| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2017/03344/и |
| Дугаар | 101/ШШ2018/03842 |
| Огноо | 2018-12-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2018/03842
| 2018 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2018/03842 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* //-д холбогдох,
2017 оны 04 сарын 06-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний үүргийн төлбөрт 53,500,000 төгрөг, алданги 6,318,000 төгрөг, нийт 59,818,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ариунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн /Ү-0835/, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа /Ү-0039/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.******* нь 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын хооронд “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “******* *******” ХХК-ийн харилцагч болох “Эн Би Жи” ХХК-ийн тооцооны үлдэгдэл 58,500,000 төгрөгийн тооцоонд Рэнж Ровер маркийн автомашиныг үнэлэн компанийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр хувьдаа шилжүүлж авсан байсан. “******* *******” ХХК болон “Эн Би Жи” ХХК-уудын хооронд гэрээний төлбөрийн маргаан үүсч, “Эн Би Жи” ХХК-ийг шүүхэд хариуцагчаар татсан үеэс дээрх автомашины тухай “******* *******” ХХК мэдсэн бөгөөд автомашинтай холбогдох төлбөр тооцоог барагдуулахыг Г.*******д мэдэгдэж, “Эн Би Жи” ХХК-ийг бусад үлдэгдэл тооцоогоо хариуцахыг даалгасан. Энэ тохиролцоог Г.******* болон “Эн Би Жи” ХХК хүлээн зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.******* болон “******* *******” ХХК-ийн хооронд “Төлбөр барагдуулах” гэрээг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “******* Энержи” ХХК болон “Эн Би Жи” ХХК-уудын хооронд “Эвлэрлийг гэрээ”-г тус бүр байгуулсан байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.*******тай “Төлбөр барагдуулах” гэрээг байгуулах үед Г.******* нь Рэнж Ровер маркийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байгаагаа мэдэгдсэн болохоор энэхүү гэрээнд дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцсон байсан. Тодруулбал: Тус гэрээний 2.1-т “Төлбөр төлөгч нь тус гэрээний 1.1-т заасан 58,500,000 төгрөгийн өр төлбөртөө 2017 оны 04 сарын 10-ны өдрийн дотор биет байдлын доголдолгүй Rапgе Rоvег маркийн 8500УНЛ улсын дугаартай хар өнгийн автомашиныг биет байдлаар Төлбөр авагчид хүлээлгэн өгөх, 2.2-т “2017 оны 05 сарын 10-ны өдрийн дотор гэрээний 2.1-т заасан автомашиныг барьцаанаас чөлөөлж эрхийн доголдолгүй болгон автомашины холбогдох бичиг баримт (тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын гэрчилгээ г.м)-ыг бүрэн Төлбөр авагчид хүлээлгэн өгнө” гэсэн үүргийг Г.******* хүлээсэн байсан. Гэтэл Г.******* “******* *******” ХХК-д автомашиныг хүлээлгэн өгсөн боловч 2017 оны 05 дугаар сарьн 01-ний өдөр автомашиныг барьцаалсан байсан банк бус санхүүгийн байгууллага автомашиныг барьцаандаа хураан авсан. Энэ үед Г.******* “хэдхэн хоногийн хугацаа өгчих, би хүнээс авлагатай байгаа тэр авлагаа авахаар төлбөрөө бүрэн төлье” гэсэн хүсэлт гаргаж байсан тул Г.*******д итгэн түүний хэлсэн хугацааг хоёр ч удаа сунгасан боловч амласан хугацаандаа төлбөр барагдуулах хэлцлээр хүлээн зөвшөөрсөн төлбөрөө төлөхгүй сүүлдээ утсаа ч авахгүй холбогдохоо больсон. Харин Г.******* нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн байсан. “******* *******” ХХК Г.*******ын итгэл эвдсэн эдгээр үйлдлүүдийг цаашид ойлгон хүлээж авах боломжгүй болсон төдийгүй, энэ үйлдлүүд нь компанид санхүүгийн их хэмжээний бодит хохирол учруулж байгаа тул “Төлбөр барагдуулах” гэрээний 2.3-т “Төлбөр төлөгч нь тус гэрээний 2.1, 2.2-т заасан хугацаанд автомашиныг хүлээлгэн өгөх, барьцаанаас чөлөөлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Төлбөр авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам өр төлбөрийн үнийн дүнгийн 50 хувь буюу 29,250,000 төгрөгнөөс 0,3 хувиар бодож алданги тооцно” гэж мөн 2.4-т “Төлбөр төлөгч нь тус гэрээний 2.2-т заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, энэ хугацааг 1 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд Төлбөр авагч нь тус гэрээний 1.1-т заасан өр төлбөрийг хугацаа хэтрүүлсэн алдангийн хамтаар нэхэмжилж шүүхэд хандана.” гэж тус тус заасны дагуу алданги тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдреөс хойш 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 72 хоног бөгөөд гэрээнд заасны дагуу 29,250,000 төгрөгийн 0,3 хувийг 72 хоногоор тооцоход 6,318,000 төгрөг болно. Г.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “******* *******” ХХК-тай байгуулсан “Төлбөр барагдуулах” гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, компанид санхүүгийн хохирол учруулж байгаа тул шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэн Г.*******аас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах” гэрээний үүргийн төлбөрт 53,500,000 төгрөг, алданги 6,318,000 төгрөг, нийт 59,818,000 төгрөгийг гаргуулж “******* *******” ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.******* миний бие 2014 оноос 2016 оны 12 дугаар сар хүртэл “******* *******” ХХК-д гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан. Ингэж ажиллах хугацаанд “******* *******” ХХК-ийн нэрийн өмнөөс гадаад болон дотоодын харилцагч компаниудтай бүх төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах, борлуулах гэрээг хийж ажиллаж ирсэн. 2015 оны 3 дугаар сард “Эн Би Жи” ХХК-тай 55 тонн шингэрүүлсэн шатдаг хий нийлүүлэн 2010 онд үйлдвэрлэгдсэн Range Rover маркийн 85-00 УНЛ улсын дугаартай авто машинаар харилцан солилцох хэлцэл хийн уг машиныг хүлээн авсан. “******* *******” ХХК-ийн шингэрүүлсэн шатдаг хий хадгалах бааз нь Улаанбаатар хотоос 50-иад километр зайтай байдаг бөгөөд энэхүү машиныг ажил албаны хэрэгцээнд ашиглан машинтай холбогдон гарах түлш шатахуун, масло тосны зардалыг компаниас гаргадаг байсан. Г.******* би 2014, 2015, 2016 онуудад “******* *******” ХХК-д ажиллаж байх хугацаанд хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан “Тусгай гэрээ”-ний 3.2 дахь заалтын дагуу 80,000,000 төгрөг авах тул нэхэмжилж байгаа төлбөрийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй бөгөөд үлдэгдэл 23,500,000 төгрөгийг нэхэмжлэн авч тохиролцох саналтай байна гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Г.******* миний бие 2012 оноос Монгол улсад шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэх, хямд чанартай хийн түлшээр хэрэглэгчдийг хэрхэн хангах талаар өөрийн ажиллаж байсан туршлага, харилцан ажиллаж байсан гадаадын түншүүдийн тусламжтайгаар төсөл боловсруулан ажиллаж байсан юм. 2013 оны сүүлээр БНСУ-ын иргэн Ким Ян Так болон Е-1 Корпорациас хамтран ажиллах санал тавьснаар 2014 оны 05 дугаар сарын 28-нд “******* *******” ХХК-ийг анх байгуулж миний бие уг компанийн хувьцааны 9 хувь буюу 31500 ам.доллар тухайн үеийн ханшаар 56,067,000 төгрөгийн хувьцааг эзэмших болсон юм. 2014 оны 05 дугаар сарын 31-нд хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой “Тусгай гэрээг”-г БНСУ-ын хувьцаа эзэмшигчдийн санаачилгаар байгуулсан. Энэхүү тусгай гэрээний зорилго нь хувьцаа эзэмшигчдийн үүрэг хариуцлага, үүрэг хариуцлагаа биелүүлсэн Монголын талын хувьцаа эзэмшигчдэд нэмэлт урамшууллын хувь олгох явдал байсан юм. “******* *******” ХХК-ийн гэрээ дүрэм, тусгай гэрээгээр миний зүгээс шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийг Монгол улсад импортлоход гааль НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх, компанийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах тусгай зөвшөөрлийг Уул, уурхайн яамаар гаргуулан авах үүрэг хүлээсэн байсан. Миний бие “******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон тусгай гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь бүрэн биелүүлэхийн зэрэгцээ БНХАУ-аас шингэрүүлсэн шатдаг хийн баазын тоног төхөөрөмжийг захиалан нийлүүлэх, өөрийн эзэмшилд байсан газраа “******* *******” ХХК-ийн бааз байгуулах зориулалтаар шилжүүлэн өгөх, төмөр зам тавиулах, баазын зураг төслийг боловсруулан бариулах, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллаж баазыг Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан амжилттай гүйцэтгэсэн. Мөн шингэрүүлсэн шатдаг хийг маш хямд үнээр импортлох гэрээ байгуулан дотоодод хий борлуулах сүлжээ байгуулах, шатахуун түгээгүүр ажиллуулдаг компаниудтай үр ашигтай хамтран ажиллах гэрээг байгуулан компанийн ашиг орлогыг хангалттай хэмжээнд хүргэн ажиллаж байсан. Газрын тосны хэрэг эрхлэх газраар техникийн дүгнэлт гаргуулан Уул, уурхайн яамнаас хоёр төрлийн тусгай зөвшөөрлийг гаргуулан компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах бүх нөхцөлийг ханган ажилласан. Ингэж миний бие хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон Тусгай гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан тул Тусгай гэрээний 3.2-ын дагуу ашгийн 5 хувийн урамшууллыг авах ёстой гэж үзэж байна. 2014 оноос 2016 оны 12 дугаар сар хүртэл миний бие “******* *******” ХХК-ийг төлөөлж ОХУ-аас шингэрүүлсэн шатдаг хий импортлох гэрээг байгуулж байсан ба 1 тонн тутмыг 380 америк доллар буюу 760-800 мянган төгрөгөөр ямар нэгэн гааль НӨАТ-гүйгээр импортлож дотоодод тонн тутмыг 2-2,5 сая төгрөгөөр, сард 250-350 тонныг борлуулж сард 300-аад сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Иймд миний тус компанид ажиллаж байсан 2014, 2015 оны ашгийг тусгай гэрээний 3.2-д заасны дагуу тооцож 80,000,000 төгрөг болж байгаа тул “******* *******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
“******* *******” ХХК нь анх 2014 оны 06 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр компанийн дүрмээ улсын бүртгэлд бүртгүүлснээр Г.******* нь “******* *******” ХХК-ийн монгол талын нэг хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй болж хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлж байсан. Харин 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “******* *******” ХХК-ийн монгол талын хувьцаа эзэмшигчид Г.******* болон Д.Батжаргал нар нь өөрсдийн хүсэлтээр өөрсдийн эзэмшиж буй хувьцаагаа хуульд заасны дагуу хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр солонгос хувьцаа эзэмшигч нарт шилжүүлж, тэдний хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг дуусгавар болгосон. Хувьцаа эзэмшигч байсан Г.*******тай компанийн солонгос талын хувьцаа эзэмшигчид тухайн үед тохиролцсоны дагуу Тохиролцооны бичиг гэх баримтыг үйлдсэн тус тохиролцооны бичгийн 2-т заасан 107,000 ам.долларыг нь Г.*******д бүрэн төлсөн төдийгүй, тохиролцооны бичгийн 3 дугаар заалтад заасан 1 жилийн хугацаанд сар бүр 2,000,000 төгрөгийн цалинг мөн бүрэн төлж дуусгасан болно. Харин Г.******* болон Д.Батжаргалтай 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбоотой тусгай” гэрээ нь монгол талын хувьцаа эзэмшигчид нь “******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх тохиолдолд, мөн тус гэрээний 3.2-т “Монгол Улсын иргэн Хувьцаа эзэмшигчдийн урамшууллын хэмжээ нь цэвэр ашгийн / М1 Энержи ХХК-тай холбогдолтой бүхий л зардал төлөгдсөний дараах, үүнд хүү багтана/ 5 хувь байна гэж зааснаар компани ашигтай ажилласан тохиолдолд хэрэгжих боломжтой тохиролцоо юм. Гэтэл “******* *******” ХХК нь 2014 оны 06 дугаар сард үүсгэн байгуулагдсанаасаа хойш маш их хэмжээний хөрөнгө оруулсан учраас одоогоор алдагдалтай ажиллаж байгаа гэдэг нь компанийн 2014, 2015, 2016 оны санхүү, татварын тайлангаар тодорхой харагдаж байгаа юм. Иймд Г.*******ын санхүү, эдийн засгийн тооцоолол үндэслэлгүйгээр, өөрийн санаанд орсон тоогоороо тооцож гаргаж буй 80,000,000 төгрөгийг “******* *******” ХХК хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан 2017 оны 04 сарын 06-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний үүргийн төлбөрт 53,500,000 төгрөг, алданги 6,318,000 төгрөг, нийт 59,818,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг,
хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-д холбогдуулан “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн талаар;
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл буюу “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан, тус компанийн харилцагч болох “Эн Би Жи” ХХК-иас “******* *******” ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл тооцооноос 58,500,000 төгрөгийн үнийн дүнд тооцож шилжүүлсэн Range Rover маркийн автомашиныг Г.******* өөртөө дур мэдэн шилжүүлэн авсан тул “******* *******” ХХК, Г.******* нарын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүргийн дагуу 53,500,000 төгрөг, алданги 6,318,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Г.******* нь “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд “******* *******” ХХК-иас 80,000,000 төгрөгийг авах үндэслэлтэй тул уг төлбөрөөс нэхэмжилж буй төлбөрийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй, үлдэгдэл төлбөрийг авахаар тохиролцож болно гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК болон хариуцагч Г.******* нар нь 2017 оны 04 сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, Г.******* нь “Эн Би Жи” ХХК-аас “******* *******” ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл 75,629,000 төгрөгөөс 58,500,000 төгрөгт тооцон 8500 УНЛ улсын дугаартай, Range Rover автомашиныг шилжүүлэн авсан тул уг автомашиныг 2017 оны 05 сарын 10-ны дотор хүлээлгэн өгөх, 58,500,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг “Тооцоо нийлсэн акт”-аар баталгаажуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /1-р хх 6-7 тал/
Мөн ******* *******” ХХК, “Эн Би Жи” ХХК нь Тооцоо нийлсэн баримт үйлдэж, “Эн Би Жи” ХХК нь “******* *******” ХХК-д 75,629,000 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан тооцсон байх бөгөөд Г.******* нь “Эн Би Жи” ХХК-ийн өглөгийн 58,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч уг актад гарын үсэг зурж баталгаажуулжээ. /1-р хх 8-9 тал/
Хэрэгт “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эн Би Жи” ХХК-д холбогдох нийлүүлсэн шингэрүүлсэн шатдаг хийн төлбөр 122,443,500 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 156/ШШ2017/00216 дугаартай захирамж авагдсан байна. /1-р хх 64-65 тал/
“******* *******” ХХК болон Г.******* нар нь Range Rover маркийн автомашины төлбөрийг төлөх асуудлаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, Г.******* нь төлбөл зохих төлбөрөөс 5,000,000 төгрөгийг “******* *******” ХХК-д төлсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Зохигчдын тайлбараар 2017 оны 04 сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу Г.******* нь 8500 УНЛ улсын дугаартай, Range Rover автомашиныг “******* *******” ХХК-д шилжүүлэн өгсөн боловч, уг автомашиныг барьцаалсан байсан банк бус санхүүгийн байгууллага Г.*******ын зээлийн барьцаанд хураан авсан болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч Г.******* нь “******* *******” ХХК-д уг автомашиныг буцаан өгөөгүй болон уг автомашины төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.*******аас “Эн Би Жи” ХХК-ийн төлөх төлбөрийн 58,500,000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан 8500 УНЛ улсын дугаартай, Range Rover автомашины төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх, хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх талаар зохицуулалттай боловч зохигчдын хооронд анхнаасаа автомашин шилжүүлэх, түүний төлбөрийг төлөх харилцаа үүсээгүй бөгөөд төлбөр барагдуулах гэрээ гэх баримт нь Г.******* нь үндэслэлгүй шилжүүлж авсан автомашиныг эсхүл 58,500,000 төгрөг төлөх үүрэгтэйг баталгаажуулсан баримт байх тул уг гэрээний дагуу хариуцагчаас алданги тооцож гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Г.*******аас 53,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 6,318,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Сөрөг нэхэмжлэлийн талаар;
Хариуцагч Г.******* нь “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний 3.2-т заасны дагуу ашгийн 5 хувийн урамшууллыг авах ёстой учир 2014, 2015 оны ашгийг тооцож 80,000,000 төгрөгийг “******* *******” ХХК-аас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь тусгай гэрээний 3.2 дахь заалт нь компани ашигтай ажилласан тохиолдолд хэрэгжих боломжтой тохиролцоо, “******* *******” ХХК нь 2014 оны 06 дугаар сард үүсгэн байгуулагдсанаасаа хойш их хэмжээний хөрөнгө оруулсан учраас алдагдалтай ажиллаж байгаа гэдэг нь компанийн 2014, 2015, 2016 оны санхүү, татварын тайлангаар тодорхой харагдаж байгаа, хариуцагч үндэслэлгүйгээр 80,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ”, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасан.
Хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлага гэдгийг зөвхөн нэг төрлийн гэрээний маргаанаас үүссэн үүрэг гэж үзэхгүй ба тухайн хоёр этгээдийн хооронд үүссэн мөнгө төлүүлэх харилцан шаардлага нь ижил төрлийн харилцан тооцож болох шаардлага байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
“******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2014 оны 05 сарын 31-ний өдөр “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-г байгуулсан байх ба гэрээний 3.2-т “Монгол Улсын иргэн Хувьцаа эзэмшигчдийн урамшууллын хэмжээ нь цэвэр ашгийн /М1 Энержи ХХК-тай холбогдолтой бүхий л зардал төлөгдсөний дараах, үүнд хүү багтана/ 5 хувь байна” гэж заасан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан “******* *******” ХХК-ийн 2014 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаар татвар ногдох орлогын дүн -299,167,5978.98 төгрөг, 2015 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаар -1,006,411,550.68 төгрөгөөр санхүүгийн тайлангаа алдагдалтайгаар тайлагнан, Монгол улсын татварын байгууллага санхүүгийн тайланг баталгаажуулсан байна. / 1-р хх 174-194-р тал/
Хариуцагч Г.*******, түүний өмгөөлөгч нь “******* *******” ХХК-ийг ашиггүй ажилласан гэдэг нь худлаа, борлуулалтын орлогоос борлуулалтын өртөгийг хасахад тухайн байгууллагын ашиг тодорхойлогдоно, анх оруулсан хөрөнгөө зээл гэж бүртгээд хүүнд их хэмжээний мөнгө авч ашгийг үндэслэлгүй бууруулж татварын албыг хуурч байна гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн энэ тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, Татварын албаны баталгаажуулсан тайланг шүүх нотлох баримтаар үнэлж маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас “Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан 3 хайрцаг санхүүгийн баримтыг нэхэмжлэгч тал буцаан авахгүй гэсэн тул хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 53,500,000 /тавин гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,318,000 /зургаан сая гурван зуун арван найман мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “******* *******” ХХК-иас Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80,000,000 төгрөг гаргуулах тухай Г.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,040 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 425,450 /дөрвөн зуун хорин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3.Нэхэмжлэгчийн гаргасан 3 хайрцаг, 27 хавтас /26+жагсаалтын 21-т дугаарлагдсан баримт бүхий хавтас нь 2-р хавтаст хэргийн 12-17 талд авагдсан/ бүхий санхүүгийн баримтыг хэрэгт хавсаргасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ