| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2018/04585/и |
| Дугаар | 101/ШШ2019/00001 |
| Огноо | 2018-12-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2019/00001
| 2018 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2019/00001 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Зориг -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төгөлдөр -т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 58,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хариуцагч Г.Төгөлдөртэй 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг, хүүгүй, 1 сарын хугацаатай, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг, хүүгүй, 1 сарын хугацаатай, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг, хүүгүй, 5 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн. Хариуцагч өнөөдрийг хүртэл дээрх зээлийн гэрээнүүдийн мөнгийг төлөхгүй, удаа дараа шаардсан боловч Г.Төгөлдөр нь ажил хийж байгаа их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа, шинэ орон сууц өгнө гэсээр өнөөдрийг хүргэж нэхэмжлэгч намайг хохироож байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7-д зааснаар Иргэний хуулийн 232.6-д зээлдэгч мөнгийг заасан хугацаанд төлөхгүй тохиолдолд 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлөх үүрэгтэй гэсний дагуу үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, алданги 50 хувь болох 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг, эхний хоёр зээлийн гэрээний үндсэн төлбөр 13,000,000 төгрөгийн хамт нийт 58,000,000 төгрөгийг хариуцагч Г.Төгөлдөрөөс гаргуулж өгнө үү. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Зориг нь хариуцагч Г.Төгөлдөрөөс зээлийн гэрээний үүрэгт нийт 58,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, нэхэмжлэлд хавсаргасан баримтуудтай танилцуулсан боловч хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн эзэмшлийн 99188973 дугаарын утсаар мэдэгдэхэд утсаа авахгүй, шүүхийн мэдэгдэх хуудсыг түүний оршин суух хаягаар хүргүүлэхэд эзэнгүй байсан гэсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр товлон зарласан.
2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт зааснаар “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлын газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна” гэсний дагуу мэдэгдэх хуудсыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргад хүргүүлж, хуульд зааснаар хүргэсэнд тооцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Зориг, хариуцагч Г.Төгөлдөр нарын хооронд
1/ 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, хүүгүй, алданги тооцохгүйгээр зээлдүүлсэн,
2/ 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, хүүгүй, алданги тооцохгүйгээр зээлдүүлсэн,
3/ 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгийг, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, 5 сарын хугацаатай, хүүгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээлдэгч зээлсэн мөнгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр тохиролцон зээлдүүлсэн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна. /хх-5-7 тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, 2014 оны 6 дугаар сарын 17, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр хүү, алданги төлөхгүйгээр тохиролцсон, харин 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хугацаанд төлөхгүй бол зээлдэгч алданги төлөхөөр талууд тохиролцсон байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба хариуцагч “ажил хийж байгаа их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа, шинэ орон сууц өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн” гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд хандаж байсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэв.
Иймд хариуцагч Г.Төгөлдөрөөс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар
1/ 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 6,000,000 төгрөг,
2/ 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7,000,000 төгрөг,
3/ 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг,
Бүгд үндсэн зээл 43,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 58,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Зоригт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Төгөлдөрөөс үндсэн зээлд 43,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 58,000,000 /тавин найман сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Зоригт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 447,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2018/19027 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ