| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2018/04583/и |
| Дугаар | 101/ШШ2018/03531 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2018/03531
| 2018 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2018/03531 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “БСБ Финанс ББСБ” ХХК -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Отгонсүрэн -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,453,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“БСБ Финанс ББСБ” ХХК нь А.Отгонсүрэнд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1699 тоот барьцаат зээлийн гэрээгээр 5,024,300 төгрөгний зээлийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөгдөөгүй ба үндсэн зээлээс 807,370,55 төгрөг, зээлийн хүү 545,724,45 төгрөг, торгууль 70,659 төгрөг төлсөн. Нийт дүн 1,423,756,9 төгрөг төлсөн байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,216,929,45 төгрөг, зээлийн хурамтлагдсан хүү 1,042,030,22 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 194,593,39 төгрөг, нийт 5,453,553 төгрөг төлөөгүй байна. Иймд А.Отгонсүрэнгээс 5,453,553 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК нь хариуцагч А.Отгонсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 5,453,553 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний оршин суух хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж мэдэгдсэн ба мэдэгдэх хуудсыг хариуцагч өөрөө гардан авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч А.Отгонсүрэн нь 6,024,300 төгрөгийн офиссын тавилга, цахилгаан бараа худалдан авах зорилгоор “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 5,024,300 төгрөгийг, 30 хоногт 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд худалдан авсан эд хөрөнгө болох компьютер, нөүтбүүк, ширээ 3 ширхэг, шкаф, бичиг хэргийн шүүгээ, сандал зэрэг 8 төрлийн эд зүйлийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн хүсэлт, барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон, “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь тус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд зээлдэгч А.Отгонсүрэн нь зээл, хүүгийн төлбөрт 1,423,756.95 төгрөг төлж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,216,929.45 төгрөг, хүү 1,042,030.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194,593.39 төгрөг, нийт 5,453,553 төгрөг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч А.Отгонсүрэнгээс үндсэн зээл 4,216,929.45 төгрөг, хүү 1,042,030.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194,593.39 төгрөг, нийт 5,453,553 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч тал барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүйг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Отгонсүрэнгээс үндсэн зээл 4,216,929.45 төгрөг, хүү 1,042,030.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194,593.39 төгрөг, нийт 5,453,553 /таван сая дөрвөн зуун тавин гурван мянга таван зуун тавин гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,206,85 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 102,206.85 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ