| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/1711/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1789 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Болортуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1789
2022 12 08 2022/ШЦТ/1789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Я.Болортуяа,
хохирогч Б.А.,
шүүгдэгч И.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт И.ийн О.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01685 1677 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.О. нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “…” зах дотор Б.А.тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газар луу нь дэвтэр шидсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.О. мэдүүлэхдээ: “Гэм буруу дээрээ маргахгүй. Хохирогчийн шүдэнд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй, шатахууны зардлыг гаргуулах үндэслэлгүй, зарим нэг эмийн баримтууд нь өвчний шинжид тохироогүй, бүтэн биеийн гоо сайхны цогц үйлчилгээ авсан нь ойлгомжгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А. мэдүүлэхдээ: “Нийт 6.765.000 төгрөг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтэд шүд маань 3 дугаар зэргийн хөдөлгөөнтэй гэсэн байдаг. Эрүү нүүр, нарийн мэргэжлийн эмчид хандаарай гэж надад зөвлөсөн. Би эмчлүүлэгчийн картад эмчилгээнүүдээ бичүүлсэн, бичүүлсэн эмчилгээнийхээ дагуу эм тангаа авч хэрэглэсэн. Шүд маань наашлаад, орсойгоод тогтчихсон. Хөдөлгөөн сааруулах эмчилгээтэй холбоотойгоор шүдний өнгө хувираад, хөхрөөд эхэлчихсэн байгаа. Тэрэн дээр ч гэсэн эмчийн магадлагаа бичүүлж авчирсан.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.А.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “И.О. бид нар хоорондоо тооцоо нийлж амжихгүй явсаар өнөөдөр буюу 03 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлэхээр Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” захын лангуун дээр нь ирэхэд И.О. хүлээлцсэн баримтаа гаргаж ирсэн ба би уг баримтыг гар утсан дээрээ байсан зурагтайгаа тулгахад бид хоёрт анх хүлээлгэн өгсөн барааныхаа араас нэмж тоонууд бичиж, илүү бараа өгсөн мэтээр хэлэхээр нь би утсан дээрх зургаа үзүүлэхэд И.О. над руу “би чам шиг худал хэлж, хүн луйварддаг хүн бИ.” гээд хатуу хавтастай тэмдэглэлийн дэвтрээ миний нүүр лүү шидсэн. Уг дэвтэр нь миний нүдэнд өнцгөөрөө онож, гэмтээсэн.
Миний баруун нүд харахад бэрхшээлтэй байгаа, мөн хамрын баруун тал болон нүд хавдсан, шалбарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4366 тоот: “Б.А.ын биед тархи доргилт, баруун нүдний алимны битүү гэмтэл, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног дотор хугацаанд үүссэн байна." гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,
- И.О.гийн яллагдагчаар өгсөн : “Би өөрийн хийсэн хэргээ бүрэн дүүрэн хүлээж байгаа болохоор надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би хохирогчийн эмчилгээнд баримтаар гаргаж өгсөн хохирлыг бүрэн барагдуулж өгнө.” гэх мэдүүлэг /хх-ийн 86/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.О. нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зах дотор Б.А.тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газар луу нь дэвтэр шидсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Б.А.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...И.О. над руу “би чам шиг худал хэлж, хүн луйварддаг хүн бИ.” гээд хатуу хавтастай тэмдэглэлийн дэвтрээ миний нүүр лүү шидсэн. Уг дэвтэр нь миний нүдэнд өнцгөөрөө онож, гэмтээсэн. Миний баруун нүд харахад бэрхшээлтэй байгаа, мөн хамрын баруун тал болон нүд хавдсан, шалбарсан.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4366 тоот: “Б.А.ын биед тархи доргилт, баруун нүдний алимны битүү гэмтэл, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног дотор хугацаанд үүссэн байна." гэх дүгнэлт,
- И.О.гийн яллагдагчаар өгсөн : “Би өөрийн хийсэн хэргээ бүрэн дүүрэн хүлээж байгаа болохоор надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би хохирогчийн эмчилгээнд баримтаар гаргаж өгсөн хохирлыг бүрэн барагдуулж өгнө.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан И.О.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэргийн 104-114 дүгээр талд хохирогч Б.А.аас гарган өгсөн хохирлын баримтууд авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос 6 хуудас бүхий байгууллагын тодорхойлолт, хохирлын баримтуудыг гарган өгсөн.
- 104 дүгээр талд “…” эмийн сангаас бүтээгдэхүүний нэр тодорхойгүй 16.600 төгрөгийн худалдан авалт хийсэн, “…” ШТС-аас 101.851 төгрөгийн АИ-92 шатахуун худалдан авсан, “…” ХХК-ийн эм ханган нийлүүлэх төвөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 33.440 төгрөгөөр 2 ширхэг Эксфорж шахмал зэргийг худалдан авсан баримтууд авагдсанаас Эксфорж шахмалын баримт нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийнх буюу хэрэг болсноос өмнөх хугацаанд гарсан байх тул хохиролд тооцох үндэслэлгүй,
- 105 дугаар талд “...” гэх байгууллагаас 372.000 төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ авсан, “...” эмнэлэгт толгойн дүрс оношлогоо хийлгэсний 130.000 төгрөгийн, нэр тодорхойгүй ШТС-аас 20.000 төгрөгт АИ-92 шатахуун авсан, “…” эмийн сангаас бүтээгдэхүүний нэр тодорхойгүй 27.500 төгрөгийн худалдан авалт хийсэн зэрэг баримтууд авагдсанаас “...” эмнэлэгт хийлгэсэн эмнэлгийн үйлчилгээ нь хэнд, ямар эмнэлгийн үйлчилгээ хийсэн нь тодорхойгүй буюу тухайн эмчилгээ нь уг гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарах эсэх нь тодорхойгүй тул хохиролд тооцох үндэслэлгүй,
- 106 дугаар талд “...” гэх байгууллагын “гоо сайхны бусад төрлийн үйлчилгээ, гоо сайхны тос, бэлдмэл, биеийн арьс арчилж, хамгаалах тос, бэлдмэл” зэрэг үйлчилгээ, бүтээгдэхүүн авсны 1.009.000 төгрөгийн баримт, “…” ШТС-аас 49.000 төгрөгт АИ-92 шатахуун авсан, “….” эмийн сангаас 2500 төгрөгөөр Энап эм авсан зэрэг баримтууд авагдсанаас “..” байгууллагын баримт нь хэнд, гоо сайханы ямар төрлийн үйлчилгээ үзүүлсэн, энэ нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралтай эсэх нь тодорхойгүй байх тул хохиролд тооцох үндэслэлгүй,
- 107 дугаар талд “...” эмийн сангаас бүтээгдэхүүний нэр тодорхойгүй 19.700 төгрөгийн эм авсан, “...” эмийн сангаас бүтээгдэхүүний нэр тодорхойгүй 17.250 төгрөгийн бүтээгдэхүүн авсан, мөн хэзээ, хаанаас авсан нь тодорхойгүй … уураг худалдан авсны 241.200 төгрөгийн баримтууд авагдсанаас Бифорже шахмал, Альбумин уураг зэрэг нь хохирогчийн нүүрэнд учирсан эрүүл мэндийн хохиролд эмчилгээний ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй, тодорхойгүй тул хохиролд тооцох үндэслэлгүй,
- 108 дугаар талд “…” гэх байгууллагад 1.223.000 төгрөгийн “эрүүл мэндийн үйлчилгээ” авсны баримт, “…” эмийн сангаас 8500 төгрөгөөр эритромицин эм авсан, “...” эмийн сангаас бүтээгдэхүүний нэр тодорхойгүй 15.200 төгрөгийн бүтээгдэхүүн авсан баримтууд авагдсанаас “…” гэх байгууллагад хэн, ямар эрүүл мэндийн үйлчилгээг, ямар шалтгаанаар авсан нь тодорхойгүй байх тул хохиролд тооцох үндэслэлгүй,
- 109 дүгээр талд хэзээ, хаанаас, юу болох нь тодорхойгүй 25.000 төгрөгийн баримт, gyals гэх нэртэй 10.100 төгрөгийг баримт авагдсан байх бөгөөд эдгээр нь юу болох нь тодорхойгүй тул хохиролд тооцох үндэслэлгүй,
- 110 дугаар талд “Skin house” арьс гоо заслын эмнэлэгт Aquagen гэх үйлчилгээг 85.000 төгрөгөөр авсан, “…” ШТС-аас 19.600 төгрөгт АИ-92 шатахуун авсан зэрэг баримтуудаас арьс гоо заслын эмнэлэгт авсан үйлчилгээ нь ямар ач холбогдолтой, энэ гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршигт хамааралтай эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй байх тул хохиролд тооцох үндэслэлгүй,
- 111 дүгээр талд зориулалт нь тодорхойгүй “...” гэх 130.000 төгрөгийн баримт, “Төрийн банк” гэх 8000 төгрөгийн баримт, “МТ” ШТС-аас 141.574 төгрөгт АИ-95 шатахуун авсан зэрэг баримтууд нь зориулалт, нэр төрөл үгүй, түүнчлэн хохирогч нь “миний автомашин АИ-92 бензин хэрэглэдэг” гэж тайлбарлаж байх тул АИ-95 шатахуун авсан баримтыг хохирогчийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан гэж үзэх боломжгүй тул эдгээр баримтуудыг хохиролд тооцох үндэслэлгүй,
- 112 дугаар талд “….” эмнэлэгт толгойн КТГ авахуулсны 120.000 төгрөгийн баримт, бүтээгдэхүүн, байгууллагын нэр тодорхойгүй 4500 төгрөгийн баримт, автомашин зогсоолд байрлуулсны 1000 төгрөгийн баримт, “…” шүдний эмнэлгийн 10.000 төгрөгийн баримт, бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллагын нэр тодорхойгүй 42.300 төгрөгийн баримтуудаас автозогсоолын төлбөр нь хэрэгт хамааралгүй, бүтээгдэхүүн, байгууллагын нэр тодорхойгүй баримтууд нь юу болох нь тодорхойгүй, түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4366 тоот дүгнэлтийн Үзлэг, шинжилгээ хэсэгт “2022.03.16-ны өдрийн Эмнэлгийн магадлагаанд: 21-р шүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй. Хөндлөн болон босоо тогшилтод өвчтэй, оройд үрэвсэлтэй. Уруул дотор талдаа шархалсан гэжээ.” гэж Эмнэлгийн магадлагаанд тусгагдсан нөхцөл байдлыг И. татсан байх боловч гэмтлийн зэрэг, шинж байдлыг тодорхойлсон Дүгнэлт хэсэгт хохирогч Б.А.ын шүдэнд гэмтэл учирсан гэж дүгнээгүй тул шүүх уг гэмт хэргийн улмаас хохирогчийн шүдэнд гэмтэл учирсан гэж тогтоох үндэслэлгүйн дээр хохирогчийн шүдээ эмчлүүлсэнд холбогдох зардлуудыг хохиролд тооцох үндэслэлгүй,
- 113 дугаар талд “…” гэх байгууллагаас 25.000 төгрөгийн “эрүүл мэндийн үйлчилгээ” авсан баримт, “…” ХХК-ийн эмийн сангаас 13.600 төгрөгт стопдиар 100, витамин Д зэрэг бүтээгдэхүүн авсны баримт, бүтээгдэхүүний нэр төрөл тодорхойгүй “…” гэх 40.000 төгрөгийн баримт, “…” ШТС-аас 39.200 төгрөгт АИ-92 шатахуун авсан баримтууд авагдсанаас “…” гэх байгууллагад хэн, ямар эрүүл мэндийн үйлчилгээ авсан нь тодорхойгүй, тухайн үйлчилгээ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралтай эсэх нь ойлгомжгүй, бүтээгдэхүүний нэр, зориулалт үгүй баримт болон АИ-92 шатахууныг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр буюу хэрэг болсноос хойш даруй 2 сарын дараа шатахуун худалдан авсан нь зайлшгүй гарах зардал гэж үзэхээргүй байх тул эдгээрийг хохиролд тооцох үндэслэлгүй,
- 114 дүгээр талд “…” гэх байгууллагын “эрүүл мэндийн үйлчилгээ” гэх 48.000 төгрөгийн баримт, “…” гэх байгууллагын “хүний эрүүл мэндийн үйлчилгээ” гэх 40.000 төгрөгийн баримт зэрэг нь хэнд, ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхойгүй, эдгээрийг энэ гэмт хэргийн улмаас хийлгэсэн үйлчилгээ гэж тодорхойлох боломжгүй, энэ талаар нотлох баримт байхгүй тул хохиролд тооцох үндэслэлгүй,
- хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн баримтууд буюу шүдний эмчилгээ хийлгэсэн, мөн 2022 оны 05 дугаар сараас хойш эмийн сангаас эм, ШТС-аас шатахуун авсан, “...” гэх байгууллагаас “гоо сайхан, бие махбодыг эрүүл байлгах үйлчилгээ” авсны 874.580 төгрөгийн баримт, “...” ХХК-ийн “Б.А. нь лазер сорви арилгах, гуаша сорви арилгах үйлчилгээ авсан” гэх тодорхойлолт, мөн тус байгууллагад 2.188.580 төгрөг тушаасан талаар бэлэн мөнгөний орлогын баримт зэргээс үзвэл шүдний эмчилгээ, үйлчилгээнд холбогдох гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй, гэмт хэрэг үйлдэгдсэнээс даруй 2 сарын дараагаас тодорхой эм, шатахуун авсан нь зайлшгүй гарах зардал гэж тооцохооргүй, гоо сайхан, бие махбодыг эрүүл байлгах үйлчилгээ гэсэн нь энэ гэмт хэргийн улмаас зайлшгүй хийгдэх эмчилгээ эсэх нь эргэлзээтэй, “...” ХХК-ийн тодорхойлолтод дурдсанаар биеийн аль хэсэгт, ямар сорви арилгах үйлчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэргийн хохиролд тооцох хуульд заасан үндэслэл болохооргүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан тул шүүх тодорхой байгууллагаас тодорхой нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн худалдан авсан, зайлшгүй шаардлагатай үзлэг, оношлогоо, эмчилгээнд хамрагдсанд холбогдох зардал, дээрх нөхцөл байдлын улмаас 2022 оны 03, 04 дүгээр саруудад автомашин хэрэглэж, шатахуун зарцуулсныг гэмт хэргийг хор уршигт тооцож, бусад буюу нэр төрөл, зориулалт, байгууллага тодорхойгүй зарлагын баримтууд, мөн 2022 оны 05 дугаар сараас хойшхи эм худалдан авалт, шатахуун зарцуулалт, энэ гэмт хэргийн улмаас зайлшгүй хийлгэх эрүүл мэндийн үйлчилгээ мөн эсэхийг тодорхойлох боломжгүй тодорхой гоо сайхан, эрүүл мэндийн байгууллагуудын зарлагын баримтуудыг хохиролд тооцоогүйг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч нь дээрх баримтуудыг шүүх хохирол, хор уршигт тооцох боломжтой байдлаар нотлох баримтын шаардлага хангуулж буюу тодорхой гоо сайхан, эрүүл мэндийн үйлчилгээг ямар зориулалтаар хэрхэн хийлгэсэн, энэ нь биеийн аль хэсгийг хамарч байгааг тодорхойлсон байдлаар бүрдүүлж, уг зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэж байна.
Нөгөөтээгүүр, нэгэнт шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн шүдэнд гэмтэл учирсан талаар дүгнээгүй, ийнхүү дүгнэсэнтэй холбоотой хохирогч, түүний өмгөөлөгч нараас мөрдөн байцаалтын шатанд санал, хүсэлт гаргаагүй байхад шүүх уг нөхцөл байдлыг эмнэлгийн магадлагаанд дурдагдсан үндэслэлээр гэмт хэргийн улмаас үүссэн гэмтэлд тооцон холбогдох эмчилгээ, үйлчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүх нотлох баримтын шаардлага хангасан, зайлшгүй гарах зардал гэж үзэхээр нийт 549.250 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч И.О.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу И.О. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, баримтаар учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгч И.О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х. овогт И.ийн О.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар И.О.д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.О. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.О.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар И.О.гоос 549.250 төгрөгийг гаргуулан хохирогч А-д олгосугай.
7. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД