нар хоорондоо юм ярьж байгаа харагдсан бөгөөд Батхишиг машин дотроо Ганбат харин гадна талд зогсож байсан. Гэтэл Ганбат түрүүлээд Батхишигийн нүүр рүү цохичихсон. Тэгээд Батхишиг машинаас бууж ирээд Ганбаттай барьцалдаж авсан ба Батхишиг Ганбатыг хавирч унагаад тэр хоёр бие биеийнхээ дээр доор ороод хоорондоо цохилцож зодолдоод байсан. ...тэр хоёрыг салгахад Батхишигийн нэг нүд хөхөрсөн шанаа, дух хэсэг шалбарсан байдалтай харагдаж байсан. Харин Ганбатын хамраас цус гарсан байсан бөгөөд тухайн үед түүний гар эвгүй болсон эсэхийг мэдэхгүй байна. ...Ганбат нь Бямбацогт гэх айлын гадаа очиж зогсоход Батхишиг түүний араас нь дагаж очсон. ...Удалгүй Ганбат гарч ирээд хар ногоон өнгийн төмрөөр Батхишигийн толгойн тус газарт 1 удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэхээр нь би дундуур нь орж салгасан. Тухайн асуудлын улмаас Батхишигийн толгойноос маш их цус гарч толгой нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

Гэрч Р.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Хонхорын дэлгүүр рүү юм авахаар очиход гадаа нь Ганбат, Батхишиг нар зодолдож байсан. Тэгээд Ганбатын эхнэр жоохон хүүхэд тэвэрчихсэн хажууд нь зогсож байсан ба надаас энэ хоёрыг салгаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Ганбатыг нь түрүүлж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/

Шинжээч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баруун гарын 4-р шивнүүр яс нь гарын алга хэсэгт 4-р хурууны ар хэсэгт байрладаг. Тухайн гэмтэл нь цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл бөгөөд хурууг арагш дарах үед үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 144/

Шүүгдэгч Х.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр... тэр үгийн зөрүүгүй миний зүүн нүд, хамар хэсэгт гараараа 3-4 удаа цохиход хамраас маань цус гарсан. Тэгээд миний сууж байсан талын хаалгыг нээгээд намайг татаад машинаас гаргасан. Улмаар бид 2 барьцалдаад байж байхад тэрээр миний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би түүнийг хавсарч газарт унагаасан бөгөөд Одбаяр ах бид хоёрыг салгаж холдуулсан...тэгээд Ганбат машиндаа суугаад эхнэр хүүхдийнхээ хамт зүүн тийш чиглэн яваад өгсөн. Харин би машиндаа суугаад уурандаа Дагвадорж, Одбаярын хамт араас нь явсан бөгөөд Ганбат ах Бямбацогт гэх хүргэнийхээ хашаанд машинтай ороод зогссон. Би араас нь ороод зогсоод түрүүлээд тухайн айлын хашаа руу ороход Ганбат ганцаараа төмөр барьсан байдалтай зогсож байсан ба түүний эхнэр хүүхэд машиндаа байсан ...тэгээд тэр төмрөөрөө намайг цохих гэхэд нь би зүүн гарын шуу хэсгээрээ хамгаалахад дахин миний толгойн зулай хэсэг, дагз хэсэгт тус тус 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82/

Шүүгдэгч Ү.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...бид хоёр маргахад тэр машиныхаа жолооны ард сууж байсан. Харин би гадна талд зогсож байсан бөгөөд маргалдаж байхдаа тэр шалан дээр байсан архины шилийг гартаа барих гээд байсан. Тэгэхээр нь би уурлаад гараараа түүний шанаа хэсэгт 1-2 удаа цохисон. Гэтэл тэр хаалгаараа миний цамцнаас зуурахад би ч мөн адил зууралдсан. Тэгэхэд тэр гараараа миний баруун гарыг арагш огцом дарж хөшсөн ба тэр үед миний баруун гаранд шууд зовуурь илэрч атгаж болохгүй болсон. Тэгээд тэр бууж ирээд намайг хавсарч унагаагаад доороо хийгээд миний биеийн энд тэндгүй гараараа цохиод байхаар нь би нүүрээ хамгаалсан. ...Би тухайн айлын пингийн хаалганы хажууд байсан хар ногоон өнгийн урт төмрийг гартаа бариад түүний толгойн тус газарт нэг удаа цохисон. ...Надад баруун гарын 4-р шивнүүр ясны хугарал, зүүн бугалганы цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл учирсан. Харин Батхишигт ямар гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна, ямар ч байсан Хонхорын дэлгүүрийн гадаа түүний шанаа хэсэгт 1-2 удаа цохисон, мөн Бямбацогтын хашаанд түүний толгой руу 1 удаа төмрөөр цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 367 тоот дүгнэлтэд:

1. Ү.Ганбатын биед баруун гарын 4-р шивнүүр ясны хугарал, баруун зүүн бугалганы цус хуралт, хүзүүний зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун гарын 4-р шивнүүр ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун зүүн бугалганы цус хуралт, хүзүүний зурагдсан зулгаралт нь гэмтлийн зэрэг хамаарахгүй гэжээ. /хх-ийн 62-63/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 366 тоот дүгнэлтэд:

1. Х.Батхишигийн биед зулай, дух, нүдний дээд зовхины язарсан шарх, хамар, хоншоор, баруун хацарт, баруун чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 66-67/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 тоот нэмэлт дүгнэлтэд:

1. Х.Батхишигийн биед 2 талын нүдний ухархайн хананы цөмөрсөн хугарал, зулай, дух, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хамар, хоншоор, баруун хацарт, баруун чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон зулай, дух, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хамар, хоншоор, баруун хацарт, баруун чихний зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа хийгдсэн 2022.05.31-ний өдрийн толгойн MRI шинжилгээнд тогтоогдсон 2 талын нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал нь хэрэг болсон гэх өдрөөс өмнө үүссэн хуучих гэмтэл байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 70-71/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 697 тоот давтан дүгнэлтэд:

1.2.3. Х.Батхишигийн 2 талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл болох нь Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлсэн 2022.05.13-ны өдрийн толгойн компьютерт томографийн шинжилгээгээр батлагдаж байна гэжээ. /хх-ийн 148-150/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 769 тоот дүгнэлтэд:

1. Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 367 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ү.Ганбатад учирсан баруун гарын алганы 4-р шивнүүр ясны хугарал хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба цохих цохигдохын аль алинд үүсэх боломжтой, хурууг арагш дарах үед үүсэхгүй.

3. Ү.Ганбатын барын гарын алганы 4-р шивнүүр ясны хугарал нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 167-168/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/

- Е.Оюунцэцэгийн цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол /хх-ийн 13/

- Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16/

- Гэрч Е.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 28/

- Гэрч Д.Андрейн мэдүүлэг /хх-ийн 33-34/

- Гэрч Б.Баатарчулууны мэдүүлэг /хх-ийн 36-37/

- Гэрч Ц.Баатарсүхийн мэдүүлэг /хх-ийн 39-40/

- Гэрч С.Дашравдангийн мэдүүлэг /хх-ийн 42/

- Ү.Ганбатын анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 64/

- Х.Батхишигийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 68/

- Ү.Ганбатын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-93/

- Ү.Ганбатын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 94-96/

- Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 97/

- Х.Батхишигийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-101/

- Х.Батхишигийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 102-104/

- Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 105, 107-108/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 141/

- Х.Батхишигийн дүрслэл оношилгооны илгээх бичиг, дүрслэл оношилгооны хариу /хх-ийн 152, 160-161/

- Ү.Ганбатын гарын сарвууны рентген зургийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 169, 174-175, 178-179/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 185-186/

- Гэрч Ү.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 190-191/

- Гэрч Н.Ням-Очирын мэдүүлэг /хх-ийн 194-195/

- Гэрч Н.Балжмаагийн мэдүүлэг /хх-ийн 198-199/

- Ү.Ганбатын өмгөөлөгч М.Энхтуяагийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 203-204/

- Х.Батхишигийн өмгөөлөгч Д.Галтогтохоос Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор болон дээд шатны прокурорт гаргасан гомдол /хх-ийн 208, 215-216/

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 217-219/

- Ү.Ганбат түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын МУ-ын Ерөнхий прокурорын газарт гаргасан гомдол /хх-ийн 221-222/

- МУ-ын Ерөнхий прокурорын газрын прокурорын тогтоол /хх-ийн 238-239/ шүүх хуралдаанд шүүгдэгч Ү.Ганбатын өмгөөлөгч М.Энхтуяагаас шинээр гэрч оролцуулах хүсэлт, МУ-ын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, мөн шүүгдэгч Х.Батхишигийн өмгөөлөгч Д.Галтогтохоос шинээр хохирол төлбөр нэхэмжилсэн 9 ширхэг баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Эд  мөрийн баримтаар:  Х.Батхишигийн MRI томографи хийлгэсэн 2 ширхэг бичлэг бүхий CD, 95 см урттай, ногоон өнгийн будгаар будсан 1 ширхэг төмөр зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Батхишиг нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах Хонхор гэх дэлгүүрийн гадна хохирогч Ү.Ганбаттай үл ойлголцсоны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож Ү.Ганбатын баруун гарын 4-р шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ү.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Батхишиг машин дотроосоо надад хандаж би хэзээ очих юм бэ гээд зэвүүнээр хараад, ууртай маягаар асуусан. Тэгэхээр нь би түүнд хэзээ ч очсон яахав дээ, чи таарахаараа дандаа асуух юм гэхэд адуу мал чинь ойрхон байдаг юм уу гэх мэтээр намайг ёжилсон өнгөөр хэлсэн. ...тэгээд бид 2 маргаж эхэлсэн. Энэ үед тэрээр машиныхаа жолооны ард сууж байсан. Харин би гадна талд зогсож байсан бөгөөд Батхишиг машиныхаа шалан дээр байсан архины шилийг авах гээд байсан. Тэгэхээр нь би уурлаад гараараа түүний шанаа хэсэгт 1-2 удаа цохисон. Гэтэл Батхишиг миний цамцнаас зуурахаар нь би бас зуурсан. Энэ үед Батхишиг миний баруун гарыг арагш нь огцом дарж хөших үйлдэл хийхэд миний гарт шууд өвдөлт мэдрэгдэж атгаж болохгүй болсон. Тэгээд Батхишиг бууж ирээд намайг хавсарч унагаагаад миний биеийн энд тэндгүй цохиод байхаар нь би гараараа нүүрээ хамгаалсан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Маргалдаж байхдаа машиныхаа ард шалан дээр байсан архи руу тонгойгоод хий шүүрээд наашаа эргэхэд нь би намайг цохих гэж байна гэж андуураад түүнийг түрүүлээд цохисон. Дараа нь надтай барьцалдаад намайг хавсарч газар унагаагаад цохиж өшиглөсөн. Тэгээд Одбаяр ирж Батхишигийг салгаж аваад цаашаа явж байхад Батхишиг архины шил бариад намайг цохихоор эргэж ирсэн. Бид хоёрыг буцаж барьцалдаад зогсож байхад дэлгүүрээс нэг хүн гарч ирж биднийг салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Е.Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Батхишиг манай нөхрийг доороо хийгээд цохиж байсан. Тэр үед манай нөхөр Батхишигийн доор хамарнаас нь цус гарсан байдалтай нүүрээ гараараа хаагаад цохиулж байсан. Батхишиг, Ганбат хоёр нь 2 удаа зууралдсан. Батхишиг шилтэй архи бариад ирэхэд Одбаяр булааж авсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Одбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр 2 хоорондоо маргалдаж, барьцалдаад зодолдсон. Эхлээд Ганбат Батхишигийг нэг удаа цохисон. Бөгжтэй гараараа цохисон юм шиг байсан бөгөөд Батхишигийн нүд нь хөхөрсөн байсан. Батхишиг нь Ганбатыг хавсарч унагаад энэ 2 дээр доороо ороод барьцалдаж байхад нь би салгасан...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баруун гарын 4-р шивнүүр яс нь гарын алга хэсэгт 4-р хурууны ар хэсэгт байрладаг. Тухайн гэмтэл нь цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 367 тоот “Ү.Ганбатын биед баруун гарын 4-р шивнүүр ясны хугарал, баруун зүүн бугалганы цус хуралт, хүзүүний зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун гарын 4-р шивнүүр ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун зүүн бугалганы цус хуралт, хүзүүний зурагдсан зулгаралт нь гэмтлийн зэрэг хамаарахгүй гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 769 тоот “...Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 367 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ү.Ганбатад учирсан баруун гарын алганы 4-р шивнүүр ясны хугарал хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба цохих цохигдохын аль алинд үүсэх боломжтой, хурууг арагш дарах үед үүсэхгүй. Ү.Ганбатын баруун гарын алганы 4-р шивнүүр ясны хугарал нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, шинжээч эмч Б.Ариунзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүх эмнэлгийн практикт зодоон цохион болох үед ямар нэгэн хатуу биетийг гараараа цохих үед шивүүр яс гэмтэнэ. Эсвэл алганд гаднаас ямар нэгэн биет цохих үед энэ гэмтэл үүснэ. Ганбат чигчий, ядам хурууг арагш дарсан гэж ярьдаг. Энэ үед ийм гэмтэл нь огт үүсэхгүй гэж хэлэхгүй. ...Батхишиг нь Ганбатыг өшиглөх үед гараараа хаасан гэж ярьж байна. Энэ үед шивнүүр ясны хугарал үүсэх боломжтой. Цохилтын хүч, цохилтын цэг, өнцөг нь яаж таарч байгаагаас хамаарч хугарал үүснэ. Шивнүүр яс хаагуураа ч хугарсан байсан, хугарсан хэсэгт цохилтын хүч илүү үүссэн гэж үзнэ. Гэмтэл авсны дараа хөдөлгөөн хийх боломжтой. Гэмтсэн гар тухайн үед шууд хөдөлгөөнгүй болно гэсэн юм байхгүй. Эмзэглэлтэй байгаа ч түүнийг хүчээр хөдөлгөж хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг, гэрч Д.Андрейн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэртээ эхнэрийн хамт байхад гаднаас 2 залуу орж ирсэн. Нэг залуу нь баруун гар нь сарвуугаараа хавдсан байхад нь би барьж үзэхэд сарвууны яс нь хугарсан байхаар нь чиг барьж боож өгөөд аймаг явж үзүүл гээд явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Батсайханы “... намайг очиход Батхишиг, Ганбат нар нь дээрээ доороо ороод зууралдаад байж байсан. Юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна. Би салгаад хоёр тийш нь явуулаад дэлгүүр ороод юм авчихаад гараад ирэхэд явчихсан байсан...” гэх мэдүүлэг, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ү.Ганбат нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багт оршин суух Б.Ууганцэцэгийн хашаанд хохирогч Х.Батхишигтэй үл ойлголцсоны улмаас төмрөөр толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ү.Ганбат, хохирогч Х.Батхишиг нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Одбаярын “...Тэгээд Ганбат машиндаа суугаад эхнэр хүүхдийнхээ хамт яваад өгсөн бөгөөд Батхишиг, Дагвадорж бид 3 араас нь явсан. Учир нь Батхишиг зүгээр байхад цохилоо гээд уурлаад үглээд яваад байсан. ...Ганбат Бямбацогт гэх айлын гадаа очоод эхнэр хүүхдээ аваад гэрт ороод гарч ирэхдээ ногоон өнгийн төмрөөр Батхишигийн толгойн тус газар миний санаж байгаагаар 1 удаа цохисон. Тэгээд дахин цохих гэхээр нь би дундуур нь орж салгасан. Ганбатыг эхнэр, дүү нар нь ирж салгаад дагуулан гэртээ орсон. Батхишигийн толгой хагарч их хэмжээний цус гарсан. Би машиныг нь бариад эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Е.Оюунцэцэгийн “...ингээд бид нар Бямбын хашаанд ороход нөхөр маань хүүхдээ аваад дүүгийнхээ гэр рүү орох үед би машинаасаа буусан. Тэр үед Батхишиг ард ирчихсэн машинаасаа буугаад танай нөхөр намайг зодсон, танай нөхрийг ална гээд дайраад байсан. ...гэрээс Ууганцэцэг гарч ирээд Батхишигийг гэртээ оруулахгүй гэхэд Ганбатын араас орох гээд дайраад байсан. Ганбат гэрээс гарч ирэхдээ гартаа нарийн төмөр барьж ирээд Батхишигийн толгой хэсэгт нь нэг удаа цохихоор нь би хориглоод Ганбатыг гэрт оруулаад эргээд гарч ирэхэд Батхишигийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ууганцэцэгийн “...14 цагийн орчим манай гэрт Ганбат ах хүүхдээ тэврээд орж ирээд Ууганаа гардаа гэхээр нь би гэрээс гарах гэж байхад манай сумын Одбаяр нэг шил архи барьчихсан манайх руу орох гэхээр нь би нялх хүүхэдтэй... битгий ор гээд үүдний  амбаараас түүнийг гаргаж байхад Ганбат ах гэрт хүүхдээ тавьчихаад миний хажуугаар гарч ирсэн. Тэр үед хашаан дотор Батхишиг гэх залуу Ганбат ахын эхнэр Оюунцэцэгтэй хэрэлдээд байж байхад Ганбат ах чигчий хурууны дайтай бүдүүн, 1 м орчим урттай төмрөөр Батхишигийн толгой руу цохичих шиг болсон...” гэх мэдүүлэг, гэрч И.Дагвадоржийн “...нэг харсан  чинь Батхишиг, Ганбаттай барьцалдаад зогсож байгаа харагдсан. Энэ үед Одбаяр машинаас бууж тэр хоёрын дундуур орж салгасан. ...тэгээд Ганбат Батхишигээс салаад машиндаа суугаад яваад өгсөн. Батхишиг Ганбатын араас Бямба гэдэг айлын гадаа очоод Одбаярын хамт машинаас буугаад явсан юм. ...төд удалгүй хашаан дотроос Батхишиг хэн нэгэн хүнд толгойндоо цохиулсан бололтой нүүр ам нь тэр чигээрээ цус болчихсон гарч ирсэн...” гэх мэдүүлэг,  гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 366 тоот дүгнэлт,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 тоот нэмэлт дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 697 тоот давтан дүгнэлт  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах Хонхор гэх дэлгүүрийн гадна  Х.Батхишиг, Ү.Ганбат нар нь үл ойлголцсоны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож Х.Батхишиг нь Ү.Ганбатыг хавсарч газарт унагаад цохих, өшиглөх зэргээр зодож Ү.Ганбатын баруун гарын 4-р шивнүүр ясыг хугалж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Ү.Ганбат, Х.Батхишиг нарыг Хонхор гэх дэлгүүрийн гадна зодолдож байхад нь гэрч нар салгасан байх бөгөөд Ү.Ганбат нь машинтайгаа зугтааж  Баян-Уул сумын 1 дүгээр багт оршин суух дүү Б.Ууганцэцэгийнхээ хашаанд очиход Х.Батхишиг араас нь өөрийн машинтайгаа дагаж очоод хэрүүл маргааныг үргэлжлүүлэхэд Ү.Ганбат  Х.Батхишигийн толгойн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Батхишиг, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт Ү.Ганбат нь анх мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор мэдүүлэхдээ Х.Батхишиг өөрийнх нь баруун гарын ядам болон чигчий хурууг арагш дарах үед шивнүүр яс нь хугарсан гэж мэдүүлдэг. Дараа нь хурууг арагш дарах үед уг гэмтэл учрах боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсны дараа Батхишигийг өөрийг нь газар унагаад  өшиглөж цохиход гараараа хамгаалсан гэж мэдүүлгээ өөрчилдөг. Өөрөөр хэлбэл хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Түүнчлэн гэрч Е.Оюунцэцэг нь Ү.Ганбатын эхнэр учир үнэн зөв мэдүүлсэн нь эргэлзээтэй байна. Иймд Х.Батхишигт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч Х.Батхишиг, түүний өмгөөлөгч нарын гаргасан санал дараах үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд:

1. Хохирогч Ү.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны шатанд ...Тэрээр миний баруун гарын ядам хурууг үений эсрэг дарж хөшсөнөөс болж савхан яс нь хугарсан...” гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд “...Батхишиг маргалдаж байхдаа машиныхаа шалан дээр байсан архи, ундаа руу тонгойгоод хий шүүрээд наашаа эргэхэд нь би намайг цохих гэж байна гэж андуураад түүнийг түрүүлээд цохисон. Дараа нь надтай барьцалдаад намайг хавсарч газар унагаад миний биеийн энд тэндгүй цохиж өшиглөхөөр нь би гараараа хамгаалсан гэж тодорхой мэдүүлсэн тул хохирогч Ү.Ганбатыг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 367 тоот дүгнэлтээр “Ү.Ганбатын биед баруун гарын 4-р шивнүүр ясны хугарал, баруун зүүн бугалганы цус хуралт, хүзүүний зурагдсан зулгаралт буюу гэмтлийн хүндэвтэр зэрэг” тогтоогджээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 769 тоот нэмэлт дүгнэлтээр “Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 367 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ү.Ганбатад учирсан баруун гарын алганы 4-р шивнүүр ясны хугарал хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба цохих цохигдохын аль алинд үүсэх боломжтой, хурууг арагш дарах үед үүсэхгүй. Ү.Ганбатын баруун гарын алганы 4-р шивнүүр ясны хугарал нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт гарсан байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг дүгнэлтүүдийг  гаргасан байна.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Ариунзул онлайнаар, гэрч А.Одбаяр, Е.Оюунцэцэг нар танхимаар оролцсон бөгөөд шинжээч, гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан. Шинжээч Б.Ариунзулын “...Баруун гарын алганы 4-р шивнүүр ясны хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр ямар нэгэн зүйлд цохигдох болон ямар нэгэн зүйлийг гараараа цохих үед үүсдэг. Шивнүүр нь бугалганаас хуруу хоорондох зайг хэлнэ. Хуруу болгоны харалдаа шивнүүр яс байрладаг. Ядам хурууны харалдаа байх ясыг 4-р шивнүүр гэнэ. Шүүх эмнэлгийн практикт зодоон цохион болох үед ямар нэгэн хатуу биетийг гараараа цохих үед шивүүр яс гэмтэнэ. Эсвэл алганд гаднаас ямар нэгэн биет цохих үед энэ гэмтэл үүснэ. Ү.Ганбат нь Х.Батхишигийг чигчий болон ядам хурууг арагш нь дарсан гэж ярьдаг. Энэ үед ийм гэмтэл нь огт үүсэхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ хурууг гараа атгадгаас эсрэг тал руу нь буюу хойш нь дарах үед шивнүүр ясны хугарлаас илүү тухайн хуруунуудын үений хугарал мултрал үүснэ. Нүцгэн гараар овгор товгор хэсэг дээр цохих үед 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл үүсэх боломжтой. Х.Батхишиг нь Ү.Ганбатыг өшиглөх, цохих үед Ү.Ганбат гараараа хаасан гэж ярьж байна. Энэ үед шивнүүр ясны хугарал үүсэх боломжтой. Цохилтын хүч, цохилтын цэг, өнцөг нь яаж таарч байгаагаас хамаарч хугарал үүснэ. Уг гэмтэл авсны дараа хөдөлгөөн хийх боломжтой. Гэмтсэн гар тухайн үед шууд хөдөлгөөнгүй болно гэсэн юм байхгүй. Эмзэглэлтэй байгаа ч түүнийг хүчээр хөдөлгөж хөдөлгөөн хийх боломжтой. Цаана байгаа яс хугарахад наана нь байгаа зөөлөн эд заавал гэмтэнэ...” гэх мэдүүлэг, гэрч А.Одбаярын “...Тэр 2 хоорондоо маргалдаж, барьцалдаад зодолдсон. Эхлээд Ү.Ганбат нь Х.Батхишигийг нэг удаа цохисон. Бөгжтэй гараараа цохисон юм шиг байсан ба Батхишигийн нүд нь хөхөрсөн байсан. Х.Батхишиг нь Ү.Ганбатыг хавсарч унагааж тэр хоёр дээр доороо ороод барьцалдаж байхад нь би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг,  гэрч Е.Оюунцэцэгийн “...очоод хартал Х.Батхишиг нь Ү.Ганбатын цээж болон гэдсэн дээр нь мордсон байдалтай, нүүр рүү нь цохиж байсан. Тэр үед манай нөхөр Х.Батхишигийн доор  хамарнаас нь цус гарсан байдалтай нүүрээ гараараа хаагаад цохиулж байсан...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Х.Батхишигийг Ү.Ганбатын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.Батхишиг, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж  дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Х.Батхишиг нь шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмрийг “Энэ намайг цохисон төмөр биш байна. Том төмөр лоом байсан” гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 16/ мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15/, гэрч Б.Бямбацогтын “...манай амбаарын хаалганы дэргэд байсан 2 талдаа боолттой ногоон, нарийн төмрөөр цохисон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ууганцэцэгийн “...Ганбат ах гартаа чигчий хурууны дайтай бүдүүн, 1 метр орчим урттай төмөр барьж байгаад Батхишигийн толгой руу цохисон...” гэх мэдүүлэг, гэрч А.Одбаярын “...Ганбат гарч ирээд ногоон өнгийн төмрөөр Х.Батхишигийн толгой руу миний санаж байгаагаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг зэргээр эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн будагтай, 95 см урттай нарийн төмөр нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр мөн болох нь тогтоогдож байхаас гадна хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд мөрийн баримттай холбогдуулж гомдол гаргаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч Хатгин овогт Хүрэлбаатарын Батхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хатгин сартуул овогт Үржиндоржийн Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Батхишиг, Ү.Ганбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч Хатгин овогт Хүрэлбаатарын Батхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Хатгин сартуул овогт Үржиндоржийн Ганбатад мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Батхишигийн үйлдлийн улмаас хохирогч Ү.Ганбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ү.Ганбатын үйлдлийн улмаас Х.Батхишигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь хэн алиндаа учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Ү.Ганбат нь энэ шүүх хуралдаанаар хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч Х.Батхишиг нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөрт нийт 1,092,300 төгрөгийг нэхэмжилж баримтыг ирүүлсэн байна. Х.Батхишигийн шүүхэд ирүүлсэн баримтыг шинжлэн судлахад БОЭТ-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1395257, 1395222 дугаартай тус бүр 14,000 төгрөгийн баримттай төлбөрүүд нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн байна. Мөн Итгэл ивээлт эмнэлгийн төлбөр 490,000 төгрөгийн баримт нь ямар оношоор эмнэлэгт  хэвтсэн, эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн эсэх нь ойлгомжгүй байх тул   энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, Х.Батхишигийн нэхэмжилсэн 1,092,300 төгрөгнөөс 28,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ү.Ганбатаас өнөөдрийн шүүх хуралдаанаар 574,300 төгрөгийг гаргуулж Х.Батхишигт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Батхишиг, Ү.Ганбат нарыг эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хэн алинаасаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийн хуралдаанаар шүүгдэгч Х.Батхишиг нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэг бүхий CD-г тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Батхишигт буцаан олгох, ногоон өнгийн будгаар будсан, 95 см урттай 1 ширхэг төмрийг устгах,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоол дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Хатгин овогт Хүрэлбаатарын Батхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хатгин сартуул овогт Үржиндоржийн Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хүрэлбаатарын Батхишигийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Үржиндоржийн Ганбатыг зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батхишиг, Ү.Ганбат нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Батхишигийн  нэхэмжилсэн 1,092,300 төгрөгөөс 28,000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ү.Ганбатаас 574,300 /таван зуун далан дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж Х.Батхишигт олгох, Х.Батхишиг, Ү.Ганбат нар  нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хэн алинаасаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Батхишиг нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэг бүхий CD-г тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Батхишигт буцаан олгох, ногоон өнгийн будгаар будсан, 95 см урттай 1 ширхэг төмрийг устгах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Батхишиг, Ү.Ганбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА